| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2021/03696/И |
| Дугаар | 183/ШШ2022/00835 |
| Огноо | 2022-03-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2022/00835
| 2022 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 183/ШШ2022/00835 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** тоот хаягт оршин суух Боржигон овогтой Н.М /РД:ЧЖ*****/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * гудамж * дугаар байр, * тоот хаягт оршин суух Өндөрийнхэн овогтой С.Б /РД:ВЭ*****/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 78 755 ам.доллар буюу 224 330 467 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Н.М
хариуцагчийн төлөөлөгч Г.Н,
нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.М хариуцагч С.Бөд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 78 755 ам.доллар буюу 224 330 467 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Үүнд:
2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр манай нөхрийн хуурай дүү болох С.Бтэй итгэлцлийн үндсэн дээр ямар ч барьцаагүйгээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281, 282 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан бэлнээр өгсөн. Гэтэл С.Б нь гэрээний дагуу эхний сарын хүүг 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр, үлдэгдэл зээлийн хамт хугацаандаа төлөх байсан боловч өнөөдрийг хүртэл буюу 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөр нэг ч төгрөгийн хүү, алданги болон үндсэн зээлийг төлөөгүй байна. Иймд С.Бөөс үндсэн зээлийн төлбөр 25 000 ам.доллар, зээлийн хүү 48 375 ам.доллар, алданги 5 380 ам.доллар нийт 78 755 ам.доллар буюу 224 330 467 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шатанд манай нөхөр Д.Ц нь С.Бөөс 15 000 000 төгрөг авсан гэж хэлсэн тул үүнийг хасаж тооцоход татгалзахгүй. Харин хариуцагч нь 20 000 000 төгрөгийг төлсөн гэж байх боловч энэ талаараа нотлоогүй, гэрч С.М нь надаас авсан мөнгийг төлсөн талаар тайлбар хэлээгүй. Манай нөхөр Д.Ц нь өөр мөнгө төгрөг аваагүй гэж хэлдэг, шүүхэд ирээд энэ талаараа л ярина, биеийн байдал нь тааруу байгаа тул хуралд оролцуулах боломжгүй, энэ хүмүүс өөрсдөө нотлох ёстой гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн 25 000 ам.доллар гэж байгаа энэ нь 2 сарын хугацаатай 4,5 хувийн хүүтэй зээлсэн гэдэг. Тухайн он сар хугацаанд нэхэмжлэгч гэхээс илүү зээл төлөгдөх хугацаанд Д.Ц гэх хүнтэй хуурай ах дүү найзууд тиймээс хэнийх нь ч дансруу хийж болно гэх итгэл үнэлшил байсан. Тиймээс Д.Ц гэх хүний дансруу зээлийн төлбөрүүдийг хийдэг. Иймээс гэрчээр Д.Цийг оролцуулах шаардлагатай гэж үзсэн. Шүүхээс гэрчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэж байгаа тул 25 000 ам.долларыг 2 848 тухайн үеийн ханшаар, нэхэмжлэгч 15 000 000 төгрөгийг зөвшөөрсөн, өнөөдрийн байдлаар гэрчээр оролцсон С.М 20 000 000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн энэ нь дансны хуулгаар нотлогдож байгаа гэж үзэж байгаа.Тиймээс 35 000 000 төгрөг хасагдах бөгөөд мөн БНСУ-руу явахад нь Д.Ц ахад 10 000 ам.доллар өгсөн, нийтдээ 63 000 000 төгрөг өгсөн. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хууль зүйн хувьд нэхэмжлэгч нэхэмжлэж байгаа үнийн дүн нь үндэслэлгүй С.Б зээл төлсөн төлбөр нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2848 төгрөгөөр бодлоо гэхэд хасагдаад 2 сарын хүүг хасаад, алдангыг төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувь бодогдоно гэж үзэж байгаа. тиймээс зээлийг бүхэлд нь төлөгдсөн гэж үзэж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт 2018.04.24-ний өдрийн зээлийн гэрээ, гараар бичсэн хүсэлт, 2020.09.21-ний өдрийн 17751 дүгээр захирамж, 2021.10.20-ны өдрийн 5455 дугаар захирамж, 2021.10.20-ны өдрийн 5455 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, гараар бичсэн хүсэлт /хх-4-11/
4. Хариуцагч талаас 2021.12.00-ны өдрийн ханшийн лавлагаа, 2021.12.16-ны өдрийн 0604 дүгээр итгэмжлэл, /хх-22-23/
5. Шүүхийн журмаар Д.Цийн Хаан банкны дансны хуулга, /хх-37-48, 60-66/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 35 607 ам.доллар буюу 101 430 802.5 төгрөгийн шаардлагыг хангаж, илүү нэхэмжилсэн 43 146 ам.доллар буюу 122 899 664.5 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...манай нөхрийн хуурай дүү болох С.Бтэй итгэлцлийн үндсэн дээр ямар ч барьцаагүйгээр 2018.4.24-ний өдөр 25 000 ам.долларыг зээлдүүлсэн. Энэ хүн шударга байх ёстой бөгөөд миний мөнгө, нөхрийн мөнгө тусдаа асуудал. Иймд гэрээний дагуу мөнгөө гаргуулна гэж тайлбарлав.
3. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...нэхэмжлэгч 15 000 000 төгрөгийг зөвшөөрсөн, өнөөдрийн байдлаар гэрчээр оролцсон С.М 20 000 000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн энэ нь дансны хуулгаар нотлогдож байгаа гэж үзэж байгаа. Тиймээс 35 000 000 төгрөг хасагдсан БНСУ-руу явахад нь Д.Ц ахад 10 000 ам.доллар өгсөн, нийтдээ 63 000 000 төгрөг өгсөн. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон гэрч С.Мын мэдүүлэг, зохигч талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.
Талуудын хооронд 2018 оны 4 сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч С.Б нь 25 000 ам.долларыг сарын 4.5 хувийн хүүтэй, 2018 оны 4 сарын 24-ний өдрөөс 2018 оны 6 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатайгаар зээлэхээр харилцан тохиролцсон зээлийн гэрээг бичгээр байгуулж, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон байна.
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Н.М нь 25 000 ам.долларыг бэлнээр хариуцагч С.Бөд хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан мөнгө хүлээлцсэн баримтаар тогтоогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасан Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэснээр нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлийн 25 000 ам.доллар, зээлийн хүү 2 250 ам.доллар, нийт 27 250 ам.долларыг шаардах эрхтэй байна.
Талуудын байгуулсан гэрээний 2.6-д зээлдэгч нь гэрээний хугацаанд мөнгийг төлөхгүй хугацаа хэтэрвэл хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5% алданги төлнө. гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцсэн байх тул зээлийн гэрээний хугацаа дууссан 2018 оны 6 сарын 15-ны өдрөөс алдангийг тооцож, гүйцэтгээгүй үүргээс алдангийг тооцож, алдангид 13 625 ам.доллар шаардах эрхтэй байна.
Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн дүнгээс 2019 оны 15 000 000 төгрөгийг хасаж тооцоход татгалзахгүй гэж тайлбарлаж байх тул дээрх үнийн дүнгээр хасаж тооцож үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь нийт нэхэмжилсэн үнийн дүнгээ нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Гадаад вальютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар ... тооцно гэсэнтэй нийцэж байх тул төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2 848.46 төгрөгөөр /www.mongolbank.mn/ тооцсон үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Дээрхийг нэгтгээд хариуцагч С.Б нь үндсэн зээлийн 25 000 ам.доллар, хүүгийн 2 250 ам.доллар, алданги 13 625 ам доллар, нийт 40 875 ам.доллар буюу 116 430 802.5 төгрөгийг төлөх үүрэгтэй байх ба үүнээс төлөгдсөн 15 000 000 төгрөгийг хасаж, 35 607 ам.доллар буюу 101 430 802.5 төгрөгийн шаардлагыг хангаж, илүү нэхэмжилсэн 43 146 ам.доллар буюу 122 899 664.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Харин хариуцагчийн төлөөлөгч ...Мөнгийг нэхэмжлэгч Н.Мийн нөхөр Д.Цийн дансруу хийдэг байсан бөгөөд нийт 35 000 000 төгрөгийг шилжүүлсэн, мөн Солонгос улс руу эмчилгээнд явахад нь 10 000 ам.доллар өгсөн бөгөөд нийт төлбөрөөс 63 000 000 төгрөгийг төлсөн. гэж тайлбарласан ба шүүх дээрх байдлыг тодруулахаар гэрчээр С.Мыг оролцуулж, Д.Цийн Хаан банкны дансны хуулгуудыг холбогдох банкнаас гаргуулсан хэдий ч дээрх байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Бөөс зээлийн гэрээний үүрэгт 35 609 ам.доллар буюу 101 430 802.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Мт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 43 146 ам.доллар буюу 122 899 664.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Мийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 279 603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бөөс улсын тэмдэгтийн хураамжинд 665 104 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Мт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ