| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2021/02010/И |
| Дугаар | 183/ШШ2022/00619 |
| Огноо | 2022-03-11 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2022/00619
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, 204 тоот байрлах, Д ХХК /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, 201 тоот оршин суух, Б овогт Д.О /РД:00000000/-д холбогдох,
6 089 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,
Хариуцагч Д.О,
Хариуцагчийн өмгөөлөгч С.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Д.О-д холбогдуулан 6 089 700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Д.О-тай бид харилцан тохиролцож “Д” гоо заслын эмнэлгийн үйл ажиллагааг сурталчлах, зураг авалтанд оролцуулах, нүүр царай болох, нэр хүндтэй том хэмжээний рекламанд тоглуулах зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 0025 дугаартай "Ажил гүйцэтгэх гэрээ”-г 12 сарын хугацаатайгаар байгуулсан. Дээрх гэрээний 1.2 дахь хэсэгт “сар бүр 12 буюу түүнээс дээш удаа байгууллагын мэдээлэл агуулсан постыг өөрийн фэйсбүүк болон инстаграм хуудсанд тухай бүр байрлуулах, гэрээний хугацаанд сторийг тогтмол тоо хязгааргүй фэйсбүүк болон инстаграм хуудсанд хадгалалттай хэлбэрээр байрлуулах, эмнэлгийн постер зургийг нэг удаа авахуулах, эмнэлгийн пэйж хуудсанд лайк цуглуулах уралдаан зохион байгуулах, байгууллагын тухай мэдээ, мэдээллийг тоо харгалзахгүйгээр бусдад дамжуулах /shаге хийх/, эмнэлгийн видео сурталчилгаанд нэг удаа оролцох зэрэг ажлуудыг Д.О-гаар гүйцэтгүүлж, төлбөрийг гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар бартерийн журмаар буюу Д гоо заслын эмнэлгээр үйлчлүүлэх, үйлчлүүлсэн төлбөрт тооцохоор тус тус харилцан тохиролцсон байдаг. Ийнхүү Д.О нь манай эмнэлгээс гоо заслын нийт 8 553 000 төгрөгийн үйлчилгээг авсан бөгөөд түүний зүгээс гэрээний дагуу 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилсан 1 удаагийн пост, 18 удаагийн стори хийсэн байна.
Бидний хооронд байгуулагдсан гэрээний 1.2 дахь хэсэгт 12 сарын хугацаанд хийж гүйцэтгэх 7 ажлын жагсаалтыг оруулсан байдаг. Гэрээний нийт ажлын хөлс 16 000 000 төгрөг байх бөгөөд энэхүү ажлын хөлсийг 7 ажилд хуваан үзвэл 2 285 714 төгрөг болж байна. Д.О нь гэрээний нийт хугацаанд багадаа 12 удаагийн пост оруулах байснаас 1 удаагийн пост, стори оруулсан байгаа нь 2 285 714 төгрөгийг 12 удаагийн пост хийх ажилд хувааж үзэхэд 190 476 төгрөгтэй тэнцэж байна. Манай байгууллагын зүгээс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр Д.О-дгэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд тэрээр 2019 оны 10 дугаар сарын 29-ий өдөр гэрээг цуцлахад татгалзах зүйлгүйг дурдсан албан хариуг бидэнд өгсөн боловч тэрхүү хариуд өөрийн гүйцэтгэсэн ажлыг 1 удаагийн пост, 1 удаагийн сториг оруулсан гэдгийг хүлээн зөвшөөрч, энэхүү ажлын үнэлгээг үндэслэлгүйгээр хэт өндрөөр үнэлсэн байсан.
Ийнхүү бид Д.О-д 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 01/067 дугаартай албан бичгийг дахин хүргүүлсэн бөгөөд манай компанийн зүгээс түүнд үзүүлсэн нийт 8 553 000 төгрөгийн үйлчилгээний төлбөрөөс түүний шилжүүлсэн 2 000 000 төгрөг, түүний ажлын төлбөр 190 476 төгрөгийг тус тус хасч тооцон, 6 362 524 төгрөгийг Д.О-гаас гаргуулахаар болсон. Бидний зүгээс дээрх төлбөрийг Д.О-гаас гаргуулахаар албан бичгээр болон утсаар удаа дараа мэдэгдэж байсан боловч тэрээр би та бүхэнтэй харьцахгүй манай хуульчтай холбогдоорой хэмээн өнөөдрийг хүртэл 6 362 524 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна.
Иймд Д.Отай байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 0025 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцласан тул үйлчилгээний төлбөр болох 6 089 700 төгрөгийг гаргуулан өгч манай байгууллагад учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү гэсэн. Хариуцагчаас шаардаж байгаа төлбөрийн үлдэгдэл нь 6 362 524 төгрөг байгаа боловч нэхэмжлэлдээ 6 089 700 төгрөг гэж тооцооллын хувьд алдаатай бичсэн байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа 6 089 700 төгрөг гаргуулахаар дэмжиж байгаа гэсэн.
Хариуцагч Д.О хариу тайлбартаа: Д.О би “Д” ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 0025 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, ажил гүйцэтгэгчийн зүгээс гэрээнд заасан үүргийг зохих ёсоор биелүүлэн, гэрээний биелэлт ямар нэгэн эрхийн доголдолгүй хэвийн хэрэгжиж байсан. Гэвч “Д" ХХК-ийн зүгээс гэрээ байгуулснаас хойш удалгүй буюу 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 096 дугаар албан бичгээр дамжуулан гэрээг цуцлах болсноо мэдэгдсэн. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд бидний хооронд байгуулсан гэрээнд гэрээний биелэлтийг хэрхэн дүгнэх тухай тодорхой заалт тусгагдаагүй бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн хугацаатайгаар байгуулсан ба гэрээний 1.2.1-д зааснаас бусад заалтад нэг жилийн хэддүгээр сард хичнээн ажлуудыг хийж гүйцэтгэх талаар нарийвчлан зохицуулаагүй зөвхөн тоймлон тоог нь заасан, харин тухайн жилдээ багтаан тус ажлуудыг гүйцэтгэх үүргийг зааж өгсөн. Хэдийгээр гэрээнд тодорхой тусгагдаагүй боловч нэг сарын хугацаанд гүйцэтгэгч миний зүгээс өөрийн цахим хаягаар дамжуулж “Л” дээр 18 удаагийн стори, тухайн сард 1 пост, Л-ийн лайвыг 1 удаа өөрийн Фэйсбүүк хаягаар шэйр хийсэн.
Тиймээс гэрээний 1.2-ийн заалтууд биелэгдээгүй гэж шууд дүгнэсэн нь гэрээний тал болох гүйцэтгэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхпыг хөндөж, хийж хэрэгжүүлсэн ажлуудыг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн хэрэг гэж үзэж байна. Иргэний эрх зүйн гэрээний харилцаа болон ажил гүйцэтгэх гэрээний хувьд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзсаны дараа гүйцэтгэгч хариу шаардлага нэн даруй гаргах боломжтой тул ажил гүйцэтгэгчийн хувьд хуульд заасан эрхийнхээ дагуу гэрээний нэг сарын хугацаанд гүйцэтгэсэн сурталчилгааны пост 1 500 000 төгрөг, нэг удаагийн стори /пэйж болон интстаграм хуудсуудад давхар байршуулагдах/ 300 000 төгрөг, фэйсбүүк дээр шейр хийх гэх мэт нийт 7 500 000 төгрөгийн үйлчилгээг үзүүлсэн бөгөөд 598 300 төлбөрийн зөрүү үүссэнийг урьд нь Д ХХК-д мэдэгдсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2019 оны 9 сарын 11-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь үнэн. Би Д ХХК дээр очиж үйлчилгээ авсан байсан. 2019 оны 9 дүгээр сарын 11-ны өдрөөс хойш харин ямар нэгэн үйлчилгээ аваагүй. Хавтаст хэрэгт өгсөн баримтуудыг харвал 2019 оны 4 дүгээр сарын огноотой баримтууд байгаа. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаас хойш ямар нэгэн байдлаар үйлчилгээ аваагүй тул ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт нэхэмжлэх нь үндэслэлгүй, гэхдээ уг төлбөрийг төлөөгүй байсан нь үнэн. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн бол төлбөрт нь суутгах байсан, гэвч гэрээнээс татгалзсан тул төлбөрт суутгах боломжгүй болчихсон. Уг төлбөрөөс би 2 000 000 төгрөгийг нь төлчихсөн. Миний өөрийн бусад байгууллагатай хийдэг жишиг үнээр бол энэ төлбөр төлөгдсөн гэж үзэж байгаа. Энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн, энэ нь миний пэйж дээр тавигдсан постууд дээр миний ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад өгдөг үнийн санал байгаа юм. Тиймээс гэрээний дагуу хийсэн ажил, үйлчилгээ авсан үнэтэй тохирсон гэж үзэж байна. Мөн Д ХХК, Л ХХК гээд нэг хүн гэрээ байгуулаад байсан болохоор би төөрөгдсөн байна гэв.
Нэхэмжлэгчээс 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 0025 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д ХХК-ийн дүрэм, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Д ХХК-ийн Д.О-д хүргүүлсэн мэдэгдэл, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/067 дугаар Д ХХК-ийн Д.О-д хүргүүлсэн гэрээ цуцлах тухай мэдэгдэл, Д ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 6448, 6460, 6463 дугаар бүхий төлбөрийн баримтууд, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Д.О-гийн Д ХХК-д хүргүүлсэн мэдэгдлийн хариу, Д ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01 тоот М.Цэнгүүнд олгосон итгэмжлэл, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 0011 тоот Ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 3, 4-5, 6, 7-8, 9, 10, 11-13, 14-17, 78-79, р хуудас/ зэрэг баримтуудыг,
хариуцагчаас 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хариуцагч Д.О-гийн хариу тайлбар, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12/25 тоот Д.О, А.П нарын хооронд байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Д.О, С.О нарын хооронд байгуулагдсан Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Тапатрип эжэнси ХХК-ийн захирал З.Б, Д.О нарын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А ХХК-ийн маркетингийн менежер Э.А, Л.Б нарын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ, гэрээний хавсралт /хэргийн 24-24, 65-67, 75, 84-89, 90-93-р хуудас/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчийн хүсэлтээр түүний гар утасны цахим хаяг, инстаграмм хуудсанд үзлэг хийж, тэмдэглэлийг гэрэл зургуудын хамтаар /хэргийн 25-55-р хуудас/ хэрэгт хавсаргасан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д ХХК-ийн хариуцагч Д.О-д холбогдуулан гаргасан 6 089 700 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс 3 124 429 төгрөгийг хангаж, 2 965 271 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч Д.О нь ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлсийг бартерээр буюу үйлчилгээ үзүүлсний төлбөрийг төлөхөөр тохиролцсон боловч үүргээ биелүүлээгүйгээс гэрээг цуцласан тул үлдэгдэл төлбөр 6 089 700 төгрөгийг гаргуулна гэж шаардах эрхээ тодорхойлсон.
Хариуцагч нь нэхэмжлэгч Д ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаараа маргаагүй, гэрээг цуцласан талаар зөвшөөрсөн боловч гэрээнд заасан хийсэн ажлын хөлсийг зөвшөөрөхгүй, ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаас хойш үйлчилгээ аваагүй, өмнөх үйлчилгээний төлбөрөөс 2 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн, 1 000 000 төгрөгийн төлбөрийг төлөгдсөнд тооцно, хийсэн ажлын үнэлгээгээр тооцоход төлбөр төлөхгүй гэж үгүйсгэсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Д.О-тай 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр №0025 тоот Ажил гүйцэтгэх гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулж, Д.О нь Д ХХК-ийн даалгаврын дагуу гоо сайханы эмнэлгийн зураг авалтад оролцож нүүр царай болох, нэр хүндтэй том хэмжээний рекламанд тоглох, сурталчлах ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь ажил гүйцэтгэгчид хөлс төлөх үүргийг хүлээхээр харилцан тохиролцсон байна.
Талуудын маргааны зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн, ажлын хөлсний хэмжээ болон хөлсийг төлөх талаар байх бөгөөд гэрээ байгуулсан, гэрээг цуцласан талаар маргаагүй байна.
Зохигч талууд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр №0025 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан талаараа маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.
Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцласан гэрээнээс татгалзах, цуцлах тухай мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус тус хариуцагчид хүргүүлсэн, хариуцагч нь 2019 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн мэдэгдлээр гэрээг цуцлах талаар хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарласан.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хугацаа нь 1 жил буюу 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дуусах боловч нэхэмжлэгч хугацаанаас өмнө гэрээг цуцлах талаар хариуцагчид мэдэгдэл хүргүүлж, хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-д ажил гүйцэтгэгч нь ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцласан, энэ талаар хариуцагч маргаагүй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч нь гэрээ цуцласантай холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлсийг бартерээр төлөхөөр тохирсон байсан тул хариуцагчийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг 190 476 төгрөгөөр тооцож, үйлчилгээ үзүүлсэн 8 553 000 төгрөгнөөс түүний төлсөн 2 000 000 төгрөгийг хасч, үлдэх 6 089 700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч нь 8 553 000 төгрөгний үйлчилгээ авсан талаараа маргаагүй боловч уг үйлчилгээг ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдахаас өмнө авсан, ажлын хөлсийг 190 476 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй, хэт доогуур үнэлсэн гэж мэтгэлцсэн.
Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 1.2-д “гүйцэтгэгч нь захиалагчийн үйл ажиллагааг дараах байдлаар сурталчилна, 1.2.1-д “сар бүр байгуулллагын мэдээлэл агуулсан постыг өөрийн фэйсбүүк болон интраграммд тухай бүр байршуулах /12буюу түүнээс дээш/, 1.2.2 гэрээний хугацаанд сторийг тогтмол тоо хязгааргүй фэйсбүүк болон инстрагмм хуудсанд хадгалалттай хэлбэрээр байршуулах, 1.2.3 Д эмнэлгийн постер зураг авахуулах нийт 1 удаа, 1.2.4 Д эмнэлэг пайжд лайка цуглуулах уралдаан зохион байгуулах 1 удаа, 1.2.5 байгууллагын холбоотой мэдээ мэдээллийг шейр тоо хязгааргүй, 1.2.6 эмнэлэг дээр лайв хийх жилд 2 удаа, 1.2.7 Д эмнэлэг видео сурталчилгаанд 1 удаа орох” гэсэн ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ.
Мөн гэрээнийн 2.1-д “гүйцэтгэгчийн ажлын хөлсийг гүйцэтгэгчид 100 хувь бартер хэлбэрээр, үйлчилгээ авах үе бүрт нь шилжүүлэх үүрэгтэй”, 6.1-д “гүйцэтгэгч нь энэ гэрээнд заасан ажлын хөлсийг захиалагчийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс 100 хувь эмнэлгийн үйлчилгээгээр авна”, 6.2-д “энэхүү гэрээний нийт ажлын хөлс 16 000 000 төгрөг байна” гэжээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар талууд гэрээндээ ажлын хөлсийг 16 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон, уг ажлын хөлсийг бартер хэлбэрээр эмнэлгийн үйлчилгээгээр авна гэж харилцан тохиролцсон талаараа маргаагүй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчээс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 8 553 000 төгрөгний эмнэлгийн үйлчилгээ авсан, уг үйлчилгээний төлбөрийг ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад төлж дуусгаагүй байсан талаар хэн аль нь маргаагүй тул нэхэмжлэгчийн уг мөнгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Хариуцагч нь 8 553 000 төгрөгийн эмнэлгийн үйлчилгээнээс 2 000 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн, 1 000 000 төгрөгийг хариуцагч төлсөн талаараа баримтаар нотлоогүй тул эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл нь 6 553 000 төгрөг байна гэж үзэв.
Нэхэмжлэгч нь гэрээгээр харилцан тохиролцсон ажлуудаас 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 25-ны хүртлэх хугацаанд бүтээгдэхүүн, үйлчилгээ сурталчилсан 1 удаагийн пост, 18 удаагийн стори хийсэн гэсэн, хариуцагч нь 1 удаагийн пост оруулсан, 18 удаагийн стори хийсэн, байгууллагын мэдээ, мэдээллийг 1 удаа шэйр хийсэн гэж маргасан бөгөөд үзлэг хийсэн тэмдэглэл, талуудын тайлбараар хариуцагч нь бүтээгдэхүүн, үйлчилгээ сурталчилсан 1 удаагийн пост, 18 удаагийн стори хийсэн болох нь тогтоогдож байна.
Хариуцагч нь байгууллагын мэдээ, мэдээллийг 1 удаа шэйр хийсэн, сурталчилгаа хийсэн гэсэн боловч энэ нь Д ХХК-ийн биш Л ХХК-ийн бүтээгдэхүүн байх бөгөөд хариуцагч нь аль компанийн бараа бүтээгдэхүүн байсныг нь мэдэхгүй, захирал Л.Хатанзултай гэрээ байгуулсан, тиймээс нэг компани гэж ноцтой төөрөгдсөн гэсэн боловч хариуцагч нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Д ХХК-тай 0025 тоот, Л ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 0011 тоот ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байх тул ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Мөн хариуцагч нь бусад байгууллагатай хийдэг жишиг үнээр ажлын хөлсийг тооцно, энэ нь сурталчилгааны пост 1 500 000 төгрөг, нэг удаагийн стори 300 000 төгрөг, фэйсбүүк болон бусад нийгмийн сүлжээнд шэйр хийх гэх мэтээр төлбөрийг тооцоход 7 500 000 төгрөгийг ажлыг хийсэн гэж маргаад хэрэгт нотлох баримтаар 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Тапатрип эжэнси ХХК-ийн захирал З.Батгэрэл, Д.О нарын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А ХХК-ийн маркетингийн менежер Э.А, Л.Б нарын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ, гэрээний хавсралт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Гэвч зохигч талууд ажил гүйцэтгэх гэрээний 6.2-д гэрээний нийт ажлын хөлс 16 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон боловч гэрээний 2.1-д заасан ажлуудын хөлсний хэмжээ болон үнэлгээний талаар нарийвчлан тохиролцоогүй, Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д заасан “хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэснийг зөрчсөн байна гэж дүгнэв.
Талуудын ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсийг тооцохдоо талуудын гэрээнд харилцан тохиролцсон үнэ болох 16 000 000 төгрөгийг нийт хийж гүйцэтгэхээр тохиролцсон ажилд хуваахад 1 ажлын хөлсийг 2 285 714 төгрөгөөр /16 000 000:7=2 285 714/ тооцох боломжтой ба үүнээс гэрээний 1.2.1-д заасан “сар бүр байгууллагын мэдээлэл агуулсан постыг өөрийн фэйсбүүк болон инстграммд тухай бүр байршуулах /12 буюу түүнээс дээш/” ажлыг 50 хувь гүйцэтгэсэн байх тул 2 285 714 төгрөгний 50 хувь болох 1 142 857 төгрөг /2 285 714:2=1 142 857/, 1.2.2-д заасан “гэрээний хугацаанд сторийг тогтмол тоо хязгааргүй фэйсбүүк болон инстграмм хуудсанд хадгалалттай хэлбэрээр байршуулах” ажлыг хийж гүйцэтгэсэн байх тул 2 285 714 төгрөгөөр тооцож, нийт 3 428 571 төгрөгийн /1 142 857+2 285 714=3 428 571/ ажлыг хийж гүйцэтгэжээ.
Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ” гэж зааснаар хариуцагч Д.О-гаас эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 6 553 000 төгрөгнөөс гэрээний хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 3 428 571 төгрөгийг хасч, үлдэх 3 124 429 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-нд олгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 386 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 64 940 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар хариуцагч Д.О-гаас 3 124 429 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 965 271 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Дермастатек ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 386 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-гаас 64 940 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН