| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2024/1201/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1229 |
| Огноо | 2024-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хилчинбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1229
2024 11 12 2024/ШЦТ/1229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Э.Хилчинбаатар /томилолтоор/,
шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Г.Х-т холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, хувиараа, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн ............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
.......... овогт Г.Х /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Г.Х нь 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.....” кино театрын гадаа ..... нэртэй захад хохирогч Э.Я-той үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар биед нь халдаж, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дэх тал/,
- Хохирогч Э.Я мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.....” кино театрын гадна талбайд үйл ажиллагаа явуулах ..... нэртэй захын дотор үйлчлүүлж явсан бөгөөд гэр ахуйн бараа зардаг лангуун дээр очоод гарын хөөсөн саван, гал тогооны сальфетка зэргийг аваад нэмээд тор авахаар хэлэхэд мөнгө нэмж уншина гэсэн. Тэгэхээр нь би та нар торныхоо ашгийг нугалж олдог шүү дээ гэж хэлсэн. Тус лангууны 181см орчим өндөртэй, том цээж, том биетэй, ахимаг насны, хөрслөг бор арьстай, өтгөн хар хөмсөгтэи эрэгтэй надад уурлаад намайг хэл амаар доромжилсон. Тэгээд торны мөнгө төлж чадахгүй бол битгий худалдан авалт хий гэх мэтээр хэлээд байсан. Тэгэхээр нь би тэгвэл энийг чинь авахгүй гэж хэлээд худалдагчид барааг буцаан шидэж өгөөд лангуунаас гараад явсан гарч яваад хажуугийн лангуунаас эхнэрээ аваад ..... захаас гарах гэж байсан. Тэгээд өмнөх ахуйн барааны лангууны урдуур өнгөрсөн тэр үед намайг лангууны худалдагч “зайл” гэж орилсон. Би уур хүрээд лангууны ард талд байсан савтай вокыг өшиглөсөн. Тухайн вок нь хайрцаг нь задраад асгарсан. Би яг захаас гарч байх үед лангууны худалдагч намайг татаад мөн манай эхнэрийг түлхээд байсан. Тэгэхээр нь би нөгөө худалдагчид яах гээд байгаа юм гэж эхлээд маргаан болсон. Тэр худалдагч надтай ойлголцох шинжгүй байсан. Би яг явах гээд байж байх үед худалдагч нэг гараараа дээрээс цохиод авсан бөгөөд миний нүүрний баруун хэсэгт цохисон. Би тухайн үед харааны шилтэй байсан болохоор миний шилний баруун тал хагараад миний нүүрний арьсийг зүссэн мөн нүд рүү үсэрсэн, хамар хавдсан, нүдний орчимд хавдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дахь тал/,
- Гэрч Э.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... худалдааны төвөөс гоо сайхны хэрэгсэл саван зэрэг авах гэж очоод саван сальфетик аваад тооцоогоо хийх гэсэн чинь тухайн лангууны худалдагч эрэгтэй хүн ууртай дуу муутай байгаад байхаар нь би нөхөртөө тооцоогоо хийчхээд хүрээд ир гээд хажуугийн гэр ахуйн лангуу руу явсан. Тэгээд тэндээ юм үзээд байж байтал манай нөхөр ирээд явъя тэр лангууны ахтай хэрүүл маргаан болох гээд байна гээд бид хоёр гарах гээд явж байсан чинь тухайн лангууны худалдагч ах манай нөхрийг “чи зайл” гээд хэлэхээр нь манай нөхөр уурлаад лангууных нь гадаа байсан вокыг өшиглөсөн чинь хажуу талдаа хоохон урагдаад вок нь асгараад тухайн лангууны ах гарж ирээд манай нөхөртэй маргалдаад байхаар нь би дундуур нь орсон чинь намайг 2 удаа түлхээд хогдуулах гээд байсан тэгээд миний дээгүүр манай нөхрийн нүүрний баруун тал руу нүдний шилэн дээр цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дахь тал/,
- Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ***** дугаартай шинжээчийн: “1.Э.Я-ийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломхтой шинэ гэмтэл байна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дэх тал/,
тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 49-52 дахь тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дахь тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Г.Х нь 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.....” кино театрын гадаа ..... нэртэй захад хохирогч Э.Я-той үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар биед нь халдаж, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь:
- Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ***** дугаартай шинжээчийн: “1.Э.Я-ийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломхтой шинэ гэмтэл байна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Г.Х нь 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.....” кино театрын гадаа ..... нэртэй захад хохирогч Э.Я-той үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар биед нь халдаж, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Г.Х нь хохирогч Э.Я-ийн эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Г.Х нь хохирогч Э.Я-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Г.Х-ын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Х нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүхээс шүүгдэгч Г.Х-ыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирогчийн зүгээс баримтаар 540,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчийн зүгээс бүрэн төлж барагдуулсан. Хохирогчийн сэтгэл санаанд учирсан хохирлыг тооцож, гаргуулах гэсэн боловч хохирогчийн дахин өгсөн мэдүүлгээр нэхэмжлэх зүйлгүй талаар дурдсан байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулан үзэхээр байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгчийн ажил эрхлэлт, цалин орлого, хийсэн үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байгаа, гэм буруу дээр маргахгүй, хохирогчийн зүгээс нэхэмжилсэн хохирол төлбөрийг нэхэмжилсэн байдлаар нь бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг Сиди хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэв.
Шүүх шүүгдэгч Г.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэрэг гарах болсон шалтгаан, үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Г.Х бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогчид эмчилгээний зардалд 540,000 төгрөг төлсөн, Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 20,000 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Х нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Г.Х нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..... овогт Г.Х-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Х-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсарган хадгалсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Х нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ