Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 43

 

 

Ц.*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй, прокурор З.Алтансолонго, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан,

            Ховд аймаг дахь  сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 229 дугаар шүүгчийн захирамжтай Ц.*******д холбогдох эрүүгийн 2036000000136 дугаартай хэргийг  прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Туяагийн  илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1991 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жил 5 сарын хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, ******* овогт ******* *******  нь Ховд аймгийн ******* сумын *******  багийн нутаг дэвсгэрт 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд хөлсөөр маллуулахаар *******ийн итгэмжлэн хариуцуулсан 196 тооны сарлаг үхрээс 2 тооны сарлаг үхрийг 2019 оны 12 дугаар сард тус сумын ******* багийн нутаг дэвсгэрт “******* бэлчээр” гэх газарт нядалж хувьдаа завшиж түүнд 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

         Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Ц.*******д  холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцааж” шийдвэрлэжээ.

            Прокурор Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/229 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн эсэргүүцэлдээ ”хохирогч *******ийн 2 үхрийг нядалсан гэх цаг хугацааг тогтоох...”, ....2 тооны үхэр нь 10 настай, 4 настай,сарлаг үхэр мөн эсэхийг тодруулж, хохирлын хэр хэмжээг бодитой тогтоох, ...хохирогч *******ийн үхэрт үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрчээр *******ийг байцуулан үзлэг хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг зөрчсөн ....”, гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

        Шүүгдэгч Ц.******* нь хохирогч *******ийн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу үхэр сүргээс 2 тооны үхэр завшсан үйлдэлд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг үхэр нядалсан өдрөөс санахгүй байгаа шүүгдэгч, гэрчүүдийг тухайн өдрийг заавал санахыг тулган шаардах нь хүний үндсэн хуулиар олгогдсон хүний халдашгүй эрх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль бусад хуулиар хориглосон үйл ажиллагаанд хамаарахаар байх тул

шүүгчийн захирамжийг хүчингүй болгож уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Ховд аймгийн Прокурорын газрын эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1  дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй эсэхийг хянан   шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав. 

            Ховд аймгийн прокурорын газраас яллагдагч Ц.*******г Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд хөлсөөр маллуулахаар иргэн *******ийн итгэмжлэн хариуцуулсан 196 тооны сарлаг үхрээс 2 тооны сарлаг үхрийг 2019 оны 12 дугаар сард тус сумын ******* багийн нутаг дэвсгэр “******* бэлчээр” гэх газарт нядалж хувьдаа завшиж түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх  яллагдагч Ц.*******д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Ховд аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Тухайлбал, Хэрэгт авагдсан шүүх  хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар “Ц.******* нь 2019 оны 12 дугаар сарын сүүлээр *******ийн 2 тооны үхрийг  нядалсан гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдож байна” гэж шүүх дүгнэсэн атлаа гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг нэмэлт мөрдөн байцаалтаар тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй болжээ. Түүнчлэн, хохирогч ******* нь яллагдагч Ц.*******гийн нядалсан 2 тооны үхрийг нэг нь 10 настай том бор эм үхэр байсан, нөгөөх нь төрөх насны буюу 4 настай мухар хар үхэр байсан гэж мэдүүлсэн нь яллагдагч Ц.*******, гэрч ******* нарын нядалсан үхэртэй өнгө зүсээрээ тохирч байхад шүүх Ц.*******гийн нядалсан гэх хохирогч *******ийн 2 тооны үхэр нь 10 настай, 4 настай үхэр мөн эсэхийг тодруулахаар хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулж, эсхүл дуу дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.” гэж заасны дагуу үзлэгийн удиртгал хэсэгт *******, Ч.Отгондалай нарыг оролцуулсан байх бөгөөд мөрдөгч тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулсан хэсэгт түүний гарын үсгийг “хөндлөнгийн гэрч” гэж зуруулж бичиг техникийн алдаа гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой  зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.  Харин дээрх хуульд заасан зохицуулалт нь  тухайн үзлэг хийж буй эд зүйлийн  /мал амьтны/ эзэмшигчийн эрхийг хангасан  заалт юм.

   Прокурорын тогтоолоор яллагдагчийн 4 тооны үхэр битүүмжлэхийг даалгасан, мөрдөгч 3 тооны үхэр битүүмжилсэн, шинжээч 3 тооны үхэрт үнэлгээ тогтоосон нь тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хэргийг прокурорт буцааж нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаах  үндэслэлтэй байна. Энэ үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/229  дугаар шүүгчийн захирамжийг  хүчингүй болгож,    Ц.*******д холбогдох эрүүгийн 2036000000136 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол Ц.*******д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогчид Улсын Дээд Шүүхэд  хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                                

                       

                                                           

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.ТУЯА                                                                                                  

 

                                                  ШҮҮГЧИД                                       С.ӨМИРБЕК

   

                                                                                                          М.НЯМБАЯР