| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0680/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/819 |
| Огноо | 2024-10-16 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | З.наранчимэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/819
2024 10 16 2024/ШЦТ/819
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Уугантамир хөтлөн,
улсын яллагч З.Наранчимэг,
шүүгдэгч Д.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Д-н Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн ** дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр ** аймгийн *** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн нөхөн сэргээлтийн мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ** аймгийн ** сумын **тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ** овогт * У /РД:**/.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Д.Ж 2023 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлалтай “***” сүлжээ Солонгос хоолны ресторанд нягтлан бодогч ажилтай Э.Ч-н ажлын байран дээрээ байх үедээ Д.Ж-н эзэмшлийн “ХААН” банкны **** дугаартай дансанд “цалин” гэх утга бүхий 540.000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд уг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 540.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.Ж Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ж-н өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй…” гэх мэдүүлэг,
Эрүүгийн *** дугаартай хавтаст хэргээс:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Ч-н хохирогчоор өгсөн:
“...Би “***” сүлжээ Солонгос хоолны ресторанд нягтлан бодогчийн ажил эрхэлдэг бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр тус компанийн ажилчдын цалинг тавьж байгаад өмнө ажиллаж байгаад манай байгууллагаас 2023 оны 8 сарын 20-ны өдөр ажлаас гарсан байсан Д.Ж гэх хүний данс руу нэг ажилтныхаа урьдчилгаа цалин болох 540.000 төгрөгийг андуурч шилжүүлсэн байсан. Маргааш нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр үдээс хойш мэдээд тухайн Д.Ж ажилд авч байсан Анхбаяр гэх хүнээр дамжуулж Д.Ж-тай утсаар яриултал орсон байна гэж хэлсэн бөгөөд буцаагаад шилжүүлээд өгөөч гэтэл жаахан завгүй байна, байж байгаад шилжүүлээд өгье гэж байсан. Тэр өдрөө буюу 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр шилжүүлэхгүй болохоор нь А менежерийн утаснаас А менежерийн *** дугаартай дансыг явуулаад 1 цаг хүлээгээд дахиад ахын дүү шилжүүлэг хийхгүй бол банк болон цагдаад өргөдөл гомдол гаргаж өглөө шүү гэж хэлтэл хариуд нь “жаахан завгүй байна, завтай болж байгаад явуулья” гэсэн мессеж явуулсан байсан... Тэгээд тухайн цагаас хойш миний болон А менежерийн утсыг авахаа больсон. Мөн өөр дугаараас залгаад би байна гэж хэлэнгүүт шууд салгаад байсан. Би тэгээд тухайн цалин нь ороогүй ажилтныхаа өмнөөс өөрөөсөө мөнгө гаргаж төлж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13, 16-17 дахь тал/,
Хохирогч Э.Ч-н **** дугаарын Д.Д-н данс руу 540.000 төгрөгийн гүйлгээ хийсэн талаарх “ХААН” банкны шилжүүлгийн мэдээлэл /хавтаст хэргийн 6 дахь тал/, Шүүгдэгч Д.Д-н депозит дансны дэлгэрэнгүй /хавтаст хэргийн 41, 49 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Ж-н яллагдагчаар өгсөн:
“...Би 2023 оны 8 дугаар сарын эхээр Улаанбаатар хотод байхдаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “***” сүлжээ Солонгос хоолны газарт угаагчаар 6 хоног ажлаад 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн үед ажлаасаа гарсан. Би өөр ажилд ороод ажиллаж байхад 2023 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр үдээс өмнө миний “ХААН” банкны **** дугаарын данс руу 540.000 төгрөгийн орлого “баярлалаа” гэсэн утгатай орж ирэхээр нь нөхрийн цалин орж ирж байна гэж бодсон. Маргааш өглөө нь гадуур явж байхад А гэх тухайн хоолны газрын менежер залгаад андуурч буруу данс руу мөнгө шилжсэн байна, буцаагаад явуулаач гэж хэлсэн. Би гадуур ажилтай явж байсан тул шилжүүлж амжаагүй. Тухайн 540.000 төгрөгөөр Улаанбаатар хотод байхдаа хүүхдэдээ хувцас авч өгөөд мөнгийг нь 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдрөө үрээд дуусгасан. Тэрнээс хойш А ах залгаад л байсан, би Анхбаяр ахын утсыг аваагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,
шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 дахь тал/ зэрэг болно.
Нэг. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол гэмт хэргийн үндсэн шинжээр тодорхойлжээ.
Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Д.Ж алдаатай гүйлгээгээр шилжүүлсэн хохирогч Э.Ч-н 540.000 төгрөгийг буюу төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулжээ.
Шүүгдэгч нь өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, ухамсарлаж мэдсэн боловч идэвхтэй үйлдлээр хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар заасан ба уг зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор заасан. Мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” бол гэж гэмт хэргийн шинжид материаллаг шинжийг хуульчилсан.
Шүүгдэгчийн хохирогчид учруулсан 540.000 төгрөгийн хохирол бага хэмжээнээс дээш хэмжээний хохиролд хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Ж-н төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдлоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн хохирогч Э.Ч-н мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Ж-н өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан саналдаа “...шүүгдэгч Д.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх санал,
Шүүгдэгч шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ гэм буругаа хүлээж гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Иймд шүүгдэгч Д.Ж-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байх тул шүүгдэгч Д.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал дүгнэлтийг гаргав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч Д.Ж-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Д.Ж-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Д.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Д.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, бүсчлэлийг шийдвэрлэв.
Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө...” гэж тус тус хуульчилжээ.
Хавтаст хэрэгт хохирогч Э.Ч-н “...Д.Ж хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гомдолгүй...” гэх тэмдэглэл авагдсан байх тул шүүгдэгч Д.Ж бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Дөрөв. Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн улмаас Д.Ж цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-н Ж “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д шүүхээс оногдуулсан байнга оршин суух газар буюу *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух хаягаа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван найм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Говьсүмбэр аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч Д.Ж-д цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ