| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2022/00213/И |
| Дугаар | 183/ШШ2022/01017 |
| Огноо | 2022-04-12 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2022/01017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, 00 байрлах, Б ХХК /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С дүүрэг, өөрийн байранд байрлах, Н-т /РД:00000/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Н-тхолбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01848 тоот захирамжаар Б ХХК-иас 300 023 000 төгрөг гаргуулж Хаан банк ХХК-д олгохоор захирамжилсны дагуу хариуцагч компаний өмчлөлийн Б дүүрэг 432 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв талбай бүхий газрын хамт битүүмжилж, хураасан.
Манай компани өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөндөө зах зээлийн үнийн саналыг хоёр тэрбум төгрөгөөр өгсөн. Гэтэл хэдхэн хоногийн дараа шийдвэр гүйцэтгэгч компаний захирал А.Б-г дуудаад манай хөрөнгийг шинжээч 431 136 000 төгрөгөөр үнэлсэн гээд Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4-140/250023 дугаартай мэдэгдлээр мэдэгдснийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мэдлээ.
Хариуцагч Н манай компани өөрийн хөрөнгөө үнэлж өгсөн үнэ өртгийг харгалзан үзэлгүй, банкны саналаар дур мэдэн шинжээчээр 431 136 000 төгрөгөөр маш хямдаар үнэлсэнд манай компани үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь үйл ажиллагаа явуулдаггүй Б ХХК-ийг үл хөдпөх эд хөрөнгө, газрын хамт уг компаний гүйцэтгэх захирал А.Б 2020 оны 10 сард 750 сая төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үедээ хөрөнгийг Хаан банк ХХК-ийн зээлийн барьцаанд төлөх төлбөртэй гэдгийг мэдэж байсан бөгөөд худалдаж авснаас хойш 2 давхар болгож 100 000 000 төгрөгийн засвар хийж, одоо тавилгын үйлдвэрлэл явуулж байна.Хариуцагч компаний үл хөдлөх эд хөрөнгийг 431 136 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн бодит үнэтэй нийцэхгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудыг зөрчиж хөрөнгийг маань үнэгүйдүүлж, хуулиар олгогдсон эрх ашиг хөндөгдөж байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байна.
Иймд нэхэмжлэгч Б ХХКомпаний өмчлөлийн Б дүүргийн 432 м.кв талбайтай Эрхийн улсын бүртгэлийн Ү-22040 дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, иргэн Д.Б-н өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Г-2204 дугаартай Б дүүргийн 700 м.кв талбай бүхий газрын хамт 431 136 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01848 дугаар захирамжаар Б ХХК-иас 300 023 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 100 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор 200 000 000 төгрөгийг тус тус төлүүлж, нотариатын зардал 23 000 төгрөгийг эвлэрлийн гэрээ байгуулагдсаны дараа ажлын 5 хоногийн дотор төлөх, эхний төлөлтийг хийгээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх, төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн БГ/579 тоот барьцааны гэрээний зүйлээр хангуулах нөхцөлтэй эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичигт 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 21290874 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан эрхийн улсын Ү-2204 дугаартай, Б дүүргийн 9 тоот хаягт байршилтай 432 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамтаар 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 21290874/01 дугаар тогтоолоор битүүмжпэн, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21290874/04 дугаар тогтоолоор хураасан.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д зааснаар “Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 431.136.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг талуудад 2021 оны 4-140/25003, 4-140/25002 дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн. Төлбөр төлөгч Б ХХКнь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар мөн шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/Ш32022/01235 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заасан. Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн барилгын бүтэц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтанд орсон он, гадна, тохижилт, байршилтай, ойролцоо, худалдахаар зарлагдаж байгаа байрнуудтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч нар шинжээчийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн болохыг баримтаар нотлоогүй байна
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байх тул үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Э.Золжаргалд олгосон итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдэл, Б ХХК-ийн БҮ-2204 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Д.Баттулгын 18649310671981 дугаар газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ГХ2021/00351 дугаар Гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 8/1759 тоот албан бичиг, Д.Б-н 1864тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээ /хэргийн 3, 4, 7, 8, 9, 10-11, 12, 13-р хуудас/,
хариуцагчаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1-140/50 тоот Ц.Б-т олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ГХ2021/00351 дугаар Гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШЗ2021/04298 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01848 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 21290874 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Зарлан дуудах мэдэгдэл, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 8/1323 дугаар албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б ХХК-иас Н-т ирүүлсэн хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4-140/23340 тоот Үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4-140/23339 тоот Үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 8/1759 тоот албан бичиг, Д.Б-н 1864 дугаар газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Б ХХК-ийн БҮ-2204 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/369 тоот Шинжээч томилох тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайлан хүлээлцсэн баримт, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээч томилсон захирлын тушаал, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Шинжээч мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Шинжээчид хууль тайлбарласан баримт, Нийслэлийн шүүхийн шийдэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4-140/25003 тоот мэдэгдэл, 2021 оны 12 дугаар сарын 20-ын өдрийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 557 дугаар Хөрөнгө үнэлсэн тухай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4-140/25002 тоо албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4-140/25004 тоот албан бичиг, Б ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хүсэлт, ЗГ/579 тоот Хаан банк ХХК болон Б ХХК, Д.Б нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн БГ/579 тоот Хаан банк ХХК болон Б ХХК, Д.Баттулга нарын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээ /хэргийн 20, 26-27,28-29, 30-31, 32-34, 35, 36, 37, 38-40,41, 42-43, 44-46, 47, 48, 49, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58, 59-85, 86, 87, 88, 89-96, 97-103-р хуудас/ гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Н-т холбогдуулан төлбөр авагч, төлбөр төлөгч нар харилцан тохиролцох ажиллагаа хийлгүйгээр шинжээч томилсон нь хууль зөрчсөн, шүүхээс гадуур шинжээч томилохдоо хувийн сонирхолтой, ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаарх урьдчилан сануулсан баримтгүй байхад Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон тогтоол гаргасан, хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн нь үндэслэлгүй гэсэн.
Хариуцагч Н нь нэхэмжлэгч Б ХХК-иас үнийн санал авсан, иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулсан, үнэлгээг харилцан тохиролцоогүй тул шинжээч томилсон, шинжээчид хууль сануулж, хуульд заасан ажиллагааг хийсэн, үнэлгээг хэт доогуур үнэлсэн эсэх талаарх баримтгүй гэж нэхэмжлэлийг үгүйсгэсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01848 дугаар захирамжаар ХААН банк ХХК-ний нэхэмжлэлтэй Б ХХК, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б нарт холбогдох зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт 332 949 735,49 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлага болох 332 949 735,49 төгрөгнөөс 32 949 735,49 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 300 023 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор 100 000 000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор 200 000 000 төгрөгийг тус тус төлүүлж, нотариатын зардал 23 000 төгрөгийг эвлэрлийн гэрээ байгуулагдсаны дараа ажлын 5 хоногийн дотор төлөх, эхний төлөлтийг хийгээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх, төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн БГ/579 тоот барьцааны гэрээний зүйлээр хангуулах нөхцөлтэй эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Н нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01848 дугаар “Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, мөн шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №183/ШЗ2021/04298 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №183/ГХ2021/00351 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №21290874 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөх талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид мэдэгдсэн, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №21290874/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Б дүүрэг, 9 тоот хаягт байрлах, БҮ-2204дугаарт бүртгэлтэй 432 м.кв тайлбайтай үйлдвэрийн зориулалттай обьект, Г-2204 дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдөр №21290874/04 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, тогтоол, шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэх тухай мэдэгдлээр тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө” гэж заасан байна.
Хариуцагч нь төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн хураагдсан хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар саналыг нь авахаар төлбөр авагч ХААН банк ХХК болон Д.Б нарт “Үнийн санал ирүүлэх тухай” 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд хэрэгт авагдсан Б ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай албан бичгээр “...Б дүүрэг, 9 тоот хаягт байрлах ХААН банкны зээлийн барьцаатай үйлдвэрийн байр, обьект газар нь 2 000 000 000 төгрөгийг үнэлгээтэй болно” гэж үнийн санал ирүүлсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн талуудаас үнийн санал аваагүй, шууд шинжээч томилсон нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв.
Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж зааснаар хураагдсан хөрөнгийг шинжээчээр үнэлүүлснийг буруутгах үндэслэлгүй юм.
Хэрэгт авагдсан 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/369 тоот “Шинжээч томилох тухай тогтоол”-оор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч Г.Б-т Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9,13,14,15 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13,14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг танилцуулж, хууль сануулжээ.
Мөн шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 36 тоот захирлын тушаалаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/369 дугаартай шинжээч томилох тухай тогтоолд дурдсан хөрөнгийн үнэлгээг хийх үнэлгээчнээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний 19120001 тусгай зөвшөөрлийн дугаартай үнэлгээчин Г.Б-г томилж, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1-д заасан үндэслэлийг тодруулахаар шинжээч Г.Б-аас холбогдох мэдээллийг тодруулсан баримт, шинжээч Г.Б-т хууль тайлбарласан тэмдэглэлийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч Н нь нэхэмжлэгч Б ХХК-нд 2021 оны 12 дугаар сарын 24-нд үнэлгээний тайланг танилцуулсан талаар зохигч маргаагүй болно.
Гэвч хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 557 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайланд “...үнэлгээчин Г.Б, тусгай зөвшөөрлийн дугаар 19120001” гэсэн боловч “...Хавсралт 3.Үнэлгээчний тусгай зөвшөөрөл, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ дугаар 021200023 Ж.У ” гэсэн нь ойлгомжгүй, уг үнэлгээчинг хариуцагч нь томилсон эсэх талаарх баримтгүй, үнэлгээчин Ж.У нь хөрөнгийн үнэлгээг гаргахдаа түүнд хууль сануулсан, шинжээчийн талаарх мэдээллийг нь урьдчилан тодруулсан талаарх баримтгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн шинжээчийн дүгнэлтийг хэн гаргасан нь ойлгомжгүй, шинжээчид хууль сануулсан, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулсан эсэх нь эргэлзээтэй гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, Б дүүргийн 9 тоот хаягт байрлах 432 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 700 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газрын хамтаар 431 136 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж, хариуцагч нь үнэлгээ хуулийн дагуу хийсэн, хэт доогуур үнэлсэн талаарх баримтгүй гэж мэтгэлцсэн боловч шүүх шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн тул үнэлгээ зах зээлийн ханшнаас хэт доогуур хийгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь бодитой эсэх талаар дүгнэлт өгөөгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б дүүргийн 9 тоотод байрлалтай 432 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 700 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газрын хамтаар 431 136 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН