Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2022/00560

 

2022 оны 02 сарын 17 өдөр                            Дугаар 102/ШШ2022/00560                          Улаанбаатар хот

 

    

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн .. дугаар хороо, Г. хотхоны, .. дугаар байрны .. тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ., Г..ийн .. овогтой Ю.ийн Ү.,

Хариуцагч: Баянгол дүүргийн ... дүгээр хороо, Г... хотхон, ... дугаар байрны . ..тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн . ..дугаар хороо, Согоотын ... тоотод түр оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр . Д. овогтой Б.ийн Ж.,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдээ асрамжиндаа авахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О.,

Хариуцагч Б.Ж.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ө. нар оролцов.

                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ю.Үн... нь Б:Ж...ийн эх байх эрхийг хасуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, түүний иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлаж, харгалзан дэмжигч томилуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

 -2010 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Ү.Эрэмжээ, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Ү.Ж... нарын эх  Б.Ж... нь архидан согтуурч, 2, 3 хоногоор алга болдог, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүргийг зөрчиж, согтууруулах ундааг удаа дараа байнга хэрэглэж, хүүхдүүдийг айлгаж, сэтгэл санааны хүнд дарамтад байлгадаг. Мөн хутга, мэс барин айлган сүрдүүлж, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болохуйц үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсан. Б.Ж.. цаашид 2 хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалах боломжгүй болсон нь Ү.Э., Ү.Ж. нарыг эцэг Ю.Ү...ын асрамжид үлдээх үндэслэл болж байна. Б.Ж...ийн үйлдлүүд нь Баянгол дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтсээс ирүүлсэн эрүүлжүүлэн саатуулсан талаарх баримтууд болон гэрч Ж.М.., Ю.Ү. нарын мэдүүлгээр тогтоогдсон  байна. Иймд Ү.Э..., Ү.Ж.. нарыг эцэг Ю.Ү...ын асрамжид үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч хариу тайлбартаа: Би хоёр хүүхдээ өгмөөргүй байна, хүүхдүүдтэйгээ уулзмаар байна. Бага хүүхэд маань 4 нас хүрсэн, хэлд орсон эсэхийг мэдэхгүй байна. Хүүхдүүдтэй маань намайг уулзуулахгүй, яриулахгүй байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуйсан боловч хүүхдүүдтэй маань уулзуулаагүй гэжээ.

3. Нэхэмжлэгчээс хүү Ү.Э., Ү.Ж. нарын төрсний гэрчилгээ /хх 5-6/, Ю.Ү...ын тодорхойлолт /хх 7/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 72-75/, хүүхдийн эрсдлийн үнэлгээ /хх 76-80/,

Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ж.М., Ю.Ү. нараас гэрчийн мэдүүлэг авсан /хх 43-48/, Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1, 2 дугаар хэлтсээс, Төмөр зам дахь цагдаагийн хэлтсээс Б.Ж.ийн зөрчлийн талаарх лавлагаа /хх 49-65/,

Шүүхийн санаачилгаар хүү Ү.Э..ийн санал асуусан /хх 114-115/ зэрэг баримтуудыг гаргажээ.                                    

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

-Б.Ж.тай 2009 оноос хамт амьдарч, 2010 оны 07 дугаар сарын 08-ны  өдөр хүү Ү.Э., 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүү Ү.Ж.. нар төрсөн. Б.Ж. нь байнга архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдсэн, гэр бүл хүүхдээ дарамталж, хутга мэс барьж айлган сүрдүүлдэг, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болохуйц үйлдлүүдийг удаа дараа гаргаж байгаа тул 2021 оноос тусдаа амьдарсан, цаашид хамт амьдрах боломжгүй. Хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авахаар нэхэмжилжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...архи уухгүй байгаа, хүүхдүүдийг надтай уулзуулахгүй байна гэжээ. 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.         

 Ю.Ү., Б.Ж. нар нь 2009 оноос хамт амьдарч, 2010 оны 07 дугаар сарын 08-ны  өдөр хүү Ү.Э., 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүү Ү.Ж. нарыг төрүүлж өсгөжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч гэр бүл болох зорилгоор хамт амьдарч байжээ. Харин хүүхдийн эх Б.Ж... нь байнга архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдсэн, гаргасан зөрчилдөө арга хэмжээ авагдаж байсан нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, төмөр зам дахь Цагдаагийн хэлтсээс ирүүлсэн 2019 оны 5 дугаар сарын 2-ноос 2021 оны 9 дүгээр сарын  6-ны хугацааны лавлагаа, баримт, гэрч Ж.М..., Ю.Ү... нарын мэдүүлэг, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээгээр “Б.Ж... нь удаа дараа архи ууж, гэр бүлийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлэх нь хүүхдийн сурах, амьдрах орчинд сэтгэл зүйн дарамт учруулдаг” гэсэн дүгнэлт, хүүхдийн эрсдэлийн үнэлгээ “дунд” гэсэн дүгнэлт, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичлэг зэрэг баримтаар тус тус тогтоогдсон байна.

Эдгээр нөхцөл байдал нь насанд хүрээгүй, бага насны хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөхөөс гадна тэдний амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй гэж дүгнэлээ. Хүү Ү.Э... нь “аавтайгаа амьдарна” гэсэн санал зэргийг харгалзан хүүхдүүдийг эцгийн асрамжинд үлдээх нь зүйтэй.    

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.3-т заасан хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхийг зөрчихгүй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Ж...аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь ахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Ү.Э..., 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Ү.Ж... нарыг эцэг Ю.Ү...ын асрамжинд үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Ж...аас  70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

3.Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

                          

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА