| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 178/2020/0000/Э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2020-10-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 42
П.*******д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч С.Өмирбек шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Э.Ууганзаяа, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолтой, хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй,******* дугаарын регистртэй, ******* овгийн ******* ******* нь 2019 оны 08 дугаар сард Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их Буян” ******* ******* тоот павилоноос “HUAWEL Y6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн *******т 550000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “ Шүүгдэгч ******* овогт ******* *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.*******д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч П.*******д сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1. 2-д зааснаар шүүгдэгч П.*******гаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 555000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.*******гаас хохирлын 240000 төгрөг гаргуулж хохирогч *******т олгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй , хаалттай хорих ангид даалгаж, Эрүүгийн 2036000000161 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “HUAWEL Y6” загварын гар утасыг хохирогч *******т буцаан олгож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Яллагдагч П.******* нь 2019 оны 08 дугаар сард Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Их Буян” ******* ******* тоот павильоноос “HUAWEI Y6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн *******т 550000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогдсон. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч ******* ******* нь хохирогч *******т 550000 төгрөгийн хохирол учруулснаас 310000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 240000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлж барагдуулна, үлдэгдэл 240000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлж барагдуулахаа илэрхийлснийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.*******гаас хохирлыг 240000 төгрөг гаргуулж хохирогч *******т олгосугай” гэж тусгасан атлаа тогтоох хэсгийн 8 дахь заалтад “Эрүүгийн 2036000000161 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “HUAWEI Y6” загварын гар утсыг хохирогч *******т буцаан олгож...” гэж тусгасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.*******д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хянан шийдвэрлэхдээ мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Ховд аймгийн Прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 5/138 дугаар яллах дүгнэлтээр П.*******г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч П.******* нь 2019 оны 8 дугаар сард Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Их Буян” ******* ******* тоот павилионоос “HuaweiV6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч иргэн *******д 550000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.
Мөн шүүгдэгч П.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Иймээс анхан шатны шүүх шүүгдэгч П.*******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчийг оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь хууль ёсны байх зарчимд нийцжээ.
Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ “хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “HUAWEI V6” загварын гар утсыг хохирогч *******д олгож...” гэж заасныг “шүүгдэгч П.*******д буцаан олгож” гэж өөрчлөлт оруулах шаардлагатай гэжээ.
Хавтаст хэргийн 31-32 дугаар хуудаст авагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гар утасны фото зургаас харвал шүүгдэгч П.******* нь хохирогч *******аас хулгайлан авсан гар утасны дэлгэцийг хагалж зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон тул доторх мэдээллийг нь харах, цаашид хэвийн ажиллуулах боломжгүй болгожээ.
Иймээс эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “HUAWEI V6” загварын гар утасны үнэ болох 550,000 төгрөгөөс 310,000 төгрөгийг хохирогч ******* 07 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч П.*******гаас бэлнээр авч, үлдэгдэл 240,000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 20-нд барагдуулна гэж харилцан тохиролцсон тул эд мөрийн баримтаар хураагдсан “HUAWEI V6” загварын гар утсыг хохирогч *******д олгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8. дахь заалттай нийцсэн байна.
Бусдаас хулгайлж авсан хулгайн эд зүйл буюу гар утсыг шүүгдэгчид олгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.
Харин хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч П.******* нь бусдын эд хөрөнгө болох “HUAWEI V6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан боловч уг эд хөрөнгийг цаашид худалдан борлуулж, түүнээс ашиг орлого олсон гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул түүнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 550.000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгох нь хууль ёсны байх зарчимд нийцэх юм.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
С.ӨМИРБЕК