| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 188/2024/0989/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1208 |
| Огноо | 2024-11-06 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1208
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэндсүрэн
Улсын яллагч Т.Төмөртулга /томилолтоор/,
хохирогч Б.Ө, С.Ц,
хохирогч А.Х-ын өмгөөлөгч О.Цэвэлмаа,
шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Б.Ж-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн ******************* дугаар хэргийг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр *********** аймгийн ************ суманд төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ************ мэргэжилтэй, “*********” ажилтай, ам бүл **, ***** хамт Улаанбаатар хот ***** дүүрэг *** дүгээр хороо, ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,
** овогт **-ын Ж (РД:************);
Холбогдсон хэргийн товч утга:
Яллагдагч Б.Ж нь үргэлжилсэн үйлдлээр
1. “******** ” ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, **** аймгийг хариуцсан салбарын түгээгч гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Б.Ө-ээс 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд нийт 14.000.000 сая төгрөгийг "******** " ХХК-ний Хаан банк дахь **********тоот данс рyy GP нэртэй батарей, Little tree нэртэй үнэртүүлэгч, гайхмаараа нэртэй алчуур зэрэг бараа авахаар шилжүүлсэн боловч захиалсан барааг өгөхгүй, залилан Б.Ө-т 14.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. “******** ” ХХК-д ажиллаж байхдаа 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “хямдралтай үнээр бараа авчихсан, хамтарч дундаас нь ашиг ольё” гэж хохирогч С.Ц-од бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Хаан банкны *********** дугаарын дансаар 7.500.000 төгрөг шилжүүлэн авч залилан 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "***” захад иргэн А.Х-од “...манайх хэрэглэгчдэд зурагт, шарах шүүгээ өгч байгаа гэж хэлээд, 60 хайрцаг "cosmic" нэртэй машины гадна талын өнгөлөгч байгаа, энэ бараа удахгүй тасарна, зах зээлийн үнээс хямд өгнө, тантай удаан харилцаж байгаа болохоор хамгийн түрүүнд байгаа гэж түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн А.Х-оос 23.980.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилан А.Х-од 23.980.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
4. 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “би импортоор төрөл бүрийн бараа оруулж ирж хүнс, барааны дэлгүүр, аж ахуйн нэгжүүдэд бараагаа борлуулдаг ********* ХХК-д ажилладаг юм. Би үнэ нь нэмэгдээгүй хямдхан бараа байвал худалдаж аваад хэд хоногийн дараа миний авсан барааны үнэ нэмэгдэхээр нь буцааж зараад мөнгөө өсгөж авдаг юм. Та над руу 13.000.000 төгрөг хийгээд буцаагаад 7 хоногийн дараа 3.5-3.7 сая төгрөгийн ашиг авна" гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны *********** дугаартай дансаар шилжүүлэн авч залилан Д.Н-ид 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Р.А-д "бараа авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 5.000.000 төгрөгийг "******" ХХК- ийн эзэмшлийн Хаан банкны *************** дугаартай данс руу шилжүүлэн авч Р.А-д 5.000.000 төгрөгийг хохирол учруулж залилсан,
6. 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, *** дугаар гудамжны ** тоотод байхад нь хохирогч Ц.Б-од бараа авч өгнө гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1 удаагийн гүйлгээгээр 4,400,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1,916,172 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,400,000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны *********** тоот данс руу шилжүүлэн авч, улмаар 5,440,000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй бөгөөд дараах баримтуудыг шинжлэн судалсан болно. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Ж-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ******** ХХК-тай *** компанийн захирал болоод 2 жил хамтран ажилласан. Намайг компани байгуул гэж шаардсан. Түүнээс хойш харилцах явцдаа хохирогч нараас мөнгө авсан. Хохирогч Ц, Ө-, Х нарт гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Маш их харамсаж байна. Би тухайн үед авсан мөнгөө хувийн зүйлдээ зарцуулаагүй. Буруу материал аваад алдагдалд орсон. Хохирогч А, Б нарт би хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Хохирогч Б гэдэг хүнд 2.900.000 төгрөгийг илүү өгсөн. Энэ тухай өргөдлөө өгсөн байгаа. Хохирогч Ц, Б.Ө-, Х нарын хохирол төлбөрийг яаралтай төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн “...Би тухайн компанид 2022 онд ахуйн бараа буюу илгэн алчуур, GP батериа /зай/ нийлүүлдэг байсан нэг ширхэг алчуурыг 5250 төгрөг, зай нь 1100 төгрөгөөр нийлүүлж байсан санаж байна. Бараа нийлүүлээд бэлэн мөнгө авдаг байсан зарим тохиолдолд Хаан банкны ******** дугаарын өөрийн дансаар авдаг. Захиалсан барааг нь бүрэн гүйцэт өгдөг байсан. 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр авсан 7 сая төгрөгийг бараа нийлүүлэх нэрээр аваагүй би 1 сард 1 сая 500 мянган төгрөг өгөөд нийт 7 удаа хувааж төлөхөөр амар гэрээ байгуулж авсан өөрөөр хэлбэл 1 сарын хүү 500 мянган төгрөг төлнө гэсэн үг юм. Сүүлд буюу 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр авсан 7 сая төгрөг мөн адил дээрх нөхцөлтэйгөөр авсан. Би "*****" ХХК-тай юм "**" ХХК-аар бараа худалдаж аваад бусад компаниудад борлуулалт хийж ашиг олдог юм. "****" ХХК-аас бараа авах мөнгө байхгүй байсан учир "*****" ХХК-ны ** гэх эмэгтэйгээс амаар тохирч дээрх мөнгийг зээлсэн юм. Би мөнгө аваад эхний сарын төлөлтөө төлөөд дараагийн сарын төлөлтөө хийж чадахгүй "****" ХХК-ний GP зай өгсөн, дараа нь 49 инч шиг санаж байна зурагт өгсөн үүнээс хойш өгч бараа болон мөнгө өгч чадаагүй байгаа. Одоо 10-11 сая орчим төгрөг өгөх дутуу байгаа гэж тооцоолж байна. Би төлөх ёстой "******" ХХК-д хамаагүй зүйл...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 156-158 дахь тал),
яллагдагчаар өгсөн “...Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг ***** аймгийн цагдаагийн газарт очсоны дараа өмгөөлөгчтэй нэгдсэн мэдүүлэг өгнө...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 114 дэх тал),
яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 202 дахь тал),
2. Хохирогч С.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би “******” ХХК-тай 10 гаруй жил хамтран ажиллаж байгаа. Би Ж-гийн эхнэрийн нь эгчтэй суусан М гэдэг залуутай харьцдаг байсан. Нэг өдөр М над дээр ирээд “би ажлаасаа гарлаа, манай хамаатны залуу миний оронд ажиллана. Энэ бол найдвартай залуу, ямар нэгэн асуудалгүй. Чи цаашдаа бараа материалаа аваад яваарай” гэж хэлсэн. Тэгээд би дараа нь Б.Ж-гаас асуугаад чи “М-ийн хамаатан юм уу” гэхэд “тийм” гэж хэлсэн. Ийм байдлаар Ж-тай анх харьцаж эхэлсэн. Эхний үед бол жижиг бараануудаа аваад явж байсан. Дараагийн удаа үйлдэл нь сонин болоод янз янзын бараа хямдралаар зараад байна гэж над руу олон удаа залгасан. Би өөрөө наймаа эрхэлдэг учраас бэлэн мөнгө байхгүй байсан болохоор бэлэн мөнгөний боломж байхгүй байна гээд гэж хэлдэг байсан. Сүүлийн бараан дээр надтай “хямдралтай үнэртүүлэгч ирсэн. Дараа сар гэхэд үнэ нь нэмэгдэх гэж байна. Та хөрөнгө оруулалт хийгээд өгөөч. Талыг нь зараад хоёулаа ашигтай ажиллая” гээд надаас 7,500,000 төгрөгийг шилжүүлж авсан. Тэрнээс хойш утсаа салгаад алга болсон. Тэрнийх нь хойноос би өөрөө хүнээс асууж хайгаад гэрийг нь олж очиж уулзсан. Тэр үед фейсбүүкээр надтай хохирсон гэж хүмүүс холбоо барьсан. Гэхдээ тэр хүмүүсийн зарим нь байгаа үгүйг санахгүй байна. Хэнтийд нэг хүн “5,000,000 төгрөг алдчихлаа” гэж надтай холбогдсон. Төв аймгаас бас надтай нэг хүн холбогдоод “мөнгөө алдчихлаа” гэж байсан. Би анх цагдаа дээр Б.Ж-г барьж ирсэн. Би Б.Жгийн гэрт нь очоод өөрөө дагуулж цагдаа дээр очиж байсан. Надад өгсөн гээд байгаа бараа бүтээгдэхүүний хувьд надад өгсөн биш. Би өөрөө очиж машин дотроос нь авсан. Машин дотор байсан бараа бүтээгдэхүүн нь миний авч зардаг салбарын бүтээгдэхүүн биш. Машин дотор нь бараа байхаар нь чи мөнгөө өг гэхэд мөнгө өгөхгүй гэхээр нь би машиныг чинь авъя гэхэд машинаа өгөхгүй гэсэн.Тэгэхээр нь би машиныг чинь хашаандаа юм уу гэрийнхээ үүдэнд тавиад байж байя. Чи миний мөнгийг төлчих гэтэл эхнэр нь гарч ирээд надтай зодоон хийх гээд байсан. Тэгээд Б.Ж-г цагдаад аваачиж өгсөн. Надад 5,600,000 төгрөг гэж үнэлээд өгсөн бараа бүтээгдэхүүний хувьд 2 жилийн өмнө авсан бараа бүтээгдэхүүн. Зарим бараа нь хугацааны хувьд ашиглахааргүй болоод байхгүй болсон. Наалдан пад гээд цавуу байгаа тэр нь 1 жилийн хугацаатай байдаг гэж хэлсэн. Би тэр бараа бүтээгдэхүүнийг ямар нэгэн байдлаар зарж борлуулаагүй. Яагаад гэвэл тэр бүтээгдэхүүн нь миний зардаг бүтээгдэхүүн биш. Машины үнэртүүлэгч 6 ширхэг. Би тэр бараануудыг зарж байгаагүй болохоор үнийн дүн ямар байдгийг мэдэхгүй. Б.Ж надтай ярихдаа би таны хохирол төлбөрийг барагдуулъя гэж хэдэн өдрийн өмнө ярьсан. Эхлээд танай агуулахад очоод тоолъё гэхээр нь би чамаас авсан бараанууд хэвээрээ байгаа гээд чи очоод тоол гээд тоолж дуусаад бид хоёр хоёулаа гарын үсгээ зурсан. Би тэр бараа бүтээгдэхүүн дээр үнийн дүн тогтоогоогүй. Хэдээр зарагддаг гэдгийг мэдэхгүй байна. Шүүх хурал дээр ирээд өмгөөлөгчийн танилцуулж байгаагаар надад 5,600,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн өгсөн гэж байна. Би тухайн бараа бүтээгдэхүүнийг өөрөө аваагүй. Баталгаажсан үнийн дүн танилцуулаагүй. Тэр бүтээгдэхүүний ихэнх нь цаг хугацааны хувьд олон жил болсон учраас чанарын шаардлага хангахгүй байх гэсэн ойлголттой байгаа. Намайг 5,600,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн аваад хохирол төлбөргүй болсон байдлаар шүүх дээр танилцуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би хувиараа дэлгүүр ажиллуулдаг тэгээд ********* ХХК-аас бараа материал аваад борлуулдаг болоод 9-өөс 10 жил болж байна. Тэгээд энэ Б.Ж гэх хүн нь ********* ХХК-д сүүлд ажилд орсон байх тэгээд тэр хүнээс жижиг бараа материал аваад 1 жил болж байна. Тэгээд над руу Б.Ж нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр над руу залгаад хямдралтай үнээр бараа авчихсан байгаа одоо шинээр бууж байгаа бараа нь илүү үнэтэй бууж байгаа тийм учраас хямдралтай авсан бараагаа буцааж өгөлгүйгээр авч үлдэж байгаад борлуулалтаа хийчихвэл ашигтай байгаад байна тийм учраас энэ барааны төлбөрийн төлөөд аваад үлдчихмээр байна гэж хэлээд надаас 10 хоногийн хугацаатай 7,500,000 төгрөгийг зээлсэн. Анх надаас авахдаа бараагаа борлуулж дуусчихвал 8,000,000 төгрөгийн ашиг гарна тэр гарсан ашгийг 4,000,000 төгрөгөөр хуваагаад авчихъя гэж хэлсэн. Тэгээд анх тэр бараагаа хэлэхдээ надад өөрт байгаа гэж хэлж байсан. Тэгээд би ********* ХХК-н ажилтан болохоор итгэсэн. Тэгээд өгнө гэсэн хугацаанаас хэтрээд залгахаар бараагаа бусад газруудад нийлүүлсэн байгаа одоо борлуулалтын мөнгө орж ирнэ гээд намайг аргалж хуураад байсан. Тэгээд он гарсны дараа дахиад залгахад утас нь холбогдохоо байгаад би ********* ХХК-тай холбогдоод эхнэрийн утсыг нь аваад өөртэй нь яриад гэрт очиж уулзсан. Тэгэхэд бараа байхгүй мөнгө байхгүй. Надаас авсан мөнгө өөр хүнд өртэй байсан тэр хүндээ өгсөн гэж хэлсэн тэгээд яагаад 10 хоногийн хугацаатай гэж хэлсэн юм гэж хэлэхэд 10 хоногийн дотор дахиад өөр хүнээс мөнгө олчих байх гэж бодсон гэж хэлсэн тэгэхээр нь би дагуулж ирээд цагдаагийн байгууллагат өргөдөл бичиж өгсөн...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 188-189 дэх тал),
3. Хохирогч Б.Ө-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлээд “******** ” ХХК 2022 оны 12 дугаар сард 60,000 төгрөг шилжүүлсэн. Бараа захиалсан урамшуулал гээд зурагт явуулсан байсан. Энэ зурагт нь Номинд зарагддаг гэсэн. Надад өгсөн зурагтыг яаж үнэлэхийг би мэдэхгүй байна. Өгсөн мөнгөнүүдийг хасаад үлдэгдэл зөрүү мөнгийг шилжүүлж авмаар байна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би хувиараа **** аймгийн **** сумын нутагт хувиараа барилгын дэлгүүр ажиллуулдаг юм. Бид нар бараагаа захиалгаар авдаг юм. Манай дэлгүүрт бараа нийлүүлдэг байсан Ж гэх залуугийн **** дугаарын утсаар холбогдоод “******” ХХК-ийн ХААН банкны ******** тоот данс руу 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 7.000.000/долоон сая/ төгрөг шилжүүлсэн. Тэгээд дахин 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ж-тай холбогдоод дахин “******” ХХК-иас бараа захиалахаар “******” ХХК-ийн ХААН банкны ************* дугаарын дансанд дахин 7.000.000 /долоон сая/ төгрөг шилжүүлсэн. Тэгээд бараагаа авчирч өгөхгүй болохоор нь Ж-гийн ******* дугаарын утсаар ярьж бараагаа авах талаар хэлэхэд Ж гэх залуу бараа ирээгүй байна ирэхээр нь аваачаад өгье гэж хэлээд утсаа салгадаг байсан. Тэрнээс хойш 2022 оны 12 дугаар сард Ж нь 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийн барааг авчирч өгөөд дахин бараа авчирч өгөөгүй, одоо утас нь холбогдохгүй байгаа юм. 2023 оны 02 дугаар сард “******” ХХК-иас түгээгч гэх өөр нэг залуу манай дэлгүүр дээр ирээд Ж гэх залууд тооцоо байгаа юу тэр хүн ажлаасаа гарсан байгаа шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнээс бараа авах ёстой гэж хэлж байсан. Үүний дараа намайг ажил дээрээ байхад “******” ХХК-ийн түгээгч гэх эмэгтэй хүн ******** дугаарын утсаар холбогдоод танайх бараа авах уу гэж асуухаар нь Ж гэх хүнээс бараа авах ёстой өгөөгүй байна гэж хэлэхэд тэр эмэгтэй Ж ажлаасаа гарсан, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа та өргөдлөө өгөөд шалгуулаарай гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад хандан өргөдөл гаргаж байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 102-103 дахь тал),
4. Хаан банкны 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр болон 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ********* ХХК-ийн ************** дугаартай данс руу 7,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл (1-р хавтаст хэргийн 92-93 дахь тал),
5. ******** ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ (1-р хх-ийн 125-126 дахь),
6. ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 134 дахь тал),
7. Гэрч Б.Эрдэнэчулууны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...******** ” ХХК-д нягтлан бодогчоор 2012 оноос хойш ажиллаж байна. ХААН банкаар дамжуулж гүйлгээгээ хийдэг. ХААН банкны ************ гэсэн тоот дансаар дамжуулж гүйлгээгээ хийдэг юм. 2018 онд “*****” ХХК-ийн захирал Б.Ж нь миний ажилладаг “******** ” ХХК-тай хамтран ажиллах гэрээ, байгуулж ажилласан. Б.Жд 2023 оноос эхлээд хүмүүс гомдол гаргаж эхэлсэн юм. Тэр цагаас хойш Б.Ж нь манай байгууллагатай харилцаагаа тасалж хамтран ажиллахаа больсон байгаа. “******** ” ХХК-ийн нэр дээр байдаг юм. Манай байгууллагын дансанд 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөг Ө-ээс орсон байсан. Би энэ талаар мэдэхгүй байна. Ө- гэж хүнээс шилжүүлснийг ч мэдэхгүй байна. Утган дээр нь “********” гэж бичээд мөнгө шилжүүлсэн байсан. Гэр ахуйн барааны бөөний борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг. *******ХХК нь миний ажилладаг “******** ” ХХК-аас бараа захиалаагүй. Манай байгууллагатай гэрээгээр ажилладаг Ж- нь “********” ХХК-иас мөнгө орно, манай харилцагч шүү гэж хэлээд миний ажилладаг “******** ” ХХК-иас бараагаа аваад явсан. Хамтран ажиллах гэрээгээр бол эхлээд мөнгөө тушаадаг тэрний дараа бараагаа авдаг болохоор мөнгө тушаагаад аваад л явдаг байсан байх. Хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. *******ХХК-ийн бараа гэж авахгүй, олон газраас хувь хүнээс мөнгө шилжүүлээд үнийн дүндээ бараагаа аваад явдаг (1-р хавтаст хэргийн 105-106 дахь тал),
8. Гэмт хэргийн талаарх “2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 10 хоногийн хугацаатай 7,500,000 төгрөг зээлээд алга болж залилсан” гэх гомдол хүлээн авсан тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 182 дахь тал),
9. Хохирогч С.Ц-ын Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл 92-р хавтаст хэргийн 183 дахь тал),
10. Хаан банкны интернэт банкны дансны хуулга (2-р хавтаст хэргийн 205 дахь тал),
11. Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 8 дахь тал),
12. Хаан банкны А.Х-ын эзэмшлийн ************** тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хавтаст хэргийн 27-28 дахь тал),
13. Хаан банкны Б.Ж-гийн эзэмшлийн *********** тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хавтаст хэргийн 33-42 дахь тал),
14. Хаан банкны А.Х-ын эзэмшлийн **************. тоот данс, Б.Ж-гийн эзэмшлийн ********* тоот дансанд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 43-45 дахь тал),
15. ******** ХХК болон *********** ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ (2-р хавтаст хэргийн 48-50 дахь тал),
16. Хохирогч А.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2023 оноос хойш “************” зах дээр машины гоёл чимэглэл, авто сэлбэг зарж эхэлсэн. Тэгэхэд 2018 онд “******” ХХК-н Сонгинохайрхан дүүрэг хариуцсан худалдааны менежер гээд Б овогтой Ж- гэх залуу өөрийгөө танилцуулаад харилцаж эхэлсэн ба “******” ХХК-н оруулж ирдэг бүтээгдэхүүнийг Б.Ж-гаар дамжуулж авдаг болсон. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Сутай Буянт” зах дээр би байхад Б.Ж над руу *********** дугаараас залгаад манай хэрэглэгчдэд зурагт, шарах шүүгээ өгч байгаа гэж хэлээд надаа 60 хайрцаг “Cosmic” нэртэй машины гадна талын өнгөлөгч байгаа, энэ бараа удахгүй тасарна, зах зээлийн үнээс хямд өгнө, тантай удаан харилцаж байгаа болохоор хамгийн түрүүнд хэлж байна” гэсэн. Тэгээд “компани урамшуулал зарласан байгаа, 10 сая төгрөгөөс бараа бүтээгдэхүүн захиалсан авахаараа зөвшөөрөөд би Б.Ж-гийн Хаан банкны *********** тоон данс руу 15.840.000 төгрөгийг шилжүүлсэн ба “******” ХХК нь 2022 оноос эхлээд бараа захиалгаа хийгээд, мөнгөө шилжүүлсний дараа баталгааждаг байсан.
...Тэгээд тэрнээс хойш 2-3 хоногийн дараагаас Б.Ж руу ярьж эхэлсэн. Тэгээд эхэндээ удахгүй бууна гэж хойшлуулаад сүүлдээ утсаа авахаа больсон. Тэгэхээр нь би ********* ХХК руу яриад миний захиалсан бараа ирэхгүй байна гэхэд “манай компани дээр мөнгөний асуудалтай байгаа, танаас өөр хэрэглэгч нар цагдаад хэлчихсэн та цагдаад ханд гэсний дагуу цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 14-15 дахь тал),
17. Гэрч Б.Э-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Манай байгууллага Б.Ж гэх хүнд 2022 онд Cosmis нэртэй машины гадна талын өнгөлөгч өгч байсан. Б.Ж нь миний санаж байгаагаар 100 хайрцгийг авч байсан. Тэгээд өнгө нь өөр байна гэх шалтгаанаар 65 орчим хайрцгийг буцааж өгч байсан. Барааны жагсаалт байгаа боловч Cosmis нэртэй машины гадна талын өнгөлөгч хүлээлгэн өгч байсан барааны жагсаалт байхгүй тухайн үед амаар тохиролцоод өгч байсан яагаад гэхээр хоёр төрлөөр бараа зардаг байсан гэр ахуйн бараа нөгөө авто техник хэрэгслийн бараагаар зардаг юм. Тэгээд Б.Ж манай ********* ХХК буюу гэр ахуйн бараа зардаг байгууллагатай гэрээтэй байсан юм нэг эзэнтэй хоёр кампани болохоор манай Доктор авто сүлжээ ХХК-ийн барааг гэрээ хийхгүйгээр амаар тохиролцож борлуулж байсан. Манай байгууллагатай Б.Ж 2022 оны 12 дугаар сарын 21-ны өдөр гэхэд бүх тооцоогоо дуусгасан. Тэгтэл 2023 он гаргах хэрэглэгч нар нь манайхаас бараа авъя гэж нэхээд эхэлсэн тэр манай байгууллагын нэрийг урдаа бариадаад залилан хийгээд мөнгө авсан байсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 24 дэх тал),
18. Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 1 дэх тал)
19. Хаан банкны Д.Н-ийн эзэмшлийн **************** тоот дансны депозит Дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хавтаст хэргийн 15 дахь тал),
20. Хохирогч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Би Ж гэх хүнтэй утсаар ярьж тохироод ахуйн болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хямдхан худалдаж аваад буцаад өндөр үнээр зарж ашиг олж өгнө гэхээр нь түүнд 13.000.000 төгрөг шилжүүлж өгсөн юм. Би уг нь Ж надаас авсан 13.000.000 төгрөгөөрөө бараа, бүтээгдэхүүн худалдаж авсан байх гэж бодож байсан гэтэл Ж миний өгсөн мөнгөөр өөр хүнээс авсан 300.000.000 гаруй мөнгөний хүү, төлбөрт нь өгсөн байсан энэ талаар надад түүний ах С хэлсэн. С надад ингэж хэлээд уулзахад надтай хамт Н гэх хүн хамт явсан. Н өөрөө урлаг соёлын хүн учраас Ж-гийн ах С-ыг таньж мэддэг байж магадгүй гэж бодоод би Н-оос С гэх хүний дүү Ж-д мөнгө залилуулчихлаа таньдаг бол уулзуулж өгөөч гэж хэлээд уулзсан. Түүнээс өөр байдлаар төрөл садангийн холбоо байхгүй, би Н-той зүгээр найз нөхдийн холбоотой. Би өөрийн хохирол гомдлоо Ж- гэх хүнээр барагдуулмаар байна...би өөрийн хохирол гомдлоо Ж- гэх хүнээр барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 6-8, 36-37 дахь тал),
21. Хохирогч Д.Н-ийн дахин өгсөн “...Надад Б.Ж нь одоо өгөөгүй байгаа 7,690,000 төгрөг дутуу байгаа. Тухайн хүн миний хохирлыг төлж барагдуулах ямар ч санаа зорилго байхгүй. Сүүлдээ миний утсыг авахгүй байгаа. Хохирол төлбөрөө даруйхан барагдуулж авмаар байна. Миний хохирлыг барагдуулах юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 70-71 дэх тал),
22. Гэрч Д.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тухайн үед манай нөхөр бид хоёр хувьдаа орон сууц худалдаж авахаар мөнгө цуглуулаад байр үзээд явж байсан, аймгийн төвд байдаг 39 дүгээр байранд 3 өрөө байр зарна гэсэн зарын дагуу бид хоёр тухайн байранд очоод үзэж харчхаад 39 дүгээр байрны 2 давхарт нь амьдардаг манай төрөл садангийн эгч М-ы гэрт нь орсон юм. Н бид хоёр гэрт нь ороод хоол цай идэж уугаад ойр зуурын юм ярилцаад танай байранд зарах 3 өрөө байр байна гэхээр нь үзэж хараад явж байна гэтэл М- “Манай төрөл садангийн дүү Ж- гэдэг дүү Улаанбаатар хотод хувиараа бөөний бараа худалдаж аваад авсан бараануудаа буцаагаад хүнсний дэлгүүр, барааны дэлгүүрүүдэд шахдаг гайгүй ашигтай ажил хийдэг юм, Н-ээ чи мөнгө, төгрөг эргэлдүүлдэг ажил хийдэг юм чинь манай дүү Ж-тай холбоо бариад хамтраад ажиллаач, Ж- найдвартай сайн хүүхэд байгаа юм, чиний мөнгийг өсгөөд өгнө, өмнө нь бас надаас мөнгө асуугаад байсан юм” гээд манай нөхөртэй ярилцаад Ж- гэх хүн рүү мөнгө шилжүүлээд өсгөөд ав гэсээр байгаад манай нөхөр мөнгө шилжүүлсэн. Н бид хоёрыг гэрт нь байхад М, Ж гэх хүнтэй шууд утсаар яриад манай нөхрийг бас танилцуулаад хамтраад ажилла гэх мэт зүйлс хэлсэн. Манай нөхөр бид хоёр Ж- гэх хүнийг огт таньж, мэдэхгүй, Ж- уг нь төрөл, садангийн хувьд надтай холбоотой гэсэн гэхдээ би Ж-гийн аавыг танихаас биш яг өөрийг нь огт таньж мэдэхгүй. Манай нөхөр Н ч гэсэн Ж-г таньж мэддэггүй. Бид хоёр тухайн үед М эгчид итгээд өөрийнх нь хэлсэн шиг найдвартай, сайн хүн гэж бодоогүй бол Ж- руу 13.000.000 төгрөг шилжүүлэхгүй байсан. Гэтэл ийм асуудал Ж- 2022 оны 12 дугаар сарын 18-ний өдрөөс хойш мөнгө өсгөж өгөх нь бүү хэл бид хоёроос авсан 13.000.000 төгрөгөө ч өгөхгүй өдийг хүрч байна. 2023 оны 01 дүгээр сард манай нөхөр Н Улаанбаатар хот явж удаа дараа Ж-гаас мөнгөө нэхсэний эцэст 5.000.000 төгрөгийг нь өгсөн одоо үлдэгдэл мөнгөө өгөөгүй байна. Ж-гийн ах С гэх хүнтэй уулзаж болсон явдлын талаар түүнд хэлээд дүүтэй нь уулзаж мөнгөө авах хэрэгтэй болоод байна гэж манай нөхөр уулзахад Ж- хүнээс 300 гаруй сая төгрөг зээлээд авчихсан тэр хүмүүсийн мөнгөний хүүг өгөх зорилготой Н бид хоёроос 13.000.000 төгрөг аваад залилсан байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 18-20 дахь тал),
23. Гэрч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2023 оны 01 сарын үед мэдсэн. Н ах Саса гэдэг хүний дүүд залилуулчихлаа гэж надад хэлээд би ахыг нь олж өгсөн харин Ж-тай уулзаагүй. Ж- гэх хүн Н ахаас Хотод худалдаа наймаа хийдэг долоо хоногийн хугацаанд бараа авч зараад мөнгийг чинь хүүтэй өгнө та зээлээч гэж хэлээд 13.000.000 төгрөг авсан байсан. Тэр авсан мөнгөөрөө Ж- бараа авч зараагүй хүнд 300.000.000 орсон байгаа тэр хүндээ өгсөн гэж байсан. С-г бид нар Саса гэж дууддаг юм. СУИС-д хамт сурч байгаад Саса сургуулиа төгсөөгүй гарсан бид хоёр бие биенээ танихаас өөр зүйл байхгүй дотно найз биш. 2023 оны 01 сарын эхээр төв цэнгэлдэхийн хажууд Н ах бид хоёр С-тай уулзсан өөр ямар нэгэн хүн байгаагүй. Тэр үед С Н ахад хэлэхдээ Ж-гийн машиныг заруулж байгаад 13.000.000 төгрөгийг чинь өгүүлнэ гэж хэлж байгаад удалгүй манай дүү 300.000.000 төгрөгийн өрөнд орчихсон юм байна. танаас авсан мөнгөө тэр өртэй хүндээ өгсөн байна гэж хэлсэн. Тэр өдрийн Маргааш нь Н ахын дансанд 5.000.000 төгрөг хийгээд үлдсэн мөнгийг нь өгөөгүй гэж байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 34-35 дахь тал),
24. Гэрч Ц.М-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2022 оны 12 дугаар сарын дундуур намайг А аймгийн Э сумын төвд байдаг 39-р байранд гэртээ байж байхад Н өөрийн эхнэр Ж болон хүүхдүүдийн хамт манай гэрт орж ирсэн. Манайд орж ирээд надад Н хэлэхдээ “Танай энэ байранд байр авах гэж байгаа юм, танайх ямар тохижилттой үзье, энэ байр хэр дулаахан бэ ?” гэх мэт зүйлс ярилцаад сууж байсан. Би гэрт орж ирсэн хүмүүст хоол хийж өгөөд сууж байхад манай төрсөн эгч Б-ы хүүхэд Ж- над руу утсаар залгаад би түүний дуудлагыг авахдаа утасны чанга яригч дээр тавьсан байсан. Гэтэл Ж- надад “Автомашины үнэртүүлэгч яг одоогийн байдлаар хямдарсан байна хэрэв та одоо 4-5 сая төгрөг өгөөд буцаагаад нэг ширхэг бүр дээр нь 1.500 төгрөг нэмээд зарвал их ашиг олох боломжтой байна” гэх мэт зүйлсийг надтай утсаар ярилцахад Н хажуу талаас сонсож сууж байхдаа “Наад яриад байгаа хүн чинь ямар учиртай, юу хийдэг хүн юм бэ?, би сонирхъё” гэж хэлээд миний гар утсыг аваад Ж-тай чанга яригч дээр нь тавиад ярилцсан. Ж Н-д миний утсаар ярьж тайлбарлахдаа “Би ********* гэдэг ХХК-ны борлуулагч хийдэг юм, цаг үеийн байдлыг харж байгаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн хямдралтай үед нь аваад буцаагаад өндөр үнээр зараад тодорхой хэмжээний ашиг олдог юм” гэж ярьж байсан. Харин хариуд нь Н “Наад ажил чинь их зүгээр ажил юм байна, би оролдож үзье” гэх мэт зүйлс ярилцаж байгаад Ж-гийн гар утасны дугаарыг Н надаас аваад эхнэр, хүүхдийн хамт манайхаас гараад явсан. Харин үүнээс хойш 2022 оны 12 дугаар сарын 28-нд Н над руу утсаар яриад таны нөгөө Ж- гэдэг дүүд чинь 13.000.000 төгрөг өгөөд одоо ашиг авах 14 хоногийн хугацаа нь болчихлоо гэтэл Ж-гийн утас нь холбогдохгүй алга болчихлоо гэж надад хэлсэн. Н надад ингэж хэлэх үед л би Н-ийг Ж-д мөнгө өгсөн талаар мэдсэн. Ж-тай холбоо барих зорилгоор би Ж-гийн ах С-тай холбоо бариад асуухад манай дүү Ж холбоогүй болоод 2-3 хоног болж байна бид нар эхнэртэй нь хамт Ж-г эрж хайж байна гэж надад тайлбарласан. Үүний дараа би С-тай дахиад холбогдоход “Эгчээ бид нар Ж-г олсон хэд хоног хайж байгаад гэрийнхээ ойролцоо өөрийнхөө судсыг ханаад амиа хорлохоор оролдоод машин дотроо ухаангүй байсан байна, одоогоор Ж- эмнэлэгт сэхээнд хэвтэж байгаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 42-44 дэх тал),
25. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ж-гийн яллагдагчаар өгсөн “...Би Н гэх хүнийг залилсан зүйл байхгүй. Учир нь би Доктор авто сүлжээнээс машины гадар өнгөлөгч бараа аваад авто гоёлын бараа зардаг газар бусад газруудаар зарж борлуулалт хийгээд дундаас ашиг боломж байсан болохоор нь ******** аймагт амьдардаг ээжийн төрсөн дүү М эгч /хувиараа бариа засал хийдэг/ рүү залгаад дээрх ажил хийх гэж байгаа мөнгө зээлэх боломж байна уу гэдэг байдлаар холбогдож ярьсан тэгсэн чинь М- эгч надад би өөр хүнээс асууж үзье надад мөнгөний боломж байхгүй байна гэж хэлсэн тэгээд удаагүй Н гэх хүнийг надтай холбож өгсөн би хийх гэж байгаа ажлаа хэлсэн чинь надад 7 хоногийн хугацаатай 13 сая төгрөг өгөхөөр болсон би 10 хувийн хүүтэй зээлж авсан 7 хоногийн дараа 14 сая 300 мянган төгрөг болгож өгөхөөр утсаар ярьж тохирч өөрийнхөө ************ дугаарын хаан банзны дансаар авсан 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр авсан. Мөн Улаанбаатар хотод дээрх ажил хийх талаараа ярьж хүмүүсээс 9 сая, 7 сая 500 мянга, 15 сая төгрөг тус бүр аваад Доктор авто сүлжээний төв агуулахаас машины гадар өнгөлөгч 60 гаруй сая төгрөгөөр аваад борлуулалт хийсэн гэтэл тухайн өнгөлөгч нь дотроо 2 янз байсан энэ шар өнгөтэй, цэнхэр өнгөтэй байдаг цэнхэр өнгөтэй өнгөлөгч нь Улаанбаатар хотын хэмжээнд сайн зарагддаг харин шар өнгөтэй нь чанар муутай гэж хүмүүс ойлгодог юм шиг байна лээ муу зарагддаг юм гэхдээ адилхан үйлчилгээтэй бараа юм. Миний авсан өнгөлөгч бүгд шар өнгөтэй байсан тул бараа авсан зарим хүмүүс бараагаа буцаагаад мөнгөө авах болсон тул би алдагдалд орж эхэлсэн хүмүүсээс авсан мөнгөө өгөхийн тулд бараагаа би авсан үнэнээсээ хямдруулж зарж эхэлсэн тэгээд мөнгө зээлсэн хүмүүстээ тарааж өгөөд алдагдалд орсон учраас зээлсэн мөнгө дутуу төлж чадахгүй байгаа асуудал үүсээд байгаа юм би Н гэх хүнд 5 сая төгрөг буцааж өгсөн байгаа одоо 8 сая төгрөг өгөх дутуу байгаа юм...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 55-57 дахь тал),
26. Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 175 дахь тал),
27. ******** ХХК болон ********* ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ (1-р хавтаст хэргийн 179-180 дахь тал),
28. Төрийн банкны Р.А-ын эзэмшлийн депозит дансны хуулга (1-р хавтаст хэргийн 182 дахь тал),
29. Хохирогч А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2018 оноос хойш ********* дүүргийн ** дүгээр хороо ** тоотод үйл ажиллагаа явуулдаг Их хошуу супер маркетад нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. Тэгээд тухайн үед ********* ХХК-аас бараа авдаг байсан бөгөөд борлуулагч болох Ж- гэдэг хүн манайд бараа авч ирдэг байсан. 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр над руу Ж- залгаад өнөөдөр барааны урамшуулал дуусах гээд байна, та өнөөдөр барааныхаа мөнгийг над руу шилжүүлчих би барааг маргааш аваад очъё гэж хэлээд өөрийнхөө дансыг явуулахаар нь би чиний данс руу хийхгүй байгууллагын чинь буюу ********* ХХК-ийн данс руу хийнэ гээд ************* тоот ********* ХХК-ийн данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь Ж-тай ярихад маргааш нөгөөдрөөс барааг чинь аваад очно гэж хэлсэн ба тухайн өдрөөс хойш Ж-гийн дугаар болохгүй байсан. ********* ХХК-ийн дугаар луу залгахад тухайн ажилтан Б.Ж нь манайд гэрээт борлуулагч тул та Ж-тайгаа учраа ол манайд хамаагүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 188 дахь тал),
30. Гэрч Б.Эрдэнэчулууны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...манай ******** ХХК нь өөрсдөө борлуулалт хийдэггүй дүүрэг тус бүрээр нь борлуулалтын компаниудтай гэрээ хийж борлуулалтаа хийлгэдэг. Манай байгууллагатай Булганы Ж- гэх хүн нь 2018 оноос хойш гэрээ хийж борлуулалт хийж эхэлсэн. Б.Ж нь манай байгууллагаас бараа хямд үнээр худалдаж аваад Сонгинохайрхан дүүрэг хариуцаж бараа дэлгүүрүүдээр борлуулдаг байсан. 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б.Ж над руу холбогдоод одоо танайх руу Их хошуу дэлгүүрээс 5.000.000 төгрөг орно энэ 5.000.000 төгрөг нь миний мөнгө шүү гэж хэлсэн. Тэгээд Б.Ж нь тухайн 5.000.000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын барааны мөнгө шүү гэж хэлээд бараагаа тухайн сардаа аваад явсан ба борлуулагч нь сарын эхээр манай байгууллагаас бараа авч яваад араас нь мөнгөө цувуулж өгдөг юм...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 192 дахь тал),
31. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Жгийн яллагдагчаар өгсөн “...уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 239 дэх тал),
32. Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 101 дэх тал),
33. Хаан банкны Ц.Б-ын эзэмшлийн **************** тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хавтаст хэргийн 116-118 дахь тал),
34. Хохирогч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо 39-01 тоотод Өндөр-Од нэртэй гэр ахуйн барааны дэлгүүрийг өөрийн биеэр ажиллуулдаг юм. 2020 оноос Б.Ж нэртэй борлуулагч залуутай хамтран ажилласан бөгөөд эхэндээ бараа авдаг байсан боловч сүүлдээ бараа өгөхөө больж урьдчилгаа авдаг болсон. 2022 он 07 дугаар сарын 15-ний өдөр Ж- нь над руу гар утсаараа залгаад “Өмнөх 2.600.000 төгрөг дээрээ нэмээд 4.400.000 өгчихөө, тэгээд сар болгон 400.000 төгрөгийн илүү бараа буулгах урамшуулалтай болсон байгаа" гэж хэлэхээр нь би итгээд уг мөнгийг нь хөдөө орон нутагт байхдаа шилжүүлсэн. Ингээд Ж- гэх залуу 9 дүгээр сард 1.200.000 төгрөгийн бараа, 10 сард 2.800.000 төгрөгийн барааг тус тус буулгасан, үлдэгдэл 3.000.000 төгрөгийн барааг өгөөгүй. Дараагаар 1.900.000 төгрөгийн бараа буулгана буулгах бараа тасарсан бараа байгаа гэж хэлээд Ж ахиж шилжүүлэн авсан бөгөөд би өөрийн дэлгүүртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо 39-1 тоотод байхдаа шилжүүлсэн. Үүнээс 860.000 төгрөгийн барааг 10 дугаар сард буулгаж үлдэгдэл 1.040.000 төгрөгийн барааг өгөөгүй. Дараагаар нь 2022 оны 12 дугаар сард Ж- нь ахиж над руу залгаж танайх зурагтын урамшуулалд орчихсон байна гэж хэлээд 2.400.000 төгрөгийг Ж-гийн ************* дугаартай данс руу өөрийн ажил болох СХД-н ** дүгээр хороо *** тоотод байхдаа шилжүүлэн тус тус авсан. Үүнээс надад дансаар 1.000.000 төгрөгийн шилжүүлсэн одоо нийт 5.440.000 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд удаа дараа нэхэхэд Б.Ж нь гар утсаа аваагүй ба ******* ХХК-аас тодруулахад ажлаасаа гарсан гэж хэлсэн...” мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 108-109 дэх тал),
35. Гэрч Б.Э-ны мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 113 дахь тал),
36. "******** ” ХХК, “*******” ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ (2-р хавтаст хэргийн 120-121 дэх тал),
37. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ж-гийн яллагдагчаар өгсөн “...Би ********* ХХк-д өөрийн ******* консалтинг ХХК-ны нэр дээр гэрээ хийж, нягтлан бодогчоор ажиллаж байгаа юм. Б.Ж гэх хүнийг 2018 оноос эхлэн таних болсон. ******** ХХК-тай Б.Ж нь ******* ХХК-ны нэр дээр борлуулалт хийхээр гэрээ байгуулж байсан юм. Б.Ж нь манай ********* компаниас гутлын тос, батарей, үнэртүүлэгч, элгэн алчуур зэрэг бараа бүтээгдэхүүн аваад ********* компанитай тооцоо төлбөрийг нийлдэг байсан юм. Ингээд хамтарч ажиллаж байгаад 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ямар нэгэн тооцоо үлдэгдэлгүй хамтарч ажилласан юм. Үүнээс хойш манай компаниас ямар нэгэн бараа бүтээгдэхүүн аваагүй юм. Тэгтэл манай компани руу хүмүүс холбогдоод Ж- гэж хүн бараа өгнө гэж мөнгө авчхаад бараагаа авчирч өгөхгүй байна гэж гомдол гаргаж эхэлсэн. Бидний зүгээс Ж-тай холбоо бариад харилцагч байгууллага, хувь хүмүүсээс гомдол гаргаж байна гэж хэлэхэд эмнэлэгт хэвтэж байна, асуудлаа шийднэ гэж хэлж байсан. Одоо Ж-г хаана байгааг мэдэхгүй байна, компанитай ямар нэгэн өр авлага байхгүй байгаа. Ж-г манай барааг аваад хаана хэнд хэдэн төгрөгийн барааг борлуулсан эсэхийг мэдэхгүй байна, манай компанитай тооцоо нийлсэн байгаа...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 154, 3-р хавтаст хэргийн 72-74 дэх тал),
38. Шүүгдэгч Б.Ж-гийн хохирол төлбөр төлсөнтэй холбоотой дансны хуулга, хохирогч нарын гомдол саналгүй талаар хүсэлт зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
-шүүгдэгч Б.Ж-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хавтаст хэргийн 79 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 138 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 82 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (2-р хавтаст хэргийн 86 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (2-р хавтаст хэргийн 87-88 дахь тал)
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Ж-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэм буруутайд тооцуулах,
Хохирогчид болон хохирогчийн өмгөөлөгч О.Ц-аас “хохирогчийн эрхийг хамгаалах...хохирол төлбөрийг гаргуулан авах байр суурьтай оролцоно...”,
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай тус тус оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Ж нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд “хямдралтай үнээр бараа авчихсан, хамтарч дундаас нь ашиг ольё, зах зээлийн үнээс хямд өгнө, тантай удаан харилцаж байгаа болохоор хамгийн түрүүнд байгаа” гэх зэргээр үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нэр бүхий 6 хохирогч нарыг залилж, тэдэнд нийт 63.480.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч нарын хохирол төлбөрөө барагдуулж авсан талаарх хүсэлтүүд, яллагдагч болон хохирогч нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримт зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтаар хөтөлбөргүй тогтоогдож байна.
Хоёр.эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь обьектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой төдийгүй, гэм буруугийн санаатай, хэлбэртэй, шунахай сэдэлттэйгээр үйлдэгддэг нь тус гэмт хэргийн үндсэн шинж юм.
Тодруулбал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.
Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.
Шүүгдэгч Б.Жгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, буюу үргэлжилсэн үйлдлээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож... урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” буюу “залилах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч нь бизнесийн чиглэлээр дээд сургууль төгсөөгүй,...хэлцлийн үйлдлийн улмаас үйл ажиллагаа нь дампуурсан...зүйлчлэлийг хөнгөрүүлэх...бодит хохирол нь 15.000.000 төгрөг болж, их хэмжээнд хүрээгүй...” гэсэн дүгнэлт, саналыг хүлээн авах үндэслэлгүй.
Тухайлбал, хүмүүс тодорхой зорилгод хүрэхийн тулд өөрсдийнхөө үйлээр ажилладаг бөгөөд тэдний бодлоор эдгээр зорилгод хүргэдэг шалтгааныг сонгож, тогтоодог, субъектийн хүсэл эрмэлзлийг илэрхийлэх ойлголт болохын хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив тал нь өөртөө оюун ухааны мэдэх болон хүсэх элементийг агуулдаг бөгөөд хүсэх элемент нь тухайн гэмт хэргийн төгсгөлд үүсэх үр дагаврыг бий болгох хүсэл зоригийг илэрхийлэх[1] ба шүүгдэгч Б.Ж нь борлуулагчаар ажиллаж байхдаа бусдын эд хөрөнгийг авахдаа заавал бизнесийн чиглэлээр дээд сургууль төгссөн байхыг шаардахгүй, харин хууль бус, буруу зүйл хийж байна гэдгээ ойлгосон, хохирогч нарын мөнгийг авч, өөрийн алдагдлыг нөхөх, ямар үр дагаварт хүрч болохыг мэдсэн байхад гэмт хэргийн субьектив шинжийг бүрэн хангасан гэж үзэх тул өмгөөлөгчийн гаргасан тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Мөн залилан мэхлэх гэмт хэргийг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг харгалзан зүйлчлэх ба хохирлын зарим хэсэг нөхөн төлөгдсөн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй төдийгүй шүүгдэгч Б.Ж-гийн үйлдлийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан нь тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Б.Ж-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ө-т 14.000.000 төгрөгийн, хохирогч С.Ц-од 7.500.000 төгрөгийн, хохирогч А.Х-од 23.980.000 төгрөгийн, хохирогч Д.Н-ид 13.000.000 төгрөгийн, хохирогч Р.А-д 5.000.000 төгрөгийн, хохирогч Ц.Б-од 5.440.000 төгрөгийн бодит хохирол тус тус учирсан талаар яллах дүгнэлтэд дурдагдаж ирүүлсэн.
Дээрх хохирогч нарын хохирол төлбөрөөс хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогч Д.Н, Р.А, Ц.Б- нарт хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь тэдгээрийн “Б.Ж нь хохирол төлбөрийг барагдуулсан тул гомдол, саналгүй” гэх агуулга бүхий хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүхээс шүүгдэгч Б.Ж-гаас нийт 35.420.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ө-т 10,140,000 төгрөг, хохирогч С.Ц-од 7,300,000 төгрөг, хохирогч А.Х-од 17,980,000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөр төлөхтэй холбоотой завсарлага авах хүсэлтийг гаргаж, завсарлага авсан хугацаанд дээрх хохирогч нарт хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирол төлбөрийг төлсөн талаарх дансны хуулга, хохирогч Б.Ө-, С.Ц, А.Х нарын хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Жг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Ж нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Түүнчлэн шүүгдэгч Б.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол /хохирол төлбөр бүрэн төлөгдсөн/, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй/, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаатайгаар хорих ял оногдуулж, цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч нь залуу хүн нэг удаа алдсан байна. Миний үйлчлүүлэгч Х-ын хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Улсын яллагчийн хорих ял оногдуулах саналтай санал нийлэхгүй байна. Шүүгдэгч нь тусгай мэргэшлээр мэргэшээгүй, бизнесийн дээд боловсрол эзэмшээгүй байсан учраас тухайн нөхцөлд шахагдаад ийм байдал үүссэн. Эрүүл мэндийн хувьд амиа хорлох үйлдэл хийж тухайн үйлдэлдээ гэмшсэн гэдгээ илэрхийлсэн. Хор уршгийн хэмжээнд хохирлоо бүрэн барагдуулсан. Хохирлоо барагдуулах тухайгаа шүүхийн үе шатанд илэрхийлсэн. Гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, ял оногдуулж байгаа нь нийгэмшүүлэх үүрэгтэй гэж ойлгож байна. Иймд хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж заасан байдаг. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Б.Ө-ээс “...Шүүгдэгч нь миний хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Би гомдол саналгүй. Хохирогч Х-ын өмгөөлөгчийн хэлсэнтэй санал нэг байна. Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Б.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бол, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн санал гаргасныг хүлээн авах боломжгүй. Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан...” гэж шүүхээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлийг заасан бөгөөд шүүгдэгч нь хэдийгээр гэм буруу дээр маргахгүй гэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн 2 удаагийн мэдүүлэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдүүлсэн зэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн гэж үзэхгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нарын гомдол, саналгүй гэсэн санал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Түүнчлэн шүүгдэгч Б.Ж-гийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл нийт цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцов.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** ургийн овогт Б-ы Ж-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Жд 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан 15,000,000 төгрөгийн торгох ялыг 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-гийн цагдан хоригдсон 6 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт 90.000 төгрөгийг түүнд оногдуулсан 15.000.000 төгрөгийн торгох ялаас хасаж, нийт эдлэх ялын хэмжээг 14.910.000 (арван дөрвөн сая есөн зуун арван мянга) төгрөгөөр тогтоосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ж нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Ж-д сануулсугай.
7. Шүүгдэгч Б.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР
[1] Золбоо Т. “Эрүүгийн эрх зүй, гэмт хэргийн бүтээц” 3 дахь хэвлэл, УБ., 2023. 63 дахь тал: