| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0789/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/871 |
| Огноо | 2024-11-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/871
2024 11 04 2024/ШЦТ/871
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Уугантамир хөтлөн,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
хохирогч Г.Ж, түүний өмгөлөөгч Г.Дашням,
шүүгдэгч Ц.Ө, түүний өмгөөлөгч Б.Намнансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос У овогт Ц-н Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн** 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, **** 4 дүгээр дамжааны оюутан, цагийн ажил хийдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** орд хорооллын ** дүгээр байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, У овогт Ц-н Ө /регистрийн дугаар ***/.
Ө
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ц.Ө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Өгөөжийн уулзвар дээр 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 6 цаг 20 минутын орчим “Lexus” маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. а.тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн. Мөн дүрмийн 8.9 Гэрэл дохио нь дараахь утгатай байна, г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Тоёота Приус” маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирогч Г.Жгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Өын “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Жгийн “...Ослын улмаас манай ар гэрт маш их хохирол үүссэн. Шүүгдэгч нэг удаа над руу залгаж уучлалт гуйж эрүүл мэндийн талаар асууж байгаагүй, гомдолтой байна. Хохирлын төлбөрийн талаар ярьж хэлдэггүй, гэнэт утсанд хохирол төлөв гэх мессеж ирдэг. Би хүүхдүүдээ асарч чадахгүй, нөхөртөө хань болж чадахгүй, хүний асаргаанд орсон. Би цаашдаа дахин хүүхэдтэй болно гэж бодож байсан. Одоо миний нуруу хугаралтай, аарцаг, умдаг ясны хугаралтай нуруундаа хүнд ачаалал өгч болохгүй болохоор би дахин төрж чадахгүй байх. Би одоо хүртэл маш их зовиуртай байгаа. Цаашид нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх тов гарсан байгаа. Шүүгдэгч надад огт анхаарал тавиагүй. Залгахаар утсаа авдаггүй. Аргаа бараад би аав руу нь зурвас бичдэг. Тухайн осол болсон өдөр надад анхан шатны тусламж үзүүлээгүй. Осол болсон өдрөөс хойш 2, 3 сар эмчилгээний зардлыг өөрөөсөө гаргаж явсан. Би машинаа осол болохоос 10 хоногийн өмнө 31.500.000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Машины үнэлгээ 28.000.000 төгрөг болсон. Би одоо энэ мөнгөөр дахин тийм машин авах боломжгүй. Манай нөхөр Хүнс хөдөө аж ахуй яаманд ажилладаг байсан. Томилолтоор хөдөө орон нутаг руу олон хоногоор явдаг байсан. 1 хоногийн томилолтоор явахад 200.000 төгрөгийн цалин авдаг. Нөхөр минь 6 сараас хойш намайг асраад томилолтоор огт яваагүй. Одоо цомхотголоор ажлаасаа халагдах гэж байна. Эмчилгээний зардалд 4.309.998 төгрөг, өнөөдөр баримтаар өгсөн 340.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны 4.500.000 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5 дахь тал/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 6-9 дэх тал/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “..Г.Жгийн умдаг ясны зүүн хэсэг, баруун гарын шуу ясны хугарал, шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэл, зүүн мөр, эгэмд цус хурал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн Ц.Өын гэх цус нь O /I/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн Г.Жгийн гэх цус нь В /III/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 3435 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Ө 23/эр” гэж хаягласан цуснаас 1,1 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1,1 промилли спиртийн агууламж согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-42 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Г.Ж 35/эм” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-49 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Жгийн хохирогчоор өгсөн: “...2024 оны 6 дугаар сарын 22-ны өглөө вокзал дээрээс хүн тосох гээд 5 цагийн үед гэрээсээ гараад өөрийн “Тоёота Приус” маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг бариад Бэлхээс баруун 4 замын уулзвар өнгөрөөд урагшаа яваад Өгөөжийн уулзвар дээр ногоон гэрэл асаалттай байхад явж байтал зүүн талаас хар өнгийн машин ирээд мөргөсөн. Нэг хоногийн дараа Гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Ослын улмаас миний аарцагны яс, нурууны хоёр үе мөн баруун гар, баруун хавирга хугарсан. Уушиг бяцралттай, толгой, тархи байнга өвдөж байгаа, босож чадахгүй, биеийн байдал хүнд байна. Миний эмчилгээний зардал 6.000.000 орчим төгрөг болсон. Би хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, дахин эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэнэ. Мөн цаашид эрүүл мэнд ямар байхыг мэдэхгүй байгаа тул цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулж авмаар байна, гомдолтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/,
Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хавтаст хэргийн 74 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Г.-н иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Өгөөжийн уулзвар дээр 2024 оны 6 дугаар сарын 22-ны өглөө 6 цаг 20 минутын орчим Лексус маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь “Тоёота Приус” маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Г.Жгийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ж эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт гарсан 309.920 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дахь тал/,
2024 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 1375 дугаартай Мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 79 дэх тал/, “Итгэлт хөрөнгө” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 97-97 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 787 дугаартай шинжээчийн “...*** дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Г.Жгийн биед зүүн умдаг ясны их бие, дээд, доод салаа, сүүжний тогооны урд ирмэг дайрсан зөрүүгүй хугарал, бүсэлхийн 1, 2, 5-р нугалам, ууцны 1, 2, 3-р нугалмын зүүн хөндлөн сэртэн, бүсэлхийн 4-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, баруун 3, 4, 5-р хавирганы хугарал, баруун шуу /богтос/ ясны далд хугарал, шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэл, зүүн мөр, эгэмд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын үед ,хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 109-110 дахь тал/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн “...гуравдугаар зэрэглэл...” гэх маягт /хавтаст хэргийн 129 дэх тал/, Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 131-156 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Өын яллагдагчаар өгсөн: “...2024 оны 6 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед гэрээсээ өөрийн Lexus GS 450 маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг бариад ажил дээрээ ирээд ажлаа хийж байсан чинь манай бааранд хааяа орж ирж үйлчлүүлдэг эмэгтэй тухайн орой манай бааранд ирсэн байсан. Тухайн эмэгтэйн хажууд сууж байгаа ширээн дээр очоод би хамт суугаад юм ярьж байгаад 0.5 граммын шилтэй пиво 4-5 ширхэгийг уусан. Тэгээд 4 цагийн үед манай баар хаах болоод би гадаа гараад дуудлагын жолооч дуудаад машин дотроо ганцаараа хүлээж байгаад ирэхгүй болохоор нь ажлын гаднаас машинаа бариад ертөнцийн зүгээр баруун тийш яваад Өгөөжийн баруун талын уулзвараар нэвт чигээрээ гарах гэсэн чинь нэг машинтай мөргөлдсөн. Тэгээд би хэсэг ухаан санаа сонин болоод байсан. Би гайгүй болоод машинаасаа буугаад нөгөө мөргүүлсэн машины жолооч дээр очоод хартал машинаасаа бууж чадахааргүй байсан тул тэнд байсан жолооч нартай хамт машинаас гаргаад байж байтал удалгүй түргэн ирээд нөгөө машины жолоочийг аваад явсан. Цагдаа нар ирээд хэмжилт хийсэн ба намайг драйгер багаж үлээлгэхэд 2.40% согтолттой гарсан. Тэгээд 2 машиныг ачаад явсан. Би цагдаа дээр ирсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсондоо харамсаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дахь тал/, Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 62 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 68 дахь тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 69 дэх тал/, гэрч Г.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 120 дахь тал/, гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 123 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Ө согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Г.Жгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд Д.Г-н иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт, 2024 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн *** дугаартай Мөрдөгчийн магадлагаа, “Итгэлт хөрөнгө” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Ц.Ө Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. а.тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн. Мөн дүрмийн 8.9 Гэрэл дохио нь дараахь утгатай байна, г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэж тус тус заасан дээрх заалтыг зөрчсөн байна.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Ц.Өт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Ц.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүх хуралдаанд “...Шүүгдэгч Ц.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийг хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал,
Хохирогчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулаагүй, шүүгдэгч хийсэн хэрэгтээ гэмшээгүй, өөртөө дүгнэлт хийгээгүй зэргээс харахад шүүгдэгчийн хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Ц.Ө тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохиролд тодорхой хэмжээгээр төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгч Ц.Өыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ц.Өын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ц.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурван/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, бүсчлэлийг байнга оршин суух хаягийн нутаг дэвсгэрээр буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав. Хохирол хор уршгийн талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг тусгасан байна.
Мөн тушаалын 2 дахь хэсгийн 2.3-т “Энэ журмын 2.1-т заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл” тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана гэж заасан байх ба энэ талаарх баримт хавтаст хэргийн 129 дэх талд авагдсан байна.
Иймд хохирогчийн уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж байсан байдал, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлж 9.900.000 /есөн сая есөн зуун мянган/ төгрөгийг хохирогч Г.Жгийн сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцсон болно.
Мөн хохирогч Г.Ж шүүх хуралдаанд “...гомдолтой байна, мөрдөн шалгах ажиллагааны явцад 8.985.339 төгрөгийн зардлын баримт гаргаж өгсөн ба үүнд өмгөөллийн хөлс болох 3.000.000 төгрөг, эмчилгээний зардалд 4.309.998 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтаар 340.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны 4.500.000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 9.517.339 төгрөг нэхэмжилж байна...” гэж мэдүүлэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлогдсон эмчилгээний зардал 1.649.998 /нэг сая зургаан зуун дөчин есөн мянга есөн зуун ерөн найман/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч өмгөөлөгчөө өөрөө сонгон авна”, мөн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж, мөн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардлаас бүрдэнэ” гэж тус тус заасан бөгөөд уг зардлыг тооцох журмыг баталсан Засгийн газрын 161 дүгээр тогтоолд насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгчийн үйлчилгээний хөлсийг тооцож олгохоор тогтоосон байх тул өмгөөлөгчийн хөлс болох 3.000.000 төгрөгийг нэхэмжилсэн хохирогчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин хохирогч Г.Жд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой 4.500.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ц.Өаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтойг тайлбарлан өгөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Ө мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Жд 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 29.000.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 10.000.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 4.310.000 төгрөг тус тус төлсөн байх ба Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт 309.920 /гурван зуун есөн мянга есөн зуун хорин/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлснийг дурдах нь зүйтэй байна.
Дөрөв: Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсаргаж,
Шүүгдэгч Ц.Ө цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Ц-н Ө-г согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өт зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэр буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар шүүгдэгч Ц.Өаас 9.900.000 /есөн сая есөн зуун мянган/ төгрөгийг,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 1.649.998 /нэг сая зургаан зуун дөчин есөн мянга есөн зуун ерөн найман/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Г.Жд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Ж ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ц.Өаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, өмгөөллийн хөлстэй холбоотой 3.000.000 /гурван сая/ төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Ц.Ө 309.920 /гурван зуун есөн мянга есөн зуун хорин/ төгрөг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн болохыг дурдсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг хуурцагийг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.
11. Шүүгдэгч Ц.Ө цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ