| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/00699/И |
| Дугаар | 102/ШШ2022/00562 |
| Огноо | 2022-02-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2022/00562
2022 оны 02 сарын 17 өдөр Дугаар 102/ШШ2022/00562 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, Ерөнхий шүүгч М.Баясгалан, шүүгч Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн дугаар хороо, Н төвийн ... дүгээр давхарт үйл ажиллагаа явуулах, регистр , С ХХК,
Хариуцагч: Баянгол дүүргийн .. дугаар хороо, ... байрны ... тоотод бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, Н... төвийн . дугаар давхарт үйл ажиллагаа явуулах, регистр ., Ц ММ ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хор учруулсны хохирол 9 286 465 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З,
Иргэдийн төлөөлөгч Г.Ж
Гэрч Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С ХХК нь Ц ММ ХХК-д холбогдуулан гэм хор учруулсны хохирол 9 286 465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлага багасгаж 5 878 000 төгрөг гаргуулахаар шаардаж үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
2020 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө манай дээд давхрын “Ц ММ” ХХК-ний байрнаас ус гоожин тааз, шал, дрож, компьютер, принтер, цахилгааны гэмтэж ихээхэн хохирол учирсан. Өмнө нь ус алдах асуудал бага хэмжээгээр удаа дараа гарч байсан бөгөөд бид холбогдох эрх бүхий газар, албан тушаалтнуудад тухай бүрд нь утсаар болон сануулан хэлж байсан. Тухайн үед таазны өнгөн хэсэг маш их хэмжээгээр норж нурсан бөгөөд бид бүгд хөрш харилцан бизнес эрхлэгчийн хувьд нэхэмжлэл гаргаж байгаагүй. Энэ удаагийн ус алдсан шалтгааныг тодруулахаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандаж “Техникийн комиссын дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтээр Ц ММ компаний “Элемент” клубын бохир бөглөрч онгорхой байсан шугамаар бохирын ус хальж гоожсоны улмаас ус алдсан нь бүрэн тогтоогдсон. Манай компани даатгалын хохирлын үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй “Вендо” ХХК-иар үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгөд хохирлын үнэлгээ хийлгэсэн. Хохирлын үнэлгээг захирал М.Энхмөрөнд 2021 оны 01-р сарын 12-ны өдөр 002/004 тоот “Хохиролгүй болгох тухай албан бичгийг хүргүүлсэн, албан бичгийг ажилтан Б.Б ирж авсан гэвч өнөөдрийг хүртэл хохирлыг барагдуулаагүй байна. Мөн түрээслэгч Д.М.ад албан бичиг өгөх гэсэн боловч манайд хамаагүй, Ц ММ ХХК-д хамааралтай гээд албан бичгийг аваагүй. Вендо ХХК-ний хохирлын үнэлгээгээр 9 296 465 төгрөгийн хохирол учирсан. Бид норсон дрожоо цэвэрлээд хэрэглэж байгаа тул үнэлгээгээр тогтоогдсон 5 878 000 төгрөгийг Центро ММ ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.
2.Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлээ 2020 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нийг шилжих шөнө ус алдсан гэж гаргасан. Тухайн үед хөл хориотой байсан. Нийтэд илэрхий үйл баримт буюу олон нийтийн газрууд үйл ажиллагаа явуулахыг хориглосон үе байсан учир үйл ажиллагаа явуулах боломжгүй. Нарны титмийн байранд олон байгууллага түрээсийн үйл ажиллагаа явуулдаг, хуучны барилга. Шугам сүлжээ нь нийтийн зориулалттай. Ус алдсан шалтгааныг Ц ММ ХХК-тай шууд холбож тайлбарлаж байгааг үгүйсгэж байна. Ус алдсан үндсэн шалтгааныг нь тогтоогоогүй. Хаанаас, яаж ус алдсан бэ гэхээр танай 00-д бөглөрөл гарсны улмаас хоолой задарч, ус алдсан гэдэг. Манай 00 бөглөрснөөс болж задарсан, эсхүл дундын шугам сүлжээ, нийтийн 00 бөглөрсөн эсэх нь тодорхойгүй. Өмнө нь байнга ус алддаг гэж байна, байнга ус алддаг бол орон сууцны контор хариуцаж засах ёстой байтал хэн ч үйл ажиллагаа явуулаагүй байхад манай 00 бөглөрсөн гэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Иргэдийн төлөөлөгч Ц ММ ХХК-ийн 100 хувь буруутай гэж бодохгүй байна. Энэ барилга 3 давхар бөгөөд 3 давхарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага бохирынхоо шугамд ил хогоо хийгээд тэрнээс болж бөглөрсөн бол яах вэ. Ц ММ компаний 100 хувь буруу гэж үзэхгүй байна гэжээ.
4.Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 5/, 2017 оны 11-р сарын 06-ны өдрийн 02 тоот тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан компанийн дүрэм /хх 6-10/, 2020 оны 12-р сарын 21-ний өдрийн 57 тоот “Техникийн комиссын дүгнэлт” /хх 13/, 2020 оны 12-р сарын 21-ний өдрийн Вендо ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх 14-28, 29-37/, 2020 оны 12-р сарын 21-ний өдрийн фото зураг /хх 38-48/, 2021 оны 02-р сарын 05-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 182/ШЗ2021/01403 дугаар захирамж /хх 49-51/, 2020 оны 07-р сарын 31-ний өдрийн 5/0032 дугаар Сэрүүн сервис ХХК-ийн захирлын “Ажилд томилох тухай” тушаал /хх 61/, 2021 оны 02-р сарын 08-ны өдрийн 21/07 тоот “Засварын ажил гүйцэтгэх гэрээ” /хх 62-64/, 2021 оны 04-р сарын 06-ны өдрийн “нэхэмжлэх” /хх 65/, 2021 оны 03-р сарын 31-ний өдрийн “нэхэмжлэх” /хх 66/, 2021 оны 03-р сарын 02-ны өдрийн “Кассын орлогын ордер” /хх 67/, 2021 оны 02-р сарын 11-ний өдрийн “Кассын орлогын ордер” /хх 67/, Кассын орлогын ордер /хх 67/, 2021 оны 02-р сарын 11-ний өдрийн “Кассын зарлагын ордер” /хх 67/, 2021 оны 03-р сарын 02-ны өдрийн “Кассын зарлагын ордер” /хх 67/, 2021 оны 03-р сарын 24-ний өдрийн “нэхэмжлэх” /хх 68/,
Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 77/ зэрэг баримтуудыг,
Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилсон, шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний дүгнэлт /хх 82-98/, флаш дискт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 114// зэрэг баримтуудыг гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна.
2020 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Центро ММ компаний “Элемент” клубын бохир бөглөрч онгорхой байсан шугамаар бохирын ус хальж ус алдсан нь “Техникийн комиссын дүгнэлт”-ээр тогтоогдсон. Ус алдсаны улмаас учирсан хохирлыг “Вендо” ХХК-иар үнэлүүлсэн, үнэлгээгээр эд хөрөнгөнд 9 296 465 төгрөгийн хохирол учирсан. Бид норсон дрожоо цэвэрлээд хэрэглэж байгаа тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 5 878 000 төгрөгийн хохирлыг Ц ММ ХХК-иар арилгуулна гэжээ.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.
Тухайн 2020 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нийг шилжих шөнө ус алдсан гэх хугацаанд олон нийтийн газрууд үйл ажиллагаа явуулахыг хориглосон нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд үйл ажиллагаа явуулаагүй. Нарны титэмийн байранд олон байгууллага түрээсээр үйл ажиллагаа явуулдаг, барилга хуучирсан, шугам сүлжээ нь нийтийн зориулалттай, байнга ус алддаг, мэргэжлийн байгууллага засварлах ёстой, ус алдсан үндсэн шалтгааныг тогтоогоогүй, манай 00 бөглөрснөөс болж задарсан, эсхүл дундын шугам, нийтийн 00 бөглөрсөн эсэх нь тодорхойгүй байхад Ц ММ ХХК-иар хохирлыг арилгуулахаар нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Чингэлтэй дүүргийн дугаар хороо, Н төвийн дүгээр давхарт үйл ажиллагаа явуулах “С” ХХК нь 324 м.кв талбай бүхий хэсэгт үйл ажиллагаа явуулдаг гэх ба 2020 оны 12 дугаар сарын 20-21-ний шилжих шөнө 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулах “Ц ММ” ХХК-ний бохирыг шугам бөглөрснөөс ус алдсан, улмаар 5 878 000 төгрөгийн хохирол учирсан гэж маргажээ.
ОСНААУГ-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-6”-ийн 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн 57 дугаар “Техникийн комиссын дүгнэлт”-ээр Ц ММ компаний Элемент клубийн бохир бөглөрч онгорхой байсан шугамаар бохир хальж, ус гоожсон гэсэн шалтгааныг дурьдсан /хх 13/ байх ба энэ дүгнэлттэй Ц ММ ХХК танилцаагүй байна.
Нарны титэм төвийн 3 давхар барилгат хэд хэдэн байгууллага үйл ажиллагаа явуулдаг, 3 дугаар давхарт хоол үйлдвэрлэдэг буюу царцаамаг үйлдвэрлэдэг компани, 2 дугаар давхарт Элемент ресторан үйл ажиллагаа эрхэлдэг зэрэг хэд хэдэн түрээслэгч байдаг, шугам хоолой бөглөрч ус алдах явдал удаа дараа гарч байсан, Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс ..үйл ажиллагаа явуулж байгаа газрууд хамтраад шугам хоолойгоо засварлах талаар шаардлага тавьдаг, С... ХХК өөрийн өмчлөлийн 324 м.кв талбайд үйл ажиллагаа явуулдаг, бусад газрууд зарим нь өмчлөгч, зарим нь түрээсээр ашигладаг, талаар нэхэмжлэгч тайлбарлажээ.
Шүүх хуралдаанд гэрч Г.Н...ийн ... 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дуудлагаар 18 цагийн үед очсон, тухайн байрны 2 давхарт жорлонгийн бүх суултуур, бохирын хоолойнууд нь бөглөрсөн, бохир нь хальсан байсан, шугамыг хөөж үзсээр төв шугам дээр очсон, 3 давхрын төв шугам зүгээр, 2 давхар руу нь гараад доошоо шалгахад доороосоо бөглөрсөн байсан, 20 цагийн үед С ХХК-ийнхан ирсэн, 2 давхраас 1 давхар руу орж байгаа хэвтээ төв шугам ойролцоогоор 1-1.20-ын урттай шугам бөглөрсөн байсан, бөглөрлийг гаргахад олон жилийн тос, лаг гэх мэт зүйлээр бөглөрсөн байсан, 1 дүгээр давхраасаа эхэлж бөглөрсөн гэхээр бүх шугамын бохир дээрээсээ доошоо яваад нэг давхартаа хуримтлагдана, 1 давхраасаа подвал руу орж тэндээсээ худаг руу ордог” гэсэн мэдүүлэг, талуудын тайлбар зэргээс үзвэл тухайн хэвтээ шугам Ц ММ ХХК-д харьяалагдах эсэх, шугам хоолой бөглөрч бохир хальж ус гоожсон нь хариуцагчийн гэм буруутай үйлдлээс болсон нь тогтоогдоогүй байна.
Нэхэмжлэгч хохирлын үнэлгээг Вендо ХХК-иар хийлгэсэн /хх 14-28, 29-37/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний хохирлын үнэлгээ хийсэн /хх 82-98/, 2021 оны 02-р сарын 08-ны өдрийн 21/07 тоот “Засварын ажил гүйцэтгэх гэрээ” /хх 62-64/, 2021 оны 04-р сарын 06-ны өдрийн “нэхэмжлэх” /хх 65/, 2021 оны 03-р сарын 31-ний өдрийн “нэхэмжлэх” /хх 66/, 2021 оны 03-р сарын 02-ны өдрийн “Кассын орлогын ордер” /хх 67/, 2021 оны 02-р сарын 11-ний өдрийн “Кассын орлогын ордер” /хх 67/, Кассын орлогын ордер /хх 67/, 2021 оны 02-р сарын 11-ний өдрийн “Кассын зарлагын ордер” /хх 67/, 2021 оны 03-р сарын 02-ны өдрийн “Кассын зарлагын ордер” /хх 67/, 2021 оны 03-р сарын 24-ний өдрийн “нэхэмжлэх” /хх 68/ зэрэг баримтаар засварын ажил гүйцэтгэхэд гаргасан зардал гаргасан гэх боловч гарсан зардал, хохирлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
5.Иргэдийн төлөөлөгчийн “Ц ММ ХХК 100 хувь буруутай гэж үзэхгүй, 3-р давхарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага бохирынхоо шугамд хогоо хийгээд тэрнээс болж бөглөрсөн бол яах вэ. Ц ММ компаний 100 хувь буруу гэж үзэхгүй байна” гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.
6.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 163 694 төгрөг төлсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул 163 694 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ц ММ” ХХК-иас 5 878 000 /таван сая найман зуун далан найман мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн “С” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163 694 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ