| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/03117/И |
| Дугаар | 102/ШШ2022/00624 |
| Огноо | 2022-02-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2022/00624
2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дугаар 102/ШШ2022/00624 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Ш.Оюунтуул, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух *** овогтой ***ын *** /РД:***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***, өөрийн байранд оршин байрлах *** нийгэмлэгт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,257,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ш.***
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:***
Иргэдийн төлөөлөгч: ***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Өлзийсайхан
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ш.*** нь хариуцагч *** нийгэмлэгт холбогдуулан 1,257,300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Нэхэмжлэгч Ш.*** нь ***өдөр *** УНУ улсын дугаартай Hyundai HD-120 загварын тээврийн хэрэгслийг жолоодон ***-ийн жолоочоор хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхдаа зам тээврийн осол гаргаж бусдад 1,257,300 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг гэм хорын хариуцлагыг ажил олгогч *** хүлээх үүргээ гүйцэтгээгүй. Мөн *** тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгал хийлгээгүйгээс тэрээр бусдад учирсан хохирлыг өөрөө төлж барагдуулсан тул хариуцагчаас гаргуулахаар шаардсан гэж тайлбарлаж байна.
2. Хариуцагч хариу тайлбартаа Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн баримтаар Ш.*** нь ***-ны өдөр зам тээврийн осол гаргасан. Тухайн цаг хугацаанд ***-ээс даатгагч ***ХХК-нд тээврийн хэрэгслийн жолоочийн даатгалын хураамж төлөгдсөн байсан тул даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр гаргуулах ёстой. Даатгалын байгууллага хохирлыг барагдуулаагүй нь ***ын буруутай үйлдэл биш тул хохирлыг барагдуулах үүрэггүй. Мөн Иргэний хуулийн 499.1-т зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан Ш.*** буюу жолоочийн хариуцлагын даатгал дээр Ш.***ын нэр байдаг тул тэрээр хохирлыг хариуцан барагдуулах үүрэгтэй. Түүнээс гадна нэхэмжлэгч нь бусдад учруулсан хохирлоо өөрөө хүлээн зөвшөөрч зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь тухайн цаг хугацаанд шаардлага гаргасан бол шийдвэрлэх боломжтой байсан, гэтэл 2 жилийн дараа өндөр насны тэтгэвэр тогтоосны дараа нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.
3. Иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Ш.***д учирсан хохирлыг даатгалын байгууллага нөхөн төлөх ёстой" гэсэн дүгнэлт гаргажээ.
4. Нэхэмжлэгчээс жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээний маягт, Ш.***оос М.***д 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 887,300 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 370,000 төгрөг төлсөн баримт, Ш.***оос М.***д 887,300 төгрөг шилжүүлгийн Худалдаа хөгжлийн банкны баримт зэргийг, хариуцагчаас *** *** дүрэм, хариуцагчаас ***ын *** амралтын даргын ***-ны өдрийн *** дугаартай Ш.***той байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчийн хүсэлтээр *** нийгэмлэгийн *** амралтын газартай ***-ний өдөр байгуулсан *** дугаартай жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, тус гэрээний дагуу хураамж төлсөн баримт, ***ХХК-ийн ослын дуудлагын бүртгэл, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний хураамж төлөгдөөгүйгээс нөхөн төлбөр олгох боломжгүйг мэдэгдсэн талаарх албан бичиг, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн шийтгэлийн хуудас зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ш.*** хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч *** нийгэмлэг хүлээнэ. Мөн ажил олгогч ажилтныг жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүйгээс учирсан хохирлыг ажилтнаар төлүүлсэн гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: даатгуулагч *** нийгэмлэг болон даатгагч ***ХХК-ийн хооронд байгуулсан жолоочийн хариуцлагын даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсон тул Ш.***ын хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхдаа бусдад учруулсан хохирлыг даатгалын гэрээнд заасан арга журмын дагуу нөхөн төлөх ёстой. Нэхэмжлэгч Ш.*** нь тухайн тохиолдолд бий болсон цаг хугацаанд ажил олгогчид шаардлага тавьж асуудлыг шийдвэрлүүлээгүй атлаа өндөр насны тэтгэвэр тогтоолгож, ажлаас чөлөөлөгдсөний дараа шаардлага гаргасан нь үндэслэлгүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Ш.*** нь *** нийгэмлэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу жолоочоор тасралтгүй 9 жил 1 сар ажиллан 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
4.2. Ш.*** нь *** УНУ улсын дугаартай Hyundai HD-120 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 10 дугаар хорооллын уулзвар замд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх заалтыг зөрчиж, бусдын эд хөрөнгөд 1,257,300 төгрөгийн хохирол учруулсан болох нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсаар тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Ш.*** хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад дээрх зам тээврийн осол гарсан, тэрээр уг ослын улмаас бусдад учирсан хохирлыг өөрөө нөхөн төлсөн эсэх талаар талууд маргаагүй.
6. Харин тухайн зам тээврийн осол гарсан цаг хугацаа, тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу ажил олгогч жолоочийг жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулах үүргээ гүйцэтгээгүйгээс хохирол учирсан эсэх талаар маргаж байна.
6.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зам тээврийн осол болсон цаг хугацааг ***ХХК-ийн ослын дуудлагын бүртгэлд ***өдөр гэж, Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн баримтаар 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэж харилцан адилгүй тодорхойлж, талууд энэ талаар маргаж байх ба шүүх талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг харьцуулан үзэхэд, нэхэмжлэгчээс шүүхэд ажил олгогч зам тээврийн осол гарах үед даатгалын хураамж төлөөгүйгээс даатгалын байгууллага хохирлыг төлөх боломжгүй гэсэн хариу өгсөн гэх тайлбар гаргасан нь ***ХХК-ийн ***-ны өдрийн *** дугаартай даатгуулагч *** нийгэмлэгийн *** амралтын газартай ***-ний өдөр байгуулсан *** дугаартай жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний хураамж төлөгдөөгүй байсан тул нөхөн төлбөр олгох боломжгүйг мэдэгдсэн болно гэх албан бичиг /хэргийн 46 тал/-ээр давхар нотлогдсон, мөн ***ХХК-ийн Төрийн банк дахь дансны хуулга /хэргийн 31 тал/-аар хариуцагч байгууллага 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр даатгалын хураамж төлсөн нөхцөл байдлаас үзэхэд дээрх зам тээврийн осол ***өдөр гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.
6.2. Түүнчлэн, жолоочийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д даатгалын гэрээ нэг жил хүртэл хугацаанд хүчинтэй байх бөгөөд даатгуулагчаас даатгалын хураамж төлснөөр хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулна гэж тус тус заасан. Нэхэмжлэгч Ш.*** ***өдөр жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй, түүнийг жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулах үүргийг тээврийн хэрэгслийн өмчлөгч *** нийгэмлэг биелүүлээгүй болох нь ***ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч байгууллагаас 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр даатгалын хураамж төлсөн баримтаар тогтоогдож байна.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т ажил олгогч нь ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөлийг бүрдүүлээгүйгээс учирсан хохирлыг ажилтнаар төлүүлж болохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн буруугаас учирсан хохирлыг ажилтнаар төлүүлэхийг хориглосон байна.
7.1. Ш.*** нь хөдөлмөрийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байхдаа бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх ба тухайн хохирол учирсан шалтгаан нөхцөл нь ажил олгогч жолоочийг жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулах үүргээ биелүүлээгүйгээс бус жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруугаас болсон болох нь цагдаагийн байгууллагын шийтгэлийн хуудсаар тогтоогдсон. Иймд ажил олгогч ажилтныг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулаагүйгээс учирсан хохирлыг ажилтнаар төлүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
8. Нөгөө талаас, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.14-т ажил үүрэгтэй нь холбоотой батлагдсан гарсан хууль, дүрэм журам, заавар болон алба, салбар нэгжийн хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журмаар тухайлан хориглосон заалтыг зөрчсөн, 5.3.5-д ... ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан буруутай үйлдлийн улмаас байгууллагад нэг сарын дундаж цалин хөлснөөс илүү хэмжээний хохирол учруулсан тохиолдолд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарахаар заасан байна.
8.1. Нэхэмжлэгч Ш.*** ажил үүрэгтэй нь холбоотой батлагдан гарсан хууль, дүрэм буюу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, улмаар байгууллагад хохирол учруулсан тохиолдолд хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчилд хамаарахаар байх ба Ш.*** ажил олгогчийн зүгээс маргаан бүхий хохирлыг өөрөө төлөөгүй нөхцөлд ажлаас халах арга хэмжээ авна гэж эсэргүүцсэн тул хохирлыг төлөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн гэж тайлбарласан.
8.2. Дээрх үйл баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Ш.*** нь ажил олгогчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байхдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдад учруулсан хохирлыг өөрөө нөхөн төлж, цагдаагийн байгууллага зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байх ба тэрээр эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой өдрөөс хойш 2 жилийн дараа буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгож, ажлаас чөлөөлөгдсөний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
9. Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд хариуцагч *** нийгэмлэг нэхэмжлэгч Ш.***ын эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан буюу тэдгээрийн хооронд зөрчлийн улмаас үүсэх үүргийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т заасан зохицуулалт нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл болохгүй.
10. Дээрх үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийн гаргасан хариуцагч гэм буруутай гэх дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж, хариуцагч *** нийгэмлэгээс 1,257,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.***ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,726 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т заасныг баримтлан хариуцагч *** нийгэмлэгээс 1,257,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.***ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,726 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНТУУЛ
А.САРАНТУЯА