Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1159

 

2024         10          30                                  2024/ШЦТ/1159

                                              

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Баянжаргал,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Болдын Амарт холбогдох эрүүгийн 2406 04297 0659 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, чөлөөт бөхын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, СББ Трейд ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 3, эгч,  хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо Баян дөхөм 22 дугаар гудамжны 105 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.А

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2024 оны 06 дугаар сарын 28-ны шөнийн 01 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Асайт худалдааны төвийн урд замд Тоyota Filder маркийн 95-49 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Б.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

-2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны “Болдын Амарын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тээврийн хэрэгслийн журамлав” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

-Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх “согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драгер маркийн 0590 серийн дугаартай багажаар шалгахад 2.30% хувьтай гарсныг жолооч Б.Ат танилцуулсан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлтүүд /хавтаст хэргийн 3-6 дахь тал/,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 621 дугаартай шийтгэвэрийн хуулбар /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 55 дахь тал/,

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 9 дэх тал/,

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/,

-Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,

-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Амарын өгсөн: “Би 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хамт ажилладаг ах Уламбаярын хамт түүний гэрт нь гэр барих ажил хийсэн тэгээд орой ажлаа дуусаад Уламбаяр ахын хамт 0.75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архийг эхнэрийнх нь  хамт гурвуулаа уусан. Уламбаяр ахын гэр нь Баянзүрх дүүрэг Хужирбуланд байдаг юм. Маргааш өдөр амралтын өдөр байсан болохоор уучихсан. Ингээд архиа ууж дуусаад 01 цагийн үед өөр нэг ахындаа очихоор би өөрийнхөө эзэмшлийн Т.Пилдер маркийн 95-49 УБТ дугаартай автомашиныг жолоодоод цайз 16-н ойролцоо явж байгаад шалгалт хийж байсан цагдаа нартай тааралдсан. Би драгер багажаар үлээхэд 2.30 хувийн согтолттой байсан. Би 2023 оны 08 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болж байсан бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дахь тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч А.Марал: “Шүүгдэгч Б.А нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2024 оны 06 дугаар сарын 28-ны шөнийн 01 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Асайт худалдааны төвийн урд замд Тоyota Filder маркийн 95-49 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх,

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

  Гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн байр суурьтай оролцсоныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгч Б.А нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2024 оны 06 дугаар сарын 28-ны шөнийн 01 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Асайт худалдааны төвийн урд замд Тоyota Filder маркийн 95-49 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг шалгасан материал, жолоодох эрхийн лавлагаа, Б.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.А нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан, 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодож явсан, замын хөдөлгөөнд оролцож байхад замын цагдаа зогсоон согтуурал хэмжих багаж үлээлгэхэд согтолтын зэрэг 2.30% гарсан гэх үйл баримт тогтоогджээ.  

Шүүгдэгч Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/ хэсэгт заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хувьд санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэдэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.  

Иймд Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн”  гэм буруутайд тооцов.

Уг гэмт хэргийн улмаас заавал материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй, гэмт үйлдэл хийснээр төгсдөг шинжтэй ба хэрэгт хохирогч, хохирол тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох санал гаргасан болно.   

Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Б.Аын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.

Шүүхээс Б.Ат гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, хувийн байдал, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал, хохирол, хор уршиг учраагүй гэх шинж чанар зэргийг харгалзан Б.Ат тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

  Б.Аын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолохоор тогтов.

            Гурав. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл,  38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ат шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэжлүүлсүгэй.

           8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

            9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ч.АЛДАР