Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/00135

 

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/00135

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, * дүгээр хороо, өөрийн байранд оршин байх хаягтай, Г ХХК

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * дугаар байр, * тоотод оршин суух бүртгэлтэй, Т аймгийн Б сум, * дугаар баг, Х хаягт түр оршин суух хаягтай, З  овогтой Э-ийн У 

 

Нэхэмжлэлийн шаардлага: 23,555,477.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Э.У-аас гэрээний үүрэгт 23,555,477.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Э.У нь манай *тай 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ1905113414 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 14,900,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээл авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй *ийг хохироож байгаа. Зээлдэгчийн цалингийн зээлийн гэрээний 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар гэрээний үүрэгт үндсэн зээл 12,487,223.59 төгрөг, үндсэн хүү 10,216,032.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 852,221.17 төгрөг байна. Иймд хариуцагчаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 23,555,477.64 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э.У шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Г-наас 14,900,000 төгрөгийн зээл авсан. Үндсэн зээлийг бол хүлээн зөвшөөрнө, харин хүү тооцооллын хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь:

1/ Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дууссан байхад зээлийн хүүг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаагаар тооцсоныг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Зээлийн гэрээний үндсэн зарчим бол зээлийн гэрээ дууссанаар тооцогдох ёстой.

2/ Иргэний хуулийн 13 дугаар зүйлийг зөрчсөн. Зээл төлөх талаар албан журмаар нэг ч удаа мэдэгдэл өгч байгаагүй. Иймд Г * ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөрөөс үндсэн зээлийг төлсөн дүнг хасаж, үлдэгдэл төлбөр график гаргуулан төлөхөөр, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ1905113414 тоот зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгтийг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас Төв аймаг, Батсүмбэр сум, Цогт-Өндөр 2 багийн засаг даргын тодорхойлолт, Э.У-ын зээлийн мэдээллийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Г * ХХК болон хариуцагч Э.У- нар ЗГ1905113414 тоот зээл болон барьцааны /цалингийн зээл/ гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр Г * ХХК нь 14,900,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохирчээ.

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т ...зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

 

2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Г * ХХК нь хариуцагч Э.У-ад холбогдуулж талуудын байгуулсан гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 12,487,223.59 төгрөг, зээлийн хүү 10,216,032.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 852,221.17 төгрөг, нийт 23,555,477.64 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

*, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн мөнгийг хариуцагчид бодитоор шилжүүлсэн ба энэ талаар хариуцагч маргаагүй. Нэгэнт нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргээ гүйцэтгэсэн байх тул хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ.

 

Дээр дурдсанчлан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэйг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д заасан. Мөн талуудын байгуулсан гэрээг цуцлах нь *ны үүрэг бус эрх нь тул эрхээ хэрэгжүүлээгүйг нь буруутгах үндэслэлгүйгээс гадна зээлдэгч өөрөө гэрээг цуцлах санал гаргаагүй байна.

 

Иймд хариуцагчийн ...зээлийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дууссан байхад зээлийн хүүг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаагаар тооцсон. Зээлийн гэрээний үндсэн зарчим бол зээлийн гэрээ дууссанаар тооцогдох ёстой, ...* нь зээл төлөх талаар албан журмаар нэг ч удаа мэдэгдэл өгч байгаагүй, ...зээлийн төлбөрөөс үндсэн зээлийг төлсөн дүнг хасуулах, ...зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэх татгалзал үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Э.У-аас 23,555,477.64 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г * ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,727.39 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.У-аас 275,727.39 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г * ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ