Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2022/00552

 

2022 оны 02 сарын 17 өдөр                        Дугаар 102/ШШ2022/00552                              Улаанбаатар хот

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ..-р хороо, .-р хороолол, ....-р байрны ... тоотод оршин суух, регистр ., Х. овогт Э.ийн А.,

Хариуцагч: Баянгол дүүргийн .-р хороо, Н. хороолол, ...-р байрны ... тоотод оршин суух, регистр ., Б. овогт Ц.ийн Б.,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах, хүүхдийн сургалтын төлбөрийг хувааж төлөхийг даалгах, хадгаламжийн 73 779 928 төгрөгөөс ногдох хэсгээ гаргуулах,

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг болох 224 250 000 төгрөг гаргуулах, хүүхдүүдийн сургалтын болон өдөр өнжүүлэх төлбөрийн 50 хувийг төлж байхыг даалгах, Э.А.д шилжүүлсэн 168 221 000 төгрөг, хоёр хүүхдийн сургалт, өдөр өнжүүлэхийн төлбөр 37 156 826 төгрөг нийт 205 377 826 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй  хэргийг тус тус хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нэхэмжлэгч  Э.А.,

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х.

 Хариуцагч Ц.Б...,

 Хариуцагчийн өмгөөлөгч Р.Б..,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б. нар оролцов.

                                                                                                        

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:          

 

1.Нэхэмжлэгч Э.А... нь Ц.Б...т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах, хүүхдийн сургалтын төлбөрийг хувааж төлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Ц.Б...ын хадгаламжийн 73 779 928 төгрөгөөс ногдох хэсгээ гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Ц.Б...тай 2003 оноос хойш үерхэн 2008 онд албан ёсоор гэр бүл болсон. 2009 оны 4 дүгээр 08-нд охин Б.М.,  2018  оны 02 дугаар сарын 23-нд охин Б.М. нарыг төрүүлсэн. Гэр бүл болж хамт амьдрах хугацаанд байнга хэрүүл маргаантай байсан тул салах нь зөв гэж шийдсэн. 2013 онд сэтгэл гутралд орж  мэдрэлийн С. эмчид үзүүлж оношлуулснаар  байнга мэдрэлийн эм тариа уудаг болсон. Шалтгаан нь Б. байнга хүүхэн шиг хэрүүл хийж, хэмлэж, ах дүү, төрөл саданг элдвээр хэлдэг, хоорондоо ярилцъя гэхээр ойлголцдоггүй. Хүн ах дүү, төрөл садангаа сонгож төрдөггүй. Би айлийн том хүүхэд, 2 дүү болон ээждээ тусалдаг, туслах ч ёстой гэж боддог. Гэхдээ Б...аас мөнгө хулгайлж ээж дүү нараа тэжээгээгүй. Хоорондоо асуудлыг ярилцахаас зайлсхийж дуугаа хураадаг, хэд хоноод эвлэрсэн юм шиг болдог. Би тэвчсээр байгаад ийм байдалд орлоо.

Хоёр дахь шалтгаан нь сүүлийн хоёр жил намайг эд эрхтнээр доромжилж “өмнө нь чиний хөх гоё байсан, одоо муухай болсон” гэж ярих болсон. Хүний хань ингэж болохгүй, намайг сэтгэл санааны гутралд хүргэдэг.  Би хоёр хүүхэд төрүүлж өсгөсөн, 40 хүрч байгаа эмэгтэй, хүний бие галбир өөрчлөгдөнө. Эмэгтэй хүн хайрлуулж магтуулж урмын үг сонсохийг хүсдэг болохоос ийм үг сонсохыг хүсэхгүй.

Гурав дахь шалтгаан нь Б... хүн гүжирдэхдээ маш сайн. Чи мөнгөө яасан, тэрэнд энэнд өгсөн байна гэдэг, дараа нь мэдэн будилдаг. Архи ууж, тамхи татахгүй ч байнга жижиг сажиг хэрүүл хийж, өөртэй нь яг адилхан мөнгө олохыг шаарддаг, эмэгтэй хүний гэр орноо цэвэрлэх, хоол хийж байгааг хэзээ ч үнэлдэггүй, цэвэрлэгч гэж үздэг. Би энэ 4 өрөө байрыг ямар ч өр тавихгүйгээр авч чадсан. Гэтэл гэрийхэн нь “шуналтай хүүхэн миний хүүг барьж идлээ” гэх зэргээр хүний сэтгэлд ус хийж байсан. Би өөрийн болон үр хүүхдүүдийнхээ сэтгэцийг эрүүл байлгахыг хүсч байна. Энэ бол миний хувьд салах хангалттай шалтгаан. Намайг салах өргөдөл өгсөний дараа элдвээр доромжилж, утсаар дарамталсан. Хоёр өөр орчинд өссөн хүмүүс нэг гэрт хамт амьдрана гэдэг бол урлаг, тэсвэр тэвчээр байдаг. 2020 оны 5-р сараас тусдаа амьдраад өмнөх амьдралаа эргээд сөхөж үзэхэд надад ямар ч дурсамж байдаггүй, энэ хугацаанд Батбаяр 4 өрөө байрандаа, би 2 хүүхэдтэйгээ байр хөлсөлж амьдарч байна. Цаашид Ц.Б...тай хамт амьдрахгүй, гэрлэлтээ цуцлуулж, хоёр охиноо өөрийн асрамжинд авч эцгээс тэтгэлэг гаргуулна. Гэр бүл болсноос бий болгосон Баянгол дүүргийн ....-р хороо, Н... хороолол, ...-р байрны ... тоот 4 өрөө байр 268 000 000 төгрөгийн үнэтэй, ...-р байрны ... тоот хаягт байрлалтай автомашины зогсоол 21 000 000 төгрөгийн үнэтэй, ... УБХ дугаартай Toyota Estima маркийн автомашин 10 000 000  төгрөгийн үнэтэй нийт 299 000 000 төгрөгийн эд хөрөнгөөс 3 хүнд ногдох хэсгээ гаргуулна. 1 хүнд ногдох нь 74 750 000 төгрөг бөгөөд 4 өрөө байраа авна. Мөн хүүхдүүдийн сургалтын төлбөрийн 50 хувийг гаргуулах хүсэлтэй байна. Бидний хамт амьдрах хугацаанд Ц.Б... нь өөрийн нэр дээр цалингаасаа хадгаламж үүсгэдэг байсан. Цалингаа худлаа хэлдэг, 73 779 928 төгрөгийн хадгаламж үүсгэсэн байсан. Энэ нь манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө. Гэтэл 2021 оны 5-р сарын 17-ны өдөр 53 779 000 төгрөгийг данснаасаа гаргасан байна. Бид гуравт ногдох хэсгийг гаргуулж өгнөүү  гэжээ.

 

2.Хариуцагч хариу тайлбартаа: Би эвлэрэх хүсэлтэй хэвээрээ байгаа. Эвлэрэх, ярилцах саналыг А...д тавьсан. Хэрвээ  гэрлэлтийг цуцалбал хоёр охиноо өөрийн асрамжинд авна. 4 өрөө байраа авч үлдэнэ. Сургалтын төлбөрийг 50, 50 хувиар хувааж төлнө. Тусдаа байх хугацаанд би хоёр хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь авч, хүргэж өгч байя гэхэд зөвшөөрдөггүй, хүүхдүүдийг надаас холдуулж байна. Энэ бүхэнд би хүлээцтэй хандаж байсан. Би гэр бүл зохиож тусдаа гарсан. Гэтэл гэрийнхэн нь янз бүрийн юм нэхээд амьдралд оролцоод байхаар хэцүү байсан, дүү нь огт танихгүй залуу авчирч гэрт хонох, хадам ээж  орой 18-23:00 цаг хүртэл том өрөөнд зурагт хараад суучихдаг байсан. Бидний гэр орон, амьдралд хүндлэлтэй хандах ёстой. Би чинь гэрийн эзэн хүн, гэр орондоо хүүхдүүдтэйгээ тоглож, мэдээ үзэж байхыг би хүсдэг. Сүүлийн 7, 8 жил зуны амралтаараа Э.А...ийн эмээ өвөөгийнд амарсан, тэгэхдээ ээж дүү нарыг нь аваад явдаг. Гэрийн ажлын хувьд би багаасаа хийж өссөн, уурлах цааргалах юмгүй. Бид байраа хууль ёсний дагуу холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд авсан, зээлийг би өөрөө төлсөн. Сүүлийн 2 жилийн хугацаанд Э.А...ийн ааш араншин өөрчлөгдсөн, эрэгтэй найзтай, хөдөө хамт явдаг болсон. Гэр бүлийн мөнгө болох Голомт банкны данснаас 2 жилийн өмнө найз руугаа 61 000 000 төгрөг шилжүүлсэн байсан. Гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжинд авна гэжээ.

3.Хариуцагч Ц.Б... нь хүүхдийн асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг болох 224 250 000 төгрөг гаргуулах, хүүхдүүдийн сургалтын болон өдөр өнжүүлэх төлбөрийн 50 хувийг төлж байхыг даалгах, Э.А...д шилжүүлсэн 168 221 000 төгрөг, хоёр хүүхдийн сургалт, өдөр өнжүүлэхийн төлбөр 37 156 826 төгрөг нийт 205 377 826 төгрөг тус тус гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Э.А... ширүүн дориун ааштай, худлаа ярьдаг, эд зүйл авч шиддэг. эрэгтэй найзтай болсон. Энэ зангаа гэр бүл, ах дүү нар, ажил дээрээ гаргадаг. 2 хүүхдээ өөрийн асрамжинд авна. Хүүхдүүдийг надтай уулзуулдаггүй, багштай нь уулзахад сурлага нь муудсан байсан. Дундын өмчөөс өөрт болон  хоёр хүүхдэд минь ногдох 224 250 000 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөрийн одоогийн болон цаашдын төлбөрийн 50 хувь, Э.А...д шилжүүлсэн замын зардал 2 000 000 төгрөг, гаалийн татвар 1 000 000 төгрөг, машины засварт 1 760 000, самсунг гар утас 2 647 150 төгрөг, 3 өрөө байрны төлбөр 101 400 000 төгрөг, 2 газрын төлбөр 20 000 000 төгрөг, ОХУ-д сургалтанд явсан зардал 4 000 000 төгрөг, нийгмийн даатгалын төлбөр 3 800 000 төгрөг, сэтгэл зүйчид үзүүлсэн төлбөр 750 000 төгрөг, хоёр хүүхдийн өдөр өнжүүлэх, сургалтын төлбөр 37 156 826 төгрөг, машины зарсны төлбөр 4 500 000 төгрөг нийт 205 377 826 төгрөгийг Э.А...иас гаргуулна гэжээ.

 

4.Нэхэмжлэгч Э.А... сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Намайг муухай ааштай, өөрийгөө луйварддаг гэж байна. Энэ эвлэрэх гэж байгаа хүний үг мөн үү. Би хүүхдүүдийнхээ хажууд өөр хүнтэй явалдах тэнэг хүн биш. Ц.Б... нь хүүхдээ өөрийнхөө асрамжинд авах чадваргүй, байнга загнаж уур ууртай, тулган шаарддаг. Би охидуудаа ийм хүнд өгөхгүй. Сургалтын төлбөр ойлгомжтой 50% аар тохироход би татгалзахгүй. Хардаад байгаа бид хоёр нэг ангийн хүүхдүүд, Австрали руу гэр бүлээрээ явахаар ярьсан байсан. Визэнд орохын тулд түүний дансанд мөнгө байршуулсан, би хамтран эзэмшигчээр орсон. Миний виз гараагүй учир  уг дансанд байршуулсан мөнгийг би буцаагаад татаж авсан. Тэр хүн надад өр төлбөртэй биш.  Австрали явах тухайд хамгийн боломжтой нь Б... байсан, түрүүлээд яв, би хоёр хүүхдээ дагуулаад хойноос чинь очьё гэхээр зөрүүдлээд яваагүй. Тэгээд миний виз гараад Австрали явсан, тэр хугацаанд хүүхдүүдийг үлдээгээд өөрөө Сингапурт 2-3 долоо хоног болоод ирсэн. Би Ц.Б..ын нэг ч найзыг мэдэхгүй, мөн найзууд нь ч намайг танихгүй, амьдарч байх хугацаандаа нэг ч найзыгаа надтай танилцуулж байгаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлээс хүүхдүүдийн сургалтын төлбөрийг 50 хувиар гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрнө. Бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5.Нэхэмжлэгчээс 0115205 дугаар гэрлэлтийн гэрчилгээ /хх 4/, Баянгол дүүргийн ...-р хорооны Засаг даргын 2020 оны 12-р сарын 11-ний өдрийн 03/01658 дугаар тодорхойлолт /хх 5/, Б.М.ын төрсний гэрчилгээ /хх 6/, Б.М.ын төрсний гэрчилгээ /хх 6/, Монгол Оросын хамтарсан сургуулийн тодорхойлолт /хх 7/, 000320303 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх 8/, 000432471 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх 9/, 2019 оны 04-р сарын 17-ны өдрийн 023529..... дугаартай автомашины гэрчилгээ /хх 10/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2021 оны 02-р сарын 18-ны өдрийн 00056 тоот “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай” тэмдэглэл /хх 11/, харилцсан мэйл, чатууд /хх 32-41/, Худалдаа хөгжлийн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 201-206/, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10-р сарын 13-ны өдрийн А339 захирамж /2-р хавтас 125-126/, 2017 оны 09-р сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” /2-р хавтас 127/, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 08-р сарын 14-ний өдрийн А/272 захирамж /2-р хавтас 128-129/, 2017 оны 09-р сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” /2-р хавтас 130-131/, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 02-р сарын 16-ны өдрийн А/52 захирамж /2-р хавтас 132/, 2016 оны 09-р сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” /2-р хавтас 133-134/, 2016 оны 09-р сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” /2-р хавтас 135-136/, Байрны тооцоо гар бичмэл /2-р хавтас 137/, Монгол Оросын хамтарсан дунд сургуулийн 2021 оны 08-р сарын 11-ний өдрийн тодорхойлолт /2-р хавтас 138/, 2021 оны 09-р сарын 28-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх  тодорхойлолт /2-р хавтас 139-140/, Худалдаа хөгжлийн банк компанийн 2017 оны 06-р сарын 07-ны өдрийн “Гадаад шилжүүлгийн даалгавар” /2-р хавтас 142/, Худалдаа хөгжлийн банк компанийн 2017 оны 05-р сарын 08-ны өдрийн “Гадаад шилжүүлгийн даалгавар” /2-р хавтас 143/, Голомт банк компанийн 2017 оны 11-р сарын 27-ны өдрийн “Гадаад төлбөрийн даалгавар” /2-р хавтас 144/, Худалдаа хөгжлийн банк компанийн 2017 оны 11-р сарын 27-ны өдрийн “Зарлагын маягт” /2-р хавтас 145/, 2017 оны 06-р сарын 07-ны өдрийн Худалдаа хөгжлийн банк компанийн “Кассын орлогын баримт” /2-р хавтас 146/, Худалдаа хөгжлийн банк компанийн 2017 оны 05-р сарын “Кассын орлогын баримт” /2-р хавтас 147/, Голомт банк компанийн 2017 оны 11-р сарын 27-ны өдрийн “Кассын орлогын ордер” /2-р хавтас 148/ зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас ФЛСМИДТ Монголиа компанийн 2021 оны 03-р сарын 26-ны өдрийн албан бичиг /хх 137/, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт /хх 138/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх 139-155/, Мобиком корпораци компанийн 2021 оны 03-р сарын 19-ний өдрийн харилцагчийн гүйлгээ /хх 156/, 20063002 дугаартай гэрээ /хх 157-158/, Голомт банкны 2019 оны 08-р сарын 26-ны өдрийн “Орлогын мэдүүлэг” /хх 159/, Голомт банкны 2019 оны 08-р сарын 15-ны өдрийн “Орлогын мэдүүлэг” /хх 160/, Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 08-р сарын 10-ны өдрийн “Дотоод шилжүүлгийн маягт” /хх 161/, Голомт банкны 2020 оны 08-р сарын 29-ний өдрийн “Орлогын мэдүүлэг” /хх 162/, мөнгөн гүйлгээний журнал /хх 163/, 2015-2016 оны сурагчийн төлбөр төлсөн баримт /хх 164/, мөнгөн гүйлгээний журнал /хх 165/, Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 08-р сарын 10-ны өдрийн “Дотоод шилжүүлгийн баримт” /хх 166/, Голомт банкны 2016 оны 08-р сарын 29-ний өдрийн “Цахим гүйлгээний баримт” /хх 167/, Хөрөнгө оруулалтын банкны 2017 оны 08-р сарын 17-ны өдрийн “Орлогын мэдүүлэг” /хх 167/, мөнгөн гүйлгээний журнал /хх 168-171/, нислэгийн цахим тийз /хх 172-173/, 2018 оны “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” /хх 174/, фото зураг /хх 175/ зэрэг баримтуудыг,

Шүүхийн санаачилгаар хүүхдийн санал асуусан тэмдэглэл /хх 123-124/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалын 2022 оны 01-р сарын 31-ний өдрийн 40 дугаар “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл” /2хх 178/,

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Худалдаа хөгжлийн банкнаас депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 52-111/, Худалдаа хөгжлийн банкнаас 2021 оны 06-р сарын 14-ний өдрийн албан бичиг /хх 131/ зэргийг гаргуулсан,

Хариуцагчийн хүсэлтээр Хас банкнаас 2021 оны 06-р сарын 03-ны өдөр дансны тодорхойлолт /хх 117-119/, дансны хуулга /хх 120-122/,  Хас банкны 2021 оны 06-р сарын 04-ний өдрийн албан бичиг /хх 128/, Хас банкны 2021 оны 07-р сарын 24-ний өдрийн ирүүлсэн албан бичиг, дансны хуулга /179-181/, Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2021 оны 08-р сарын 27-ны өдрийн А/98 тушаал /хх 223-224/, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 08-р сарын 25-ны өдрийн 14/1751 албан бичиг /хх 225-250/, /2-р хавтас 1-55/, Хаан банкнаас ирүүлсэн 2021 оны 08-р сарын 27-ны өдрийн 50/7674 албан бичиг /2-р хавтас 56-67/, Голомт банкнаас ирүүлсэн 2021 оны 09-р сарын 06-ны өдрийн 14/06 103-914 албан бичиг /2-р хавтас 68-101/, Шинжээчийн дүгнэлт /2-р хавтас хх 104-120/, Аэромаркет компаниас ирүүлсэн 2021 оны 09-р сарын 28-ны өдрийн 28/09/21 албан бичиг /2-р хавтас 149-154/, Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн 2021 оны 10-р сарын 13-ны өдрийн Б/8803 албан бичиг /2-р хавтас 164-166/ зэрэг баримтуудыг тус тус бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Нөхөр Ц.Б. нь үндэслэлгүйгээр харддаг, сэтгэл санааны хувьд дарамталдаг, доромжилдог, ахуйн чанартай хэрүүл маргаан үүсгэдэг, ээж, эгч нар нь гэр бүлийн амьдралд оролцдог зэрэг маргааны улмаас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдээ асрамждаа авах, гэрлэгчийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс 3 хүнд ногдох хэсгээ гаргуулахаар шаарджээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ..эвлэрэх санал хэвээрээ байгаа гэх боловч сөрөг нэхэмжлэлээр хүүхдийн асрамж, гэрлэгчийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах, Э.А.д зарцуулсан гэх бусад зардал мөнгийг гаргуулахаар шаардсан байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.         

 Э.А., Ц.Б. нар нь 2008 гэрлэж, хамт амьдрах хугацаандаа 2009 оны 04 дүгээр 08-нд охин Б.М.,  2011  оны 02 дугаар сарын 23-нд охин Б.М. нарыг төрүүлж өсгөжээ.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.

Гэрлэгч нь хамт амьдрах хугацаандаа бие биеэ харддаг, нөхөр нь эхнэрээ сэтгэл санааны хувьд дарамталдаг, доромжилдог, ахуйн чанартай хэрүүл маргаан үүсгэдэг, хэн хэнийх нь ээж, эгч нар нь гэр бүлийн амьдралд оролцдог зэрэг маргааны улмаас хоорондоо таарамжгүй харьцаатай болсон нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

Шүүх хэргийг хэлэлцэж, шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Гэрлэлт цуцлах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 14032 дугаар захирамжаар  Э.А., Ц.Б. нарын гэрлэлт цуцлах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчийг эвлэрүүлэх арга хэмжээ /хх 175-176/ авчээ.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны шатанд талууд эвлэрээгүй тул 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон /хх 178/ тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

 Талууд насанд хүрээгүй 2 хүүхдийн асрамжийн талаар маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд охин ..Б.М., Б.М. нар нь гэрлэлт цуцалсан тохиолдолд эхийн асрамжинд үлдэх санал өгсөн /хх 123-124/, Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2021 оны 08-р сарын 27-ны өдрийн А/98 тушаал /хх 223-224/-р шинжээч нарыг томилсон,  шинжээчийн 2021-09-21-ний өдрийн дүгнэлт /2-р хавтас хх 104-120/-ээр хоёр хүүхэд эх Э.А..ийн асрамжинд байх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Шинжээч нар дүгнэлт гаргахдаа талууд болон хүүхдүүдийн сэтгэл зүй, амьдарч байгаа орчин нөхцөл, эцэг эхийн зан төлөв, ёс зүй, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд тэдний оролцоо, халамж, гэр бүлийн харилцааны байдал, сэтгэл зүйн байдал зэргийг нарийвчлан судалж, уулзалт, ярилцлага хийж бодит байдлыг судалж дүгнэлтээ гаргасан, үндэслэл бүхий дүгнэлт гэж дүгнэлээ.

Хэдийгээр эцэг, эхийн хэн аль нь хувийн байдал, тогтсон ажил хөдөлмөр эрхлэлт, хүүхдээ хүмүүжүүлэх, асран тэтгэх чадамжтай байдал, эдийн засгийн хувьд боломжтой нь тогтоогдсон боловч эцэг, эхийн хоорондын зан харилцааны таарамжгүй байдал нь хүүхдийн хүмүүжил төлөвшил, эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй байх нь чухал. Иймд хүүхдийн “эхтэйгээ амьдарна” гэсэн санал,  шинжээчийн дүгнэлтийг үндэслэн охин Б.М., Б.М. нарыг эхийн асрамжинд үлдээж, хуульд заасан журмаар тэтгэлэг гаргуулж шийдвэрлэлээ.  

 

 Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.3-т заасан хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй, хүүхдийн эрхийг зөрчихгүй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй.

   Талууд гэр бүл болсноос хойш 268 000 000 төгрөгийн үнэ бүхий Баянгол дүүргийн ...-р хороо, Н... хороолол, ..-р байрны ... тоот 4 өрөө сууц, 21 000 000 төгрөгийн үнэ бүхий ...-р байрны ... тоот хаягт байрлалтай автомашины зогсоол, 10 000 000  төгрөгийн үнэ бүхий ...УБХ дугаартай Toyota Estima маркийн автомашин зэрэг нийт 299 000 000 төгрөгийн үнэ бүхий, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг бий болгосон нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

Орон сууц, автомашин, зогсоол зэргийг нэхэмжлэгч болон 2 хүүхдэд үлдээх нь хүүхдүүдийн амьдрах орчин нөхцөл, хүүхдүүдийг сургуульд хүргэх, авах нөхцөлийг хангахад нийцэх бөгөөд гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг адил тэнцүү хэмжээгээр хувааж Ц.Б...т ногдох 74 750 000 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 48-р зүйлд заасан тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /...сургуульд орсон/ үед түүнд нэмэлт зардал гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар нэхэмжлэл гаргаж болох боловч хүүхдүүдийн ерөнхий боловсролын сургуулийн төлбөр, цаашид оюутны сургалтын төлбөр төлөх шаардлага үүссэн, эсхүл төлж зардал гаргасан, маргаан гарсан тохиолдолд шийдвэрлүүлэх шаардлагатай. Хариуцагч хүүхдийн сургалтын төлбөрийг төлөхгүй гэж маргаагүй бөгөөд түүнд төлбөр төлөхийг даалгаж шийдвэрлэх  шаардлагагүй.

Хариуцагч Ц.Б... нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Худалдаа хөгжлийн банкинд 20 000 000 төгрөгийн хадгаламж нээсэн байх ба 2021 оны 05-р сарын 17-ны байдлаар 91 138 931 төгрөгийн хадгаламжтай байсан, үүнээс энэ өдөр 17 359 002 төгрөгийн, 53 779 000 төгрөгийн зарлагыг тус тус гаргаж 20 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй /хх 1-р хавтас 53-54/ байна. Хадгаламж эзэмшигч нь өөрийн үйл ажиллагааны болон цалин орлогоосоо хуримтлал үүсгэсэн нь хуваарьт хөрөнгө болно. Хуваарьт хөрөнгийг эзэмшигч захиран зарцуулсан нь гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан гэх үндэслэлгүй, ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч нь 2 хүүхдээ асрамжиндаа авах, дундын өмчөөс өөрт болон  хоёр хүүхдэд ногдох 224 250 000 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувийг гаргуулах, Э.А...д шилжүүлсэн замын зардал 2 000 000 төгрөг, гаалийн татвар 1 000 000 төгрөг, машины засварт 1 760 000, самсунг гар утас 2 647 150 төгрөг, 3 өрөө байрны төлбөр 101 400 000 төгрөг, 2 газрын төлбөр 20 000 000 төгрөг, ОХУ-д сургалтанд явсан зардал 4 000 000 төгрөг, нийгмийн даатгалын төлбөр 3 800 000 төгрөг, сэтгэл зүйчид үзүүлсэн төлбөр 750 000 төгрөг, хоёр хүүхдийн өдөр өнжүүлэх, сургалтын төлбөрт төлсөн 37 156 826 төгрөг, машин зарсны төлбөр 4 500 000 төгрөг нийт 205 377 826 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Сөрөг нэхэмжлэлээс   2 хүүхдээ асрамжиндаа авах, дундын өмчөөс өөрт болон  хоёр хүүхдэд ногдох 224 250 000 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувийг гаргуулах шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэл болно.

Гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд сурах, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй байна.

Гэрлэгч Э.А...ийн замын зардал 2 000 000 төгрөг, гаалийн татвар 1 000 000 төгрөг, машины засварт 1 760 000, самсунг гар утас 2 647 150 төгрөг, 3 өрөө байрны төлбөр 101 400 000 төгрөг, 2 газрын төлбөр 20 000 000 төгрөг, ОХУ-д сургалтанд явсан зардал 4 000 000 төгрөг, нийгмийн даатгалын төлбөр 3 800 000 төгрөг, сэтгэл зүйчид үзүүлсэн төлбөр 750 000 төгрөг, хоёр хүүхдийн өдөр өнжүүлэх, сургалтын төлбөрт төлсөн 37 156 826 төгрөг, машин зарсны төлбөр 4 500 000 төгрөг /1-р хавтас 53-111,139-181, 201-206, 2-р хавтас 55-101,0020142-155/ нийт 205 377 826 төгрөг гаргуулах  шаадлага нь гэрлэгчийн болон гэр бүлийн гишүүдийн амьдрах, сурах, гэр бүлийн хэрэгцээний эд хөрөнгө бий болгох, эмчилгээ хийлгэх, сургалтын төлбөр, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн зэрэг үйл баримтууд нь гэр бүлийн гишүүдийн болон гэр бүлийн ахуй хэрэглээ, бусад зардалд зарцуулагдсан гэж үзнэ. 

Улсын бүртгэлийн Ү-2203... дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн ...-р хороо, ... дүгээр байрны ... тоот 3 өрөө сууц нь Ц.Б.ын өмчлөлд 2016 оны 09-р сарын 06-ны өдөр бүртгэгдэж, өмчлөх эрхийн 00034972 тоот гэрчилгээ /1-р хавтас 174/ олгогдсон, улмаар 2018 оны 01-р сарын 9-ний “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр Ц.Д...т 80 сая төгрөгөөр худалджээ.

Э.А... нь иргэн Б.Н...тэй байгуулсан 2015 оны 10-р сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр Сүхбаатар дүүргийн ...-р хороо, С.. зуслангийн 700 м.кв газар, Х.М...той байгуулсан 2016 оны 5-р сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр Сүхбаатар дүүргийн ...-р хороо, С... зусланд байрлах 700 м.кв газар, Э.С...тэй байгуулсан 2015 оны 08-р сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр Сүхбаатар дүүргийн ...-р хороо, ... зусланд 700 м.кв газар, Б.Б.тэй байгу..улсан 2015 оны 8-р сарын 18-ны өдрийн гэрээгээр Сүхбаатар дүүргийн ...-р хороо, ..., 700 м.кв газар, Х.Б..тай байгуулсан 2016 оны 5-р сарын 23-ны өдрийн гэрээгээр Сүхбаатар дүүргийн ...-р хороо, ..., 700 м.кв газрыг тус тус шилжүүлэн авч 000603133, 000603132, 000603134, 000652199, 000652196 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар эзэмшигч /1-р хавтас 226-250, 2-р хавтас 1-55/ байжээ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10-р сарын 13-ны өдрийн А/339 тоот захирамжаар Э.А.с Б.Д.д 700 м.кв газрыг, 2020 оны 08-р сарын 14-ний өдрийн А/272 тоот захирамжаар тус бүр 700 м.кв талбай бүхий 2 газрыг Б.Б.т, 2017 оны 02-р сарын 16-ны өдрийн А/52 тоот захирамжаар 700 м.кв газрыг Г.Х...д, 700 м.кв газрыг Н.Т...т тус тус газар эзэмших эрхийг шилжүүлэн олгосон /хх 2-р хавтас 125-136/ байна.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрх нь гэрлэгчийн хэний нэр дээр бүртгэгдсэнээс үл хамаарч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх, эзэмших хөрөнгө бөгөөд захиран зарцуулснаас орсон 101 400 000 төгрөг, 2 газрын төлбөр 20 000 000 төгрөгийг Э.А...ийн дансанд шилжүүлсэн, улмаар гэр бүлийн ахуй хэрэгцээ, өөр бусад эх үүсвэр, хэрэглээнд зарцуулсныг түүнээс гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ. 

Хэрэгт авагдсан хоорондоо мейл хаягаар болон facebook хаягаар бичсэн бичвэр /хх 32-41/ нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 

5. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2 042 500 төгрөг, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа 2 446 490 төгрөг тус тус төлжээ. Гэрлэлт цуцлах маргаантай хэргийг гэрлэгчийн эд хөрөнгийн маргаан, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоох тухай нэхэмжлэлийг хамт шийдвэрлэх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар 70 200 төгрөгийн хураамж төлөхөөр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нараас төлсөн тус бүр 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Харин Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн татварын хэлтсээс талуудаас илүү төлсөн хураамж болох 1 972 300 төгрөг гаргуулж Э.А.д, 2 376 290 төгрөг гаргуулж Ц.Б.т тус тус олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт   заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.ийн Б., Э.ийн А. нарын гэрлэлтийг цуцалж, 2009 оны 04 дүгээр 08-ны өдөр төрсөн охин Б.М.,  2011  оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Б.М. нарыг эх Э.А.ийн асрамжинд үлдээсүгэй. 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Б.М...ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, охин Б.М., Б.М. нарыг 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг Ц.Б...аар тэжээн тэтгүүлсүгэй.

3.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2205..... дугаарт бүртгэгдсэн, Э.А...ийн өмчлөлийн  Баянгол дүүргийн ...-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельсийн гудамж ....-р байрны ....тоот 4 өрөө сууц, улсын бүртгэлийн Ү-2205.... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ...-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельсийн гудамж ...-р байрны зоорийн давхар .... тоот 14.3 м.кв талбай бүхий автомашины зогсоол, ... УБХ дугаартай Toyota Estima маркийн автомашин зэргийг Э.А.д үлдээж, Э.А.иас 74 750 000 /далан дөрвөн сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж Ц.Б.т олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 73 779 928 төгрөгийн хадгаламжаас ногдох хэсгээ гаргуулах, хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувийг хариуцахыг даалгах тухай нэхэмжлэлийг, Э.А...ас 205 377 826 /хоёр зуун таван сая гурван зуун далан долоон мянга найман зуун хорин зургаа/ төгрөг гаргуулахыг хүссэн Ц.Ба...ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б...аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн татварын хэлтсээс 1 972 300 /нэг сая есөн зуун далан хоёр мянга гурван зуу/ төгрөг гаргуулж Э.А...д, 2 376 290 /хоёр сая гурван зуун далан зургаан мянга хоёр зуун ер/ төгрөг гаргуулж Ц.Б...т тус тус олгосугай.

 

6.Шийдвэрийг зохигч, өмгөөлөгч нар  гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА