Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/818

 

 

 

 

 

  

                                                                                                                                              

 

   2024          10           16                                    2024/ШЦТ/818

 

 

                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Уугантамир хөтлөн,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Тээврийн Прокурорын газрын прокуророос Б овогт Э-н С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн *** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын *** ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** байрны 6-1 тоотод оршин суух, Б овогт Э-н С /регистрийн дугаар **/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.С “**”-ийн мэргэжлийн сургалтын байгууллагад “Зорчигчийн вагон үйлчлэгч” мэргэжлээр төгсөөгүй атлаа “Зорчигчийн вагоны үйлчлэгч” үнэмлэхийг  бусдас авч, улмаар 2023 оноос Баянгол дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар төмөр замын 2 дугаар ангид зорчигчийн вагоны үйлчлэгчээр ажиллаж, хуурамч үнэмлэх ашигласан эмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.С Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Солонгын өгсөн “...Би Улаанбаатар төмөр замын ачаа вагон хүлээлцэгч мэргэжлээр 2021 онд төгссөн. Энэ мэргэжлийн үнэмлэхээр ажилд орж болох уу гэж Улаанбаатар төмөр замын хүний нөөцийн ажилтнаас асуухад “Б” сургалтын төвийн үнэмлэхээр орж болно гэж хэлэхээр нь “Бүтээгч” сургалтын төвөөс үнэмлэх авсан юм..” гэх мэдүүлэг,  

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Ө-ны хохирогчоор өгсөн: “...2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс Улаанбаатар төмөр замын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд номын санч, дотуур байрны багшаар ажиллаж байгаад 2019 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс Улаанбаатар төмөр замын Политехникийн коллежид хичээл зохицуулагчаар ажиллаж байгаад 2023 үны 03 дугаар сарын 18-ны өдрөөс Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон пепогийн хүний нөөцийн мэргэжилтэнгээр одоог хүртэл ажиллаж байна. Манай байгууллага хүний нөөцийн дутагдалтай байгаа ажлын байран дээр монгон шалгаруулалтыг явуулахдаа Зорчигчийн вагон депогийн даргын тушаалаар комисс байгуулж удирдамжын дагуу сонгон шалгаруулалт явуулдаг. Хүний нөөцийн сонгон шалгаруулалт явуулахдаа 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагддаг. Улаанбаатар төмөр замын ХНН-ын даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн а/474 тоот тушаалаар “Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх журам” баталсан байдаг. Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх журамд заасны дагуу замчнаар ажилд орох хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулж авдаг. Сонгон шалгаруулалтад тэнцсэн боловч эрүүл мэндээр тэнцээгүй бол ажилд авдаггүй. Хүний нөөцийн тасаг нь ажил горлогчидын мэргэжлийн үнэмлэх боон допломын хуулбарыг нотаротар баталгаажуулсан хуулбар зэргийг авч хүний нөөцийн сонгон шалгаруулалтад оруулдаг. Шалгаж үзсэн зүйл байхгүй, яагаад гэвэл Замын даргын А/474 дугаартай тушаалд хүний нөөцийн сонгон шалгаруулалт явуулахдаа мэргэжлийн үнэмлэхийг эх хувиар нь биш, нотаратор баталгаажуулсан хуулбарыг бүрдүүлэх материалд хавсаргах гэж заасны дагуу эх хувийг шалгаж үздэггүй авдаг. Зорчигчийн вагон депод 2019/205 дугаартай хуурамч мэргэжлийн үнэмлэх ашиглаж ажилд орсон Энхбаатар овогтой С нь вагоны үйлчлэгчээр одоог хүртэл ажиллаж байгаа. Тухайн ажилтны хувьд Улаанбаатар төмөр замтай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг хийж гүйцэтгэсэн, түүнд тохирсонмцалин хөлс авсан учраас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депод хохирсон зүйл байхгүй.ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Д-н гэрчээр өгсөн: “...“...Би “Бүтээгч” сургалтын төвд 2018-2021 оны хооронд захирал, сургалтын төвийн захирал, хүний нөөцийн менежер, аж ахуйн дарга, зэрэг албан тушаал дээр захирлын тушаал шийдвэргүйгээр солигдоод ажиллаж байсан. Тухайн сургалтын төвийг анх нээгдсэн цагаас эхлэн ажиллаж байсан. Манай сургалтын төв анх тусгай зөвшөөрлөө 2018 оны 3 дугаар сараас эхлэн Хөдөлмөр, нийгэм халамжийн газраас сургалт зохион  байгуулах тусгай зөвшөөрлөө гаргуулан авч сургалт зохион байгуулан үйл ажиллагаа явуулж байсан. Сургалтын төвийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл 2023 оны 5 дугаар сард үйл ажиллагаа явуулах эрх дуусгавар болсон. Манай сургалтын төв нь үйл ажиллагаа явуулах 5-6 удаа сургалт зохион байгуулсан. Миний санаж байгаагаар 2018 онд 1 удаа, 2019 онд 1-2 удаа, 2020 онд 1-2 удаа, 2021-2022 онуудад 1-2 удаа сургалтын цахим хэлбэр болон танхимаар сургалтыг зохион байгуулан нийт 300 гаруй суралцагч, элсүүлэн мэргэжлийн сургалт олгож байсан.

Манай сургалтын төвийн сургалтын төлбөр 750,000 төгрөг байсан. Манай элсэгч, суралцагчдаас төлбөрийг бэлнээр авдаг байсан. Манай байгууллагад яг санхүүгийн ажилтан гэж дагнасан ажилтан байгаагүй. Манай сургалтын төв нь “ЯБГУ” ХХК-ийн дэргэд анх үүсгэн байгуулагдсан. Манай компанийн захирлын туслах бэлнээр хураан авдаг байсан. Кассын орлогоор баримт бичиж авдаг сургалтын төв данс байгаагүй болохоор бэлнээр төлбөрийг авч байсан. Санхүүгийн ажилтан гэж байгаагүй санхүүгийн тайлангаа сард 1 удаа гаднаас санхүүгийн мэргэжилтэй хүнд төлбөр мөнгийг нь өгөөд гаргуулдаг байсан.

Надад харуулсан мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвөөс гаргаж байсан мэргэжлийн үнэмлэх мөн байна. Анх манай сургалтын төв 2018 онд Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагад бүртгүүлж байсан. Түүнээс хойш явуулсан сургалтыг төгссөн суралцагч, иргэдийн мэдээллийг хүргүүлэн бүртгэлд оруулж байгаагүй. Энэ нь миний алдаа юм. Бүртгэлд суралцагч, төгсөгчдийн мэдээлэл нь ороогүй мэргэжлийг үнэмлэхийг хуурамч гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111-114, 127-130 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Х-ны гэрчээр өгсөн: “...Манай байгууллага богино хугацаанд чадвар эзэмшүүлдэг буюу мэргэжлийн сургалтын төвд бүртгэлийн гэрчилгээ олгодог байсан. Богино хугацаа гэдэг нь чиглэлээсээ хамаараад 1 жил хүртэлх хугацаанд тухайн иргэний хэрэгцээнд тулгуурлан чадвар, чадамжийг олгож байгааг хэлж болно. Тухайн мэргэжлийн сургалтын байгууллага нь иргэдийн чадвар, чадамжид суурилан мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ олгохыг ойлгож болно. Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээ олгох нь манай институт дээр 2021 оны 5 дугаар сард Хөдөлмөр нийгмийн хамгааллийн яамнаас шилжин ирсэн. Тухайн “Бүтээгч” гэх нэртэй мэргэжлийн сургалтын байгууллага нь өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн бүртгэл хийгдэж, гэрчилгээгээ сунгуулсан мэдээлэл байхгүй байна. Манай институт нь өмнө нь мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, төгсөгч нарт чадамжийн гэрчилгээг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/97, А/231 дугаартай “Журам шинэчлэх тухай” тушаалын дагуу олгодог байсан. Одоо 2023 оны 7 дугаар сард Боловсролын багц хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зохих журмын дагуу чадамжийн гэрчилгээ олгож байна. Харин зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах үүднээс бүртгэлийн гэрчилгээ олголт 2023 оны 4 дүгээр сараас зогссон. “Mergejil.mn” буюу цахим бүртгэлийн нэгдсэн системд мэргэжлийн сургалтын төвүүд маань анх манай институтээс нэвтрэх нэр, нууц үгээ үүсгүүлэн авч сургалтын байгууллагынхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулдаг. Үүнд сургалтад хамрагдсан суралцагчдын мэдээлэл, төгсөгчийн мэдээлэл бас ордог. Өөрөөр хэлбэл төгсөлтийн үнэлгээгээ манай байгууллагаар хийлгээд тэгээд төгсөлтийн гэрчилгээ буюу чадамжийн гэрчилгээг дээрх нэгдсэн бүртгэлийн системээр дамжин бүртгэл үүсгэгдэж авдаг.

 “Mergejil.mn” нэгдсэн цахим мэдээллийн сан нь 2020 онд ашиглагдан 2016 оноос хойш иргэдийн мэдээллийг дутуу бүртгэгдсэн байх магадлалтай. Уг асуудал нь манай байгууллагын нэгдсэн бүртгэлд ороогүй тохиолдолд хуурамч, бүртгэлгүй гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117-119 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Б-н гэрчээр өгсөн: “...Боловсролын баримт бичиг гэдэг нь тухайн боловсролын түвшний мэдлэг, судлагдахууныг эзэмшсэнийг нотлох баримт бичиг, хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болно. Ерөнхий боловсролын түвшинд 9 дүгээр анги төгссөн суурь боловсролын  гэрчилгээ, 12 дугаар анги төгссөнийг нотлох бүрэн дунд боловсролын үнэмлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын түвшинд 9 дүгээр анги төгссөн болон 12 дугаар анги төгссөн суралцагчид элсэн суралцдаг. Мэргэжлийн үнэмлэх 1 жилээр мэргэжил эзэмшсэн бол тогооч, үсчин гэх мэт, мэргэжлийн боловсролын үнэмлэх 2,5 жил бүрэн дунд боловсрол болон мэргэжил эзэмшсэн бол, мэргэжлийн боловсролын политехник коллежиудад 1,5 жилээр Техникийн боловсролын диплом, 3 жилийн “С” диплом буюу 90 кредит цаг хангасан болохыг нотолсон баримт бичиг олгодог болно. Дээд боловсролын түвшинд 4 жилийн 120 кредит бакалаврын диплом, 2,5 жилээр магистр, 3,5-4 жилээр докторын түвшинд суралцаж байна...

2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Боловсролын ерөнхий хуулийн 2 дугаар бүлэг 14 дүгээр зүйлийн 2 дугаар хэсэгт зааснаар боловсролын үнэмлэх /баримт бичиг/-ийг мөн хуулийн 1 дүгээр бүлэг 9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тодорхойлон заасан байгааг ойлгож болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 122-124  дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.С-н яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сард төмөр замын Зорчигчийн вагон депод вагоны үйлчлэгчээр ажилд орох гэхэд надад мэргэжлийн үнэмлэх хэрэгтэй болж хүмүүсийн ярианаас сонссон. **ийн утасны дугаарыг манайд ажилладаг нэг ажилтнаас авч утсаар асуухад “1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр гарна, хугацаа нь 7-14 хоног” гэж хэлсэн. Би “гаргуулмаар байна” гээд бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг өгч 10 хоногийн дараа 1.500.000 / нэг сая таван зуун мянган/ төгрөгийг бэлнээр өгч үнэмлэхээ авсан. Одоо ямар хүнд санахгүй байна. Ингээд тухайн вагоны үйлчлэгч гэсэн үнэмлэхийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 50 минутын  үед вагон депогийн хүний нөөцийн ажилтанд өгч тэнцэж ажилд орсон. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл Улаанбаатар Эрдэнэт чиглэлийн галт тэргэнд вагоны үйлчлэгчийн ажлыг хийж байна. Тухайн үед миний өгсөн үйлчлэгчийн үнэмлэхийг манай хүний нөөцийн ажилтан шалгаж үзээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 148-150 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 153 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 175 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.С нь албаны үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/, хохирогч Д.Ө-ны мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, гэрч Ч.Дн мэдүүлэг хавтаст хэргийн 111-114, 127-130 дэх тал/, гэрч С.Халиуны мэдүүлэг /хавтаст хэргийн 117-119 дэх тал/,  гэрч С.Б-н мэдүүлэг /хавтаст хэргийн 122-124 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Э.С өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Э.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албаны үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” санал, дүгнэлт гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Э.С нь албаны үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос Э.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Э.Солонгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “албаны үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Сд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Э.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Гурав. Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.

 

Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ө-ны “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч Э.Солонгыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хэрэгт хураан авсан 2019/205 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.С цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Б овогт Э-н С-г “албаны үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Э.Сд Эрүүгийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Сд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ***  дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хавсарган үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Э.С цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ