| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 001/2018/0001/Э |
| Дугаар | 258 |
| Огноо | 2018-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 258
У.А-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаа, Ч.Содончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 125 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 6-ны өдрийн 232 дугаар магадлалтай, 1706011480267 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт У.А нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх У.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар У.А-аас 128.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Үүрийнцолмонд олгуулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 125 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.А-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч У.А гаргасан гомдолдоо: “...Хэргийн бодит байдлыг харсан Узбек хоолны газрын эзэн, ажилчдыг гэрчээр асуулгах хүсэлт удаа дараа гаргасан ч мөрдөгч үндэслэлгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн. Хэргийг шалгахдаа хэт нэг талыг буюу хохирогчийн талд шалгаж, илтэд намайг гэм буруутай мэтээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шинжээчийн дүгнэлтээр миний биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй хэдий ч тухайн үед надад тодорхой хэмжээний гэмтэл учирсан.
Миний гаргаж өгсөн сиди нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар бэхжүүлэгдээгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй гэж давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдаж, миний хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ эргэлзээтэй байдал байсаар байтал мөрдөн байцаалтанд буцаалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаа, Ч.Содончимэг нар хэлсэн саналдаа: “А-ын гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.
Мөн шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч У.А-ын гэм буруу тогтоогдсон. Хэргийн бүрдэл хангагдсан. Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч У.А-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Үүнд:
1. Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаярын бичсэн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 420 тоот яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “У.А нь 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Шашлик плов” зоогийн газарт Б.Үүрийнцолмонтой маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна.” гэж хэргийн агуулгыг бичээд хохирогч Б.Үүрийнцолмон, гэрч Ч.Булган, Б.Бэхбат, Б.Дина нарын мэдүүлэг, шинжээчийн 10338 дугаартай дүгнэлт гэсэн 5 нотлох баримтыг эх сурвалжийг дурдаж, улмаар хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Прокурор дээрх яллах дүгнэлтийг үйлдэхдээ яллагдагч У.А нь хэрхэн хохирогч Б.Үүрийнцолмонгийн биед гэмтэл учруулсан, хохирогчийн биед ямар ямар гэмтэл учирч, тэдгээр нь тус бүрдээ гэмтлийн зэрэг хангасан эсэхийг бичээгүй, өөрөөр хэлбэл яллагдагчийн холбогдсон хэргийн агуулгыг хэт ерөнхий байдлаар товч бичиж, яллах нотлох баримтын агуулгыг огт дурдахгүйгээр, зөвхөн нотлох баримтын эх сурвалжийг жагсаан бичсэн байна.
Яллах дүгнэлтэд яллагдагчийн гэм бурууг нотлох яллах талын баримтын агуулгыг нууцлах нь яллагдагчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрхийг зөрчихөөс гадна өөрийг нь буруутгаж буй нотлох баримттай танилцсанаар өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ бодитой хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасны дагуу шинээр баримт сэлт гаргаж өгөх, өөрийг нь буруутгаж буй нотлох баримтыг шалгуулах, нэмж тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах, яллах талын баримтыг няцаан үгүйсгэж мэтгэлцэх, эсхүл энэ хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргуулах зэрэг яллагдагчид хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах үр дагавартай бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 34.14, 35.8 дүгээр зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд сөргөөр нөлөөлөх ба яллах дүгнэлтэд бичигдээгүй үйл баримтыг шүүх тогтоох боломжгүй гэж үзнэ.
Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаярын бичсэн 420 тоот яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй бөгөөд анхан шатны шүүх дээр дурдсан алдааг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд зөвтгүүлэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.
2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг бичихдээ яллах дүгнэлтийг хуулбарлаж “У.А нь 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Шашлик плов” зоогийн газарт Б.Үүрийнцолмонтой маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь ... шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон” гэжээ.
Хэргийн үйл баримтын талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-д заасан “гэмт хэрэг үйлдэгдсэн … арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал”, мөн зүйлийн 2.3-т заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг бичих шаардлагыг хангаагүй байна.
Өөрөөр хэлбэл “хохирогч Б.Үүрийнцолмонгийн биед тархи доргилт, баруун шуу сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 10338 тоот эргэлзээ бүхий дүгнэлтийг шүүх эсрэг агуулгаар нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохдоо хохирогчид учирсан тархи доргилт, баруун шуу сарвууны зөөлийн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн шалгуур шинжийг хангасан эсэх, уг гэмтлүүд нь У.Аын ямар буруутай үйлдлийн улмаас учирсан, түүнчлэн хэргийн талаар харилцан зөрүүтэй мэдүүлэг өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрчийн мэдүүлгүүдийн аль хэсгийг хэргийн бодит байдалтай нийцсэн үнэн зөв, эсхүл няцааж үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Түүнчлэн хавтаст хэргийн 42 дугаар хуудсанд гар утсаар хийсэн бичлэг бүхий СД-г хэрэгт эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоол авагдаж, прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад эд мөрийн баримтаар тооцогдсон СД-г хэргийн хамт шүүхэд хүргүүлсэн талаар дурдсан байхад шүүх уг баримтыг нотлох баримтын шаардлага хангасан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэх талаар огт дүгнэлт хийхгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасан үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болно.
3. Шүүгдэгч У.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугийн талаар маргаж байхад прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, уг саналаа яллагдагчид танилцуулан /хх-97/ хэргийг шүүхэд шилжүүлсэн ба Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээж аваад 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 196 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2018 оны 1 дүгээр сарын 18-нд хийхээр товлосон боловч шүүх хуралдааныг хойшлуулж 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хийхээр товлон зарлахдаа яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулснаас гадна хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн байна.
Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ мөн хуулийн 17.1, 17.2, 17.3, 17.4 дэх хэсэгт заасан шаардлага нэгэн адил хангагдсан байхыг анхаарвал зохино.
Иймд шүүгдэгч У.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 125 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 6-ны өдрийн 232 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, У.А-т холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 125 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 6-ны өдрийн 232 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, У.А-т холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН