Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/00178

 

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/00178

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, * дүгээр хороо,  * дүгээр хороолол, * дугаар байр, * тоотод оршин суух, Х ургийн овогтой Д-ийн Э /РД:/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, өөрийн байранд оршин байх, Д ХК /РД:2688352/

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Т гудамж, өөрийн байранд оршин байх, Н байгууллага

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,246,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, Ц.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д ХК-ийн Т цехэд 29.3 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн тул 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/457 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Д ХК-ийн Хамтын гэрээний 12.1-д заасны дагуу миний ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 22,464,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Нэг удаагийн мөнгөн тэтгэмж болох 22,464,000 төгрөгийг олгохдоо хувь хүний орлогын албан татварт 10 хувиар тооцон суутгасан. Гэтэл мөнгөн тэтгэмжээс татвар авах ёсгүй байсан. Иймд татвараас чөлөөлөх орлогоос татвар суутгаж намайг хохироосон тул хариуцагчаас 2,246,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э нь Д ХК-д нийт 29.3 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/457 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Манай Д ХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12. 1-д заасны дагуу Д.Э-ийн эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 22,464,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж татварын дансанд шилжүүлсэн. Иймд нэхэмжлэгч 2,246,400 төгрөгөө Баянгол дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д ХК нь тус татварын хэлтэст ирүүлсэн 2019 оны Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын мэдээ-ний хэсэгт иргэн Д.Э-д тогтмол бус үйл ажиллагааны орлогын төрлөөр 2,266,400 төгрөгийг суутгаж тайлагнасан байна. Тогтмол бус үйл ажиллагааны орлого гэдэгт Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль-ийн 8 дугаар зүйл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8.2 дахь хэсэгт заасан орлогыг хамааруулна. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль-ийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж нь чөлөөлөгдөх орлогод хамаарахаар зохицуулсан. Иймд Д ХК нь суутгах ёсгүй татварыг иргэнээс суутгаж тайлагнасан ба 2019 онд ирүүлсэн тайланг 2020 онд багтаан засварлах эрхтэй байсан ч тайлангаа засварлаагүй тул иргэнээс суутгаж авсан мөнгийг нь буцаан олгох нь зүйтэй гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Худалдаа хөгжлийн банк дахь 47 тоот дансны 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацааны хуулга, Д ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/457 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас халах, тэтгэмж олгох тухай тушаал, уг тушаалын 1 дүгээр хавсралт /хх 3-8/,

хариуцагчаас Д ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/457 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас халах, тэтгэмж олгох тухай тушаал, уг тушаалын 1 дүгээр хавсралтыг шүүхэд гаргаж өгсөн /хх16-19/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Д ХК-д холбогдуулж 2,246,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхэд ханджээ. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд хандах болсон шалтгаанаа буюу 2,246,400 төгрөгийн шаардлагын үндэслэлээ ...татвараас чөлөөлөх орлогоос татвар суутгаж намайг хохироосон гэж тайлбарласан.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа ...хуульд заасны дагуу татвар суутгаж зохих байгууллагад шилжүүлсэн. Иймд 2,246,400 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсээ шаардах ёстой, ...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт Д

ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/457 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас халах, тэтгэмж олгох тухай тушаал авагджээ. Уг тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.1.2, 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3, 42.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйл, Д ХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1, 12.2 дахь заалтуудыг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасан Турбин цехийн туслах тоноглолын щитны машинч Д.Эийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн ба Д.Э-т эрчим хүчний салбарт ажилласан 29 жил 3 сард ногдох 22,464,000 төгрөгийн тэтгэмж өгөхөөр шийдвэрлэсэн байна.

 

Харин тэтгэмжийг олгохдоо тэтгэмжийн дүнгээс хувь хүний орлогын албан татварт 10 хувь буюу 2,246,400 төгрөгийг суутгасан, энэ үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Хамтын гэрээнд энэ хуулиар шууд зохицуулагдаагүй дараахь харилцааг зохицуулна, 18.1.1-д үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх, Ажилтанд олгох хоол, унааны зардал болон бусад нөхөх олговорын хэмжээг тогтоох гэж тус тус заасан.

 

Д ХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээгээр эрчим хүчний салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн хувь хэмжээг тогтоон тохирсон талаар талууд маргаагүй.

 

Хамтын гэрээний дагуу нэхэмжлэгчид олгосон тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан ажлаас халагдсан ажилтанд олгох тэтгэмж байх бөгөөд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасан татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарч байна. Иймд хариуцагчийг хуулиар албан татвараас чөлөөлөх орлогоос татвар суутган авч, нэхэмжлэгчийн эд хөрөнгийн эрхэд хохирол учруулж, олох байсан орлогыг үндэслэлгүй бууруулсан гэж үзнэ.

 

Дээрх эрхийг хэрхэн сэргээх талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид олговол зохих мөнгөн хөрөнгөөс /тэтгэмж/ суутган авсан татварын хэмжээгээр нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах үүрэгтэй.

 

Түүнчлэн хариуцагчийн ...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч Д.Э өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс талуудын хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Иймд талуудын хооронд үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэхгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй.

 

Харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарах ба хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иймд хариуцагчаас 2,246,400 төгрөгийг гаргуулж Д.Э-т олгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д ХК-иас 2,246,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,892 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 50,892 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ