Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2020/340

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж, шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М” НҮТББ

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 07/2183 дугаартай “Хариу өгөх тухай” захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох;  Маас “Эдийн засгийг эрчимжүүлж, ажлын байрыг хадгалах бизнес санал”-аа илэрхийлэн, Жанжин Сүхбаатарын талбайд хийх тайван цуглааныг бүртгэхийг Нийслэлийн засаг даргад даалгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш, Ө.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор Ковид-19 буюу шинэ коронавирусийн цар тахлыг Монгол Улсын Засгийн газраас Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2 дахь хэсэгт дагуу олон хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах гоц халдварт өвчин буюу “гамшиг” хэмээн үзэж, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоол, 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 102 дугаар тоггоол тус тус гаргаж, улсын хэмжээнд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа билээ.

Энэхүү вирусийн халдварын тархалттай холбоотойгоор манай улсад эдийн засгийн хямрал бодитоор тулгарч байгаа өнөөгийн нөхцөлд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, ажилгүйдэл нэмэгдэн 2020 оны 03 дугаар сарын байдлаар 46000 хүн ажилгүй болоод байна. Ажилгүйдлийг даган өрхийн орлого буурч, иргэдийн худалдан авах чадвар улам бүр муудсаар байна. Ийм үед төр засгаас иргэдийнхээ ажлын байрыг хадгалах илүү бодитой ажил, оновчтой дэмжлэг авч хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн тус Танхим үзэж байна.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд “өмчийн хэлбэрийг үл харгалзах”, “иргэдийн оролцоонд тулгуурлах” зарчмыг баримтлахаар хуульчилсан бөгөөд Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим нь 05 дугаар сарын 01-ний өдрийг “Ажлын байрны өдөр” болгон зарлаж, төрд өөрсдийн дуу хоолойгоо хүргэхээр 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10-12 цагийн хооронд Сүхбаатарын талбайд тайван замаар өөрийн гишүүн байгууллагуудын эзэнгүй болсон хөдөлмөрийн багаж хэрэгслийг хамруулан цуглаан хийхээр Нийслэлийн засаг даргад 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 01/640-1 дугаартай “Тайван цуглаан зохион байгуулах тухай” мэдэгдэл хүргүүлсэн боловч Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 07/2183 дугаартай “Хариу өгөх тухай” албан бичиг буюу захиргааны актаар тус цуглааныг бүртгэхээс татгалзсан хариу өгсөн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь Танхимаас зохион байгуулах цуглаан нь Жагсаал, цуглаан зохион байгуулах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасны дагуу гамшгийн хор уршгийг арилгах зорилготой буюу нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед "Эдийн засгийг эрчимжүүлж, ажлын байрыг хадгалах бизнес санал"-аа нийтэд илэрхийлж, төр засагт уриалахад чиглэсэн тул жагсаал, цуглаан зохион байгуулах хуулийн хориглолтод үл хамаарах бөгөөд бид уг үндэслэлийг мэдэгдэлдээ тодорхой тусгасаар байтал уг нөхцлийг үл харгалзан, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8-р зүйлд заасан хориглолтод хамааруулан цуглааныг бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Мөн уг мэдэгдлийг Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд заасны дагуу Нийслэлийн засаг дарга бүртгэх эсэхийг шийдвэрлэж, хариу өгөх байтал эрх олгогдоогүй этгээд болох Нийслэлийн засаг даргын тамгын газар шийдвэрлэсэн нь мөн эрх зүйн зөрчилтэй байна.

Иймд Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 07/2183 дугаартай “Хариу өгөх тухай” захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, Маас “Эдийн засгийг эрчимжүүлж, ажлын байрыг хадгалах бизнес санал”-аа илэрхийлэн, Жанжин Сүхбаатарын талбайд хийх тайван цуглааныг бүртгэхийг Нийслэлийн засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Маас 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01/630, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/640, 01/640-1 дугаартай албан бичгүүдээр Жанжин Д.Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгох хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст ирүүлсэн.

Улсын онцгой комиссын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар дэлхий нийтэд өндөр хурдацтай тархаж байгаа “СО\/Ю-19”-ын цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан, мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас өгч буй зөвлөмжийг үндэслэн дээрх албан бичгүүдэд жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгоогүй.

Дээрх бичгүүдэд дурдсанаар төрд өөрсдийн дуу хоолойгоо хүргэхээр чанга яригч ашиглах, “хөдөлмөрийн багаж хэрэгсэл” дэлгэх нь иргэдийг олноор нэг дор цуглуулах нөхцлийг бүрдүүлэхээр байгаа юм.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-т зааснаар “гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх” гэж заасан.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.5-т зааснаар Тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах гэж заасны дагуу Маас ирүүлсэн хүсэлтэд хариу өгсөн.

Иймд Маас гаргасан нэхэмжлэл нь Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан “...хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлнэ” гэж заасныг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч М-Нийгэмд үйлчилдэг ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч “Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим” НҮТББ-ыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш тус шүүхэд хандаж “Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 07/2183 дугаар “Хариу өгөх тухай”  захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Эдийн засгийг эрчимжүүлж, ажлын байрыг хадгалах бизнес санал”-аа илэрхийлэн, Жанжин Сүхбаатарын талбайд хийх тайван цуглааныг бүртгэхийг Нийслэлийн засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...вирусийн халдварын тархалттай холбоотойгоор манай улсад эдийн засгийн хямрал бодитоор тулгарч байгаа өнөөгийн нөхцөлд...төр засгаас иргэдийнхээ ажлын байрыг хадгалах  илүү бодитой ажил хийх хэрэгтэй...тул...эзэнгүй болсон хөдөлмөрийн багаж хэрэгслийг хамруулан хүний оролцоогүйгээр цуглаан хийх мэдэгдэл хүргүүлсэн, татгалзсан хариу өгсөн нь хууль бус, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хориглолтод хамаарахгүй...” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим НҮТББ-аас 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01/640-1 дугаар бүхий “Тайван цуглаан зохион байгуулах тухай мэдэгдэл”-ийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.А хүргүүлсэн байх ба уг мэдэгдэлд “...ажилгүйдэл нэмэгдэн 2020 оны 3 дугаар сарын байдлаар 46000 хүн ажилгүй болоод байна...иргэдийнхээ ажлын байрыг хадгалах бодитой ажил хэрэгжүүлэх хэрэгтэй, УИХ-аар “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” тогтоолыг...яаралтай батлуулж дэмжүүлэх зорилгоор...2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 09:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд тайван замаар хүний оролцоогүй 3000 орчим хөдөлмөрийн багаж хэрэгслийг хамруулан цуглаан хийхээр төлөвлөөд байна, уг цуглаан нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасны дагуу гамшгийн хор уршгийг арилгах зорилготой...тул хуулийн хориглолтод үл хамаарна...” гэж тэмдэглээд цуглааныг биечлэн хариуцах эрх бүхий этгээд болох Т.Д итгэмжлэлийг хавсаргажээ.

Иргэн Т.Д нь нэхэмжлэгч байгууллагаас тухайн цуглааныг зохион байгуулах, үр дагаврыг хариуцах бүрэн эрхтэй итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийн зөвлөх ажилтай М.Ш, Ө.Б нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж шүүхэд итгэмжлэл ирүүлснийг хууль зөрчөөгүй гэж үзэж шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэснийг тэмдэглэх нь зүйтэй.

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим НҮТББ-аас ирүүлсэн дээрхи мэдэгдэлд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Д 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 07/2183 дугаар “Хариу өгөх тухай” албан бичгээр “...Улсын онцгой комиссын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар...цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд...гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл сунгасантай холбогдуулж...зөвшөөрөл олгоогүй болно,...төрд өөрсдийн дуу хоолойг хүргэхээр чанга яригч ашиглах, хөдөлмөрийн багаж хэрэгсэл дэлгэх нь иргэдийг нэг дор цуглуулах нөхцлийг бүрдүүлэх тул...бүртгэх боломжгүй” гэсэн хариу өгсөн байна. 

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Монгол улсын иргэдээс улс төр, нийгэм эдийн засаг, хүний эрх эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагааг цуглаан гэнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “...цуглааныг...төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй” гэж, түүнчлэн уг хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “дараахь зорилгоор ...цуглаан зохион байгуулахыг хориглоно”, 3-д “улс орны буюу тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд онц болон дайны байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал...цуглаан хийхийг хориглоно” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...вирусийн халдварын тархалттай холбоотойгоор манай улсад эдийн засгийн хямрал бодитоор тулгарч байгаа өнөөгийн нөхцөлд...төр засгаас иргэдийнхээ ажлын байрыг хадгалах  илүү бодитой ажил хийх хэрэгтэй, энэ зорилгоор хийж байгаа цуглаан тул Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хориглолтонд хамаарахгүй...буюу өөрөөр хэлбэл гамшгийн хор уршгийг арилгах зорилгоор хийж буй цуглаан” гэж тодорхойлж байгааг шүүх хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Тухайлбал Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “онц болон дайны байдал зарласан шалтгааныг эсэргүүцэх, гамшгийн хор уршгийг арилгах зорилгоор зохион байгуулах цуглаанд энэ зүйлийн 3 дахь хэсгийн заалт үл хамаарна” гэж, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1-д “гамшиг” гэж аюулт үзэгдэл, ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирох...улс болон орон нутгийн дотоод нөөц боломжоос давсан хохирол учрахыг, 4.1.14-т “гамшгийн хор уршиг” гэж гамшгийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, мал амьтан хорогдсон, эд хөрөнгө үрэгдсэн, хүрээлэн байгаа орчинд нөлөөлсөн сөрөг үр дагаврыг, мөн хуулийн 4.1.15-д “гамшгийн хор уршгийг арилгах” гэж энэ хуулийн 4.1.14-т заасан үр дагаврыг багасгах, хоёрдогч аюулын шинж чанарыг бууруулах, гамшгийг гэтлэн давахад чиглэсэн хойшлуулшгүй үйл ажиллагаа” гэж тус тус тодорхойлжээ.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл нэхэмжлэгч байгууллагаас зохион байгуулахаар хүсэлт гаргасан цуглааны зорилго нь улс орны хэмжээнд үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг төр засгийн анхааралд хүргэхэд чиглэгдсэн байх тул Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан гамшгийн хор уршгийг арилгахад чиглэгдсэн хойшлуулшгүй үйл ажиллагаа гэж үзэхгүй, энэ утгаараа Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хориглосон зохицуулалтанд хамаарч байна.

Нөгөө талаар Монгол улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.2, 11.3.3-д заасныг үндэслэн гаргасан, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар бүхий “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолоор Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал /Засгийн газрын 102 дугаар тогтоолоор сунгасан/ хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн, уг тогтоолын 3 дахь заалтаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4-т заасан арга хэмжээг...хэрэгжүүлж ажиллахыг...бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

Дээрхи тогтоол болон Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.в “...өвчин гарах нөхцөл бүрдсэн буюу гарсан тохиолдолд нутаг дэвсгэртээ бүхэлд нь буюу хэсэгчлэн онцгой дэглэм тогтоох” гэж заасныг үндэслэн гаргасан Нийслэлийн засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/436 дугаар бүхий “Коронавируст /КОВИД-19/ халдвараас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн 1 дэх заалтаар “...гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасантай холбогдуулан 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд дараахь үйл ажиллагааг дор дурдсанаар хязгаарласугай” гэж, 2 дахь заалтаар “энэ захирамж гарсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дор дурдсан байгууллагад үүрэг болгосугай, 2.1 “иргэн, хуулийн этгээдээс зохион байгуулах олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглааныг бүртгэхгүй байхыг Нийслэлийн засаг даргын тамгын газар, Дүүргүүдийн засаг дарга нарт...” гэж тус тус заасан, уг захирамжийн үйлчлэх хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/590 дүгээр захирамжаар “2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сунгах”-аар шийдвэрлэжээ.

Эдгээр шийдвэр захирамжуудаас үзвэл Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа үргэлжилж байх ба энэ үндэслэлээр Нийслэлийн засаг даргаас тогтоосон хязгаарлалтын хүрээнд нэхэмжлэгч байгуулагаас, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хийхээр төлөвлөсөн цуглааныг бүртгээгүй хариуцагч захиргааны байгууллагын гаргасан шийдвэр хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Коронавируст /КОВИД-19/ халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал /цаашид “цар тахал” гэх/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална”, 5.1.4 “нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоох, хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах” гэж зааснаар нэхэмжлэгч байгууллагын хийх цуглааны зорилгоос илүү нийт иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, цар тахлаас урьдчилан сэргийлэх үндэслэлээр цуглаан зохион байгуулах эрхийг хязгаарласан Нийслэлийн засаг даргын захирамжийг үндэслэн зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хуулийн дээрхи заалттай нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий захиргааны акт гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “захиргааны акт гаргахдаа...сонсох ажиллагаа явуулаагүй нь хууль бус, сонсох ажиллагаа явуулсан бол илүү дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар хүргүүлэх байсан” гэж маргаж байх боловч тухайн тохиолдолд цуглаан зохион байгуулах нь нийтийн ашиг сонирхолд тухайлбал нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэсэн үндэслэлээр захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа хийгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “дараахь тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно”, 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж заасантай нийцсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хүний оролцоогүй, зөвхөн хөдөлмөрийн багаж хэрэгсэл байрлуулж, тэдгээрийн дээр нь уриагаа наах байдлаар цахим хэлбэрээр явуулах байсан...” гэж тайлбарлан шүүхэд нотлох баримт ирүүлсэн боловч эдгээрийг анх захиргааны байгууллагад мэдэгдэл хүргүүлэхдээ хавсаргаж өгөөгүйн дээр Нийслэлийн засаг даргын захирамжаар цуглааныг бүртгэхийг бүхэлд нь хориглосон тул тухайн цуглаан цахим эсхүл цахим бус байх, хөдөлмөрийн багаж хэрэгсэл байрлуулах зэрэг хэлбэртэй байх нь хариуцагчийн татгалзалд нөлөөлөхгүй гэж шүүх үзлээ.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.5-т зааснаар Нийслэлийн засаг дарга нь тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах эрхтэй тул Маас ирүүлсэн хүсэлтэд Нийслэлийн засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга хариу өгсөн нь хуулийн дээрхи заалтыг зөрчөөгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.15, Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.в, Коронавируст /КОВИД-19/ халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш аас гаргасан, “Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 07/2183 дугаар “Хариу өгөх тухай”  захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Эдийн засгийг эрчимжүүлж, ажлын байрыг хадгалах бизнес санал”-аа илэрхийлэн, Жанжин Сүхбаатарын талбайд хийх тайван цуглааныг бүртгэхийг Нийслэлийн засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.Д