Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 134

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн

Улсын яллагч М.Үүрийнтуяа

Хохирогч Д.Гантулга

Иргэний нэхэмжлэгч Ж.Ганхуяг

Иргэний нэхэмжлэгч П.Ганхуяг

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Д.Цэвэгбат, Ч.Өнөрцэцэг нарт холбогдох эрүүгийн 201719000026 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн. 1972 оны 05 дугаар сарын 29-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 28-301 тоотод оршин суух албан ёсны хаягтай ч  одоогоор Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн 11-15 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

-1993 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.4 дэх хэсэгт зааснаар 02 жил, 06 сарын хорих ялаар шийтгэгдэж тэнсэж хянан харгалзагдсан,

-Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №1/13 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.3 дахь хэсэгт зааснаар 03 жил, 06 сарын хорих ялаар шийтгэгдэж, 1996 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шүүгчийн №91 тоот захирамжаар тэнсэн суллагдсан.

-Өвөрхангай аймгийн  Арвайхээр дэх Сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №1/152 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.1 зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 211 зүйлийн 2-т зааснаар 04 жил, 06 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

-Өвөрхангай аймгийн шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 07 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор 1231 дугаар зүйлийн 3, 240 дүгээр зүйлийн 3-т  зааснаар 04 жилийн хорих ялаар,

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №579 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2-т зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 3-т зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 04 жилийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн 05 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №134 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан Боржигон овгийн Дашзэвэгийн Цэвэгбат РД/ЙЭ:72052917/

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн. 1981 оны 10 дугаар сарын 10-нд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 5, ээж, хүүхдийн хамтаар Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн 05-01тоотод оршин суух албан ёсны хаягтай ч  одоогоор Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн 11-15 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Боржигон овгийн Чойжинмагсарын Өнөрцэцэг РД/НЮ:81100160/

 

Холбогдсон хэргийн талаар: /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд  дурдагдсанаар/

 

Шүүгдэгч Д.Цэвэгбат, Ч.Өнөрцэцэг нар нь Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хогийн цэг” гэх газарт иргэн Д.Гантулгын итгэмжлэн өгсөн 53 тооны гахайнаас 2016 оны 12 дугаар сарын 06-наас 2016 оны 12 дугаар сарын 30-ны хооронд 30 тооны гахайг, Д.Цэвэгбат нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 4 тооны гахайг завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Цэвэгбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би  Ганхуягийн надад итгэмжлэн хариуцуулж өгсөн гахайнаас  9 удаагийн үйлдлээр  34 тооны гахайг зараад 10 гаруй сая төгрөг болгож хувьдаа ашигласан нь үнэн. Би Ганхуягт учирсан хохиролыг нь барагдуулна. Хөлөө гайгүй болохоор барилгын ажил хийж байгаад хохиролыг нь заавал барагдуулна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ганхуяг Өнөрцэцэг бид хоёртой өөрийн сайн дураар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг маань хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.Цэвэгбатын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар татагдаж  мөрдөн байцаалтанд өгсөн: Би өмнө нь Болох-Эрдэнэ гэх хүний нэр дээр байсан гахайг маллаж байсан бөгөөд Болох-Эрдэнэ 2016 оны 10 дугаар сард 53 тооны гахайгаа Д.Гантулгад шилжүүлээд уг гахайг Гантулга надаар тэр хэдэн гахайгаа маллуулахаар болсон юм. Гахай хүлээн авснаас хойш 3 гахай үхсэн.

 

Би өдрийг нь сайн санахгүй байна. Баяр болох гээд би мөнгөгүй байсан болохоор мөнгөтэй болох гээд 2016 оны 12 дугаар сарын эхээр Гантулгын гахайнаас найз Түвшинбаярын хамт 2 тооны гахайг нядлаад хот оруулж хиаман цехэд 1 килограммыг нь 4000 төгрөгөөр бодож өгөхөд нэг гахай нь 50 кг, нэг гахай нь 60 гаруй кг болсон юм.

Дараа нь 2016 оны 12 дугаар сарын эхээр  байх Гантулгын гахайнаас 2 тооны гахайг Ганбаатай нийлж нядлаад нөгөө хиаман цехдээ 1 кг-ыг нь 4000 төгрөгөөр

зарсан.

Мөн 2016 оны 12 дугаар сарын дундуур Ганбаа, Түвшинбаяр нартай нийлж 2 гахай нядлаад нөгөө хиаман цехдээ 1 кг-ыг нь 4000 төгрөгөөр зарсан.

 

2016 оны 12 дугаар сарын дундуур Гантулгын гахайнаас Ганбаа, Түвшинбаяр нартай нийлж 2 гахай нядлаад байж байтал Өлзий машинтай ирээд түүнд нэг гахай өгөх ёстой байсан өрөндөө нэг нядалсан гахайгаа өгөөд үлдсэн нэг гахайгаа хот оруулж  нөгөө хиаман цехдээ 1 кг-ыг нь 4000 төгрөгөөр зарсан.

 

2016 оны 12 дугаар сарын сүүлээр Гантулгын гахайнаас Ганбаа, Түвшинбаяр нартай нийлж 3 гахай нядлаад хот оруулж нөгөө хиаман цехдээ 1 кг-ыг нь 4500 төгрөгөөр зарсан.

 

Гантулга надад 53 тооны гахай хүлээлгэн өглөө гээд амаар гэрээ байгуулсан. Сарын цалин хэдэн төгрөг байх талаар хоорондоо тохироогүй байсан ба цалин өгнө л гэж байсан ч цалин мөнгө өгч байгаагүй. Харин Гантулга надад хуучин “Елентра” маркийн тээврийн хэрэгсэл гахай зарж байгаад авч өгч байсан. Би Гантулгаас гахай хүлээн авахдаа тоолж  аваагүй. Би Гантулгын гахайнаас 2016 оны 12 дугаар сарын 06-наас 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр нийтдээ 12 тооны гахайг нядалж зарсан нь үнэн. Гантулга Болох-Эрдэнээс гахай хүлээн аваад 2016 оны 04 дүгээр сард 4 тооны гахай нядлаад зарсан. Мөн Болох-Эрдэнэ 4 тооны гахай нядлаад авч явж байсан. Эхнэр Өнөрцэцэгтэй би танилцаад удаагүй байсан ба Өнөрцэцэг намайг Гантулгын гахайг маллаж байсныг, гахайг нь зараад байгааг мэдэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 75-77, 86 хуудас/

 

Шүүгдэгч Д.Цэвэгбатын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр сэжигтнээр, 2017 оны өдөр 03 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар татагдаж мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 02 дугаар сарын 08-нд мөнөгөгүй болоод гахай зармаар санагдаад гахай худалдаж авна гэсэн хүний утасруу залгаад би гахай зарах гэсэн юм гэхэд Ганхуяг гэдэг хүн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ирээд эхнэр Өнөрцэцэгийн дансруу 1 000.000 төгрөг шилжүүлээд надад 50.000 төгрөг бэлнээр өгөөд би 4 тооны гахайг манай гэрийн гадаа нядлаад аваад явсан.

 

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр би хот орж Ганхуягруу утсаар ярьж надад мөнгө хэрэгтэй байна гээд 9 тооны гахай аваарай та нар манай гахайг үзэж харсан юм чинь гээд 1 000 000 төгрөг нэхээд Ганхуягийг хотод засварын газар байхад нь очиж авсан юм. Дараа нь 02 дугаар сарын 11-ний өдөр намайг хотод байхад Ганхуяг залгаад гахайгаа авах гэсэн юм гэхээр нь ах нь ажилтай байна гэхэд Ганхуяг миний байгаа газрыг асууж ирэхээр нь эмнэлэгт хүний бие муудаад эмчилгээнд мөнгө хэрэгтэй байна. Та нар миний гахайг хараагүй биш гээд 1 000 000 төгрөг аваад 3 дугаар эмнэлэг хүргүүлээд гахайгаа дараа ирж аваарай гээд буусан. Тэрнээс хойш дахиж уулзаагүй. Би Ганхуягт 13 тооны гахай зарна гээд түүнээс 3 150 000 төгрөг авсан. Харин түүнд 4 тооны гахайг л өгсөн. Ганхуягаас авсан мөнгөнөөсөө 1 000 000 сая төгрөгийг нь Бат-Өлзийд зээлээд бусдыг нь аар саар зүйлд зарж үрээд дууссан. Мөн Төв аймгийн Зүүндэлгэр багт байдаг Баатархүү гэдэг ахад 1 тооны гахайг 100 000 төгрөгөөр бодоод зарсан, бас хогийн цэг дээр байдаг Ж.Ганхуягт нэгийг нь 50 000 төгрөгөөр бодоод 4 тооны гахайг зарсан. Хоёр гахай нь үхсэн. Мөн хотоос гахай авна гээд явж байсан ченж нарт 6 тооны гахайг нэгийг нь 300 000 төгрөгөөр бодоод өгсөн. Одоо тэр ченжүүдийг танихгүй. Гантулга надад сарын 600 000 төгрөгийн цалин бодож өгнө гэж байсан ч ямар ч цалин өгөхгүй байсан болохоор нь би гахайнаас зарж үрсэн. Гантулгын надад итгэмжлэн хариуцуулж өгсөн гахайг зарж борлуулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 100-102, 108 хуудас/

 

Шүүгдэгч Ч.Өнөрцэцэгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би Цэвэгбаттай 2016 оны 07 дугаар сард танилцаад одоо нэг гэрт амьдарч байна. Цэвэгбат бид хоёр Болох-Эрдэнэ ахын гахайг маллаж байтал Болох-Эрдэнэ ах Гантулга ахад 53 тооны гахай өгөөд бид хоёр тэр гахайг нь үргэлжлүүлэн маллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын эхээр Цэвэгбат Гантулга ахын гахайнаас нядлаад байхаар нь яах гэж байгаа юм бэ гэхэд миний өөрийн гахай гээд хот оруулж хиаман цехэд махыг нь өгөөд бэлнээр нь мөнгийг авсан. Дараа нь Цэвэгбат Түвшинбаярыг туслаад өгөөч гэж дуудаж авчраад хоёр гахай нядлаад хот оруулж махыг нь нөгөө хиаман цехдээ өгсөн. Нөхөр Цэвэгбат бид хэд нийт 4 удаагийн үйлдлээр 9 тооны гахайг нядалж хот оруулж хиаман цехэд өгч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 81, 96 хуудас/,

 

Хохирогч Д.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Д.Цэвэгбат бид хоёр найз нөхдийн дотно харилцаа холбоотой, Гантулга ажил хийж байгаад надад учруулсан хохиролоо төлж барагдуулна гэсэн. Би үүнийг нь хүлээн зөвшөөрч өөрийн сайн дураар Гантулгатай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Цаашдаа бид хамт байж хамтран ажиллах тул энэ шүүх хуралдаанд Д.Цэвэгбат, Ч.Өнөрцэцэг нараас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй тул Д.Цэвэгбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хохирогч Д.Гантулгын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би Төв аймгийн Сэргэлэн сумын Хогийн хөтөл гэх газарт гахай тэжээж Цэвэгбат гэдэг хүнийг авч ажиллуулж байгаа юм. Гэтэл Цэвэгбат 2016 оны 12 дугаар сард миний итгэмжлэн маллуулж байгаа гахайнаас 30 тооны гахайг зарж үрэгдүүлсэн байсан ба энэ хэрэгтээ прокурорт шалгагдаж байхад нь би хэрэг нь шийдэгдээгүй байгаа юм чинь гэж бодоод  үлдсэн 18 тооны гахайг хариуцуулаад маллуулж байтал үлдээсэн гахайнаас маань 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 4 тооны гахайг хүнд зарсан байсан. Би Цэвэгбатад гахайгаа өгөхдөө бичгээр гэрээ байгуулаагүй, харин амаар л гэрээ байгуулсан байсан. Би сүүлд алдсан 4 гахайгаа нэгийг нь 700 000 төгрөгөөр /02 ойтой гахайгаа/, үлдсэн 3 гахайгаа нэгийг нь 300 000 төгрөгөөр  үнэлнэ. Харин өмнө нь алдсан 30 гахайны маань 13 тооны гахай нь Ландрас үүлдрийн гахай байсан. Нэгийг нь 800 000 төгрөгөөр, бусад 17 тооны гахай нь дундын гахайнууд байсан болохоор нэгийг нь 500 000 төгрөгөөр үнэлнэ. Би Цэвэгбатад гомдолтой байна. Алга болгуулсан гахайнуудаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 24-28 хуудас/

 

 Иргэний нэхэмжлэгч П.Ганхуяг хэрэг бүртгэлтэнд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гахай авна гэсэн зар зурагтаар тавиад байж байтал буюу 2017 оны 02 дугаар сарын 07-ны орой утас дуугараад аваад ярьтал Цэвэгбат гэдэг хүн байна. Гахай зарах гэсэн юм гээд Төв аймгийн Хогийн цэг дээр байна гэсэн. Тэгээд тэр ярьсан оройгоо Цэвэгбат яаралтай мөнгөний хэрэг гараад байна мөнгө өгөөч гэхээр нь Өнөрцэцэгийн дансруу 50 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би маргааш нь очоод Цэвэгбат гэх хүнтэй уулзаад 8 тооны гахайг 1 300 000 төгрөгөөр авахаар тохиролцоод Цэвэгбат гэрийнхээ гадна 4 тооны гахайг нядлаад би 1,1 сая төгрөг бэлэн тоолж өгөөд үлдсэн 4 тооны гахайг 2 хоногийн дараа ирж авахаар болсон юм. Хоёр хоногийн дараа Өнөрцэцэгийн дансанд 150 000 төгрөг өгсөн. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Цэвэгбат залгаад хотод байна. Ах нь нэмж 5 тооны гахай өгнө. Надад мөнгө хэрэгтэй байна. Та нар манай гахайг үзсэн юм чинь гэхээр нь би өөрийгөө Сутай дээр байна гэж хэлсэн. Цэвэгбат ирээд 1 сая төгрөг аваад явсан. Маргааш нь би Цэвэгбатруу яриад гахайгаа авъя гэхэд би 3 дугаар эмнэлэг дээр байна. Эм авах гэсэн юм гээд нэхсээр байгаад 1 сая төгрөг авсан. Тэгээд надад үдээс хойш уулзана гэж хэлээд үдээс хойш залгахад утас нь холбогдохоо байсан. Би Цэвэгбатаас 13 тооны гахай авах гэж тохиролцоод 4 тооны гахай аваад  3,3 сая төгрөг өгөөд байна. Би Цэвэгбатаас авсан 4 гахай 850 000 төгрөг болсон. Үлдсэн 2 450 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ж.Ганхуягийн хэрэг бүртгэлтэнд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Цэвэгбатыг хүний гахай малладаг гэдгийг мэднэ. Цэвэгбат надад хэлэхдээ би маллаж байгаа гахайнуудаа төрхөөр нь тооройг нь Гантулгатай хувааж авдаг. Энэ миний тоорой байгаа юм. Надад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь  би 4 тоорой авна гээд 200 000 төгрөг өгөөд 4 тоорой авахаар болоод 2016 оны 12 дугаар сарын эхээр 4 тооны гахай аваад маллаж байгаад нэг гахай нь үхсэн. Одоо гурван гахайг нь маллаж байгаа. Одоо тэр гурван гахай нь удахгүй төллөх гэж байгаа. Цэвэгбат миний мөнгийг буцаагаад өгчихвөл би харилцан тохиролцоод төллөх гэж байгаа гурван гахайг төллөсний дараа төлийг нь аваад буцаагаад өгч болох юм гэв.

 

Гэрч Б.Гомбосүрэнгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын сүүлээр Аба гэх манай гудамжны үзүүрийн айлын хүн дуудаад  гахай ачаад хүргээд өг. Хөлс мөнгийг нь өгье гэхээр  нь явж очиход Цэвэгбат, эхнэр Өнөрцэцэг  хоёр надтай цуг яваад Төв аймгийн Сэргэлэн сумын Хогийн цэг гэдэг газар очоод хоёр гахай нядлаж миний машинд ачаад буцаж Абагийн гэрт авчирч гэдсийг нь янзлаад эргэж машинд ачаад Улаанбаатар хот оруулан Ханын материал гэх газарт очоод нэрийг нь мэдэхгүй нэг хиаман цехэд өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 33 хуудас/

 

Гэрч Н.Болдбаатарын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Өнөрцэцэг гэх хүний нэрээр гахайн махны ариун цэврийн гарал үүслийн бичиг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2 тооны гахайн маханд, мөн оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2 тооны гахайн махны гарал үүслийн бичиг авсан байна гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/

 

Гэрч Г.Бямбасүрэнгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын сүүлээр манай саахалт айлын Өлзий надад хогийн цэгийн урд байдаг айлаас нэг гахай авсан юм. Хот оруулж зарах гэсэн юм гээд хот аваад явъя гэхээр нь тэр айлд нь хамт очсон. Тэр айл гаднаа хоёр гахай нядлаад  цэвэрлэж байсан. Нядалсан хоёр гахайныхаа жижгийг нь миний машинд ачаад хот орж нэрийг нь үл мэдэх нэг хиаман цехэд өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 36 хуудас/

 

 Гэрч Ц.Болох-Эрдэнийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би Гантулгад 2016 оны 10 дугаар сард Ландрас үүлдрийн 50 гаруй том жижиг гахай бэлгэнд өгсөн. Гантулгад гахайг тоолж өгөхдөө нарийн тоолж өгөөгүй. Хүлээлгэн өгөхөд Гантулга мөн Цэвэгбат түүний эхнэр Өнөрцэцэг нар байсан гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/

 

Гэрч П.Энхболдын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Миний өөрийн 32-06 УБС улсын дугаартай Приус-11 маркийн машинаар Цэвэгбат эхний удаад буюу 2016 оны 12 дугаар сарын эхээр 2 тооны гахайны мах ачаад хот оруулан нэг хиаман цехэд өгсөн,

 

2016 оны 12 дугаар сарын дундуур Цэвэгбат утсаар дуудаад байхаар нь очтол  Цэвэгбат, Өнөрцэцэг, Түвшинбаяр нар 2 тооны гахай нядлаад байж байсан. Тэгээд бас миний машинд ачаад хот оруулж нэг хиаман цехэд өгсөн,

 

2016 оны 12 дугаар сарын сүүлээр Цэвэгбат намайг дуудаад очиход Цэвэгбат, Өнөрцэцэг, Түвшинбаяр, бас нэг танихгүй залуу 4 байж байсан. Тэд 3 тооны гахай нядлаад цэвэрлэсэн байсныгаа миний багажинд хийгээд хот оруулж нөгөө хиаман цехэд өгсөн. Би Цэвэгбатыг хулгайн юм зөөгөөд байгааг нь мэдээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/

 

Гэрч Ч.Өнөрцэцэгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: ...Цэвэгбат эхлээд 2016 оны 12 дугаар сарын эхээр байх 2 гахай нядалж зараад хот оруулж хиаман цехэд өгсөн. Дараа нь мөн хоёр гахай нядлаад хот оруулж зарсан. Мөн 12 дугаар сарын дундуур 2 тооны гахай нядлаад хот оруулж нөгөө хиаман цехдээ өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/

 

Гэрч М.Мэндийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Өнөрцэцэг хүмүүсийн хамтаар ирж нийт 7 удаа ирж 15 тооны гахайн мах өгсөн байгаа. 2016 оны 12 дугаар сарын 06-нд бэлнээр 368 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 09-нд бэлнээр 428 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 11-нд бэлнээр 420 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 12-нд бэлнээр 432 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 21-нд бэлнээр 336 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 26-нд дансаар 123 500 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 28-нд дансаар 600 000 төгрөгийг өгсөн. 7 удаа ирэхдээ 6 удаад нь ирэхдээ 2 гахайн мах авчирч өгсөн бол нэг удаад 3 тооны гахайн мах авчирч зарсан гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/

 

Гэрч Д.Түвшинбаярын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Намайг гэртээ байж байхад Өнөрцэцэг ирээд манайд очоод нөхөртэй хамт гахай нядлалцаад өг. Ганцаараа дийлэхгүй байна гэхээр нь мөнгө өгөх байж гэж бодоод Цэвэгбатын хамт 2 тооны гахай нядлаад дугаарыг нь сайн мэдэхгүй байна. Приус маркийн машинд ачаад би аймгийн төв ороод буусан. Тэд нар аймгийн төв явлаа гээд буусан. Дараа нь удалгүй 2016 оны 12 дугаар сарын дундуур байх Цэвэгбат намайг дуудаад гахай нийлж нядлалцаад өг. Ганцаараа дийлэхгүй байна гэхээр Цэвэгбатын хамт 2 тооны гахай нядлаад нөгөө Приус маркийн машинд ачаад  хот орох гээд явсан. Би аймгийн төвд үлдсэн.

 

2016 оны 12 дугаар сарын 20-ны хавьцаа байх Цэвэгбат намайг дуудаад би бас очиж хоёр тооны гахай нядлаад нөгөө приус машинд ачаад хот явахад нь би хот явах хэрэгтэй байсан тул хамт явсан. Тэд гахайныхаа махыг хот оруулж Сонгинохайрхан дүүргийн хойно нэг хиаман цехэд өгсөн. Надтай цуг Цэвэгбат, Өнөрцэцэг нар хоёр удаагийн үйлдлээр 4 тооны гахай нядлалцсан гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/

 

Гэрч Ч.Бямбажавын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Намайг аймгийн эмнэлэгт хэвтэж байхад буюу 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Цэвэгбат нядалсан хоёр гахай авчраад цэвэрлээд, хуйхлаад машинд ачаад явлаа гэж манай хүүхдүүд ярьж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 47 хуудас/

 

Гэрч Д.Аварзэдийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Намайг хотод байхад
П.Ганхуяг надруу утсаар яриад би хүнээс гахай авах гэж байна гээд намайг аваад машинтай Төв аймгийн Сэргэлэн сумын Хогийн хөтөл гэх газарт ирээд Цэвэгбат гэх хүний гэрийн гадаа очоод 8 тооны гахай авна гээд 4 гахайг нь нядлаад 4 гахайг нь дараа авна гээд үлдээгээд явсан юм. Хотод намайг Ганхуягтай байж байхад Цэвэгбат Ганхуягтай ярьсан. Цэвэгбат бид хоёрын байгаа газар ирээд нэмж 5 гахай өгье мөнгө хэрэгтэй байна. Та нар ямар манай гахайг үзэж хараагүй биш гэж хэлсэн. Тэгээд нэмж 1,5 сая төгрөг аваад явсан. Дараа нь Ганхуяг гахайгаа авах гээд залгахад Цэвэгбатын утас холбогдохгүй болсон гэх мэдүүлэг /хх-ийн 50 хуудас/

 

Гэрч Ш.Баатархүүгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016 оны 09 дүгээр сард Цэвэгбат тоорой зарна, мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 100 000 төгрөг өгөөд авах болохоор гахайгаа авна гээд 2016 оны 12 дугаар сарын сүүлээр нэг гахайгаа очиж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 52 хуудас/

 

Гэрч Б.Бат-Өлзийгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Болох-Эрдэнэ гэх хүн надтай ирж уулзаад миний газар ухдаг трактороор  газар ухуулья гээд хөлсөнд нь гагнуурын аппарат өгье гэсэн. Би газрыг нь ухаж өгсөн ч гагнуурын аппаратаа өгөөгүй. Цэвэгбат надад хэлэхдээ манай дарга нар солигдсон гэхээр нь Гантулга гэдэг хүнтэй уулзахад тэр хүн намайг нэг гахай аваарай гэсэн. 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр Бямбасүрэн ахын машинтай Цэвэгбатынд очоод нөгөө гахайгаа авахаар болж нядлуулаад цэвэрлүүлээд  хот оруулж зарсан. Цэвэгбат надад 500 000 төгрөг болсон гээд 500 000 төгрөг өгсөн. Өөр гахай аваагүй, би Цэвэгбат надад 1 000 000 сая төгрөг зээлүүлээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 53-57 хуудас/

 

“Уваа уул” ХХК-ний үнэлгээний тайлан /хх-ийн 59-60 хуудас/

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 66 хуудас/

 

Шүүгдэгч Д.Цэвэгбатын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111 хуудас/

 

Шүүгдэгч  Ч.Өнөрцэцэгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 152 хуудас/

Шүүгдэгч  Ч.Өнөрцэцэгийн  Хаан банкны 5721442456 тоот дансны хуулгууд /хх-ийн 156-157 хуудас/

 

 Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 153  хуудас/

 

 Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 183  хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Цэвэгбат, Ч.Өнөрцэцэг нар нь Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хогийн цэг” гэх газарт иргэн Д.Гантулгын итгэмжлэн өгсөн 53 тооны гахайнаас 2016 оны 12 дугаар сарын 06-наас 2016 оны 12 дугаар сарын 30-ны хооронд 30 тооны гахайг, Д.Цэвэгбат нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэн Д.Гантулгын итгэмжлэн өгсөн гахайнаас дахин 4 тооны гахайг завшиж үрэгдүүлсэн  гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч иргэний нэхэмжлэгч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Төв аймгийн Прокурорын газраас Д.Цэвэгбат, Ч.Өнөрцэцэг нарт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Цэвэгбат, Ч.Өнөрцэцэг нарыг бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэлтэй  байна.

Хохирогч Д.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтэндээ: Шүүгдэгч Д.Цэвэгбат бид хоёр найз нөхдийн дотно харилцаа  холбоотой цаашдаа хамт байж  хамтран ажиллах тул энэ шүүх хуралдаанд Д.Цэвэгбат, Ч.Өнөрцэцэг нараас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна.

 

Шүүгдэгч Д.Цэвэгбат, Ч.Өнөрцэцэг нарын холбогдсон Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч Ч.Өнөрцэцэг нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Цэвэгбат нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №134 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтайд тооцогдох хугацаа дуусаагүй байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгохоор заасан байх тул түүнийг анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч Д.Гантулга энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Цэвэгбат, Ч.Өнөрцэцэг нараас нэхэмжлэх зүйлгүй,  миний бие нь шүүгдэгч нартай  сайн дураар эвлэрсэн тул холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх тул дээрх хуулийн заалтын дагуу шүүгдэгч Д.Цэвэгбат, Ч.Өнөрцэцэг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт Д.Ганхуягийн эзэмшлийн гэх 80-35 ТӨА улсын дугаартай Елентра маркийн тээврийн хэрэгсэл, П.Энхболдын эзэмшлийн 32-06 УБС улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч П.Ганхуяг шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Цэвэгбатаас 2 450 000 төгрөг нэхэмжилж байгааг хуульд зааснаар бүрэн хангаж, иргэний нэхэмжлэгч Ж.Ганхуяг нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч нар нь урд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.   

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Боржигон овгийн Дашзэвэгийн Цэвэгбат, Боржигон овгийн Чойжинмагсарын Өнөрцэцэг нарыг бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Д.Цэвэгбат, Ч.Өнөрцэцэг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Ганхуягийн эзэмшлийн 80-35 ТӨА улсын дугаартай Елентра маркийн тээврийн хэрэгсэл, П.Энхболдын эзэмшлийн 32-06 УБС улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний нэхмжлэгч Ж.Ганхуяг нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч нар  урд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Цэвэгбат, Ч.Өнөрцэцэг нарт урд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Цэвэгбатаас 2 450 000 /хоёр сая, дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 70-12 тоотод оршин суух Боржигон овгийн Пэрэнлэйгийн Ганхуягт /НБ:89062514/ олгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Цэвэгбат, Ч.Өнөрцэцэг нарт авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.МӨНХТУЯА