Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 126

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Улсын яллагч Х.Оюунцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл

Хохирогч А.Пүрэвсүрэн, Д.Баярмөнх нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн А.Пүрэвсүрэн, Д.Баярмөнх нарт холбогдох эрүүгийн 201719000212 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын  18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 24-нд өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 33  настай,  бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Х Г978 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй гэх Боржигон овгийн Дүгэрээгийн Баярмөнх РД/НЩ:84042478/

 

            Монгол улсын иргэн, 1969 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 48  настай,  бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, В4 дүгээр гудамжны 03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй гэх Тайчууд овгийн Адъяагийн Пүрэвсүрэн РД/НЭ:69032099/

 

            Холбогдсон хэргийн талаар: /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч А.Пүрэвсүрэн, Д.Баярмөнх нар нь согтуугаар 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн В4 дүгээр гудамжинд “том том юм ярьж агсам тавилаа” гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас зодолдож харилцан бие биенийхээ бие махбодид хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч, хохирогч А.Пүрэвсүрэнгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд Гантогоо, Баярмөнх нартай архи хувааж уугаад сууж байтал Баярмөнх том том юм ярьж надад агсам тавиад байхаар нь би Баярмөнхтэй барилцаж аваад Баярмөнх миний нүүрэн тус газар гараараа хоёр цохиж авсан. Би эргүүлээд нүүрэнд нь нэг цохисон. Бид хоёр хоёулаа согтуу байсан болохоор зууралдаж байгаад газар унасан. Бид хоёрыг зууралдаад газар хэвтэж байхад Гантогоо ирж салгаад намайг гэрт оруулж өгсөн. Миний биед зүүн нүд хавдаж цус хурсан байсан. Би унахдаа нүүрээ шалбалсан байсан. Баярмөнх миний биед эмчилгээ хийлгэж өгсөн. Одоо надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/

 

Шүүгдэгч, хохирогч А.Пүрэвсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: Би өөрийн сайн дураар Баярмөнхтэй эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул одоо санал гомдол нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг маань  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Д.Баярмөнхийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд Гантогоо, Баярмөнх нартай архи хувааж уугаад сууж байтал Пүрэвсүрэн намайг хаанаас гарч ирсэн бацаан бэ гэхээр нь таньд ямар хамаатай юм бэ гээд хэрэлдэж байгаад бид хоёр барьцалдаж аваад би Пүрэвсүрэнгийн нүүрэнд хоёр удаа цохиж аваад Пүрэвсүрэн миний нүүр лүү хоёр удаа цохиж авсан. Бид хоёр барьцалдаж байгаад газар унасан. Миний биед үүдэн хоёр шүд хөдөлсөн уруулын дотор тал язарсан гэмтэл учирсан. Пүрэвсүрэн надад эмчилгээ хийлгэж өгсөн. Одоо надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/

 

Шүүгдэгч, хохирогч Д.Баярмөнх шүүхийн хэлэлцүүлэгт: Би Пүрэвсүрэнгийн эмчилгээний зардалд 600 000 төгрөг төлсөн. Би Пүрэвсүрэнгээс эмчилгээний зардал нэхэмжлээгүй. Өөрийн сайн дураар А.Пүрэвсүрэнтэй сайн дураар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан, одоо санал гомдол нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг маань  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гэрч А.Гантогоогийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд Пүрэвсүрэн, Баярмөнх бид гурав архи уугаад сууж байтал Баярмөнх, Пүрэвсүрэн хоёр маргалдаад байсан. Тэгээд тэр хоёр барилцаж аваад нүүрлүүгээ ганц хоёр цохилцоод байхаар нь би дундуур нь орж салгах гэсэн ч салахгүй зууралдаж байгаад газар унаад босож ирэхдээ Пүрэвсүрэнгийн нүүр шалбарч, тэр хоёрын хоёулангийнх нь хамраас цус гарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №166 тоот:

-А.Пүрэвсүрэнгийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн хацраас дух хүртэл зулгаралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            -Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 13 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №165 тоот:

-Д.Баярмөнхийн биед доод уруулын салстанд язарсан шарх, духны хэсэгт зулгаралт баруун зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            -Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 21 хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч А.Пүрэвсүрэн, Д.Баярмөнх нар нь согтуугаар 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн В4 дүгээр гудамжинд “том том юм ярьж агсам тавилаа” гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас зодолдож харилцан бие биенийхээ бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Аймгийн Прокурорын газраас  А.Пүрэвсүрэн, Д.Баярмөнх нарт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тэдгээрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Д.Баярмөнх нь хохирогч А.Пүрэвсүрэнд эмчилгээний зардалд нь 600 000 төгрөгийг төлсөн, хохирогч Д.Баярмөнх нь шүүгдэгч А.Пүрэвсүрэнгээс эмчилгээний зардал нэхэмжлээгүй байх бөгөөд шүүгдэгч  хохирогч А.Пүрэвсүрэн, Д.Баярмөнх нар нь биеийн эрүүл мэндийн байдал сайжирсан, харилцан бие биедээ санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын болон хохирол, төлбөрийн асуудал байхгүй байна.

 

Шүүгдэгч хохирогч А.Пүрэвсүрэн, Д.Баярмөнх нар нь нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь тэдгээрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар “хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн”, “учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан”, “хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн” гэх үндэслэлүүдээр шүүгдэгч А.Пүрэвсүрэн, Д.Баярмөнх нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй байна.

 

            Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Пүрэвсүрэн, Д.Баярмөнх нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэв.

           

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайчууд овгийн Адъяагийн Пүрэвсүрэн, Боржигон овгийн Дүгэрээгийн Баярмөнх нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн А.Пүрэвсүрэн, Д.Баярмөнх нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэхь хэсэгт заасныг журамлан тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

          3. Энэ хэрэгт бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, А.Пүрэвсүрэн, Д.Баярмөнх нар нь урд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Пүрэвсүрэн, Д.Баярмөнх нарт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,  А.Пүрэвсүрэн, Д.Баярмөнх нарт оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ авах болохыг мэдэгдсүгэй

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.МӨНХТУЯА