Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2042

 

С.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/00709 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч С.О-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “С” ХХК-д холбогдох

 

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 724 452 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч С.О- нь өөрийн өмчлөлийн “Анагсархиа” ХХК-ийн 100 хувийн хувьцааг, тус компанийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 889 м.кв талбайтай газрын хамт гадаадын хөрөнгө оруулалттай “С” ХХК-д шилжүүлэхээр 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хавсралт болон хувьцаагаар гэрчлэгдсэн эрх шилжүүлэх гэрээ зэргийг байгуулсан. Ингэхдээ Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 889 м.кв талбайтай газарт барилга барьж ашиглалтад оруулж түүнээс харилцан бие биедээ ашиг хүртээж хамтран ажиллах зорилготой байсан. С.О- тухайн үед гэрээнүүдийн өөрт ногдох үүргийг бүрэн гүйцэтгэж “Анагсархиа” ХХК-ийн 100 хувийн хувьцааг болон түүний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 889 м.кв талбай газрыг “С” ХХК-д шилжүүлэн уг газрыг ашиглан барилга барих бүх нөхцөл бололцоог нь бүрдүүлсэн. Анх байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээний хавсралтын 1.1-т “талуудын хамтын үйл ажиллагааны зорилго нь ашгийн төлөө байна”, 1.2-т “...Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 889 м.кв газарт үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилга барихад энэхүү хавсралтад заасан хэлбэр хувь хэмжээгээр хамтран ажиллахтай холбоотой харилцааг зохицуулна” гэж, 2.1-т “хамтран ажиллах төрөл, хэмжээ” гээд 2.1.1-т “А тал нь “Анагсархиа” ХХК-ийн нийт хувьцааг болон тус компанийн эзэмшил байгаа 000305759 тоот газар эзэмших гэрчилгээний дугаартай Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 889 м.кв газрыг, Б талд шилжүүлэх”, 2.1.2-т “Б тал нь энэхүү хавсралтын 3.1.1-т заасан газарт үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилга барихтай холбоотой үүсэх бүхий л зардлыг гаргана.”, 2.1.4-т “хэрэв Б тал энэхүү гэрээний хавсралт байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацааны дотор барилга барьж ашиглалтад оруулж чадахгүй тохиолдолд А талд 320 м.кв талбай бүхий орон сууцны оронд 300 000 ам.долларыг шилжүүлнэ.”, 2.1.5-т “Б тал нь А талын компанийн нийт хувьцааг шилжүүлэн авах замаар А талын эзэмшлийн 889 м.кв газрыг эзэмших эрхтэй” гэж тус тус заасан. Дээр дурдсан заалтуудын дагуу миний зүгээс өөрийн өмчлөлийн компани буюу түүний эзэмшилд буй барилга барих газраар хөрөнгө оруулалт хийж, “С” ХХК-ийн зүгээс уг барилга барих ажлыг өөрийн хөрөнгөөр хариуцан гүйцэтгэж хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах замаар талууд ашиг орлого олох зорилготой байсан. Гэтэл “С” ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ байгуулснаас хойш 3 дахь жилдээ ороод байхад миний шилжүүлэн өгсөн 889 м.кв газар дээр ямар ч барилга угсралтын ажил хийгдээгүй, барилга барих зөвшөөрөл аваагүй, авахыг ч оролдоогүй байдаг. Түүнчлэн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “С” ХХК-д бичиг хүргүүлсэний дагуу “С” ХХК-аас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/17 тоот албан бичгээр “тухайн газар барилгын ажлыг эхлүүлээгүй байгаа бөгөөд гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг эхлүүлэн барьж ашиглалтанд оруулах боломжгүй тул хувьцаа худалдах-худалдан авах гэрээний хавсралтын 2.1.4-т “хэрэв Б тал энэхүү гэрээний хавсралт байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацааны дотор барилга барьж ашиглалтанд оруулж чадаагүй тохиолдолд А талд 320 м.кв талбай бүхий орон сууцны оронд 300 000 ам.долларыг шилжүүлнэ” гэж заасан. Уг хавсралт 2014 оны 9 дүгээр сарын 22-нд хийгдсэн бөгөөд тухайн 3 жилийн хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр дуусгавар болно. Иймээс бид хувьцаа худалдах-худалдан авах гэрээний хавсралт 2.1.4-т заасан үүргээ биелүүлж тухайн төлбөрийг шилжүүлнэ” гэсэн хариу өгсөн. Дээрх байдлаар “С” ХХК нь иргэн С.О-ын өмчлөлийн “Анагсархиа” ХХК болон түүний эзэмшлийн газрыг ашиглан үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгыг өөрийн хөрөнгөөр барьж 320 м.кв талбай бүхий орон сууцыг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө хүлээлгэн өгөх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй буюу хүлээлгэн өгөх боломжгүй нь гарцаагүй, илт болжээ. Өнөөдрийн байдлаар тухайн газарт ямар нэг орон сууц, барилга байгууламж баригдаагүй, барилгын ямар нэг ажил явагдаагүй. “С” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/17 тоот албан бичгээр хувьцаа худалдах-худалдан авах гэрээний хавсралт 2.1.4-т заасан үүргээ биелүүлж 300 000 ам.долларыг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн дотор шилжүүлнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл уг үүргээ биелүүлээгүй. Иймд “С” ХХК-аас 300 000 доллар буюу 724 452 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-аас 723 876 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 576 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 781 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-аас 3 777 330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “С” ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Шүүх хариуцагч “С” ХХК-ийн төлөөлөгч Ц.Цт С.О-ын нэхэмжлэлийн хувийг гардуулж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн эрх, хүлээх үүргийг танилцуулсан боловч тэрээр итгэмжлэлээсээ татгалзсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзсан гэж дүгнэжээ. Мөн Ц.Цийн энэхүү итгэмжлэлээсээ татгалзсан байдал нь “С” ХХК-ийг иргэний хэрэгт хариуцагчаар оролцохоос чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзжээ.

Ц.Ц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ямар ч боломжгүй бөгөөд түүнд олгогдсон итгэмжлэл нь энэхүү иргэний хэрэгт оролцоход олгогдоогүй билээ. Итгэмжлэлд зөвхөн компанийн үйл ажиллагаанд оролцох талаар өгөгдсөн болохоос биш С.О-ын нэхэмжлэлтэй хэрэгт тусгайлан хариуцагчаар компанийг төлөөлөх талаар хийгдээгүй болох нь ойлгомжтой болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар ямар хэрэгт ямар эрх хэмжээтэй оролцох талаар заасан баримт бичгийг шүүхэд үзүүлэх ёстой. Гэтэл түүнд энэ талаар ямар ч баримт бичиг буюу итгэмжлэл байхгүй бөгөөд энэ талаар тайлбар хийсэн байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүхэд нотлох баримтаар авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан лавлагаанаас итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.Баярмагнай мөн болох, түүнийг Монгол улсын хилээр гарч явсан болох нь ЦЕГ-ын харъяа Нийтийн хэв журам хамгаалах газрын албан тоот бичгээр нотлогдож байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:

 

Нэхэмжлэгч С.О- нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзан, гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа өөрчлөн, хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 300 000 ам.доллар буюу 724 452 000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

 

Шүүх дээрх нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч мөн сарын 29-ний өдрийн 102/ШЗ2017/09200 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн /1хх-40/, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, 67.1.2-т заасан ажиллагааг хийх үүднээс “С” ХХК-ийн оршин байгаа газрын хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд төлөөлөх этгээд нь хүрэлцэн ирээгүй байна. /1хх-45-46 дахь тал/ Улмаар мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.9 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цийг албадан ирүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг тайлбарлан танилцуулах, нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг шүүхийн зүгээс хийхэд уг этгээд “... шүүхэд төлөөлөх эрх олгогдоогүй ...” гэх үндэслэл заан өөрт олгогдсон итгэмжлэлээсээ, мөн нэхэмжлэлийг гардан авахаас татгалзсан тайлбар өгсөн болох нь хэрэгт авагдсан шүүхийн мэдэгдэх хуудас, шүүгчийн хариуцагчийг албадан ирүүлэх тухай захирамж, Ц.Цийн тайлбар, хүсэлт зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна. /1хх-47, 58, 2хх-29, 37, 53-54 дэх тал/

 

Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.1-т “төлөөлөгч бүрэн эрхээсээ татгалзсан тохиолдолд төлөөлөл дуусгавар болох”-оор, мөн зүйлийн 67.4 дэх хэсэгт “төлөөлөгч нь бүрэн эрх дуусгавар болсныг мэдмэгц итгэмжлэлийг төлөөлүүлэгчид буцааж өгөх үүрэгтэй” гэж заажээ.

1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтаас үзвэл, хариуцагч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баярмагнай нь 2017 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн 04/17 дугаар тушаалаар Ц.Цт компани болон түүний охин компаниудын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулах, төлөөлөн гарын үсэг зурах, шүүх, арбитрын хуралдаанд оролцох, гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээний хүрээнд багтах бүхий л үйлдлийг хийх эрхийг итгэмжлэлээр олгожээ. Уг итгэмжлэлийг үндэслэн Ц.Ц, хариуцагч компанийн захирлын түр орлон гүйцэтгэгчийн хувиар төрийн үйлчилгээний байгууллагуудтай харьцаж байсан болох нь Улсын бүртгэлийн газарт 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хандаж байсан хүсэлт, итгэмжлэл, мөн түүний 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад өгсөн тайлбар, нийгмийн даатгалын дэвтэрт тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон талаарх тэмдэглэл, 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай бичилт зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /1хх-78, 87, 2хх-181-187 дахь тал/ Иймээс Ц.Цийг өөрт олгогдсон компанийг бүрэн төлөөлөх эрхээсээ бодитойгоор татгалзаагүй, “С” ХХК-ийг бүрэн төлөөлж гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд гэж үзнэ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Ц шүүхэд анх 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ирж нэхэмжлэлийн хувийг гардаж авахаас татгалзаж шүүхэд энэ талаар бичгээр тайлбар өгсөн, мөн үүнээс хойш 4 удаа бичгээр тайлбар гарган эрх, үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтуудад гарын үсэг зурах, мөн хэргийн материалтай танилцахаас татгалзсан байна. /1хх-47, 58, 2хх-29, 37, 53-54 дэх тал/

 

Шүүх 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлд 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагчийн төлөөлөх эрхийг тодруулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авсны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нийт 154 хоног үргэлжилжээ. Энэ хугацаанд хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой байсан байна. Иймээс шүүгч, нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийн 77 дугаар зүйлийн 77.7, 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт нийцжээ. /2хх-53-54, 123-128 дахь тал/

 

Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасан эрх, тэгш байх, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч талын, “... Ц.Цт олгосон итгэмжлэл нь С.О-ын нэхэмжлэлтэй хэрэгт тусгайлан олгогдоогүй, ... зөвхөн компанийн үйл ажиллагаанд оролцох итгэмжлэл байхад хэргийг шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

2.Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хэргийн баримтаас үзэхэд талууд 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хувьцаагаар гэрчлэгдсэн эрх шилжүүлэх тухай, хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээнүүдийг тус тус байгуулж, нэхэмжлэгч С.О- нь өөрийн 100 хувийн эзэмшлийн “Анаг сархиа” ХХК-ийн хувьцааг 300 000 ам.доллар буюу 551 625 000 төгрөгөөр худалдаж, хувьцаагаар гэрчлэгдэх бүх эрхийг шилжүүлэх, мөн уг гэрээг байгуулсан өдрөө хувьцаа худалдах-худалдан авах хавсралт гэрээ байгуулан “Анаг сархиа” компанийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 889 м.кв талбай бүхий газарт үйлчилгээ орон сууцны зориулалттай барилга барихад хамтран ажиллах зорилгоор уг газрын эрхийг хариуцагч “С” ХХК-д шилжүүлэх, хариуцагч тал нь баригдсан барилгын 4-14 давхрын орон сууцнаас нэхэмжлэгчийн өмчлөлд 320 м.кв талбай бүхий орон сууц шилжүүлэх, “С” ХХК гэрээ байгуулагдснаас хойш 3 жилийн дотор барилга барьж ашиглалтад оруулаагүй тохиолдолд С.О-д 320 м.кв  талбай бүхий орон сууцны оронд 300 000 ам.доллар шилжүүлэхээр тус тус тохиролцжээ./1хх-6-23 дахь тал/

 

Дээрх гэрээнүүдийн агуулгаас үзвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүсчээ. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч С.О- “Анаг сархиа” ХХК-ийн нийт хувьцаа, хувьцаагаар гэрчлэгдэх бүх эрх болон газар эзэмших эрхийг, “С” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд тус тус шилжүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан хувьцаагаар гэрчлэгдсэн эрх шилжүүлэх тухай, хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээ болон хувьцаа худалдах-худалдан авах хавсралт гэрээ зэрэг баримтуудаар нотлогдож байна. /1хх-10-13, 19-23 дахь тал/ Харин хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч С.О-ын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдэл, хариуцагч компанийн мөн сарын 09-ний өдрийн 01/17 тоот албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон учир /1хх-38-39 дэх тал/ нэхэмжлэгч С.О- хариуцагч “С” ХХК-иас хавсралт гэрээний 2.1.4-т заасны дагуу гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэн, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/00709 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 777 330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                          ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                 Ч.ЦЭНД