Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2003

 

“ГКП" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2018/01792 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ГКП" ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Э-” ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 33 006 050 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнасан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

   Нэхэмжлэгч “ГКП" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ГКП" ХХК нь “Э-” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ЗГ0604150106 тоот зээлийн гэрээ байгуулан 15 сая төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн үндсэн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэй, барилгын материал авч Хужирбуланд хашаа байшингаа нэмж засварлах зориулалтаар авсан. Мөн өдрөө ЗБ0604150Ю6 дугаартай барьцааны гэрээ байгуулан түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо. Баруун Толгойт 18101, Москвагийн гудамж 48-б байр, 56 тоот, 26.7 м.кв талбай бүхий, Ү-1201043546 тоот улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг мөн өдөр бүртгүүлж баталгаажуулсан. “Э-” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн зээлээ төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй. Зээлдэгч үндсэн зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч нь зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 02 болон 2016 оны 02 дугаар сарын 02-нд 1 500 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс сар бүр 3 сая төгрөг төлөхөөр тохиролцсон ч үүргээ зөрчсөнөөс нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндэслэл болсон. Зээлдэгчид манайх зээл төлөх талаар удаа дараа сануулж, хугацаа өгч мэдэгдэж байсан. Иймд үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүү 15 260 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 639 350 төгрөг, нотариатын төлбөр 36 500 төгрөг, эрэн сурвалжлахтай холбоотой гарсан тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 33 006 050 төгрөгийг “Э-” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Э-” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 15 000 000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай хуулийн этгээд дээрээ зээл аваад н.Ганзориг гэгч ахад өгсөн. Та мөнгөө төлөөч гэхээр удахгүй төлнө гэж хэлээд яваад байгаа. Би өмгөөлөгч авах хүсэлтэй. Нөгөө хүн мөнгө төлнө гээд байгаа. Үндсэн зээлээ хүлээн зөвшөөрч байна. 12 сарын хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын мөнгийг зөвшөөрнө, харин бусад хүү, алданги, эрэн сурвалжлуулсан 70 200 төгрөгийг зөвшөөрөхгүй, манайх хаягаа өөрчлөөгүй гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан "Э-" ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 25 169 850 төгрөг гаргуулан,  "Газар   капитал   партнерс  ББСБ"  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 836 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 393 180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 283 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “ГКП" ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийн үндэслэл, тооцоолол, заалтуудыг зөвшөөрөхгүй. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.2.2, 1.2.3, 2.3, 2.8 дахь заалт, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.3 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нийт 33 006 050 төгрөгийг нэхэмжилсэн. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 222 дугаар зүйлийн 222.5, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3, 22.3 дахь хэсэгт зааснаар “Э-” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 33 006 050 төгрөг гаргуулахаар шийдвэрийн тогтоох хэсгийн заалтад өөрчлөлт оруулж өгнө үү.

Мөн шийдвэрт нэхэмжлэлийн үндсэн шаардлагын 2-рт бичигдсэн зээлдэгч өрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд зээлийн барьцааны гэрээний 2.1-д заасны дагуу барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 18 хороо. Баруун Толгойт 18101, Москвагийн гудамж 48б байр, 56 тоот, 26.7 м.кв талбай бүхий, Ү-1201043546 тоот улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг оруулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

            Банк эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагаа нь хуулиар тогтоосон үндэслэл журмын зээлдэгчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэхийг шаарддаг. Иргэний хуульд зааснаар хуулийн үндэслэл журмын дагуу байгуулагдсан гэрээ нь шаардах эрхийг бий болгоно. Тиймээс зохигчдын хооронд байгуулагдсан гэх гэрээ нь хуульд нийцсэн эсэхийг тогтоох нь ач холбогдолтой.

            Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар компанийг гүйцэтгэх захирал төлөөлөхөөр заасан. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан. Тиймээс 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзнэ.

            Иймд шүүхийн шийдвэрт хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд гаргуулсан 10 169 850 төгрөгийг хассан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч “ГКП" ХХК нь хариуцагч “Э-” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33 006 050 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай 2 шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар бүлэгт анхан шатны шүүх хуралдааны дэгийг тогтоож өгсөн бөгөөд шүүх хуралдааныг явуулахад талуудын эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг хангах зорилгоор зохих ажиллагааг шүүхээс явуулах учиртай.

            Хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүх нэхэмжлэгчийн зөвшөөрлийг үндэслэн шүүх хуралдааны дундуур хариуцагчийг оруулан хэргийг хэлэлцсэн байх боловч хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 103 дугаар зүйлийн 103.1, 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасан буюу шүүх хуралдааныг даргалагч бүрэлдэхүүн, нарийн бичгийн даргыг татгалзан гаргах, хэргийн оролцогчийн хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй, мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн гаргасан өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй, хуулийн 107 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарыг сонсголгүйгээр хариуцагчаас тайлбар авч хэргийг хянан шийдвэрлэжээ.

            Түүнчлэн нэхэмжлэгчийн 2 дахь шаардлага болох үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүх шийдвэр гаргаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 119.2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байна.

            Дээрх зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлд хамаарч байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2018/01792 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 210 530 төгрөг, хариуцагчаас урьдчилан төлсөн 180 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                      ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                 Ч.ЦЭНД