Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/995

 

 

  

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул,

Улсын яллагч Б.Оргилболд,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б д холбогдох эрүүгийн 2409000001244 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, “...” хүнсний дэлгүүр дотор үйлчлүүлж байхдаа лангуун дээр байсан хохирогч Г.Г ийн өмчлөлийн 475,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy A53” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  1. Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Б.Б нь 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, “...” хүнсний дэлгүүр дотор үйлчлүүлж байхдаа лангуун дээр байсан хохирогч Г.Г ийн өмчлөлийн 475,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy A53” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Хохирогч Г.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өнөөдөр буюу 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдөр охиндоо гар утсаа өгөөд дэлгүүр лүү явуулсан юм. Тэгээд гар утсаа худалдагчийн лангуун дээр тавьж үлдээгээд би худалдагчтай нь гар утсаар яриад манай охин дэлгүүр дотор юм аваад байж байх хооронд миний гар утсыг худалдагчийн лангуун дээрээс үл таних эрэгтэй хүн миний Самсунг А53 загварын гар утсыг аваад яваад өгсөн байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,

 

“Дамно” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №СБ2-24-668 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-36 дугаар тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29 дүгээр тал/,

 

“Samsung Galaxy A53” загварын гар утсыг шүүгдэгч Б.Б өөс хураан авч, хохирогч Г.Г т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 25-26 дугаар тал/,

 

Шүүгдэгч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдөр би гэртээ согтууруулах ундааны зүйл ганцаараа хэрэглээд халамцуу байхдаа өөрийн хүүхдэдээ зайрмаг авч өгөх, мөн өртөө нэг шил архи авахаар гэрээсээ гараад Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн гудамж Тоосгоны эцсийн дэргэд баригдах “...” нэртэй хүнсний дэлгүүрт орж 200 граммын “Хараа” нэртэй архи нэг ширхгийг, мөн 2 ширхэг зайрмаг аваад тооцоогоо хийх гээд лангууны ард очиход уг лангууны дээр цагаан өнгийн гадартай, шаргал өнгийн утас байхаар нь аваад гарчихсан. Тэгээд хэд хоногийн дараа цагдаагийн байгууллагаас дуудаж шалгаад намайг гар утас авсан байхыг тогтоосон. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор авсан байх гэж бодож байна. Харин тухайн гар утсыг би зарж мөнгө олох гэж аваагүй. Тухайн дэлгүүрээс гарахдаа гар утсыг авсан ба буцаагаад тавих гэсэн чинь гаднаас хүмүүс ороод ирэхээр нь би санаа зовоод гаргаж чадалгүй аваад явчихсан. Дэлгүүрт надаас өөр худалдан авагч байгаагүй. Харин худалдагч лангууныхаа ард сууж байсан. Тэр гар утас харагдаагүй юм шиг байсан. Би өөрийн хийсэн хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, “...” хүнсний дэлгүүр дотор үйлчлүүлж байхдаа лангуун дээр байсан хохирогч Г.Г ийн өмчлөлийн 475,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy A53” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Б нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.Г ийн 475,000 төгрөгийн үнэ бүхий  Samsung Galaxy A53загварын гар утсыг хулгайлсан байх бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г т 475,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд “Samsung Galaxy A53” загварын гар утсыг шүүгдэгч Б.Б өөс хураан авч, хохирогч Г.Г т хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Б.Б ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Б.Б өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна... ” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Б нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 42 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.  

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б.Б ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.БАТСАЙХАН