Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 83/ШШ2022/00754

 

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/00754

Улаанбаатар хот

               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *дугаар хороо, * дугаар хороолол,* **, * байр, * тоот хаягт оршин суух Б.Н /РД:МЮ******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, * гудамж, * тоот хаягт байрлах НПХХК /РД:/***/-д холбогдох

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн төлөөлөгч Б.М,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авав.

 

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ат шүүх хуралдааны товыг 2022 оны 3 сарын 17-ны өдөр мэдэгдсэн бөгөөд 2022 оны 3 сарын 23-ны өдөр шүүх хуралдааныг эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан түүний эзгүйгээр шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч НПХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * 1 орон сууц буюу одоогийн *байрны * давхар, * тоот хаягт байрлах 82.3 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Үүнд:

Миний бие 2014.01.15-ны өдөр НПХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * 1 орон сууц буюу одоогийн *байрны * давхар, * тоот хаягт 82.3 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Бидний хооронд байгуулагдсан гэрээгээр баригдах орон сууцны нийт үнэ 189 290 000 төгрөг байхаар тусгасан бөгөөд захиалагч Б.Н миний бие уг төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн бөгөөд төлбөрийг төлж барагдуулах хүртэл борлуулагч тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч байна гэж заасан буюу миний нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон боловч гэрчилгээг өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй байна. Энэ талаар НПХХК-д удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг хариу өгөөгүй, бодитой үр дүн гараагүй байна. Иймд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр намайг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч НПХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н нь орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан. Мөн тус орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт кассын орлогын ордер, орон сууц захиалан бариулах гэрээ /хх-5-9/

 

4. Шүүхээс хавтаст хэрэгт 2022.02.18-ны өдрийн албан бичгийг нэг бүрчлэн шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 01 сарын 15-ны өдрийн №НАЗУ-ОС-14-01/15 тоот орон сууц захиалан бариулах гэрээнд үндэслэсэн бөгөөд бид үүргээ биелүүлсэн. гэжээ.

3. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2014 оны 01 сарын 15-ны өдрийн №НАЗУ-ОС-14-01/15 дугаар орон сууц захиалан бариулах гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх уг гэрээгээр гүйцэтгэгч НПХХК нь Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * 1 орон сууц буюу одоогийн *байрны * давхар, * тоот хаягт байрлах 82.3 м.кв 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, захиалагч Б.Н 2014.01.15-ны өдөр 50 хувь буюу 94 645 000 төгрөг, 2014.070.15-ны өдөр 50 хувь буюу 94 645 000 төгрөг нийт 189 290 000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх гэрээ байгуулж уг төлбөрийг гүйцэтгэгчид төлж, орон сууцыг хүлээн авах үүргийг тус тус хүлээжээ. /хх-7-9/

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Гэрээний зүйл болох барилга 2015 оны 3 дугаар улиралд ашиглалтад орж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь орон сууцыг эзэмшилдээ авсан талаар тайлбарлаж, уг орон сууцыг ашиглалтад орсноос хойш уг байрыг эзэмшиж, ашиглаж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч энэ асуудлаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу орон сууцыг хууль ёсоор мэдэлдээ авч,Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * 1 орон сууц буюу одоогийн *байрны * давхар, * тоот хаягт байрлах 82.3 м.кв 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд болжээ.

Эдгээрээс дүгнэхэд 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №НАЗУ-ОС-14-01/15 тоот орон сууц захиалан бариулах гэрээний дагуу талууд гэрээгээр хүлээсэн өөр өөрийн үүргээ биелүүлсэн асуудлаар маргаагүй боловч хариуцагч НПХХК нь дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх ба энэ нь Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 725 дугаар албан тоотоор Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * 1 орон сууц буюу одоогийн *байрны * давхар, * тоот хаягт эрхийн бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна... гэснээр тогтоогдож байна. /хх-23/

4. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.НгБаянзүрх дүүрэг, * дугаар хороо, * 1 орон сууц буюу одоогийн *байрны * давхар, * тоот хаягт байрлах 82.3 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч НПХХК /РД:/***/-д Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * 1 орон сууц буюу одоогийн *байрны * давхар, * тоот хаягт байрлах 82.3 м.кв 3 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээг Б.Нд гаргаж өгөхийг даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 104 400 төгрөгийн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 034 200 төгрөгийг 2220100642372 нэхэмжлэхийн дугаартай төрийн сангийн 100200100941 данснаас буцаан гаргуулж, хариуцагч НПХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ