| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2021/03946/И |
| Дугаар | 183/ШШ2022/00809 |
| Огноо | 2022-03-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2022/00809
| 2022 оны 03 сарын 29 өдөр | Дугаар 183/ШШ2022/00809 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *дугаар хороо, *гудамж * тоот хаягт байрлах ЭТ ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг,* дугаар хороо, * байр, * тоот хаягт байрлах СФ ХХК /РД:****/-д холбогдох,
Өрөмдлийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Г,
нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авав.
/хариуцагчийн төлөөлөгч П.Гт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ЭТ ХХК нь хариуцагч СФ ХХК-д холбогдуулан өрөмдлийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Манай компани гүнийн өрөмдөх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагааг эрхэлдэг. 1998 оноос хойш үйл ажиллагааг эрхэлж байгаа. 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр СФ ХХК түүний захирал П.Гтэй өрөмдөх ажиллагаа хийх гэрээг бичгээр байгуулсан. Гэрээнд заасан ёсоор Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд хариуцагчийн уурхайд очоод өрөмдөх ажлыг хийж гүйцэтгэж өгсөн. Хүлээлгэж өгөхдөө 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эхний цооногийг эхний 80 тууш метр өрөмдөж хариуцагчийн төлөөлөгчид хүлээлгэж өгсөн. Хариуцагчийн захиалсан ажилд үр дүн гараагүй худгаас ус гараагүй учраас дахин өрөмдүүлье гэх хүсэлтийг газар дээр нь тавьсан. Түүнд шаардлагатай нэмэлт тоног төхөөрөмжүүдийг Улаанбаатар хотоос татаж гэрээнд заасан ёсоор нэмж өрөмдөх ажил хийсэн. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөн нийт 120 тууш метрийн ажлыг хариуцагчийн төлөөлөгч болон захирал П.Г, туслан гүйцэтгэгч нарыг байлцуулан хүлээлгэж өгсөн. Тухайн үед худгийн цооног хүлээж авахад БНХАУ-ын иргэн байсан. Энэ нь хариуцагч компанид хөрөнгө оруулж байгаа гэсэн. Биднийг дахин 1 цооног өрөмдүүлэх ажил байгаа Баянхонгор аймагт хүлээж бай гээд манай компанийн 4 ажилтанг зочид буудалд үлдээсэн тоног төхөөрөмжийг айлын хашаанд түр байрлуулсан. Зочид буудалд нийт 11 хоносон. 11 хоноход хариуцагч компанийн ямар ч хариу өгөөгүй зочид буудлын төлбөрийг ч төлж өгөөгүй тэр хугацаанаас хойш алга болсон. Түүний дагуу эрүүгийн журмаар залилан мэхлэх гэмт хэрэг байх магадлалтай гэх үндэслэлээр Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж шалгуулахад Баянхонгор аймгийн Прокурорын газраас иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан, компани хооронд гэрээ байгуулсан тул гэрээнд учирсан хохиролыг шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн утгатай прокурорын тогтоол гарсан. Хариуцагчаас 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 16 200 000 төгрөг, мөн ажил гүйцэтгэх гэрээний 11 дүгээр зүйлд зааснаар ажлын хөлсийг гэрээнд заагдсан хугацаанд төлж барагдуулаагүй нөхцөлд гүйцэтгээгүй үлдсэн хоног тутмаас 0,5 хувиар тооцож гүйцэтгэгч талд алданги төлнө гэж заасны дагуу хуульд нийцүүлэн 8 100 000 төгрөг, нийт 24 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч өмнөх шүүх хуралдаанд оролцохдоо ажил хийгдсэн мөнгийг нь өгөөгүй байгаа гэрээ хийсэн нь үнэн гэх тайлбарыг гаргаж хүлээн зөвшөөрсөн. Мөн бичгээр ямар нэгэн тайлбар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагч СФ ХХК нь хариу тайлбар ирүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2019.10.07-ны өдрийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ, ажил хүлээлцсэн акт, 2020.11.22-ны өдрийн 391 дүгээр прокурорын тогтоол, 2021.11.04-ний өдрийн албан бичиг, /хх-5-13/
4. Хариуцагч талаас хавтаст хэрэгт улсын бүртгэлийн гэрчилгээ /баримтын шаардлага хангахгүй/, /хх-22/
5. Шүүхийн журмаар хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-39/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Эрүүгийн журмаар залилан мэхлэх гэмт хэрэг байх магадлалтай гэх үндэслэлээр Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж шалгуулахад Баянхонгор аймгийн Прокурорын газраас иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан, компани хооронд гэрээ байгуулсан тул гэрээнд учирсан хохирлыг шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн утгатай прокурорын тогтоол гарсан. Хариуцагчаас 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 16 200 000 төгрөг, мөн ажил гүйцэтгэх гэрээний 11 дүгээр зүйлд зааснаар ажлын хөлсийг гэрээнд заагдсан хугацаанд төлж барагдуулаагүй нөхцөлд гүйцэтгээгүй үлдсэн хоног тутмаас 0,5 хувиар тооцож гүйцэтгэгч талд алданги төлнө гэж заасны дагуу хуульд нийцүүлэн 8 100 000 төгрөг, нийт 24 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.
Талуудын хооронд 2019 оны 10 сарын 07-ны өдөр өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр захиалагч СФ ХХК-ийн эзэмшил талбай болох Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Цагаан цахир гэх газарт байх худгийн цооног өрөмдөх, 273 мм-ийн апсатны труба суулгах, шүүхийн хийцтэйгээр 219 мм-ийн ган трубаг суулгах ажлуудыг гүйцэтгэгч тал өөрийнмашин тоног төхөөрөмжөөр хийж гүйцэтгэх, нэг тууш метрийг нь 280 000 төгрөгөөр тооцох ба нйт ажлын хөлс 22 400 000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ./хх-ийн 7-8/
Дээрх гэрээний дагуу ЭТ ХХК нь гэрээний дагуу гүний худгийн цооног өрөмдлөг хийж гүйцэтгэсэн болох нь 2019 оны 10 сарын 10-ны өдрийн, 2019 оны 10 сарын 15-ны өдрийн ажил хүлээлцсэн акт үйлдэж, талууд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. /хх-9-10/
Хариуцагч СФ ХХК нь өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр Баянхонгор аймгийн цагдаагийн газарт гомдол гаргасныг Баянхонгор аймгийн Прокрорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 391 дүгээр прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. /хх-11-12/
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ...ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заажээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ...хариуцагчтай ажил хүлээлцсэн актаар ажлыг баталгаажуулсан боловч өнөөдрийг хүртэл тооцоог өнөөдрийг хүртэл хийж төлбөрөө барагдуулаагүй... гэснийг, хариуцагч талаас тайлбар ирүүлээгүй байна.
Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч ЭТ ХХК нь хариуцагч СФ ХХК-ийг төлбөр төлөх гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэх үндэслэлээр талууд гэрээгээ дүгнэж, ажил хүлээлцсэн актаар баталгаажуулсан байх тул дээрх төлбөрийг шаардах эрхтэй байна.
Нөгөөтэйгүүр, хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй үндэслэл тогтоогдож байх тул талуудын гэрээний 11-т заасны дагуу алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иар тооцож, алдангид 8 100 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг зөрчөөгүй байна.
Дээрхийг нэгтгээд хариуцагч СФ ХХК-иас гэрээний үүрэгт 24 300 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЭТ ХХК-д олгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч СФ ХХК-иас гэрээний үүрэгт 24 300 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЭТ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ЭТ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 279 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч СФ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 279 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭТ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ