| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2021/03996/И |
| Дугаар | 183/ШШ2022/00696 |
| Огноо | 2022-03-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2022/00696
| 2022 оны 03 сарын 18 өдөр | Дугаар 183/ШШ2022/00696 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *дугаар хороо, *дүгээр хороолол, * хотхон, * дугаар байр, * тоот хаягт байрлах ЭААС ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо,* хороолол, * дугаар байр, * тоот хаягт оршин суух Боржигон овогт Ц.Ц /РД:НЛ85040965/-д холбогдох
Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 17 580 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хугацаандаа орон сууцыг хүлээлгэж өгөөгүйгээс гаргасан зардалд 4 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Д
хариуцагчийн өмгөөлөгч Г.М
нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ЭААС ХХК хариуцагч Ц.Цд холбогдуулан орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 17 580 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
Манай компани нь ****групп ХХК-тай хамтран ажиллаж байсан бөгөөд ажлын хөлсөнд орон сууц авахаар бартерын гэрээ байгуулсан. Уг байраа Ц.Цд худалдахаар 2020.5.13-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу худалдан авагч болох Ц.Цгийн зүгээс орон сууцны үнэд 287 580 000 төгрөг төлөх, харин манай компанийн зүгээс Хан-Уул дүүрэг, **дугаар хороо,* хороолол, *-с байр, 95.86 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдан авагчийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2020.5.19-ний өдөр ****групп ХХК-ийн орон сууц захиалан бариулах гэрээг шилжүүлж, түүний үндсэн дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлж гэрчилгээг түүнд олгосон боловч Ц.Ц нь орон сууцны үлдэгдэл 17 580 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байх тул гаргуулж өгнө үү. Уг орон сууцыг ашиглалтад оруулж, хүлээлгэж өгөх үүргийг манай компани хариуцахгүй бөгөөд энэ нь ****групп ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан байр гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: ЭААС ХХК-иас 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан *хороолол, * дугаар байр * тоот орон сууцыг худалдан авсан. Гэвч ЭААС ХХК нь орон сууцыг гэрээнд заасан хугацаандаа хүлээлгэж өгөөгүй. Ц.Ц би өөр орон сууц түрээслэн амьдрахаас өөр аргагүй байдалд орсон бөгөөд тухайн үед төрөх дөхсөн байсан. Их хохирсон. Байрны үлдэгдэл төлбөрийг сөрөг нэхэмжлэлийн дүнгээр багасгаж, төлөх боломжтой гэв.
3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан орон сууцыг хугацаандаа хүлээлгэж өгөөгүйгээс гаргасан зардлыг хохиролд тооцож, 4 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ЭААС ХХК-иас 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан * хороолол, * дугаар байр * тоот орон сууцыг худалдан авсан. Гэвч ЭААС ХХК нь орон сууцыг талуудын Ц.Ц би өөр орон сууц түрээслэн амьдрахаас өөр аргагүй болсон. Тухайн үед би төрөх дөхчихсөн байсан бөгөөд худалдан авсан байрандаа орохоор тус компанийн ажилтнуудтай ярихад надтай зүй бусаар харилцаж доромжилж байсанд маш их гомдолтой байна. Орон сууц түрээсийн зардал 2 400 000 төгрөг, эмчилгээний зардал 1 600 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. гэв.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь талуудын байгуулсан гэрээний 2.3, 2.4-т зааснаар тухайн байрны төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсны дараа байрыг хүлээлгэн өгнө гэсэн бөгөөд бид төлбөрийг бүрэн төлөөгүй байхад бичиг баримтыг шилжүүлж, Ц.Цгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг өгсөн. Гэтэл төлбөрөө бүрэн төлөөгүй хэрнээ ийм зүйл ярьж байгааг зөвшөөрөхгүй. Байрыг хүлээлгэж өгөх үүрэг нь манайд биш ****групп ХХК-д байсан гэв.
5. Нэхэмжлэгч талаас 2020.05.13-ний өдрийн ЭААС ХХК болон Ц.Ц нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, нэхэмжлэх/хх-ийн 5-9/
6. Хариуцагч талаас 2020.07.06-ны өдрийн байр хүлээлцэх акт, Хүннү хороолол 110-р байр 2с тоот 2020.05.19-ний өдрийн ****групп ХХК болон Ц.Ц нарын Орон сууц худалдах худалдан авах гэрээ, 2020.05.22-ны өдрийн ЭААС ХХК-ийн Ц.Цд хүргүүлсэн албан тоот, 2019.07.08-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ, Ц.Цгийн Хаан банкны дансны хуулга, Х* хороолол,* дугаар байр * тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулсан комиссын акт, Энх-амаржин сувилалын баримт зэргийг ирүүлжээ. /хх-ийн 37-44, 50-60/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:Ц.Цтай байгуулсан 2020.5.13-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, **дугаар хороо,* хороолол, *-с байр, 95.86 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдан авагчийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэх үүрэг хүлээснийг биелүүлж, байраа хүлээлгэж өгсөн боловч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. гэж тайлбарлав.
3. Хариуцагч нь ...байрыг хугацаандаа хүлээлгэж өгөөгүйгээс зардал гаргаж хохирсон тул зөвшөөрөхгүй. гэж тайлбарлав.
4. Хариуагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...худалдан авсан байрандаа орохоор тус компанийн ажилтнуудтай ярихад надтай зүй бусаар харилцаж доромжилж байсанд маш их гомдолтой байна. Орон сууц түрээсийн зардал 2 400 000 төгрөг, эмчилгээний зардал 1 600 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. гэж тайлбарласан.
5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлдээ ...Ц.Цгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг өгсөн. Гэтэл төлбөрөө бүрэн төлөөгүй хэрнээ ийм зүйл ярьж байгааг зөвшөөрөхгүй. Байрыг хүлээлгэж өгөх үүрэг нь манайд биш ****групп ХХК-д байсан. гэж маргав.
6. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2020.5.13-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ЭААС ХХК болон ****групп ХХК-ны хооронд байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу сонгож авсан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү 2222 хороолол, 110-р байр, 2 с тоот, 95.86 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 3 000 000 төгрөгөөр тооцож, нийт 287 580 000 төгрөгөөр ЭААС ХХК нь Ц.Цд худалдахаар, худалдан авагч Ц.Ц нь төлбөрийг 2020 оны 5 сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон байх ба 2020.07.09-ны өдрийн байдлаар харицагч Ц.Ц нь байрны үнэнд нийт 270 000 000 төгрөгийг төлж, 17 580 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна.
Талуудын байгуулсан дээрх гэрээний 2.3-т заасны дагуу ЭААС ХХК нь ****групп ХХК-ны борлуулалтын албанд гэрээг Ц.Цгийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг гаргаж, улмаар ****групп ХХК нь Ц.Цтай 2020.05.19-ний өдөр дээрх Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү 2222 хороолол, 110-р байр, 2 с тоот, 95.86 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээг байгуулснаар уг орон сууцыг хүлээгэж өгөх үүрэг ****групп ХХК-нд шилжсэн байх бөгөөд уг орон сууцыг 2020.07.06-ны өдөр хүлээлгэж өгсөн болох нь байр хүлээлцсэн акт болон талуудын тайлбараар тогтоогдож байх ба талууд уг асуудлаар маргаагүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, түүнчлэн гэрээний дагуу ****групп ХХК нь орон сууцыг шилжүүлэн өгч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч Ц.Цгийн нэр дээр гаргаж өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
7. Харин хариуцагч Ц.Ц нь үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс маргаан үүссэн ба уг төлбөрийг төлөөгүй шалтгаанаа орон сууцыг хугацаандаа өгөөгүйгээс эрүүл мэнд болон сэтгэл санааны хувьд хохирч, улмаар байр түрээслэж, зардал гаргасан гэж сөрөг нэхэмжлэл гаргаж, маргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас болон зохигч талуудын тайлбар зэргээс нэхэмжлэгч ЭААС ХХК нь байр хүлээлгэж өгөх үүргийг ****групп ХХК-д шилжүүлсэн байх ба хариуцагч Ц.Ц нь дээрхийг зөвшөөрч, гэрээг байгуулсан байгаагаас нэхэмжлэгчийг орон сууцыг хугацаа хэтрүүлж хүлээлгэж өгсөн гэх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Цгаас гэрээний үүрэгт 17 580 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЭААС ХХК-д олгож, хариуцагч Ц.Цгийн 4 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 245 850 төгрөгийг, хариуцагч Ц.Цгаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 79 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цгаас улсын тэмдэгтийн хураамжинд 245 850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭААС ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ