Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 130

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч Б.Эрхэмбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Б.Батжаргалд холбогдох эрүүгийн 201719000107 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн. 34 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Төв аймаг дахь Зэвсэгт хүчний 016 дугаар ангид хуягт засварын тасгийн захирагч ажилтай, ам бүл 1, Төв аймгийн 5 дугаар багийн 19 дүгээр байр, 46 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,  Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 157 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж тэнсэж хянан харгалзагдаж байсан Дууч овгийн Бандийн Батжаргал РД/ВВ:83122013/

 

Холбогдсон хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч Б.Батжаргал нь согтуурсан үедээ 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Алтан Од” баарны зогсоол дээр тавьсан Д.Өнөрбатын эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 52-42УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нэг талын 1 ш толь, К.Хүрэлтогоогийн эзэмшлийн “Хонда Эйч Ар Ви” маркийн тээврийн хэрэгслийн 2 талын 2ш толийг тус тус хугалан авч улмаар Төв аймгийн Зуунмод сумын нутагт байрлах Зуунмод голын эрэг дээр аваачин санаатайгаар устгасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Батжаргал мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр найз Нэргүйтэй уулзаад гэрт нь 0,5 литрийн архи хувааж уугаад Алтан-Од бааранд орж дахин нэг шил 0,75 литрийн архи 8 лааз Нийслэл пиво ууж сууж байгаад 22 цагийн үед Нэргүйг гэрт нь хүргэж өгөөд буцаад Алтан-Од бааранд ирж ариун цэврийн өрөөнд нь ортол үл таних хоёр залуу зогсож байснаа намайг гаргахгүй өдөөд миний толгойруу цохисон. Тэр хоёр машинаа асаагаад явъя гэхээр нь би түрүүлж гараад Алтан-Од баарны үүдэнд байсан Тоёота Приус 20 маркийн машины 1 толь, Хонда HRV тээврийн хэрэгслийн 2 талын 2 толийг хугалж аваад гэрлүүгээ явах замдаа авсан тольнуудаа гол дээр аваачаад хагалаад хаячихсан юм. Би надтай муудалцсан залуусан машиныг нь сайн мэдэхгүй болохоор хажууд нь байсан Хонда HRV тээврийн хэрэгслийн 2 талын 2 толийг хугалсан. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч нарт учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан. Хохирогч нар надад санал гомдолгүй, надаас нэхэмжлэх зүйлгүй  гэсэн гэв.

Хохирогч К.Хүрэлтогоогийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 65 дугаар багийн Алтан-Од баарны үүдэнд өөрийн 03-06 УБР улсын дугаартай Хонда HRV маркийн тээврийн хэрэгслээ тавьчхаад Х.Бат-Эрдэнийн гэрт хонохоор явсан. Шөнийн 12 цагийн үед дүү Тэмүүжин утасдаад таны машины хоёр талын толь алга болчихсон байна гэж хэлэхээр нь машин дээрээ ирээд хартал хоёр талын толь алга болчихсон байсан. Надад 210 000 төгрөгийн хохирол учирсныг бүрэн төлж барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/

Хохирогч Д.Өнөрбатын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 65 дугаар багийн Алтан-Од бааранд цагаан цамцтай өндөр залуу бүжиглэж байсан. Тэр залуу ариун цэврийн өрөөнөөс гараад хувцсаа аваад гараад явж харагдсан. Тэгээд байж байтал зөөгч ирээд гадаа байгаа машин таны машин мөн үү таны машинаас хүн нэг зүйл аваад явчихлаа гэж  хэлсэн. Гараад хартал “Тоёота Приус” маркийн 52-42УБЕ улсын дугаартай миний тээврийн хэрэгслийн нэг талын 1 ш толь алга болсон байсан. Надад 160 000 төгрөгийн хохирол учирсныг бүрэн төлж барагдуулсан. Одоо санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/

Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 01 дүгээр сарын 18-ны орой Алтан-Од бааранд бүжиглэж байтал нэг өндөр залуу ирээд мөрлөөд байхаар нь би чи яах гээд байгаа юм бэ гээд түлхсэн. Нөгөө залуу намайг ариун цэврийн өрөөнд ороод  ир гээд гэхээр нь яваад ортол  намайг заамдаад авсан. Би ч бас заамдсан. Мөнхцогт орж ирээд бид хоёрыг салгасан. Бааранд байж байтал нөгөө залуу гараад явчихсан. 30 орчим минутын дараа надтай хамт явж байсан Өнөрбат гадаа гараад орж ирэхдээ машины нэг толь байхгүй байна гэхээр нь гараад харахад машиных нь нэг толь байхгүй болсон байсан ба бас хажууд нь байсан машины хоёр толь алга болчихсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/

Гэрч Д.Мөнхцогтын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 01 дүгээр сарын 18-ны орой 21 цагийн үед Лхагвасүрэн, Өнөрбат хоёрын хамтаар Алтан Од нэртэй бааранд орсон. Бүжгийн талбайд бүжиглэж байхад цайвар өнгийн цамцтай нэг өндөр залуу хүрч ирээд Лхагвасүрэнг мөргөсөн. Дараа нь тэр залуу хүрч ирээд ариун цэврийн өрөөнд ороод ир гэж Лхагвасүрэнг дуудаад Лхагваа яваад орсон. Намайг араас нь ороход нөгөө өндөр залуутай Лхагвасүрэн заамдалцаад зогсож байхаар нь би салгаад нөгөө залууг яв гэж хэлээд ширээн дээрээ очиж суусан. Бааранд Лхагваа, Өнөрөө бид гурав сууж байгаад 30 орчим минутын дараа баарнаас гарсан чинь Өнөрбатын машины нэг толь, хажууд нь байсан машины хоёр толь алга болсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/

Гэрч Т.Эрдэнэсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 01 дүгээр сарын 18-ны орой намайг текэн дээр сууж байхад манай үйлчлүүлэгч охин гаднаас орж ирээд эгчээ баарны гадны талын зогсоолд зогсож байсан приус машинаас нэг хүн юм аваад явчихлаа гэхээр нь би зааланд орж машинаа үүдэнд тавьсан хүн байна уу гээд хайгаад явж байтал үүдэнд сууж байсан нэг залуу гараад машинаа толь алга болчихсон байна гээд цагдаа дуудсан. Би саарал өнгийн  приусны толийг хугалсан залууг харвал танина. Нилээд согтуу, их тавьтиргүй хүн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 41  хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 48 хуудас/

Зуунмод сумын эд зүйлийн үнэлгээний комиссын үнэлгээ /хх-ийн 53 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Батжаргал нь согтуурсан үедээ 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг Алтан Од баарны зогсоол дээр тавьсан Д.Өнөрбатын эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 52-42УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нэг талын 1 ш толь, К.Хүрэлтогоогийн эзэмшлийн “Хонда Эйч Ар Ви” маркийн тээврийн хэрэгслийн 2 талын 2ш толийг тус тус хугалан авч улмаар Төв аймгийн Зуунмод сумын нутагт байрлах Зуунмод голын эрэг дээр аваачин санаатайгаар устгасан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч К.Хүрэлтогоогийн ... Алтан-Од баарны үүдэнд өөрийн 03-06 УБР улсын дугаартай Хонда HRV маркийн тээврийн хэрэгслээ тавьсан. Шөнийн 12 цагийн үед дүү Тэмүүжин утасдаад таны машины хоёр талын толь алга болчихсон байна гэж хэлэхээр нь машин дээрээ ирээд хартал хоёр талын толь алга болчихсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/, хохирогч Д.Өнөрбатын... Алтан-Од бааранд цагаан цамцтай өндөр залуу бүжиглэж байсан. Тэр залуу ариун цэврийн өрөөнөөс гараад хувцсаа аваад гараад явж харагдсан. Тэгээд байж байтал зөөгч ирээд гадаа байгаа машин таны машин мөн үү таны машинаас хүн нэг зүйл аваад явчихлаа гэж  хэлсэн. Гараад хартал “Тоёота Приус” маркийн 52-42УБЕ улсын дугаартай миний тээврийн хэрэгслийн нэг талын 1 ш толь алга болсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/, гэрч Б.Лхагвасүрэнгийн... Алтан-Од бааранд бүжиглэж байтал нэг өндөр залуу ирээд мөрлөөд байхаар нь би чи яах гээд байгаа юм бэ гээд түлхсэн. Бааранд байж байтал нөгөө залуу гараад явчихсан. 30 орчим минутын дараа надтай хамт явж байсан Өнөрбат гадаа гараад орж ирэхдээ машины нэг толь байхгүй байна гэхээр нь гараад харахад машиных нь нэг толь байхгүй болсон байсан ба бас хажууд нь байсан машины хоёр толь алга болчихсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/, гэрч Д.Мөнхцогтын... Лхагвасүрэн, Өнөрбат хоёрын хамтаар Алтан Од нэртэй бааранд бүжиглэж байхад цайвар өнгийн цамцтай нэг өндөр залуу хүрч ирээд ариун цэврийн өрөөнд ороод ир гэж Лхагвасүрэнг дуудаад Лхагваа яваад орсон. Намайг араас нь ороход нөгөө өндөр залуутай Лхагвасүрэн заамдалцаад зогсож байхаар нь би салгаад нөгөө залууг яв гэж хэлээд ширээн дээрээ очиж суусан. Бааранд Лхагваа, Өнөрөө бид гурав сууж байгаад 30 орчим минутын дараа баарнаас гарсан чинь Өнөрбатын машины нэг толь, хажууд нь байсан машины хоёр толь алга болсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/, гэрч Т.Эрдэнэсайханы .... намайг текэн дээр сууж байхад манай үйлчлүүлэгч охин гаднаас орж ирээд эгчээ баарны гадны талын зогсоолд зогсож байсан приус машинаас нэг хүн юм аваад явчихлаа гэхээр нь би зааланд орж машинаа үүдэнд тавьсан хүн байна уу гээд хайгаад явж байтал үүдэнд сууж байсан нэг залуу гараад машинаа толь алга болчихсон байна гээд цагдаа дуудсан. Би саарал өнгийн  приусны толийг хугалсан залууг харвал танина. Нилээд согтуу, их тавьтиргүй хүн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 41 хуудас/, шүүгдэгч Б.Батжаргалын ... Алтан-Од бааранд ирж ариун цэврийн өрөөнд нь ортол үл таних хоёр залуу зогсож байснаа намайг гаргахгүй өдөөд миний толгойруу цохисон. Тэр хоёр машинаа асаагаад явъя гэхээр нь би түрүүлж гараад Алтан-Од баарны үүдэнд байсан Тоёота Приус 20 маркийн машины 1 толь, Хонда HRV тээврийн хэрэгслийн 2 талын 2 толийг хугалж аваад гэрлүүгээ явах замдаа авсан тольнуудаа гол дээр аваачаад хагалаад хаячихсан юм. Би надтай муудалцсан залуусан машиныг нь сайн мэдэхгүй болохоор хажууд нь байсан Хонда HRV тээврийн хэрэгслийн 2 талын 2 толийг хугалсан гэх мэдүүлэг /хх-ийн 65,67 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Төв аймгийн Прокурорын газраас Б.Батжаргалд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял  шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Өнөрбатад 160 000 төгрөгийн, хохирогч К.Хүрэлтогоод 210 000 төгрөгийн хохирол хохирол тус тус учруулж уг хохирлуудыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Д.Өнөрбат, К.Хүрэлтогоо нар нь шүүгдэгч Б.Батжаргалаас нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна.

 

Шүүгдэгч Б.Батжаргал нь Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №157 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.3–д зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгэгдэж тэнсэж хянан харгалзагдаж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал арилсан байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Батжаргалын анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал зэргийг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт тус тус заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд байдлыг нь тус хуулийн Ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Б.Батжаргалын анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн эвдрэл гэмтэлтэй, хагарч бутарсан тээврийн хэрэгслийн 3 ширхэг толийг хуульд заасны дагуу устгаж,  Б.Батжаргалын эзэмшлийн 70 000 төгрөгийн үнэ бүхий хар саарал өнгийн Нокиа маркийн гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Батжаргал нь урд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

     Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

     1. Шүүгдэгч Дууч овгийн Бандийн Батжаргалыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Б.Батжаргалыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Батжаргалд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Батжаргалд оногдуулсан 01/ нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан Б.Батжаргалд тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгож, тэнсэгдсэн ялтан Б.Батжаргал нь хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн эвдрэл гэмтэлтэй, хагарч бутарсан тээврийн хэрэгслийн 3 ширхэг толийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар  Б.Батжаргалын эзэмшлийн 70 000 төгрөгийн үнэ бүхий хар саарал өнгийн Нокиа маркийн гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, ялтан Б.Батжаргал нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батжаргалд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Батжаргалд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                

 

 

 

                   ШҮҮГЧ                                     Ж.МӨНХТУЯА