Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2026/00187

 

 

                                               Р.Дын нэхэмжлэлтэй

                                                   иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батзориг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/11029 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2026/00560 дугаар магадлалтай,

Р.Д-ын нэхэмжлэлтэй

Э.Б, Д.Ш нарт холбогдох

2017.10.06-ны өдрийн Р.Д, Э.Б нарын хооронд байгуулагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202***3 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2018.07.31-ний өдрийн Э.Б, Д.Ш нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тогтоолгох, Чингэлтэй дүүрэг, *** хороо, *** тоот, 106.59 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,

Дээр дурдсан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг чөлөөлүүлэх тухай хариуцагч Д.Шинэзоригийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Р.Д-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор танхимын тэргүүн Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А, хариуцагч Д.Ш-ийн өмгөөлөгч Б.Азжаргал, хариуцагч Э.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Р.Д нь хариуцагч Э.Б, Д.Ш нарт холбогдуулан 2017.10.06-ны өдрийн Р.Д, Э.Б нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2018.07.31-ний өдрийн Э.Б, Д.Ш нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Чингэлтэй дүүрэг, *** хороо, *** тоот, 106.59 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Д.Ш нь нэхэмжлэгч Р.Д-д холбогдуулан дээрх 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргаж, маргажээ.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/11029 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг баримтлан 2017.10.06-ны өдрийн Р.Д, Э.Б нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2018.07.31-ний өдрийн Э.Б, Д.Ш нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Чингэлтэй дүүрэг, *** хороо, *** тоот, 106.59 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Р.Д-ийг тогтоож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Р.Д-д холбогдуулан Чингэлтэй дүүрэг, *** хороо, *** тоот, 106.59 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхийг хүссэн хариуцагч Д.Ш-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Чингэлтэй дүүрэг, *** хороо, *** тоот, 106.59 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч Д.Ш татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Р.Д-ын 257,950 төгрөг, хариуцагч Д.Ш-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2026/00560 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/11029 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан 2017.10.06-ны өдрийн Р.Д, Э.Б нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.5-д заасан үндэслэлгүй тул 2018.07.31-ний өдрийн Э.Б, Д.Ш нарын хоорондох “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Чингэлтэй дүүрэг, *** хороо, *** тоот, 106.59 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Р.Д-ийг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Y-2202***3 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, *** хороо, *** тоот, 106.59 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Р.Д-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж хариуцагч Д.Ш-д шилжүүлэхийг даалгасугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хасаж, тогтоох хэсгийн “4” дэх заалтын дугаарлалтыг “3” болгож, мөн хэсгийн “57 дугаар зүйлийн 57.1” гэснийг “56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1” гэж, “7.1” гэснийг “7.1.1, 7.1.2” гэж “257,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Д-д олгосугай.” гэснийг “128,950 төгрөг гаргуулж Р.Д-д, нэхэмжлэгч Р.Д-ээс 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч Д.Ш-д тус тус олгосугай.” гэж тогтоох хэсгийн “5” дахь заалтын дугаарлалтыг “4” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Р.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаагүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, үйл явдалд буруу дүгнэлт хийж, шүүхийн шийдвэр эргэлзээгүй байх зарчимд нийцээгүй гэсэн үндэслэлээр Улсын дээд шүүхэд гомдол гаргаж байна.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс шийдвэрлэхдээ холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хуулиар тогтоосон нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн, хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийсэн, тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Үүнд:

Нэхэмжлэл гаргасан цаг хугацаа болон тухайн байрыг худалдаж авсан он, цаг, хугацаа буюу 2017 оны 10 сараас өнөөдрийг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүрэг, *** хороо, *** тоотод байрлах 106.59 м.кв талбайтай, 3 өрөө байрыг 2017.06.02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 250,000,000 төгрөгөөр худалдан авч, тухайн төлбөрийг бэлнээр хүлээлгэн өгч, улмаар энэхүү байрандаа өнөөдрийг хүртэл амьдарч байгааг дурьдах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан үйл баримтыг үнэлэхдээ харьцуулан дүгнэж шийдвэрлэв гэсэн дүгнэлтийг өгсөн боловч зөвхөн хариуцагч талд ашигтай байдлаар үнэлэн хариуцагч талын гэрчийн мэдүүлэгт үндэслэн шийдвэрлэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн бодит жишээ юм. Нэхэмжлэгч талуудын хооронд болсон бүх процессыг үнэн зөв мэдүүлсэн болно. Учир нь тухайн байрны төлбөрийг нэхэмжлэгчийн хамаарал бүхийн компанийн данснаас тухайн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан өдөр их хэмжээний бэлэн мөнгө гарсан байдаг бөгөөд гэрээ байгуулдаг өдөр буюу 2017.06.02-ны өдөр 150,000,000 төгрөг, үүний дараа байрны гэрчилгээ гарсан өдөр буюу 2017.06.05-ны өдөр 100,000,000 төгрөг тус тус аван бэлнээр өгсөн гэдгийг нотлох 3 гэрч мэдүүлэг өгч, 2017.06.02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж төлбөр төлсөн үйл баримт маш тодорхой байдаг.

Мөн, *** орон сууцыг Б.Д, Э.Б-д худалдсан боловч бодит байдал дээр Э.Б нь мөнгө төлөөгүй буюу *** сууцыг худалдан аваагүй мөн орон сууцыг бэлэглээгүй буюу бусдын өр төлбөрт тооцож өгөх ямар эрх зүйн үр дагавар үүссэн талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дугаар заалтыг өнгөц тайлбарласан бөгөөд тухайн зүйл заалтыг хэрхэн яаж үнэлж аль үйл баримтыг үндэслэл болгож байгаагаа огт тайлбарлаж, эрх зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр эргэлзээгүй байх зарчмыг үгүйсгэж байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.Ш нь энэхүү байрны шударга эзэмшигч биш бөгөөд бэр, хүүхдүүдийг минь айлган сүрдүүлж, төрийн цагдаа авчран дарамталж, учир байдлыг мэдэхгүй бусад этгээдээс гар бичмэлээр авсан тэмдэглэлийг үндэслэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан магадлал гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчиж байна. Миний байрыг хариуцагч гэх этгээд бусдын өр төлбөрт өгөх эрх байхгүй, өр төлбөртөө авсан гэх этгээд шударга эзэмшигч болох хууль зүйн үр дагавар байхгүй болно.

Иймд, хэргийн ээдрээ төвөгтэй нөхцөл байдлыг харгалзан, хуулийн хүрээнд Монгол Улсын Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийг хангаж, түүний үр дагаврыг арилгах нөхцөл байдал бий болсон байх тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 сарын 13-ны өдрийн 210/МА2026/00560 дугаар магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 001/ШХТ2026/00772 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-д заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгч Р.Д-ын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ

 

6. Нэхэмжлэгч Р.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдов.

7. Нэхэмжлэгч Р.Д нь дор дурдсан хариуцагч нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнд:

7.1 Хариуцагч Э.Б-д холбогдуулан 2017.10.06-ны өдрийн Р.Д, Э.Б нарын хооронд байгуулагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202***3 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох;

7.2 Хариуцагч Э.Б, Д.Ш нарт холбогдуулан 2018.07.31-ний өдрийн Э.Б, Д.Ш нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202***3 дугаартай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 8. Нэхэмжлэгч Р.Д дээрх шаардлагын үндэслэлээ “... миний бие анхнаасаа энэ байрыг огт зарах сонирхолгүй зөвхөн зээлийн гэрээний баталгаа болгож хүүгийнхээ хүсэлтээр бага үнийн дүнгээр худалдах-худалдан авах гэрээ хийж Э.Б руу шилжүүлсэн. ... А.Б-тэй харилцан тохирсон мөнгө зээлсэн хугацаа дуусаагүй байхад миний өмчлөлийн байрыг шилжүүлэн авсан хэлцлүүд нь хууль зөрчсөн” гэж тодорхойлон дараах үйл баримтыг дурдаж байна.

8.1 Миний бие 2017.06.02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Чингэлтэй дүүрэг, *** дугаар хороо, *** тоотод байрлах 106.59 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202***3 дугаартай 3 өрөө байрыг 250,000,000 төгрөгөөр бэлнээр төлж худалдан авч өнөөдрийг хүртэл амьдарч байна.

8.2 Хүүхдүүдийн хувийн бизнест санхүүгийн шаардлага гарсан тул миний хүү С.М-ийн бизнесийн хамтрагч А.Б гэх залуугаас мөнгө зээлэхээр болж 1 жилийн хугацаатай сарын 5 хувийн хүүтэй 60,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Зээлийг 2018.10.08-ны өдөр төлөхөөр тохиролцсон.

8.3 А.Б-ийн хүсэлтийн дагуу өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг түүний дүү Э.Б-д худалдахаар гэрээ хийж, зээлсэн мөнгөний баталгаа болгон шилжүүлсэн. Худалдах-худалдан авах гэрээг хийхэд “зээлсэн мөнгөө буцаан өгөөд байраа буцаагаад авах болохоор үнийн дүнг хамгийн багаар буюу 20,000,000 төгрөг гэх, татвар хураамжид бага мөнгө төлнө” гэж А.Б хэлсэн ... гэрээг нотариатаар баталгаажуулж гарын үсэг зурсан боловч ямар нэгэн байдлаар миний бие төлбөр мөнгө хүлээж аваагүй.

8.4 2018.08.15-ны өдөр үл таних хүмүүс ирэн бид энэ байрыг худалдаж авсан хэмээн байрны ордероо үзүүлж, хэл амаар доромжлон ач зээ нарыг минь айлган байрыг яаралтай суллаж өгөхийг шаардсан гэжээ.

9. Хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч Р.Д маргаан бүхий байрыг Г.С-ээс анх худалдан авахдаа үнийг нь төлөөгүй тул байрыг буцаан авсан, энэ байр анхнаасаа Э.Б-ийн гэр бүлийн өмчлөлд байсан бөгөөд бид өөрийн өмчийг хуулийн дагуу гэрээ хийж зохих журмын дагуу шилжүүлэн авсан, Р.Д мөнгө төлж худалдан авсан болохоо нотлоогүй гэх агуулгаар тайлбарлан дараах үйл баримтыг дурдаж байна. Үүнд:

9.1 Хариуцагч Э.Б нарын хооронд ямар нэгэн зээлийн асуудал огт байхгүй. Э.Б нь мөнгө зээлдэг хүн биш харин Э.Б-ийн ах А.Б болон нэхэмжлэгчийн төрсөн хүү С.М нар нь ажил хэргийн холбоотой хүмүүс байсан.

9.2 Маргаж буй байр нь А.Б-ийн эхнэр Г.У-ын дүү, хариуцагч Э.Б нарын эгч Г.С-ийн нэр дээр байсан бөгөөд нэхэмжлэгч Р.Д нь байрыг өөрийн нэр рүү шилжүүлэн авч байсан.

9.3 Г.У нь төрсөн дүү Г.С-ийн өгсөн итгэмжлэлийн дагуу 2017.06.02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдсан. Тухайн үед хоёр тал танилууд байсан учраас итгээд нэр дээр нь шууд шилжүүлэн өгсөн боловч худалдан авагч буюу нэхэмжлэгч Р.Д нь нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй.

9.4 Улмаар 2017.10.06-ны өдөр дахин үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж А.Б нь Э.Б-ийг “байрыг нэр дээрээ шилжүүлээд авчих” гэсний дагуу шилжүүлэн авсан.

9.5 Нэхэмжлэгч Р.Д энэ байранд бараг амьдарч байгаагүй түүний хүү С.М болон эхнэр нь энэ байранд амьдарч байсан гэжээ.

10. Хариуцагч Д.Шөөрт холбогдох хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... Э.Б, Р.Д нарын хоорондын гэрээний харилцаанд Д.Ш ямар нэгэн байдлаар оролцоогүй, ... 2017.07.31-ний өдрийн Э.Б, Д.Ш нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээний үндсэн дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон.” гэж тайлбарласан.

11. Хариуцагч Д.Ш нь нэхэмжлэгч Р.Д-д холбогдуулан маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлдээ “миний бие энэ байрыг 2018.07.31-ний өдөр хууль ёсны дагуу бэлэглэлийн гэрээ байгуулан Э.Б-ээс өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан ... гурван удаа өөрийн өмчлөлийн байран дээрээ очиж суллаж өгөхийг шаардсан ч суллаагүй” гэж тайлбарлаж байна. Тэрээр дараах үйл баримтаар өөрийн шаардлагаа дэмжжээ. Үүнд:

11.1 Р.Д нь энэ байрыг урьд нь миний хуурай дүү А.Б-ийн эхнэр Г.У-аас худалдах-худалдан авах гэрээ байгуулан авсан боловч гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй. Р.Д-ийн төрсөн хүү С.М, А.Б бид гурав ажил хэргийн шугамаар холбоотой байсан учраас тухайн үед хариуцагчийн нэр дээр итгээд шилжүүлэн өгч байсан.

11.2 Байрыг шилжүүлэхдээ тухайн үед бас *** улсын дугаартай, RАV/4 маркийн автомашиныг хамт шилжүүлэн өгч байсан боловч мөнгө өгөөгүйн улмаас автомашиныг буцааж өгсөн, дахин худалдах-худалдан авах гэрээ хийж А.Б-ийн дүү болох Э.Б руу буцаагаад шилжүүлэн өгсөн.

11.3 Э.Б-ээс үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авснаас хойш 2018.08.15, 2018.08.16-ны өдрүүдэд очиж, байраа суллуулахаар гарахыг шаардахад “гарна” гэсэн ба хариуцагчийн бэр У.У-ээр байр хүлээлгэн өгөхийг зөвшөөрч байна гэсэн агуулга бүхий баталгаа хийлгэж гарын үсэг зуруулж, *** улсын дугаартай RАV/4 маркийн автомашинаа хүлээн авч тэмдэглэл бичүүлж авсан.

11.4 Дахин очиход өөр танихгүй хүн оруулсан байсан ба байрыг суллаж өгөхгүй байсан учраас Р.Д-ийн хаягаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхэд ирээгүй утсаа авахгүй зугтаж алга болсон.

11.5 Шүүхээс албадан ирүүлэх захирамж гаргасан боловч хаягтаа амьдардаггүй байраа 2 сарын өмнөөс түрээсэлсэн гэсэн учраас хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

12. Нэхэмжлэгч Р.Д сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... байрыг иргэн Г.С гэдэг хүнээс худалдах-худалдан авах гэрээ байгуулан авч, тухайн үед мөнгийг бэлнээр төлж барагдуулсан. ... Г.У, Д.Ш нарыг мэдэхгүй. Э.Б нь миний өмчлөлийн байрыг 2018 оны 07 дугаар сард миний зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэн өгч хэлцлээр тохирсон үүргээ зөрчсөнийг 2018 оны 08 дугаар сард мэдэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Д.Ш байрыг шударгаар олж аваагүй.” гэж тайлбарлан дараах үйл баримтаар үндэслэлээ дэмжин мэтгэлцжээ. Үүнд:

12.1 Байрны төлбөрийг төлж барагдуулаагүй бол энэ байранд ингэж удаан хугацаанд амьдрахгүй байх байсан.

12.2 Д.Ш үнэхээр шударга бол тухайн байрыг худалдаж авахдаа ирж үзэн дотор нь хүн байгаа эсэхийг харан, орчны байдал, харагдах орчин зэргийг шалгаж авч үзэх боломжтой байсан. Зөвхөн улсын бүртгэлийн гэрчилгээгээр өөрийгөө энэхүү байрны өмчлөгч гэж байгаа нь огт үндэслэлгүй гэжээ.

13. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.С хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Э.Б-ийн татгалзлыг дэмжиж, түүнтэй адил тайлбар гарган оролцжээ. Тэрээр анх байраа худалдахдаа хэнээс ч мөнгө хүлээж аваагүй тул өөрийгөө байрны өмчлөгч гэж үзэж, “А.Б, Д.Ш гэх хүмүүсийн өр төлбөр Г.С-д хамааралгүй. Хэрвээ Д.Ш үнэхээр өр төлбөртэй бол А.Б-ээс өр төлбөрөө нэхнэ. Миний хувьд дурдсан Ү-2202***3 улсын бүртгэлийн дугаартай хөрөнгийн өмчлөгч мөн.” гэж тайлбар гаргасан байна.

14. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасны дагуу 2017.10.06-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээ, 2018.07.31-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч Р.Д-ийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, хариуцагч Д.Ш-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ “... 2017.10.06-ны өдөр ... гэрээгээр ... үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 20,000,000 төгрөгөөр тооцож худалдах-худалдан авах гэрээ нь анхнаасаа худалдах, худалдан авах санаа зорилго байгаагүй болох нь ... нотлогдсон. ... Р.Д нь Д.Ш-ийн эрх ашгийг зөрчөөгүй, тэдгээрийн хооронд ямар нэгэн харилцаа үүсээгүй, эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой түүхийг Э.Б, Д.Ш нар нь мэдэж байсан бөгөөд аливаа эрхийн доголдолгүй эд хөрөнгийг Э.Б нь бусдад бэлэглэх ёстой атал 2018.07.31-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр Д.Ш нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авсныг зөвтгөх боломжгүй юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д "Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй" гэж заасан. … Д.Ш нь шүүх хуралдаанд … 106.59 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, харин Р.Д-ийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн...” гэж дүгнэсэн.  

15. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2017.10.06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 2018.07.31-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох болон Р.Д-ийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Р.Д-ийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөн хариуцагч Д.Ш-д шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгаж, сөрөг нэхэмжлэлээс өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзсан гэх шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хасаж шийдвэрлэсэн.

16. Магадлалд “...Хэргийн баримтаар Э.Б, Д.Ш нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн гадаад хэлцэл нь бэлэглэлийн гэрээ байх боловч бодитоор 350,000,000 төгрөгийн өр төлбөртөө тооцох замаар тэдгээрийн хооронд худалдах худалдан авах харилцаа үүссэн болох нь тогтоогдсон, үүнд зохигчид маргаагүй байх тул шүүх Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгээр хамгаалагдана. … төлбөртөө тооцон шилжүүлсэн талаарх хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтууд, гэрч А.Б, Г.У нарын мэдүүлгийг нэхэмжлэгч үгүйсгэж эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар энэ тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Д.Ш нь … 3 өрөө орон сууцны өмчлөгч тул нэхэмжлэгчээс маргаан бүхий байрыг чөлөөлүүлэхээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхтэй. ...нэхэмжлэгч Р.Д, Э.Б нарын хооронд хийгдсэн орон сууц худалдах-худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх боловч 2018.07.31-ний өдрийн Э.Б, Д.Ш нарын хооронд хийсэн “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-н дэх худалдан авагч Д.Ш-ийн өмчлөх эрх Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хамгаалагдаж байх тул нэхэмжлэгчийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоох боломжгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан “харилцан биет байдлаар буцаах” боломжгүй. ” гэж дүгнэсэн.

17. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл, эрх зүйн дүгнэлт харилцан адилгүй, зөрүүтэй байх ба энэ талаар нэхэмжлэгч талаас гаргасан гомдолд дурдсан байна. Түүнчлэн нэхэмжлэгч хоёр шатны шүүх ийнхүү зөрүүтэй дүгнэх болсон шалтгааныг хэрэгт авагдсан нотлох баримтыг өөрөөр үнэлсэн гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлд хамаарна гэж үзлээ.

18. Тус хэргийн үйл баримтыг хоёр шатны шүүх зөрүүгүй тогтоожээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Р.Д орон сууцыг гуравдагч этгээд Г.С-ээс 2017.06.02-ны өдөр шилжүүлэн авсан, Г.С-ийн дүү Г.У-ын нөхөр А.Б, нэхэмжлэгч Р.Д-ийн төрсөн хүү С.М,  хариуцагч Д.Ш нар нь ажил хэргийн холбоотой, бие биенээ харилцан сайн мэдэх хүмүүс, хариуцагч Э.Б нь А.Б-тэй үеэл ах дүүгийн холбоотой тухайд зохигч, гуравдагч этгээд маргаагүй, энэ талаар зохигч, гуравдагч этгээд адил тайлбар гаргасан байна. Түүнчлэн маргаж буй орон сууцны нэг бүрийн шинжийн тухайд зохигч зөрүүгүй тайлбар гаргаж байх ба энэ нь Чингэлтэй дүүргийн *** хорооны *** тоот хаягт байрлах, 106.59 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202***3 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууц болох тухайд хэн аль нь маргаагүй. Цаашид тус тогтоолд энэ үл хөдлөх эд хөрөнгийг “орон сууц” гэж тодорхойлох болно.

19. Зохигчийн хооронд нэхэмжлэгч Р.Д-ээс хариуцагч Э.Б-д орон сууцыг 20,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохирсон 2017.10.06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал, уг орон сууцыг хариуцагч Э.Б нь хариуцагч Д.Ш-д бэлэглэхээр тохирч 2018.07.31-ний өдөр байгуулсан гэх үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч, гуравдагч этгээд харилцан маргаантай байна.

20. Нэхэмжлэгч Р.Д дээр дурдсан хэлцэл тус бүрийг хүчин төгөлдөр бус гэж маргахдаа хариуцагч Э.Б-д орон сууцыг 20,000,000 төгрөгөөр худалдах хүсэл зориг байгаагүй, худалдан авагч ч мөн нэгэн адил ийм үнээр худалдан авах хүсэл зориг агуулаагүй бөгөөд талууд С.М, А.Б нарын хооронд үүссэн бизнесийн хэлцлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой байсан атлаа өмчийг шилжүүлсэн нь хуульд нийцээгүй гэж тайлбарлажээ. Харин хариуцагч Э.Б хэлцэл хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч Р.Д гуравдагч этгээд Г.С-ээс уг орон сууцыг худалдаж авахдаа гэрээний зүйлийн үнийг төлөөгүй тул Г.С-ийн хамаарал бүхий этгээд Э.Б-д орон сууцыг буцаан шилжүүлсэн гэж мэтгэлцжээ.

           Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулсан дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж зөв тогтоосон боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь буруу байна. Харин давж заалдах шатны шүүх дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Тодруулбал, нэхэмжлэгч Р.Д, хариуцагч Э.Б нарын тайлбараас үзвэл хэн аль нь маргаан бүхий орон сууцыг 20,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах хүсэл зориггүй байсан нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч Р.Д нь Э.Б орон сууцыг үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор шилжүүлсэн гэсэн бол хариуцагч Э.Б нь Г.С-тэй байгуулсан гэрээний үүрэг биелээгүйгээс гэрээнээс татгалзаж орон сууцыг буцаан авсан гэж тайлбарласан.       

           Хэлцлийг хийх болсон үндэслэл, сэдэлтийн тухайд зохигч ийнхүү өөр өөрөөр тайлбарлаж байх ба нэхэмжлэгч Р.Д, Г.С-д төлбөрөө төлсөн гэх гэрээний зүйлийн үнэтэй тэнцэхүйц бэлэн мөнгөний зарлага гарсан талаарх баримт болох “2017.06.02-ны өдөр 150,000,000 төгрөг, 2017.06.05-ны өдөр 100,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн “С” ХХК-ийн Төрийн банкны *** тоот дансны хуулга”-ыг хэрэгт өгсөн, зохигч ба гуравдагч этгээдүүд нэхэмжлэгчийн хүү С.М хариуцагчийн хамаарал бүхий этгээд болох А.Б, хариуцагч Д.Ш нар нь тодорхой хугацаанд бизнесийн идэвхитэй харилцаатай, ойр дотно, өр авлага харилцан үүссэн нөхцөл байдал байсан талаар тайлбарлаж байна. Харин хариуцагч талаас Г.С-д өгөх мөнгөө Р.Д төлөөгүй учраас буцаан авсан гэж хэлж байгаа атлаа буцаан авах тухай хэлцлээ чухам ямар шалтгаанаар 20,000,000 төгрөгийн үнэ төлөх нөхцөл тусган байгуулсан тухайгаа үндэслэл бүхий тайлбарлаж чадсангүй. Иймд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байна.

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлт /2019 он/-ээр 242,725,000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй орон сууцыг 20,000,000 төгрөгөөр худалдаж худалдан авах /2017 он/-аар тохирсон байдал, орон сууцыг худалдах болсон санаа зорилгын тухайд илтэд зөрүүтэй тайлбарлаж байгаа нөхцөл байдлаас дүгнэвэл нэхэмжлэгч Р.Д, хариуцагч Э.Б нарын хооронд 2017.10.06-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүсэл зоригийн дутагдалтай, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх үндэстэй байна. Иймд энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ.

21. Нэхэмжлэгч Р.Д нь хариуцагч Э.Б болон хариуцагч Д.Ш нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг мөн хүчин төгөлдөр бус гэж маргасан бөгөөд үндэслэлээ хариуцагч нар орон сууцыг харилцан үнэ төлбөргүй шилжүүлж, бэлэглэх үнэнхүү хүсэл зориг байгаагүй, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тодорхойлж байна. Харин хариуцагч Э.Б, Д.Ш нар нь уг хэлцлийг хүчин төгөлдөр гэж тайлбарлаж байх ба энэ үндэслэлээ дэмжиж хариуцагч Д.Ш нь А.Б-ээс 350,000,000 төгрөгийн авлагад тооцон уг орон сууцыг автомашины хамт шилжүүлэн авч байгааг илтгэж гарын үсэг зурсан баримтыг хэрэгт өгчээ.

         Дээрх хэлцлийг анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус гэж үзсэн боловч чухам аль хуулийн ямар үндэслэлээр ингэж дүгнэж байгаа нь тодорхойгүй, эрх зүйн дүгнэлт өгөөгүй, хууль хэрэглээгүй алдаа гаргажээ. Тодруулбал, анхан шатны шүүх “... эд хөрөнгөтэй холбоотой түүхийг Э.Б, Д.Ш нар нь мэдэж байсан бөгөөд аливаа эрхийн доголдолгүй эд хөрөнгийг Э.Б нь бусдад бэлэглэх ёстой атал ... бэлэглэлийн гэрээгээр Д.Ш нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авсныг зөвтгөх боломжгүй” гэж дүгнэхдээ энэ үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус байх, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцох ямар хэм хэмжээг хэрэглэж байгаагаа тодорхойлсонгүй.

 

           Харин давж заалдах шатны шүүх Э.Б ба Д.Ш нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн ба энэ талаар магадлалд “ ... хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. ... хариуцагч Д.Ш-ийн хувьд хариуцагч Э.Б-ийг маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх эрх бүхий этгээд биш гэдгийг мэдэх боломжгүй байх тул өмчлөх эрхийг шударгаар олж авсан байна.  ...” гэж дүгнэжээ.

 

22. Хоёр шатны шүүхийн дээрх эрх зүйн дүгнэлтүүд харилцан зөрүүтэй байх ба хяналтын шатны шүүх аль аль дүгнэлтийг дэмжих боломжгүй байна. Анхан шатны шүүх хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзсэн боловч ийнхүү дүгнэхдээ зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан бол давж заалдах шатны шүүх хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн атлаа шударгаар өмчлөх эрх олж авах зохицуулалтыг хэрэглэсэн, энэ зохицуулалтыг хэрэглэхдээ хариуцагч Э.Б, Д.Ш нарын хооронд эд хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлэх үнэнхүү хүсэл зориг байгаагүй, хэлцэл хийгч талууд үл хөдлөх эд хөрөнгийн талаарх маргаан, өмчлөх эрх шилжсэн түүхийн талаар бүрэн дүүрэн мэдээлэлтэй байсан нөхцөл байдлыг анхаараагүй байна.  

23. Хяналтын шатны шүүх бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзлээ. Учир нь хариуцагч Э.Б, хариуцагч Д.Ш нар нь орон сууцыг бэлэглэлийн журмаар шилжүүлэхдээ талуудын хоорондын жинхэнэ тохиролцоо, гэрээ байгуулах хүсэл зориг нь бэлэглэл буюу хариу төлбөргүй шилжүүлэх харилцаа биш байсныг бүрэн ухамсарлаж байсан нь тэдгээрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, тэд орон сууцыг 350,000,000 төгрөгийн өр, авлагын харилцааг дуусгавар болгох зорилгоор шилжүүлсэн гэжээ. Хэдийгээр уг өр авлагын харилцаа Э.Б ба Д.Ш нарын хооронд үүсээгүй байж болох ч Э.Б нь Д.Ш-ийн өмнө гүйцэтгэх өөрийн үеэл ах А.Б-ийн үүргийг дуусгавар болгох зорилгоор орон сууцыг шилжүүлсэн байгаа нөхцөл байдлыг хариу төлбөргүй буюу бэлэглэл гэж үзэхгүй. Иймд зохигчийн хооронд хийсэн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж үзнэ. Энэ үндэслэлээр бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл мөн.

24. Энэ үндэслэлээр буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хариуцагч Э.Б, Д.Ш нарт холбогдуулан гаргасан 2017.10.06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, 2018.07.31-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай Р.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, эрх зүйн дүгнэлтийг залруулна.

25. Нэхэмжлэгч Р.Д өөрийн хүсэл зоригоос гадуур, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхээ алдсан үндэслэлээр орон сууцаа буцаан шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Ш-д холбогдуулан гаргажээ. Нэгэнт эд хөрөнгийн эрхийн бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн байгаа тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Ш-д холбогдуулсан нь зөв байна.

26. Анхан шатны шүүх хэлцлүүд хүчин төгөлдөр бус гэж үзсэн тул түүний үр дагаварт нэхэмжлэгч орон сууцаа буцаан олж авах боломжтой гэх ерөнхий агуулгаар энэ шаардлагыг хангасан хэдий ч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн энэ шаардлагыг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн нь уг хэргийн шийдлийн тухайд дээр дурдсан үндэслэлээр буруу байхын зэрэгцээ хүчин төгөлдөр хэлцлийн үр дагаварт өмчлөх эрхийг шударгаар олж авах зохицуулалтыг хэрэглэснийг залруулан дүгнэх нь шүүхийн практикт хууль хэрэглээний нийтлэг ач холбогдолтой гэж үзлээ. Үүнд:

26.1 Давж заалдах шатны шүүх бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн атлаа Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь хууль хэрэглээний нийтлэг алдаатай болсон буюу давж заалдах шатны шүүх хэрэглэх шаардлагагүй хуулийг хэрэглэжээ. Учир нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгүүд нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт хэрэглэгдэх учиртай хэм хэмжээ байдаг. Тодруулбал, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 болон 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг буюу өмчлөх эрхийг шударгаар олж авах зохицуулалт нь эд хөрөнгийг өмчлөлдөө олж авсан хэлцэл хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд өмч олж авч байгаа этгээд энэ талаар мэдээгүй, мэдэх боломжгүй буюу шударга итгэл үнэмшилтэй байсан бол түүнийг хамгаалах, өмчийн харилцааны тогтвортой байдлыг хангах чиг үүрэгтэй заалт юм. Ингэснээр эрх зүй тодорхой байх зарчмын дор хөрөнгийг шударга итгэл үнэмшлээр олж авсан этгээдийг хамгаалж, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан шударга ёсны зарчмыг хангагдана гэж үздэг.

26.2 Шүүх хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн бол энэ нь маргаан бүхий хөрөнгийг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу хууль ёсны хэлцлийн үндсэн дээр олж авсан буюу өмчлөх эрх хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр олж авсан гэж тооцно. Нэгэнт өмчийг хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр олж авсан бол тэр нь хууль ёсоор өмч олж авч байгаа хэлбэр бөгөөд энэ тохиолдолд өмчийн эрх зүйн онцгой хамгаалалтын арга болох шударгаар өмчлөх эрх олж авах институтыг хэрэглэх шаардлага үүсгэхгүй юм. Иймд хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн бол шударгаар өмчлөх эрхийн зохицуулалт буюу Иргэний хуулийн 109, 114 дүгээр зүйлийг хэрэглэхгүй.

​​​​​​​26.3 Тус хэргийн тухайд хяналтын шатны шүүх Э.Б болон Д.Ш нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн тул эрх зүйн хэрэглээний зүй тогтлын дагуу өмчлөх эрхийг Д.Ш шударгаар олж авсан эсэх асуудлаар эрх зүйн дүгнэлт өгөх үр дагавар үүснэ. Үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авахтай холбоотой харилцаанд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсгийг хэрэглэх ба тус зүйлд Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй гэж заасан.

         Хэрэгт авагдсан хариуцагч Э.Б, Д.Ш нарын тайлбар, А.Б-ийн 350,000,000 төгрөгийн авлагыг барагдуулах зорилгоор шилжүүлсэн тухай Д.Ш, А.Б нарын үйлдсэн баримтаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөний түүх, маргаан болон нэхэмжлэгч Р.Д-ийн шаардах эрхийн тухайд хариуцагч Д.Ш бүрэн мэдээлэлтэй байсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд түүнийг өмчийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэл бүрдээгүй буюу Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т заасанчлан “... өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан ...” гэж дүгнэнэ.

27. Дээр дурдсан үндэслэлээр өмчлөх эрхийг олж авсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхын зэрэгцээ өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу орон сууцыг буцаан шилжүүлэхийг шаардах эрх нэхэмжлэгч Р.Д-д үүсжээ. Улмаар уг эрхийг дуусгавар болсон, эсхүл хэрэгжих боломжгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн шийдэл зөв байх боловч мөн л хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдааг залруулж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг нэмсэн өөрчлөлтийг шийдвэрт тусгана.

28. Хариуцагч Д.Ш нь орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс шаардан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Р.Д-д холбогдуулан гаргасан байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Р.Д давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээ тодорхойлсон.

          Тус тогтоолын хянавал хэсгийн 25-27-д дурдсан үндэслэлээр орон сууцыг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг хангасан тул бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.

29. Анхан шатны шүүх хариуцагч Д.Ш нь нэхэмжлэгч Р.Д-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргахдаа орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх хоёр шаардлага гаргасан гэж үзсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзсан гэж дүгнэн энэ хэсгээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Учир нь бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг гаргуулах шаардлагын үндэслэл нь өмчлөх эрхтэй байх явдал байдаг бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргахад өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг энэ хэргийн тухайд тусгайлан гаргах шаардлагагүй гэж үзнэ.

      Иймд хариуцагч сөрөг нэхэмжлэлийн хоёр шаардлага бус, харин бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгө гаргуулах тухай нэг шаардлага гаргасан байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон заалтыг хасаж өөрчлөлт оруулах нь зүйтэй. Давж заалдах шатны шүүх энэ заалтыг хассан боловч ийнхүү хасаж буй үндэслэлээ тодорхой дурдаагүй байгааг дээрх байдлаар залруулна. Хариуцагч Д.Ш нь сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2018.11.29-ний өдөр 140,400 төгрөг төлсөн байх ба бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагад 70,200 төгрөг төлөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасанд нийцэх тул илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Ш-д олгох нь зүйтэй.

30. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч Р.Д-ийн шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг бүрэн үнэлээгүй гэх агуулга бүхий гомдлыг хангаж, зохих өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.                  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2026/00560 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/11029 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

              “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Р.Д, хариуцагч Э.Б нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, хариуцагч Э.Б, Д.Ш нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч Р.Д-ийг Чингэлтэй дүүргийн *** хорооны *** тоот хаягт байрлах, 106.59 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202***3 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хасаж, 4 ба 5 дахь заалтын дугаарыг 3 ба 4 болгон өөрчилж, 3 дахь заалтын “олгосугай.” гэснийг “олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар улсын төсвийн орлогоос 70,200 төгрөгийг гаргуулж, хариуцагч Д.Ш-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Р.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Р.Д нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.04.10-ны өдөр 260,000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Н.БАЯРМАА

                    ШҮҮГЧИД                                                   Н.БАТЗОРИГ

                                                                                        Д.ЦОЛМОН

                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД