Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/858

 

 

 

 

 

  

                                                                                                                                              

 

    2024          10           30                                    2024/ШЦТ/858

 

 

                               

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Уугантамир хөтлөн,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Ж.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Хангелди Х овогт Ж-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн ** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, **”-ийн нэрэмжит коллежид суралцдаг гэх, ам бүл 2, эхийн хамт, Баянгол дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар  гудамжны нийтийн байрны 87-6 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Хангелди Хумырсха овогт Жанарбекийн М- /РД:**/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ж.М- 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** *** дугаар гудамжны нийтийн байрны 78-6 тоотод хохирогч Ч.Т- эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ж.М- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Ж.М-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

           Хохирогч Ч.Т- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянгол дүүргийн ** дүгээр хороо, ** тоот нийтийн байрыг бусдад түрээслүүлдэг. Өнөөдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байрандаа байж байтал 6 тоотын эмэгтэй манайд хорхой шавж яваад хазаад байна, өрөөгөө солиулмаар байна гэж хэлэхээр нь би ороод хор цацаад өгье гэж хэлээд гэрт нь хамт орсон. Гэрт нь дөнгөж ороод байж байтал гаднаас үл таних залуу орж ирээд “чи хаалга түгждэг хэн бэ” гэж хэлээд над руу дайрсан. Улмаар тэр залуу намайг дарж унагаагаад цээж хэсэг рүү олон удаа цохисон. Тэгж байтал манай эхнэрийн дүү Ц гэрээсээ гарч ирээд тэр залууг салгаад цагдаа дуудаж өгсөн. Миний зүүн хавирга хугарч, нүд хавдаж, хамар хугарсан... Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7, 10 дахь тал/,

 

          Гэрч Е.А-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байр маш их жоомтой байсан тул 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр байрны жижүүрт манай өрөө маш их жоомтой байна, та хор цацаад өгөөч гэж хэлтэл жижүүр за тэгье, би жаахан байж байгаад орж хор цацаж өгье, чи буцаж ороод тавилгануудаа  зайчлаад байж бай гэж хэлсэн. Би өрөөндөө ороод байж байтал жижүүр орж ирсэн. Дараа нь би хаалгаа түгжсэн. Жижүүр орж ирээд хор цацчихаад, юмаа янзлаад байж байтал хаалга тогшихоор нь жижүүр хаалга тайлтал манай хүү М- байсан ба гэрт орж ирээд намайг эрэгтэй хүнтэй хоёулханаа, хаалгаа цоожилчихсон байна гэж уурлаад жижүүр эрэгтэйн зүүн нүд рүү нь цохиод авахаар нь би дундуур нь орж салгах гэж оролдсон. Гэтэл манай хүүхдийн уурлаж орилох чимээнээр манай хажуу талд амьдардаг эмэгтэй гэрч ирсэн ба тухайн үед би өөр хүн цагдаа дуудвал манай хүү буруудах байх гэж бодоод би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

           Гэрч П.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би нойл орох гээд явж байтал манай байрны эгч жижүүр ахад хор цацаж өг, хорхой шавж дийлдэхгүй байна, гэрэлтэй унтаж чадахгүй байна гээд орилж хашхираад яваад байсан. Тэгээд би нойл орчихоод өрөөндөө ороод амарч байтал манай хажуу тоотод хүмүүс маргалдаад байхаар нь би өрөөнөөсөө гарч хартал үл таних халзан толгойтой залуу байрны жижүүр ахыг газар унагачихсан дээрээс нь дэвсэж харагдсан. Гэтэл жижүүр ах болиоч гэж хэлтэл баруун хацар хэсэг рүү нь хөлөөрөө жийхээр нь би жижүүр ахын эхнэр рүү залгаад танай нөхрийг байрны 6 тоотын залуу зодож байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

          Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн **** дугаартай шинжээчийн “...Ч.Т- биед хамар ясны баруун хажуу хана цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

            Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 28 дахь тал/,

 

            Хохирогч Ч.Т- “...Гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй...” гэх баримт /хавтаст хэргийн 46, 51 дэх тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.М-гийн яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өөрийн гэр болох Баянгол дүүргийн 21 дүгээр хороо *** дугаар байрны *** нийтийн байрныхаа жижүүр Ч.Т ахыг буруугаар ойлгож, улмаар түүний биед гэмтэл учруулсандаа харамсаж байна, би хохирол төлбөр нөхөн төлнө...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-4 дахь тал/,

 

 Шүүгдэгч  Ж.М-гийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст 90 дэх тал/,     эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дэх  тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд хэрэгт авагджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.М- 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 16 дугаар гудамжны нийтийн байрны *** тоотод хохирогч Ч.Т- эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Ж.М- өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Ж.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” санал, дүгнэлт гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Ж.М- хохирогч Ч.Т-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос Ж.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Ж.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.М-г Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ж.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Гурав. Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Ч.Т- эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт хохирогч Ч.Т- “...сэтгэл санааны хохирол гэж нэхэмжлэхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46, 51 дэх тал/ авагдсан байх тул шүүгдэгч Ж.М-г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгч Ж.М- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х овогт Ж-н М-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Ж.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ж.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Ж.М- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мрөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ