| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0791/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/824 |
| Огноо | 2024-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/824
2024 10 18 2024/ШЦТ/824
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Уугантамир хөтлөн,
улсын яллагч Г.Түвшинбаяр,
шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т-н овогт С-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн ** дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл **, эхнэрийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, **тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т овогт С-н А /регистрийн дугаар **/.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч С.А 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 19*** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” түргэн хоолны сүлжээ дэлгүүрийн гадна талын авто зогсоолд машин буруу байрлуулсан гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, үүссэн таарамжгүй харилцааны явцад хохирогч Б.Н-н үснээс зулгаах, шанаа хэсэг рүү нь цохих, газар унагах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн сарвуунд цус хуралт, зүүн зулайн хуйханд зулгарал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.А Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Аын өгсөн “...Би тухайн өдөр гаргасан үйлдэлдээ харамсаж, уучлалт гуйж байна. Би тухайн машин руу тэмдэг шидээгүй бол энэ хэрэг гарахгүй байсан. Тухайн үед маргалдсан хоёр эмэгтэйг салгах гэж байгаад ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг,
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Н-н хохирогчоор өгсөн: “...2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Ө” кино театрын эсрэг талд байх хашаан дотор машинаа байрлуулж тавиад манай нөхөр KFC сүлжээ хоолны газарт орсон. Тэр хооронд би хүүхдээ хөхүүлээд сууж байсан чинь гэнэт нэг машин сигналдсан, ...хүүхэд сэрээд байхаар нь би тоолгүй дахиж хүүхдээ хөхүүлж байтал хажуугаар нэг хар өнгийн “Харьер” загварын машин ирж зогссон. Тэр машинаас нэг эмэгтэй буугаад миний сууж байсан урд талын хаалган дээр ирсэн. Тухайн үед цонх онгорхой байсан ба тэр эмэгтэй “машинаа холдуулаач янхан минь” гэж хэлэхээр нь “уучлаарай эгчээ жолооч нь алга, би машин барьж чаддаггүй юм, та ямар аймар сигналддаг юм, хүүхэд унтаж байна” гэж хэлэхэд тухайн эмэгтэй “чиний хүүхэдтэй хамаагүй” гээд орилоод байсан. Гэтэл нөхөр нь машинаасаа буугаад гурвалжин замыг хааж тавьдаг тэмдэг барьж ирээд миний сууж байсан урд талын хаалган дээр ирээд миний гартай хавсарч цохиод хаалга руу цохьчихоод тухайн гурвалжин хаалтыг газар хаяад машиндаа суугаад зугтах гээд эхнэрийгээ суу гээд орилоод байсан. Би хүүхдээ машиндаа орхиод бууж очиход миний сууж байсан урд талын хаалга хонхойчихсон байсан ба тухайн хүмүүс зугтах гээд байсан. Тухайн машины жолооч талын эсрэг хаалга онгорхой байхаар нь би тухайн хаалга дээр очоод цагдаа дуудна гээд байж байсан чинь эхнэр нь цаанаас манай хүүхэд рүү орилоод “энэ чинь юу болдог юм, сэг уначихаад” гээд байсан. Тэгээд эхнэр нь машин дээрээ ирээд явах гэхээр нь би явуулахгүй гээд татаж машиныхаа хаалгыг харуулж байхад эхнэр нь миний гараас татаад миний хөхнөөс базаад нөхөр нь хүрч ирээд миний үснээс зулгагаад шанаа руу цохьсон. Тэнд байсан хүмүүс ирж салгаад нэг залуу намайг түшээд зогсож байхад нөхөр нь зугтах гээд гүйж яваад машин руугаа суугаад явах гэж байхад нь жолоочийн эсрэг талын хаалга дээр очоод явуулахгүй гэхэд тухайн хүн машинаа хүчтэй хааз өгсөн. Энэ үед миний биеийн тал хэсэг машин руу нь орчихсон байсан чинь нөхөр нь машинаасаа намайг түлхсэн. Түлхэх үед миний хөл эвгүй болоод би машинд чирэгдэж үлдсэн. Тухайн үед эхнэр нь нөхрийнхөө нэрийг хэлээд орилоод байсан. Тухайн хүмүүс надад анхан шатны тусламж ч үзүүлээгүй, би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Р.Т-н гэрчээр өгсөн: “...2024 оны 5 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед Баянгол дүүргийн *** дугаар хороонд байрлах KFC сүлжээ хоолны газрын хойд талын задгай талбайд орц гарц дээр хөндлөн байрлуулсан саарал өнгийн Приус машин байсан. Шаардлага тавиад зөв байрлуулаач гэхэд 30 гаруй насны эмэгтэй хүн хэвийн бус байдлаар доромжилж эхэлсэн, үүнээс үүдсэн маргаан үүссэн. Бид хоёрыг маргалдаж эхлэхэд манай нөхөр А бууж ирээд газар байсан хамгаалалтын гурвалжинг аваад машин руу нь зөөлөн цохисон... Сүүлдээ миний нуруу хэсэг рүү цохисон. Манай нөхөр бид хоёрыг салгасан. Тухайн эмэгтэй нь над руу дайрсан. Би машинаа хөдөлгөмөөр байна гэж хэлээд машиныхаа баруун хойд талд зогсож байсан. Манай нөхөр жолоогоо барьсан. Нөгөө эмэгтэй гадаа зогсож байсан. Жолоочийн эсрэг талын хаалга дэлгээтэй байхад тухайн эмэгтэй холдохгүй, чирэгдээд машинаас зуураад газар унасан. Би гадаа зогсож байсан. Тухайн эмэгтэй нь биеэрээ газар унасан. Миний аарцаг хугараад доошоо цус алдаад байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Л-н гэрчээр өгсөн: “...Би 2024 оны 5 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах KFC сүлжээ хоолны газрын урд талын автомашины зогсоолд эхнэр хүүхдээ орхиод хоолны газарт ороод гараад иртэл Н машинаасаа 7 метрийн урд газар унасан, ухаангүй байдалтай хэвтэж байсан. Эхнэрээ дуудаад сэрээтэл эхнэр уйлаад намайг энэ хоёр хүн зодчихлоо, цагдаа дууд гэж хэлэхээр нь цагдаа дуудсан. Яагаад хүмүүстэй маргалдсан юм гэхэд машиныг нь ирээд нэг юмаар 3-4 удаа цохихоор нь хэрэлдсэн гэж хэлсэн. Машин маань хонхорхой байсан. Та яагаад машин цохиж байгаа юм бэ гэж хэлэхэд нөхөр нь хүртэл сэтгэцийн өвчтэй юм шиг байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай “...Б.Н-н биед тархи доргилт, эрүү, цээж, зүүн хөх, баруун бугалга, баруун тохой, хоёр шуу, зүүн сарвуунд цус хуралт, зүүн зулайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч О.Н-н өгсөн: “...2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Б.Н-н биед үзлэг хийсэн үзлэгээр дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд тогтоогдсон. Үүнээс тархи доргилт, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 30-31 дэх тал/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 34-41 дэх тал/, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэргийн 42-44 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай “...Б.Н-н биед тархи доргилт, эрүү, цээж, зүүн хөх, баруун бугалга, баруун тохой, хоёр шуу, зүүн сарвуунд цус хуралт, зүүн зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох, хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт, зүүн сарвуунд цус хуралт, зүүн зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл нь тус тусдаа болон нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад эрүү, цээж, зүүн хөх, баруун бугалга, баруун тохой, хоёр шуу, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл нийлээд болон тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн шинжээч эмч О.Нн **** дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 5 дугаар хариулт бичиглэлийн алдаатай байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Б.Д-н өгсөн: “...Тархи доргилт, зүүн сарвууны зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл нь тус тусдаа хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн сарвуунд учирсан гэмтэл зөөлөн эдийн няцралаас тусдаа бол гэмлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Аын яллагдагчаар өгсөн: “...Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ ярьсан, тухайн хүний машинд учруулсан 200.000 төгрөгийн хохирлоо барагдуулахад татгалзах зүйлгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г С.А 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “КFC” түргэн хоолны сүлжээ дэлгүүрийн гадна талын авто зогсоолд машин буруу байрлуулсан гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, үүссэн таарамжгүй харилцааны явцад хохирогч Б.Н-н үснээс зулгаах, шанаа хэсэг рүү нь цохих, газар унагах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн сарвуунд цус хуралт, зүүн зулайн хуйханд зулгарал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсныг хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч С.А өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” санал, дүгнэлт гаргав.
Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэг болон шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Иймд прокуророос шүүгдэгч С.Аод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Аод Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Аод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч С.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Гурав. Бусад асуудлын талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Б.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг тусгасан байна.
Мөн тушаалын 2 дахь хэсгийн 2.3-т “Энэ журмын 2.1-т заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл” тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана гэж заасан байх ба энэ талаарх баримт хавтаст хэргийн 42-44 дэх талд авагдсан байна.
Иймд хохирогчийн уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэх, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 7 дахин нэмэгдүүлж 4.620.000 /дөрвөн сая зургаан зуун хорин мянган/ төгрөгийг хохирогч Б.Н-н сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцсныг шүүгдэгч С.А нөхөн төлснийг, мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.А 174.682 /нэг зуун далан дөрвөн мянга зургаан зуун наян хоёр/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.А цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт С-н А-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Аод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч С.А цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ