Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2028

 

 “А-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/01478 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “А-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.С-од холбогдох

 

Бусдын хууль бус эзэмшлээс хувийн сууц чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй

Газар болон хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй 

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Т-гийн бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч “А-” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А-” ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хувийн сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруу, 384 гарам 19 гудамж, 1 тоот хаягт байрлах, 144 м.кв талбай бүхий, эрхийн бүртгэлийн Ү-2201030617 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг 20 000 000 төгрөгөөр худалдан авсан. Иргэн Б.С-о нь 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч татгалзсан тул 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүгчийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарч, энэхүү асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн. Банкны зүгээс Б.С-ын хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, тодорхой санал тавих, боломж олгох зэргээр хувийн сууцыг чөлөөлж өгөх хугацааг сунгасаар байсан. Иймд тус банкны өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун, 384 гарам 19 гудамж, 1 тоот, Ү-2201030617 тоот улсын бүртгэлийн дугаартай, орон сууцыг иргэн Б.С-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.С-о шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би “А-” ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 20 000 000 төгрөг, жилийн 37.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай №2105006169 тоот зээлийн гэрээг байгуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Сонгинохайрхан дүүргийн, 32 дугаар хороо, Баруун туруун, 384 гарам 19 гудамж 1 тоотод байрлах 144 м.кв талбай бүхий, эрхийн бүртгэлийн Ү-2201030617 дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг, эрхийн бүртгэлийн Г-2201012433 дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт барьцаалсан. Улмаар 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр амаржсан, мөн өндөр насны өвчтэй ааваа асардаг шалтгааны улмаас зээлээ графикийн дагуу төлж чадахгүй хоцроож байсан. Гэтэл “А-” ХХК-аас надтай холбогдон тухайн зээлийн гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөр дээрээ хашаа байшингаа санхүүгийн түрээсийн гэрээгээр буцаан авах боломж олгож байна гэж мэдэгдсэн. Би уг саналыг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээг цуцлан санхүүгийн түрээсийн гэрээг байгуулах гэтэл “А-” ХХК-иас “та эхлээд худалдах-худалдан авах гэрээ байгуулаад хөрөнгөө банкны нэр дээр шилжүүлээд өгчих” гэснийг би зөвшөөрч, гэрээ байгуулж банкны нэр дээр шилжүүлсэн.

Иймд намайг дээрх хувийн сууц болон Г-2201012433 тоот улсын бүртгэлийн дугаартай газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан шаардлага болон тайлбартаа: Д.Т- нь Б.С-оос 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр худалдах-худалдан авах гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Гарам 19-1 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2201012433 дугаарт бүртгэгдсэн, 700 м.кв талбай бүхий газрыг худалдан авсан. Гэвч иргэн Б.С-о нь одоог хүртэл дээр дурдсан газрыг чөлөөлөх тухай тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байна. Иймд уг газрыг иргэн Б.С-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “А-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг шаардлагын талаарх хариу тайлбартаа: Хариуцагч Б.С-о нь 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр “А-” ХХК-аас 20 000 000 төгрөгийг зээлсэн бөгөөд зээлээ цаг хугацаанд нь төлж чадахгүйд хүрч, зээлийн барьцааны үл хөдлөх хөрөнгөө банкны өмчлөлд шилжүүлэн өгч, зээлийн өр төлбөрөө барагдуулах санал гаргасан. Үүний дагуу 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч Б.С-отой хувийн сууц худалдах-худалдан авах болон газар худалдах-худалдан авах гэрээг тус тус байгуулсан.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан шаардлагын дагуу газрыг өмчлөх эрхтэй субъект нь зөвхөн Монгол Улсын иргэн байх тул “А-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Т-гийн нэр дээр газрыг хариуцагч Б.С-оос худалдан авсан. Үүний дараа Б.С-о нь 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “А-”тай байгуулсан хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ, Д.Т-тэй байгуулсан газар худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэргийг хянан шийдвэрлэгдэх явцад Б.С-о нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө, газрын өмчлөх эрхийг “А-” ХХК болон Д.Т- нар нь Б.С-оос худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр олж авсан бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр байдал нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож, хүчин төгөлдөр болсон тул энэ асуудлаар дахин маргах шаардлагагүй. Иймд хариуцагч Б.С-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.С-од холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Аригбанк ХХК-ийн нэхэмжлэлийг, гуравдагч этгээд Д.Т-гийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.С-ыг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруу 384 гарам, 19 гудамж, 1 тоот хаягт байрлах 144 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрших 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 289 950 төгрөгөөс 70 200 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн 117 350 төгрөгөөс 70 200 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А-” ХХК-аас 70 200 төгрөг гаргуулан хариуцагч Б.С-од, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас 219 750 төгрөгийг гаргуулан “А-” ХХК-д, 47 150 төгрөгийг гаргуулан Д.Т-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй.

Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шийдвэрийн тогтоох хэсэгт "Иргэний хуулийн 93.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгийг тус тус үндэслэл болгон Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруу 384 гарам, 19 гудамж, 1 тоот хаягт байрлах 144 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр Б.С-ыг тогтоосон" нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь шүүх талуудын хооронд байгуулагдсан хууль ёсны худалдах-худалдан авах гэрээг дүгнээгүй орхигдуулсан. Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус ямар үндэслэлээр тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохыг даалгасан нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж өөрөөр шийдсэн. Хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах шаардлагаасаа татгалзсаныг тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01341 дүгээр шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байтал тус агуулгаар дахин гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч Б.С-о худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэлийг тусад нь гаргах боломжтой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хаигаагүй. Шүүх талуудын хооронд байгуулагдсан хууль ёсны худалдах-худалдан авах гэрээний талаар өмнө нь шийдсэн шүүгчийн захирамж байсаар байтал Иргэний хуулийн эзэмшил өмчлөгчийн заалтыг дурдан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүхэд талуудын хооронд байгуулсан 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээгээр худалдан авч буй хөрөнгийн үнэ шилжсэн, мөн мөнгийг худалдаж буй тал хүлээн авч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн дагуу байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ байхад орхигдуулсан. Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус ямар үндэслэлээр тус үл хөдлөхийн өмчлөгчөөр тогтоолгохыг даалгасан нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдсэн. Хариуцагч нь анх талуудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хийгдсэн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргачихаад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. Гэтэл тус агуулгаар дахин гаргасан сөрөг нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн шүүх хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заагдсан эрх зүйн үр дагаврыг үүсгэх бөгөөд нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргах эрхгүй байтал шүүх мөн хуулийн 65.1.6, 40.4 дэх хэсгийг зөрчин сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу. Өөрөөр хэлбэл шүүхэд нэгэнт шийдэгдсэн асуудлыг дахин шийдэж процессын хувьд ноцтой алдаа гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаарлагыг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч “А-” ХХК, хариуцагч Б.С-ын хууль бус эзэмшлээс хувийн сууц чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Т- нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай шаардлага тус тус гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргаан бүхий газар болон хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.  

 

            Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзвэл хариуцагч Б.С-о, “А-” ХХК-тай анх 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 2105006169 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, тус банкнаас 20 000 000 төгрөгийг жилийн 37.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруу, 384 гарам, 19 гудамж, 1 тоот хаягт байрлах 144 м.кв талбай бүхий хувийн сууц болон мөн хаягт байрлах 700 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлснээр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүсчээ. /хх-187-191 дэх тал/

Зээлдэгч буюу хариуцагч Б.С-о гэрээгээр хүлээсэн үүргээ талуудын баталсан зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, зөрчсөн нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон. /1хх-165, 243 дахь тал/ Улмаар зохигчид харилцан тохиролцоод Б.С-о нь 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “А-” ХХК болон тус банкны гүйцэтгэх захирал Д.Т- нартай худалдах-худалдан авах гэрээ байгуулан, барьцааны эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруу, 384 гарам, 19 гудамж, 1 тоот хаягт байрлах 144 м.кв талбай бүхий хувийн сууцыг 20 000 000 төгрөгөөр, мөн хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбай бүхий газрыг 6 400 000 төгрөгөөр тус тус худалдаж, хувийн орон сууцыг А- ХХК-ийн, газрыг гуравдагч этгээд Д.Т-гийн өмчлөлд тус тус шилжүүлсэн, мөн худалдан авсан эд хөрөнгийн үнээс 6 259 059 төгрөгийг зээлийн хүүд, 19 999 794 төгрөгийг үндсэн зээлд шилжүүлэн тооцсон үйл баримт хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, хувийн сууц болон газар худалдах-худалдан авах гэрээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний татвар төлсөн баримт, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авах тухай хүсэлт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн зээлийн дансны хуулга зэрэг бичмэл баримтаар нотлогдож байна. /1хх-187-191, 227-230, 232, 91-95, 114, 144-1151, 154 дэх тал/

 

Хариуцагч тал дээрх үйл баримтад маргаагүй боловч худалдах-худалдан авах гэрээг “.. хууран мэхэлж хийсэн...” гэж маргадаг.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг өөр үүргээр сольж болохыг заасан бөгөөд талууд зээлийн үүргийг төлөөгүй хэмжээгээр барьцаа хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь хууль зөрчихгүй.

 

Хариуцагч Б.С-о нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн газар болон хувийн сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг шүүгчийн мөн оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01341 дүгээр захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /1хх-37-38/ Түүнчлэн хариуцагч тал, “... А- Б.С-од нэхэмжлэлээ татаж авбал нэмэлт зээл олгоно гэж хууран мэхэлсэн, ... энэ шалтгааны талаар  Б.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан А.Кадирбек сайн мэднэ” гэж марган, түүнээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан боловч уг хүсэлтээсээ татгалзсан байна. /1хх-221-222 дахь тал/ Иймээс хариуцагч Б.С-ыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн хооронд хийсэн барьцаа хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээнүүдийг хууран мэхэлж хийсэн хэлцэл гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй учир зохигчдыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулсан гэж үзнэ. Ингэснээр талууд өмнөх үүргийг сольсноор тэдгээрийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах талаарх хуулийн зохицуулалт энэ маргаанд хамаарахгүй. Харин маргааны зүйл болох хувийн орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгч “А-” ХХК, газрын өмчлөх эрх гуравдагч этгээд Б.Төмөрхүү нарт худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжиж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр тэдгээрт Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны өмчлөх эрх үүссэн учир мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.С-ын хууль бус эзэмшлээс хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 171 дүгээр зүйлийн 171.1, 175 дугаар зүйлийн 175.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/01478 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.С-ын хууль бус эзэмшлээс Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруу, 384 гарам, 19 гудамж, 1 тоот хаягт байрлах 144 м.кв талбай бүхий хувийн сууц болон мөн хаягт байрлах 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг чөлөөлж, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.С-ын, хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “үлдээж” гэсний дараа “хариуцагч Б.С-оос 140 400 төгрөгийг гаргуулан үүнээс 70 200 төгрөгийг нэхэмжлэгч “А-” ХХК-д, 70 200 төгрөгийг гуравдагч этгээд Д.Т-д тус тус олгож, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас 219 750 төгрөгийг гаргуулан “А-” ХХК-д, 47 150 төгрөгийг гаргуулан Д.Т-д тус тус буцаан олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 257 950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн 117 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                  ШҮҮГЧИД                          С.ЭНХТӨР

 

                                                                                             Ч.ЦЭНД