| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2022/00941/И |
| Дугаар | 183/ШШ2022/00750 |
| Огноо | 2022-03-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2022/00750
2022 оны 03 сарын 23 өдөр Дугаар 183/ШШ2022/00750 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, * 1 хотхон,* байр, * тоотод оршин суух Цэнгэл овогт Н.Т /РД:ЗЮ*******-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймаг * * дугаар баг * 2 дугаар гудамж * тоотод оршин суух Б.Б /РД:ПЮ*****/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Н.Т,
хариуцагчийн төлөөлөгч Ж.Э/онлайнаар/,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Т хариуцагч Б.Бод холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Миний бие Б.Бтой 2017 онд танилцаж 2018 оноос хамт амьдарсан. Бидний охин Б.Д 2021 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн. Охиноо төрөхөд бид Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг нь авч, охин маань эцгээрээ овоглосон. Бид зан харьцаа таарахгүйгээс шалтгаалан охиноо 5 сартайгаас хойш тусдаа амьдарч байгаа. 5 сартайгаас хойш эцэг нь охин дээрээ нэг ч удаа ирээгүй учраас бид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд 2021 оны 1 дүгээр сарын 3-нд төрсөн охин Б.Дд эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ирээдүйд хүүхдийг асран хамгаалахтай холбогдсон бусад зүйлст гар бие оролцохоо илэрхийлж байна гэв.
3. Нэхэмжлэгчээс хавтаст хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, ӨЭМТөвийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав. /хх-3-6/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Н.Т, Б.Б нар нь 2017 оны танилцаж, 2021 оны 01 сарын 31-ний өдөр төрсөн охин Б.Д эцэг, эх болцгоосон болох нь зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт 2021 оны 01 сарын 31-ний өдөр төрсөн охин Б.Дгийн төрсний гэрчилгээний хуулбар авагдсан байх ба тэдний нэрийг эцэг Б.Боор овоглосон байх тул захиргааны журмаар эцэг тогтоосон гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн эцэг Б.Б нь хүүхдүүдийн эцэг биш гэж маргаагүй тул шүүхийн журмаар эцэг тогтоох шаардлагагүй байна.
Зохигчдын хэн аль нь хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудлаар маргаагүй тул охин Б.Дг эх Н.Тын асрамжинд үлдээж, хуульд заасан тэтгэлэгийг эцэг Б.Боос гаргуулах нь хуульд нийцнэ.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр охин Б.Дг эцэг Б.Бтой уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй.
Хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх боловч хүүхдийн эрх ашгийн үүднээс энэ шүүхийн шийдвэрээр асрамжийг шийдвэрлэх нь хуульд харшлахгүй болно.
4. Хуульд зааснаар тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2021 оны 01 сарын 31-ний өдөр төрсөн охин Б.Дг эх Н.Тын асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2021 оны 01 сарын 31-ний өдөр төрсөн охин Б.Дг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Боос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг Б.Б нь охин Б.Дг уулзахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Боос улсын тэмдэгтийн 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Тд олгож, хариуцагч Б.Боос хүүхдийн тэтгэлэгт тохирсон улсын тэмдэгтийн хураамжид 41 618 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б. МӨНХЖАРГАЛ