| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2020/03243/И |
| Дугаар | 183/ШШ2022/02529 |
| Огноо | 2021-11-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2022/02529
2021 оны 11 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2021/02529 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, 9а тоот оршин суух, Б овогт Н.Ц /РД:000000/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, 7 тоот оршин суух, Т овогт Ц.Г /РД:0000000/,
Хариуцагч: Х дүүргийн 7 тоотод оршин суух Х овогт С.Э /РД:0000000/ нарт холбогдох,
Бараа зээлж авсан болон дэлгүүрийг хариуцан ажиллуулж байхдаа дутагдуулсан нийт 8 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч Ц.Г, хариуцагчийн өмгөөлөгч Д.О, гэрч Н.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: 2016 онд Ц.Г, С.Э нар нь гэр бүл байсан ба Н.Ц миний бие эдгээр хүмүүсийг өөрийн эзэмшлийн Т хүнсний дэлгүүрийг 2 сар орчмын хугацаанд хариуцуулж, цалинжуулж ажиллуулж байсан. Гэтэл энэ хугацаанд манай дэлгүүрийн барааг маш ихээр дутаасан тул би ажиллуулахыг нь болиулсан. Ингээд тооцоо нийлээд үзтэл нийт 7 200 000 төгрөгийн бараа дутагдуулсан байсан. Энэ үед Ц.Г нь надад дээрх идэж шамшигдуулсан 7 200 000 төгрөгийг нөхөр С.Э-тай хуваан төлнө гэсэн амлалт өгч байсан ба энэ талаар баримт хүртэл үйлдсэн. Үүнээс хойш Ц.Г нь өгнө өгнө гэсээр надаас дахин 1 500 000 төгрөгний барааг зээлж авсан. Үүнийгээ мөн өгнө гэсээр огт өгөхгүй байсан ба 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тун удаахгүй төлнө хэмээн дахин амлалт өгч, баталгаа бичиж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байсаар байна. Иймд Ц.Г, С.Э нараас нийт 8 700 000 төгрөг гаргуулж, иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна, Ц.Г-гаас бараа зээлж авсан болон дэлгүүрийг хариуцаж ажиллуулж байхдаа идэж ашигласан нийт 8 700 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Миний бие өөрийн эзэмшлийн дэлгүүрийг 2 сар орчмын хугацаанд Ц.Г-аар хариуцуулж, цалинжуулан ажиллуулж байсан. Гэтэл энэ хугацаанд манай дэлгүүрийн барааг ихээр дутаасан учраас ажиллуулахаа больсон. Мөн Ц.Г нь манай дэлгүүрийн ойролцоо амьдардаг бөгөөд байнга зовлон тооцож, бараа зээлж авдаг 2008 оноос эхлэж 2019 он хүртэл дэлгүүрээс бараа зээлж авсан. Энэ бүхнийг нь тооцоод үзэхэд 7 200 000 төгрөг байсан. Энэ үед Ц.Г нь идсэн авсан барааны үнийг нөхөр С.Энхбаттай хуваан төлнө гэсэн боловч төлөөгүй, үүний дараа 2019 онд хүүхэд өвчихөөд байна гээд дахин 1 500 000 төгрөгийг бараа зээлсэн, одоогийн нөхөр С-тай нийлж төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Би Ц.Г-г буудал, караоке, гадна хашаа хороо зэргийг огт цэвэрлүүлж байгаагүй ба хүний хөгжлийн сангаас олгодог мөнгийг тухайн хүний өмнөөс авах ямар ч боломжгүй юм. Энэ хугацаанд Ц.Г надаас бараа зээлж авсан болон дэлгүүрийг хариуцан ажиллуулж байхдаа идэж ашигласан нийт мөнгөн дүн 8 700 000 төгрөг болсон. Иймд Ц.Г-аас нийт 8 700 000 төгрөгийг гаргуулж, иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Н.Ц нь Х дүүрэг, Тулгат хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг. Хариуцагч Ц.Г 2008-2019 оны хооронд хүнсний бараа зээлж авдаг байсан. 2009 онд 2 сар гаруйн хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан. Энэ хугацаанд бараа дутагдуулж байсан тул ажиллуулахаа болиод цалин хөлсийг нь өгсөн. Дэлгүүрт караоке байгаагүй. 2008-2019 он хүртэл зээлээр авсан барааны хуримтлагдсан төлбөр 8 700 000 төгрөг болсон. 2016, 2019, 2020 онд өрөө төлнө гэсэн бичиг бичиж өгсний дагуу шаардаж байгаа. 10 жилийн хугацаанд хуримтлагдсан өр. Тухайн үед нөхөр С.Э нь ажил хийгээд талыг нь төлнө гэж байсан боловч тухайн ажил нь мөнгөний асуудлаас болоод хийгдээгүй. Дараа нь Н.С гэх хүнтэй гэр бүл болсон байх үедээ нэмж 1 500 000 төгрөгийн өр тавьсан. Үндсэндээ Ц.Г-ийн ахуй амьдралдаа зарцуулсан мөнгө. Нийт 8 700 000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ц.Г миний бие надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч тус шүүхэд хандаж дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Х дүүрэг 7 тоотод амьдардаг байсан бөгөөд гэрт ойр байрлах “Тулга” дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа дэлгүүрийн эзэн Н.Ц-тай танилцаж нэгнээ мэдэх болсон. 2009 оны 06 дугаар сард Н.Ц надтай уулзаж дэлгүүртээ худалдагчаар ажиллах санал тавьсан. Би тухайн үед худалдагч хийж чадахгүй ш дээ гэхэд зүгээрээ туршлагагүй чадахгүй байх тусмаа зүгээр гэж хэлээд хөдөлмөрийн гэрээ хийхгүйгээр худалдагчаар 2 сарын хугацаанд ажилласан. Тухайн үед дэлгүүрийн нийт бараа 2-3 сая төгрөг орчим байсан түүнээс илүү гарч байгаагүй эргэлтийн хөрөнгө гэж өөрөө хэлж байсан. 2 сар орчим ажиллаад 2009 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажлаа хүлээлгэн өгөхөд 2-3 сая төгрөг дутсан байна гэж хэлсэн. Н.Ц нь уг дутсан гэх 2-3 сая төгрөгийг заавал авна гэж өдөр тутамд гэр орноор ирж хэрүүл хийгээд байсан учир сүүлдээ залхаад 2009 оны 11 дүгээр сараас эхлэн 2011 оны 10 сар хүртэлх 2 жилийн хугацаанд С.Э-ын хамт өглөөний 8 цагаас шөнийн 24 цаг хүртэл нэхэмжлэгчийн ажиллуулдаг дэлгүүрийн дотор гадна тал, караоке өрөө, буудлын цэвэрлэгээ, гадна хашаа хороог цэвэрлэх зэрэг бүхий л хар бор ажлыг бид хоёроор хийлгэж төлбөр тооцоогүй болсон гээд салцгаасан. 2 жилийн хугацаанд бид цалин огт авч байгаагүй. Хуучин нөхөр бид 2 Н.Ц-д ажилласан хугацаандаа хангалттай муу муухай хар ажлыг нь хийсэн учир энэ хүнд одоо төлөх төлбөр огт байхгүй, харин ч бид хохироод байгаа билээ. Мөн Н.Ц нь 2010 оноос хойш нөхөр бид 2-ыг өртэй гэж дарамтлан нөхөр болон 2 хүүхдийн хүний хөгжил сангаас олгодог мөнгийг банкинд ажилладаг таньдаг теллэрээрээ дамжуулан бидний бичиг баримтаар авдаг байсан. Сүүлд энэ хүн хүрч ирээд 2009 онд ажиллаж байсан үедээ дутаасан бараа чинь 2-3 сая төгрөг биш дахиад авлагатай гэж дарамтлаад 2011 оны 10 сар хүртэлх ажиллаад тооцоо дууссан асуудал дээр надаас нэг бичиг авчихаад дахин нэхэмжлэл гарган мөнгө нэхэж байгааг гайхаж байна. Нөхөр байсан Э энэ айлд барилгын ажлыг үнэ төлбөргүй хиж өгсөн удаа мөн л олон. Мөн нөхөр хүү 2-ыг Завхан аймагт газар шорооны цалинтай ажил хийлгүүлэн гэж авч яван 1 сар ажилуулчихаад цалингаа авъя гэж хэлэхэд нь хүнгүй, унаа тэрэггүй алс газраас хөөж манай 2 алхаж явсаар туйлддагийн эцэст суурийн газарт орж ирсэн ба би эндээс хүнээс мөнгө зээлж авч ирсэн. Ингээд явж байж надаас ямар юмны авлага яриад байна. Арайчдээ нэрээ энэ хүн. Би энэ хүнд өргүй. Манай хуучин нөхөр Энхбатын асуудлыг мэдэх зүйл алга. Иймд Н.Ц-ийн надад холбогдуулж нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Н.Ц-г 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагалдаж, 2009 оны 06, 07 дугаар сард ажилласан. Тухайн үед бараа дутсан боловч их хэмжээгээр дутаагүй. Би 2009-2012 он хүртэл гэрийг нь цэвэрлэж, гал тогтоог нь барьдаг байсан. Намайг ажиллаж байхад байшингаа 2 давхар болгосон тэр үед С.Э бид хоёр хамтарч ажил хийхдээ цалин авч байгаагүй. Н.Ц аж ахуй гутлын үйлдвэр ажиллуулна гээд хүүхдийн мөнгө, улсаас өгч буй мөнгийг өрөндөө авсан. Худалдагч хийхэд бараа хүлээлгэж өгдөг боловч түлхүүрээ хүлээлгэж өгдөггүй, эзгүй хойгуур ордог. 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сар хүртэл 2 сарын хугацаанд ажиллахад бараа дутсан гэхдээ хөдөлмөрийнхөө хөлсөөр төлсөн. Би дэлгүүр, гэр, караоке гээд барилгын цэвэрлэгээ, үйлчилгээ бүгдийг хийдэг байсан. С.Э 2 давхар барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. 2019 он хүртэл зээл авсан гэж тайлбарлаж байсан. Дэлгүүрт өртэй гэж бичсэнээс хойш 10 000, 20 000 төгрөгийн зээл авч байсан боловч буцаагаад өгч байсан, өртэй гэж бичсэн нь үнэн, гэхдээ өрөө ажил хийгээд төлчихсөн гэж бодож байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй гэж үзэж байна. Н.Ц хариуцагчийг 2 сар гаруйн хугацаанд ажиллаж байхдаа 7 200 000 төгрөгийн бараа дутсан гэж нэхэмжлэл гаргасан. Гэтэл 2 000 000 төгрөгийн бараа дутаасан, 5 200 000 төгрөгийн бараа зээлсэн гэж өөр өөрөөр тайлбарлаад байна. Нэхэмжлэл, хариу тайлбар бол нотлох баримтын нэг бөгөөд 7 200 000 төгрөгийг бараа дутаасны улмаас үүссэн өр гэж нэхэмжлэгч өөрөө тодорхойлсон. Зээлсэн биш идэж шамшигдуулсан мөнгөө нөхрийн хамт хувааж төлнө гэдэг байсан. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа 2009 оны орчимд үүссэн байна. Н.Цгэдэг хүнтэй хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд орсон бол хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид байгаа. Хөдөлмөрийн гэрээ байгуулаад, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаад бараагаа хүлээлгэж өгөх ёстой. Бараа авсан бол хүлээлгэж өгсөн талаарх акт үйлдэх ёстой байсан. Зээлийн харилцаа биш хөдөлмөрийн гэрээгээр үүссэн харилцаа юм. Бараа зээлсэн гэж тайлбарлаж байгаа бол хамтран үүрэг гүйцэтгэгчтэй харилцаа. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т зааснаар ахуйн хэрэглээнд бараа зээлдэг бол С.Э гэх хүн оролцсон бол хамтран хариуцах ёстой гээд хүсэл зоригоо илэрхийлж байсан. Н.Ц С.Энхбат, Ц.Г бид хоёрыг ажлын байрандаа дууддаг, гэрт орж ирдэг гэж байгаа нь үүрэг гүйцэтгүүлэгч хэнээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар тодорхойлж байна. Зээлийн харилцааны 1 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэрч н.Б бол нэхэмжлэгчийн нөхөр. Гэрчийн мэдүүлэгт Н.С гэдэг хүн өөрөө авсан, төлнө гэж хэлсэн талаар дурдсан. Н.С, Н.Ц нарын хооронд зээлийн харилцаа үүсээд 1 500 000 төгрөгийн бараа авсан, хэдий хэмжээний бараа авах талаар ярилцсан байна. Тиймээс 1 500 000 төгрөгнйи барааг Ц.Г аваагүй, хариуцагч биш болох нь тогтоогдож байна. Хөрөнгө шамшигдуулснаас үүссэн 7 200 000 төгрөг бол нотлогдохгүй. Зээлсэн гэж байгаа бол бараа бүтээгдэхүүнийг шилжүүлсэн гэдгийг нотлох ёстой. Нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа бол нотлох үүргээ хэрэгжүүлэх нь зүйн хэрэг юм. Мөн С.Э гэдэг хүн ажил хийгээд энэ төлбөрийг төлчихсөн гэж үзэж байгаа. С.Э7 200 000 төгрөгийн хэмжээнд ажилласан гэдгийг ажил гүйцэтгэх гэрээгээр тогтоогдоно. Гэрчийн мэдүүлгээс харахад Н.С, н.Болд нар С.Э-ыг ажиллаж байсан гэдгийг хэлсэн. Гэрч Н.Б-ын мэдүүлэгт Ц.Г-г цэвэрлэгч, худалдагч хийж байсан гэдгийг хэлсэн. Цэвэрлэгчээр ажиллаж байхдаа мөнгөө төлсөн, Ц.Г хоёр жилийн хугацаанд гэрийн ажил хийсэн төдийгүй барилгын ажил хийсэн гэж тайлбарладаг. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч Ц.Г, С.Э нарт холбогдуулан бараа зээлж авсан болон дэлгүүрийг хариуцан ажиллуулж байхдаа дутагдуулсан нийт 8 700 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч С.Э-ыг хариуцагчаар татахаас татгалзаж, хариуцагч Ц.Г-г дангаар үлдээж, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн тул нэхэмжлэлийг хариуцагч Ц.Гд холбогдуулан шийдвэрлэсэн болно. /хэргийн 26-р хуудас/
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Г-г 2008 оноос 2019 оны хүртлэх хугацаанд зээлээр авсан барааны үнэ болон 2009 онд 2 сар дэлгүүрт ажиллаж байхдаа дутаасан барааны үнэд нийт 7 200 000 төгрөгний өр тавьсан, уг өрийг нөхөр С.Э-тай нийлж төлнө гэсэн боловч төлөөгүй, мөн Н.С-тай нийлж 1 500 000 төгрөгний бараа зээлж авсан боловч төлөөгүй тул нийт 8 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
Хариуцагч нь нэхэмжлэгч Н.Ц-ийн дэлгүүрт 2009 онд 2 сарын хугацаанд ажиллаж байхдаа бараа дутаасан болон 2008 оноос 2019 оны хооронд бараа зээлж авдаг байсан нь үнэн, гэхдээ уг мөнгийг нөхөр С.Э нь 2015 онд ажил хийж төлж барагдуулсан, Н.С хөдөө ажиллаж төлсөн, мөн нэхэмжлэгчийн гэрийг нь цэвэрлэж, хүүхэд харж, хувцасыг угаасан, дэлгүүр болон караокед нь цалин хөлсгүй ажиллаж, ажлын хөлсөөрөө төлж барагдуулж, тооцооо дууссан гэж маргасан.
Хэрэгт авагдсан “2020.3.25-нд С би 4 сарын 1-нд өгөж ихэлнээ, өрөө /1 500 000/ өгнө. Байраа зарагдвал бүрэн төлж дуусгана. С 80434645 УЗ89041411”, “Гэрээгээ үүргээ биелүүлэх бол гэрээнд зааснаар ажил гүйцэтгээгүй тохиолдолд хуулийн байгууллагат хандахад гомдолгүй” Э, “2016.10.2-нд Ц овогтой Г Миний бие Ц-д нийт 7 200 000 төгрөг өртэй тул нийт өрний 50 хувь болох 3 600 000 төгрөг миний нөхөр С овогтой Э төлнө. Харин 50 хувь болох 3 600 000 төгрөг миний бие ажил хийж өрөө төлөх болно ИД82051127 Гэрэлмаа”, “2019.8.1-нд Ц овогтой Г би Ц эгчид 3 600 000 өртэй нь үнэн, дээр нь 1 500 000 өр нэмэгдсэн нөхөр Н.С-тай нийлж дарна аа. Г ИД82051127 2020 онд гэхэд дарж дуусгана” гэсэн баримтуудыг нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн бөгөөд бараа зээлж авсан болон дэлгүүрийг хариуцан ажиллуулж байхдаа дутагдуулсан өрийг төлнө гэдгээ өөрөө зөвшөөрч, өөрийн гараар хариуцагч нь бичсэн гэсэн. /хэргийн 5-6-р хуудас/
Хариуцагч нь дээрх баримтуудаас “2016.10.2-нд Ц овогтой Г Миний бие Ц-д нийт 7 200 000 төгрөг өртэй тул нийт өрний 50 хувь болох 3 600 000 төгрөг миний нөхөр С овогтой Э төлнө. Харин 50 хувь болох 3 600 000 төгрөг миний бие ажил хийж өрөө төлөх болно Г”, “2019.8.1-нд Ц овогтой Г би Ц эгчид 3 600 000 өртэй нь үнэн, дээр нь 1 500 000 өр нэмэгдсэн нөхөр Н.С-тай нийлж дарна аа. Г 2020 онд гэхэд дарж дуусгана” гэдгийг бичсэн болон гарын үсэг зурсан талаараа маргаагүй боловч уг өрийг С.Э төлж барагдуулсан, мөн ажил хийж орлогоороо төлсөн гэж мэтгэлцсэн.
Зохигч талууд 2009 онд Тулга дэлгүүрт 2 сарын хугацаатай ажиллаж байсан талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх бөгөөд энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болдог.
Гэвч нэхэмжлэгч нь 2009 онд дэлгүүрт ажиллаж байхдаа бараа дутагдуулсан гэж тайлбарласан, хариуцагч нь ажиллаж байхад бараа дутагдсан талаар маргаагүй боловч талууд энэ талаар тооцоо нийлээгүй, акт үйлдээгүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас гэрээ цуцласан бол нэхэмжлэгч нь хохирлоо шаардах, хариуцагч нь ажлын хөлсөө шаардах эрхээ хэн аль нь хэрэгжүүлээгүй байна.
Харин нэхэмжлэгч нь хариуцагчийг 2008 оноос 2019 оны хооронд Тулга дэлгүүрээс бараа зээлээр авсан боловч үнийг төлөөгүй гэж, хариуцагч нь 2008-2019 оны хооронд бараа зээлээр авсан боловч зээлсэн барааны үнийг төлж дуусгавар болгосон гэж маргасан бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Иймд хариуцагч Ц.Г нь нэхэмжлэгч Н.Ц-аас авсан барааныхаа үнийг төлөх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан “Худалдагчийн өдрийн тайлан” гэх баримтад “...Г нийт 7 930 000 Г, 7 сарын 5-нд өр үнэн болно. Төлөх нь үнэн болно” гэсэн баримтад зурагдсан гарын үсгийг өөрийн гарын үсэг мөн гэж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрсөн болно.
Хариуцагч нь дутагдуулсан болон зээлсэн барааныхаа үнийг ажил хийж төлж барагдуулсан гэж мэтгэлцсэн боловч үүнийг нотлосон баримтгүй, цалин хөлсөөрөө төлж барагдуулсан гэж маргасан боловч хөлсөөр ажиллаж байсан, энэ хугацааныхаа цалин хөлсийг өр төлбөртөө суутган төлж байсан талаарх ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Мөн нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 7 200 000 төгрөгийг нөхөр С.Этөлж барагдуулсан гэж тайлбарлаад энэ нь гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан Ажил гүйцэтгэх гэрээгээр нотлогдоно гэсэн.
Хэрэгт авагдсан 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээг Н.Ц, С.Э нар байгуулж барилгын туслах ажлыг гүйцэтгэхээр 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаатайгаар 2015 оны 09 дүгээр сарын 21-ний хүртлэх хугацаатайгаар гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлсийг 7 200 000 төгрөг байхаар ажлын хөлсийг мөнгөн хэлбэрээр төлөхөөр харилцан тохиролцжээ. /хэргийн 74-76-р хуудас/
Нэхэмжлэгч нь дээрх Ажил гүйцэтгэх гэрээг С.Э-тай байгуулсан талаараа маргаагүй боловч гэрээ биелэгдээгүй, ажил гүйцэтгээгүй гэж тайлбарласан бөгөөд энэ нь 2016 онд болон 2019 онд Ц.Г-ийн уг өр төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч байснаар нотлогдоно гэж мэтгэлцсэн.
Хариуцагч нь нэхэмжлэгч Н.Ц, С.Э нарын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээгээр 7 200 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэсэн боловч 2016 оны 10 дугаар сарын 2-нд Ц овогтой Г миний бие Ц-д нийт 7 200 000 төгрөг өртэй тул нийт өрний 50 хувь болох 3 600 000 төгрөг миний нөхөр Самбалхүндэв овогтой Э төлнө. Харин 50 хувь болох 3 600 000 төгрөг миний бие ажил хийж өрөө төлөх болно”, 2019 оны 8 дугаар сарын 1-нд “Ц овогтой Г би Ц эгчид 3 600 000 өртэй нь үнэн” гэсэн баримтыг үйлдсэн байх тул ажил гүйцэтгэх гэрээгээр төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлгүй, ажил хийж өрөө төлсөн талаараа баримтаар нотлоогүй гэж үзэв.
Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч Ц.Г-аас зээлээр авсан барааны үнэ болох 3 600 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Ц-д олгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Ц.Г болон С.Э нарт холбогдуулан шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Э-аас татгалзсан тул шүүх Ц.Г-д холбогдуулан хэргийг шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанд зохигч талууд хэн аль нь С.Э-ыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт, санал гаргаагүй, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзаагүй, мөн хариуцагч С.Э шүүхээс нэхэмжлэлийг гардан аваагүй бөгөөд нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа хариуцагчаар Ц.Г-г тодорхойлон, түүнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна.
Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас 2019 онд дахин бараа зээлээр авсан гэж 1 500 000 төгрөгийг шаардсан боловч шүүх хуралдаанд гэрч Н.С мэдүүлэхдээ “...1 500 000 төгрөгийг би Н.Ц-ээс зээлсэн, би өөрөө төлж барагдуулна” гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан “2020.3.25-нд С би 4 сарын 1-нд өгөж ихэлнээ, өрөө /1 500 000/ өгнө. Байраа зарагдвал бүрэн төлж дуусгана”гэсэн баримтад гарын үсэг зурсан талаараа маргаагүй тул нэхэмжлэгч нь 2019 онд дахин бараа зээлээр авсан гэж 1 500 000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Иймд хариуцагч Ц.Г-аас бараа зээлж авсны үнэ 3 600 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ц-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2009 онд дэлгүүрт ажиллаж байхдаа дутаасан барааны үнэ нэхэмжилсэн нь үндэслэлгүй, бараа хүлээн авсан, хүлээлгэн өгсөн талаарх баримтгүй, тооцоо нийлээгүй, акт үйлдээгүй, мөн 1 500 000 төгрөгний барааг Н.С зээлсэн байхад хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 5 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч С.Э-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч С.Э-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Г-аас зээлээр авсан барааны үнэ 3 600 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Н.Ц-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч С.Э-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, С.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 72 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ц-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ Д.ХУЛАН