| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0669/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/866 |
| Огноо | 0000-00-00 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | З.Наранчимэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/866
2024 11 01 2024/ШЦТ/866
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Уугантамир хөтлөн,
улсын яллагч З.Наранчимэг,
шүүгдэгч Б.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б- Ц-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, тусгай дунд боловсролтой, шуурхай албаны жолооч мэргэжилтэй, “***”-т борлуулалтын жолооч ажилтай, ам бүл **, найз эмэгтэйн хамт, Сонгинохайрхан дүүргийн * дүгээр хороо, *** тоотод оршин суудаг, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 4-ний *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Б овогт Б-н Ц- /регистрийн дугаар: **/.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүдэгч Б.Ц- 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хохирогч Н.Б-н гар утсыг ашиглан Голомт банкны аппликейшнээр нь дамжуулан “***” ББСБ-ын зээлийн аппликейшнээс 2.370.000 төгрөгийн зээл авч өөрийн эзэмшлийн “ХААН” банкны *** дугаартай дансанд шилжүүлж хулгайлсан мөн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “ХААН” банкны аппликейшнээр нь дамжуулан “**” ББСБ-ын зээлийн аппликейшнээс 310.000 төгрөгийн зээл авч өөрийн эзэмшлийн “ХААН” банкны ** дугаартай дансанд шилжүүлж хулгайлсан,
Мөн өдөр буюу 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “ХААН” банкны аппликейшнээр нь дамжуулан “**” ББСБ-ын зээлийн аппликейшнээс 500.000 төгрөгийн зээл авч Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “***” кино театрын урд байрлах “ХААН” банкны АТМ-ээс өөрийн эзэмшлийн “ХААН” банкны *** дугаартай дансанд шилжүүлж хулгайлж хохирогч Н.Б-н эд хөрөнгө, хөрөнгийн эрхэнд хууль бусаар халдаж, бага хэмжээнээс дээш буюу нийт 3.180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“...2.170.000 төгрөгийг “**” зээлийн аппликэйшнээс хохирогч өөрөө надад зээлж өгсөн. 310.000 төгрөгийг “Гандан”-д хамт хоол идэж байх үед би мөнгө зээлээч гэхэд өөрөө миний данс руу шилжүүлсэн. 500.000 төгрөгийг “Гандан”-гийн автобусны тэнд хамт байхдаа өөрийнх нь зөвшөөрөлтэй би картных нь нууц кодыг мэддэг болохоор АТМ-ээс авсан. Гэтэл намайг хулгайлсан гэж хэлээд байгаа...” гэв.
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5, 20-22 дахь тал/, Хохирогч Н.Б-н депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 8-9, 13-14 дэх тал/, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11, 16-17 дэх тал/,Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 25 дахь тал/,
Хохирогч Н.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би өөрийн буруугүй үйлдлийн улмаас зээлийн хэтрэлттэй мэдээллийн санд 2 сарын өмнө орсон. Яагаад гэвэл миний гар утсыг өнгөрсөн оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд хамт ажилладаг байсан Ц- гэдэг залуу ашиглаад зээлийн аппликейшнээс 3.120.000 төгрөгийн зээл аваад АТМ болон интернет банкаар дамжуулан гарган авсан байна. 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдөр миний “Голомт” банкны аппликейшнийг ашиглаж “***”-аас 2.370.000 төгрөгийн зээлийг аваад өөрийнхөө данс руу шилжүүлсэн байсан мөн маргааш нь миний “ХААН” банкны дансыг ашиглаж “*** дугаарын данс руу 250.000 төгрөгийг шилжүүлсэн байсан дараа нь 2100 төгрөгөөр 1 удаа, 45.000 төгрөгөөр 1 удаа зарлага хийсэн байсан, энэ өдрийн орой 22 цагийн үед “Соно финтек” гэх зээлийн аппликейшнээс 500.000 төгрөгийн зээл аваад мөн өөрийнхөө данс руу АТМ-аар дамжуулаад шилжүүлсэн байсан. Миний дансанд зээл гэж мөнгө орж ирээд гараад явдаг үе нь намайг гэррүүгээ харих замд “Модны 2”-ын тэнд явж байхад болсон байсан. Бүх авсан зээлийг намайг хаана байхад авсан гэдгийг нь би мэдэхгүй байна. Харин “ХААН” банкны данс руу орж ирсэн тэр 500.000 төгрөгийн зээлийг намайг гэр рүүгээ харьж явах замд буюу Баянгол дүүргийн “Модны 2” явж байхад гараад явсан, өдөр нь Ц- миний гар утасны ард байсан “ХААН” банкны картыг аваад үлдчихсэн юм байна лээ. Тэгээд картаар минь дамжуулаад тухайн зээлийн мөнгийг өөрийн данс руугаа шилжүүлсэн байсан. Би тухайн үед “Samsung Galaxy A-34” маркийн гар утастай байсан, миний утас кодгүй байсан. Хэн хэн миний гар утсыг кодгүй гэдгийг мэддэг байсан талаар би сайн мэдэхгүй байна. Надад учирсан 3.120.000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
Хохирогч Н.Б-н 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “...Надад 2023 оны 7 дугаар сарын сүүлээс зээл дарах шаардлагатай байна гэж хэлж байсан, мөнгө зээлээч аппликейшнээс зээлээд өгөөч гэж гуйдаг байсан. Би бол өөрөө байрны зээлтэй тул ямар ч боломжгүй гэж хэлдэг байсан. 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Б.Ц-ий машинд ажлаасаа тараад гэррүүгээ хүргүүлэх гэж явж байгаад “Модны-2” дээр би хүнтэй уулзахаар машинаас нь буухдаа гар утас болон өөрийн “ХААН” банкны картаа машинд нь үлдээгээд буусан. Тэгээд буцаад 20 минутын дараа ирэхэд миний утас машинд нь байсан бөгөөд утсаа аваад өөрийн банкны аппликейшин руу ороход “Соно финтек” аппликейшнээс 500.000 төгрөг ороод буцаад гарсан байсан. Би зээл авчихсан байна шүү дээ, яаж байгаа юм гэхэд мөнгөний хэрэг байна, буцаагаад төлнө гэж хэлсэн.
Би 2023 оны 8 дугаар сарын 10-ны орой Б.Ц-ээс салаад гэртээ очоод тухайн мөнгөнүүдийг авсан байсныг мэдсэн. Миний утас нууц кодгүй байсан бөгөөд Голомт банк гүйлгээний нууц үг гэж байхгүй учраас Голомтын дансыг ашиглаж зээл авч гүйлгээ хийсэн байсан. Б.Ц-ий нь “Тус финтек” ББСБ-аас 310.000 төгрөгийн зээл авсан байсан нь Б.Ц- миний “Тус финтек ББСБ”-ын кодыг миний утаснаас хараад мэдээд өөрийн утсан дээр миний кодыг хийж зээл авсан байх гэж бодож байна. Над руу тэр үед залгаад чиний данс руу мөнгө орсон шилжүүл гэж залгахаар нь би 250.000 төгрөгийг Б.Ц-ий данс руу шилжүүлсэн. Миний нэрээр зээл авсан гэдгийг мэдээгүй. Надад 3.180.000 төгрөгийн хохирол учирсан, тухайн мөнгөний хүү нь 890.000 төгрөгийн хүүг би өөрөөсөө төлсөн надад нийт 4.070.000 төгрөгийн хохирол учирсан, тухайн хохирлыг барагдуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,
Хохирогч Н.Б-н 2024 оны 10 дугаар сарын 3-ны өдөр өгсөн: “...Б.Ц- миний “Голомт” банкны аппликэйшинг ашиглаж “Ашид капитал”-аас 2.370.000 төгрөгийн зээл аваад өөрийнхөө данс руу шилжүүлсэн, маргааш нь миний “ХААН” банкны дансыг ашиглаж “****” ББСБ-аас 310.000 төрөгийн зээл аваад өөрийнхөө данс руу 250.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Дараа нь 210 төгрөгөөр 1 удаа, 45.000 төгрөгөөр 1 удаа зарлага хийсэн байсан. “Соно финтек” гэх зээлийн аппликэйшнээс 500.000 төгрөгийн зээл аваад мөн өөрийнхөө данс руу АТМ-аар дамжуулан шилжүүлж авсан байгаа... Тухайн үед 3.180.000 төгрөгийн хохирол учирсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117-119 дэх тал/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэргийн 81-83 дахь тал/,
Шүүгдэгч Б.Ц-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би Б-тай оюутан байхдаа танилцаж байсан. Тэрнээс хойш үерхэж байгаад гэр бүлийнхэнтэйгээ танилцаж байсан... 2023 онд “***”-д менежер байхдаа намайг ажилд оруулж байсан. Тэрнээс хойш харьцаж байгаад 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдөр би Б-н хамт явж байгаад “***” ББСБ-ын зээлийн аппликейшнээс 2.370.000 төгрөг зээлүүлж Б-н данснаас би өөрийн “ХААН” банкны *** дугаарын данс руу авч байсан. Би зээл дарах шалтгаанаар мөнгөний хэрэг гараад авхуулж байсан. Маргааш нь мөн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “Гандан”-гийн орчимд хамт байхдаа “ХААН” банкны аппликейшнээр нь дамжуулан “**” ББСБ-ын зээлийн аппликейшнээр Б-р 310.000 төгрөг зээлж авахуулж байсан. Миний зээлийн аппликейшин болохгүй байсан болохоор авахуулж өөрийн данс руу шилжүүлж авч байсан. Тухайн мөнгийг би “ХААН” банкны цалингийн зээл 3.000.000 төгрөгийн зээлийг дарах зорилгоор авч байсан. 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр мөн орой Модны хоёрт машинтай хамт явж байхдаа бид хоёр хэрэглэх гэж байсан Б “Соно финтек” аппликейшнээс 500.000 төгрөг авахуулж, би АТМ орж мөнгийг авсан. Б ажлынхаа хүнтэй “Модны-2”-ын автобусны буудал дээр хүнтэй уулзаж байсан. Тэгээд би АТМ орж 500.000 төгрөг Б-н картаар өөрийн данс руу шилжүүлж авч байсан. Тэгээд хамт ажиллаж байгаад 2024 оны 2 дугаар сард Б ажлаасаа гараад Завхан аймаг руу шилжсэн. Тэрнээс хойш харьцаж байгаад 2024 оны 4 дүгээр сард над руу холбогдож зээлсэн мөнгөө авъя гэж утсаар ярьсан. Зээлээ төлье гэсэн, би тухайн мөнгийг хэрэглээний мөнгө болон зээл дарахаар авч байсан. Зээлэндээ 3.000.000 төгрөг шилжүүлж байсан. Би хохирлыг барагдуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,
шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ц- 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хохирогч Н.Б-н ******” ББСБ-ын зээлийн аппликейшнээс 2.370.000 төгрөгийн зээл авч өөрийн эзэмшлийн “ХААН” банкны ** дугаартай дансанд шилжүүлж хулгайлсан мөн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “ХААН” банкны аппликейшнээр нь дамжуулан “***” ББСБ-ын зээлийн аппликейшнээс 310.000 төгрөгийн зээл авч өөрийн эзэмшлийн “ХААН” банкны *** дугаартай дансанд шилжүүлж хулгайлсан,
мөн өдөр буюу 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “ХААН” банкны аппликейшнээр нь дамжуулан “****” ББСБ-ын зээлийн аппликейшнээс 500.000 төгрөгийн зээл авч Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Од” кино театрын урд байрлах “ХААН” банкны АТМ-ээс өөрийн эзэмшлийн “ХААН” банкны *** дугаартай дансанд шилжүүлж хулгайлж, хохирогч Н.Б-н эд хөрөнгө, хөрөнгийн эрхэнд хууль бусаар халдаж, бага хэмжээнээс дээш буюу нийт 3.180.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.Б-н өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1-д “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.
“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Ц- нь шунахай сэдэлтээр 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хохирогч Н.Бн гар утсыг ашиглан Голомт банкны аппликейшнээр нь дамжуулан “****” ББСБ-ын зээлийн аппликейшнээс 2.370.000 төгрөгийн зээл авч өөрийн эзэмшлийн “ХААН” банкны *** дугаартай дансанд шилжүүлж хулгайлсан мөн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “ХААН” банкны аппликейшнээр нь дамжуулан “Тус финтек” ББСБ-ын зээлийн аппликейшнээс 310.000 төгрөгийн зээл авч өөрийн эзэмшлийн “ХААН” банкны **** дугаартай дансанд шилжүүлж хулгайлсан,
мөн өдөр буюу 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “ХААН” банкны аппликейшнээр нь дамжуулан “Соно финтек” ББСБ-ын зээлийн аппликейшнээс 500.000 төгрөгийн зээл авч Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Од” кино театрын урд байрлах “ХААН” банкны АТМ-ээс өөрийн эзэмшлийн “ХААН” банкны *** дугаартай дансанд шилжүүлж хулгайлсан нь нотлогдон тогтоогдсон бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна, иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Ц- мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд “...Хохирогч өөрөө надад авч өгсөн, гэтэл намайг хулгайлсан гэж байна...” гэж мэдүүлж байгааг тодруулбал шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх энэхүү эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй юм.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 330 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал дүгнэлтийг гаргав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Ц-ий үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 330 /гурван зуун гучин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хэрэгт хохирогч Н.Б-н “...надад гомдол, санал байхгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 119 дэх тал/ авагдсан байх тул шүүгдэгч Б.Ц-ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.Ц- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-н Ц-ийг “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 330 /гурван зуун гучин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ц- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Б.Ц- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидийг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ