| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0260/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/806 |
| Огноо | 2024-10-10 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | А.Марал |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/806
2024 10 16 2024/ШЦТ/816
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Уугантамир хөтлөн,
улсын яллагч А.Марал
шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Човогт М-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын *-ны өдөр *** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар төмөр замын татах тоормосны цехэд засварчин ажилтай, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, Ч овогт М-н А /регистрийн дугаар **/.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч М.А “Б”-ийн мэргэжлийн сургалтын байгууллагад “Илчит тэрэгний засварчин” мэргэжлээр төгсөөгүй атлаа “***” хуурамч үнэмлэхийг бусдаас авч, улмаар 2023 оноос Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн авто тоормосны цехэд засварчнаар ажиллаж хуурамч үнэмлэх ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.А Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Аын өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн, зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б-н хохирогчоор өгсөн: “...2021 оны 11 дүгээр сараас Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсэгт Хүний нөөцийн тасгийн даргаар одоог хүртэл ажиллаж байна. Манай байгууллага Улаанбаатар төмөр замын Замын даргын 2020 оны 474 сонгон шалгаруулалтыг явуулдаг. Ажлын байрны зарыг 7 хоногийн өмнө тавиад бүртгэгдсэн иргэдийн материалыг хүлээн авч шалгалт явуулдаг... М.А 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар татах хэсэгт ажилд орох хүсэлт гаргаж 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс Засварын цехэд дагалдангаар ажилд орсон. “Б”-ийг 2022 онд “Илчит тэрэгний замчин” мэргэжил эзэмшсэн гэх мэргэжлийн үнэмлэхийг үндэслэн ажилд авсан. Дагалдангаар ажиллах хугацаандаа шалгалтаа өгөөд одоо засварын цехэд ажиллаж байна. М.Аын хувьд Улаанбаатар төмөр замтай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэсэн, түүнд тохирсон цалин хөлс авсан тул манай байгууллага хохирсон зүйл байхгүй, цаашид ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Х-н гэрчээр өгсөн: “...Манай байгууллага богино хугацаанд чадвар эзэмшүүлдэг буюу мэргэжлийн сургалтын төвд бүртгэлийн гэрчилгээ олгодог байсан. Богино хугацаа гэдэг нь чиглэлээсээ хамаараад 1 жил хүртэлх хугацаанд тухайн иргэний хэрэгцээнд тулгуурлан чадвар, чадамжийг олгож байгааг хэлж болно. Тухайн мэргэжлийн сургалтын байгууллага нь иргэдийн чадвар, чадамжид суурилан мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ олгохыг ойлгож болно. Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээ олгох нь манай институт дээр 2021 оны 5 дугаар сард Хөдөлмөр нийгмийн хамгааллийн яамнаас шилжин ирсэн. Тухайн “Бүтээгч” гэх нэртэй мэргэжлийн сургалтын байгууллага нь өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн бүртгэл хийгдэж, гэрчилгээгээ сунгуулсан мэдээлэл байхгүй байна. Манай институт мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, төгсөгч нарт чадамжийн гэрчилгээг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/97, А/231 дугаартай “Журам шинэчлэх тухай” тушаалын дагуу олгодог байсан. Одоо 2023 оны 7 дугаар сард Боловсролын багц хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зохих журмын дагуу чадамжийн гэрчилгээ олгож байна. Харин зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах үүднээс бүртгэлийн гэрчилгээ олголт 2023 оны 4 дүгээр сараас зогссон. “Mergejil.mn” буюу цахим бүртгэлийн нэгдсэн системд мэргэжлийн сургалтын төвүүд маань анх манай институтээс нэвтрэх нэр, нууц үгээ үүсгүүлэн авч сургалтын байгууллагынхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулдаг. Үүнд сургалтад хамрагдсан суралцагчдын мэдээлэл, төгсөгчийн мэдээлэл бас ордог. Өөрөөр хэлбэл төгсөлтийн үнэлгээгээ манай байгууллагаар хийлгээд тэгээд төгсөлтийн гэрчилгээ буюу чадамжийн гэрчилгээг дээрх нэгдсэн бүртгэлийн системээр дамжин бүртгэл үүсгэгдэж авдаг. “Mergejil.mn” нэгдсэн цахим мэдээллийн сан нь 2020 онд ашиглагдан 2016 оноос хойш иргэдийн мэдээллийг дутуу бүртгэгдсэн байх магадлалтай. Уг асуудал нь манай байгууллагын нэгдсэн бүртгэлд ороогүй тохиолдолд хуурамч, бүртгэлгүй гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 125-127 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Д-н гэрчээр өгсөн: “...“...Би “Бүтээгч” сургалтын төвд 2018-2021 оны хооронд захирал, сургалтын төвийн захирал, хүний нөөцийн менежер, аж ахуйн дарга зэрэг албан тушаал дээр захирлын тушаал шийдвэргүйгээр солигдоод ажиллаж байсан. Тухайн сургалтын төвийг анх нээгдсэн цагаас эхлэн ажиллаж байсан. Манай сургалтын төв анх тусгай зөвшөөрлөө 2018 оны 3 дугаар сараас эхлэн Хөдөлмөр, нийгэм халамжийн газраас сургалт зохион байгуулах тусгай зөвшөөрлөө гаргуулан авч сургалт зохион байгуулан үйл ажиллагаа явуулж байсан. Сургалтын төвийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл 2023 оны 5 дугаар сард үйл ажиллагаа явуулах эрх дуусгавар болсон. Манай сургалтын төв нь үйл ажиллагаа явуулах 5-6 удаа сургалт зохион байгуулсан. Миний санаж байгаагаар 2018 онд 1 удаа, 2019 онд 1-2 удаа, 2020 онд 1-2 удаа, 2021-2022 онуудад 1-2 удаа сургалтын цахим хэлбэр болон танхимаар сургалтыг зохион байгуулан нийт 300 гаруй суралцагч, элсүүлэн мэргэжлийн сургалт олгож байсан. Манай сургалтын төвийн сургалтын төлбөр 750.000 төгрөг байсан. Манай элсэгч, суралцагчдаас төлбөрийг бэлнээр авдаг байсан. Манай байгууллагад яг санхүүгийн ажилтан гэж дагнасан ажилтан байгаагүй. Манай сургалтын төв нь “ЯБГУ” ХХК-ийн дэргэд анх үүсгэн байгуулагдсан. Манай компанийн захирлын туслах бэлнээр хураан авдаг байсан. Кассын орлогоор баримт бичиж авдаг сургалтын төв данс байгаагүй болохоор бэлнээр төлбөрийг авч байсан. Санхүүгийн ажилтан гэж байгаагүй санхүүгийн тайлангаа сард 1 удаа гаднаас санхүүгийн мэргэжилтэй хүнд төлбөр мөнгийг нь өгөөд гаргуулдаг байсан. Надад харуулсан мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвөөс гаргаж байсан мэргэжлийн үнэмлэх мөн байна. Анх манай сургалтын төв 2018 онд Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагад бүртгүүлж байсан. Түүнээс хойш явуулсан сургалтыг төгссөн суралцагч, иргэдийн мэдээллийг хүргүүлэн бүртгэлд оруулж байгаагүй. Энэ нь миний алдаа юм. Бүртгэлд суралцагч, төгсөгчдийн мэдээлэл нь ороогүй мэргэжлийг үнэмлэхийг хуурамч гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 135-138 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Б-н гэрчээр өгсөн: “...Боловсролын баримт бичиг гэдэг нь тухайн боловсролын түвшний мэдлэг, судлагдахууныг эзэмшсэнийг нотлох баримт бичиг, хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болно. Ерөнхий боловсролын түвшинд 9 дүгээр анги төгссөн суурь боловсролын гэрчилгээ, 12 дугаар анги төгссөнийг нотлох бүрэн дунд боловсролын үнэмлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын түвшинд 9 дүгээр анги төгссөн болон 12 дугаар анги төгссөн суралцагчид элсэн суралцдаг. Мэргэжлийн үнэмлэх 1 жилээр мэргэжил эзэмшсэн бол тогооч, үсчин гэх мэт, мэргэжлийн боловсролын үнэмлэх 2,5 жил бүрэн дунд боловсрол болон мэргэжил эзэмшсэн бол, мэргэжлийн боловсролын политехник коллежиудад 1,5 жилээр Техникийн боловсролын диплом, 3 жилийн “С” диплом буюу 90 кредит цаг хангасан болохыг нотолсон баримт бичиг олгодог болно. Дээд боловсролын түвшинд 4 жилийн 120 кредит бакалаврын диплом, 2,5 жилээр магистр, 3,5-4 жилээр докторын түвшинд суралцаж байна...
2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Боловсролын ерөнхий хуулийн 2 дугаар бүлэг 14 дүгээр зүйлийн 2 дугаар хэсэгт зааснаар боловсролын үнэмлэх /баримт бичиг/-ийг мөн хуулийн 1 дүгээр бүлэг 9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тодорхойлон заасан байгааг ойлгож болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 130-132 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.А яллагдагчаар өгсөн: “...Би ковидын үед буюу 2020-2022 оны хооронд БНХАУ-ын “Бугат” хотын төмөр замын коллежид суралцаж байгаад ковидоос болоод сургуулиа төгсөлгүй Монголд ирсэн. 2023 оны төмөр замын баяр дээр явж байгаад төмөр замд ажилладаг ахтай танилцаж “урд сургуульд сурч байгаад ирсэн, одоо дадлага хийгээд явж байна” гэж хэлсэн. Би тэр ахад “шалгалтандаа уначихсан, сургуулиа төгсөж чадахгүй юм шиг байна” гэхэд заавал сургууль төгсөх шаардлага, манай найзын найз сургалтын төв ажиллуулдаг юм, тэндээс мэргэжлийн үнэмлэх гаргуулаад авч болно” гэж хэлэхээр нь би яаж мэргэжлийн үнэмлэхтэй болох тухай асуухад надад ах нь өөрөө чамд авчирч өгнө, чи мөнгө төгрөгөө бэлдэж байгаарай гэж хэлээд миний утасны дугаарыг аваад явсан. Тухайн үед надад 800,000-1,000,000 төгрөг болно гэж хэлж байсан. Удалгүй 7 хоногийн дараа тэр ах надад миний нэр дээр “Илчит тэрэгний засварчин” гэсэн мэргэжлийн үнэмлэхийг авчирч өгөөд би бэлнээр 1,000,000 төгрөг өгсөн. Би мэргэжлийн үнэмлэхээ 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн хүний нөөцийн ажилтанд ажилд орох хүсэлтийн хамт өгч 11 дүгээр сарын 11-ний өдрөөс авто тоормосын цехэд дагалдан засварчинаар ажилд орж ажиллаж байгаад 2024 оны 1 дүгээр сарын дундуур энэ ажилдаа жинхлэгдэн өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Надад үнэмлэх гаргаж өгсөн хүнийг одоо хаана ажилладаг гэдгийг мөн түүний утасны дугаарыг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 177 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 173 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 177 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.А албаны үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/, хохирогч Б.Б-н мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, гэрч Б.Д-н мэдүүлэг /хавтаст хэргийн 135-138 дахь тал/, гэрч С.Б-н мэдүүлэг /хавтаст хэргийн 130-132 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч М.А өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албаны үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” санал, дүгнэлт гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Иймд шүүгдэгч М.А нь албаны үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “албаны үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Ат Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч М.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Гурав. Бусад асуудлын талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.
Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбасүрэнгийн “...учирсан хохиролгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч М.Аыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хэрэгт хураан авсан 2022/*** дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.А цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Човогт М-н А-н“албаны үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.Ат оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт хураагдан ирсэн *** дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шүүгдэгч М.А цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ