Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/857

 

 

 

 

  

                                                                                                                                              

 

   2024          10           30                                    2024/ШЦТ/857

 

 

                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Уугантамир хөтлөн,

улсын яллагч А.Марал,  

шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Тээврийн Прокурорын газрын прокуророос б овогт Б-н У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Б овогт Б-н у /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.У нь 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2024 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Нарны гүүрний замд “Тоёота Эстима” маркийн **-**  улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэрэгт холбогджээ

.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.У Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У-н өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 3-4, 6 дахь тал/,

 

Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 7, 46 дахь тал/,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 308 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.У-э яллагдагчаар өгсөн: “...Би тухайн өдөр Чингэлтэй дүүргийн *** дүгээр хороо, *** дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “***”  нэртэй онлайн арилжааны газарт найзтайгаа нийлж архи хувааж уусан. Өглөө нь буюу 7 цагийн үед гэртээ харих гээд “Тоёота Эстима” маркийн **-**  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Энгельсийн гудамж, Нарны гүүрэн дээр цагдаад баригдсан.  Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл манай хуурай эгч Н-н машин байгаа юм. Би ойролцоогоор 5-6 километр газар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. Би 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан. 2024 оны 8 дугаар сарын 2-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгадаг багаж үлээхэд 1.762 %-ийн согтолттой гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Г.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 33 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 32 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.У 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2024 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо, Нарны гүүрний замд “Тоёота Эстима” маркийн **-**  улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэх гэмт хэргийн үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 3, 6 дахь тал/, Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 7, 46 дахь тал/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.У-н дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар  зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд: “...шүүгдэгч Б.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” санал гаргав.

 

Шүүгдэгч Б.У шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ:  “...Гэм буруугийн талаар маргахгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.У тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос Б.Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан  “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.У-т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Гурав. Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.У цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч б овогт Б-н У-г “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүгдэгч Б.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.У цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт хураан ирүүлсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ