Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2022/02663

 

 

 

 

 

 

 

 

 2021 оны 11 сарын 19 өдөр                         Дугаар 183/ШШ2021/02663                       Улаанбаатар хот

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэг, 5б тоот оршин суух, Б овогт Ш.А /РД:00000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 22б тоот оршин суух, Б овогт Б.А /РД:000000/,

Хариуцагч: Х дүүрэг, 22б тоот оршин суух, Б овогт Ц.Б /РД:0000000/ нарт холбогдох,

Х дүүрэг, 22б тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагч Ц.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний нөхөр Ч.Б нь Ч ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2021/01102 дугаарын шийдвэрийн дагуу 1 289 805 001 төгрөгийг иргэн Д.Цэндмаагаас авахаар болсон юм. Уг шийдвэрийн дагуу Д.Ц нь Х дүүрэг, 55 байрнаас 5 ширхэг үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцон өгсөн. Дээрхи орон сууцнуудыг миний нэр дээр шилжүүлсэн боловч 22б тоот орон сууцанд Ц.Б, Б.А нар нь надтай болон Д.Ц-тай ямарч хамааралгүй мөртлөө хууль бусаар амьдарч, орон сууцыг суллаж өгөхгүй, элдвээр доромжлон миний өмчлөх эрхэнд саад учруулж байна.

Иймд миний өмчлөлийн Ү-2206 улсын бүртгэлийн дугаартай, Х дүүргийн 55 байр, 22б тоот орон сууцнаас Ц.Б, Б.А нар болон гэр бүлийн гишүүдийг албадан гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Х дүүргийн  55 дугаар байр, 22б тоот орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу манай компани авсан. Уг орон сууцыг Ш.А-ын нэр дээр түүний өмчлөлд шилжүүлж аваад нэг жил болж байна. 2010 онд барьсан барилгын хөлс болгож бид авсан юм. Тухайн үеийн ханшаар тэрбум төгрөгөөр барьсан 3 орон сууц авсан боловч гурвуулаа хүмүүс ороод суучихсан, суллаж өгөөгүй байгаа. Бид харж үзээд суллачих байх, гарчих байх гээд зөндөө харсан, бас хэлж ойлгуулах гэсэн боловч байрыг суллаж өгөхгүй жил гарангын хугацаа өнгөрч өмчлөх эрх зөрчигдөөд байгаа учраас нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гарсан боловч хаяг дутуу бичигдсэн тул дахин 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хаягаа тодруулан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байгаа. Бид орон сууцыг шилжүүлж авахдаа н.Цэндмаагаас төлбөрт шилжүүлж авсан байранд айлууд амьдарч байгаа талаар огт мэдээгүй, энэ талаар хэлээгүй. Байрны чанар байдлын талаар тохиролцоод 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0102 дугаартай шийдвэрийн дагуу орон сууцыг шилжүүлж авсан. Өмчлөх эрхийн гэрчилгээ Ш.А-ын нэр дээр шилжсэн хууль ёсны өмчлөгч учраас  Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрх үүссэн. Тиймээс тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж буй Ц.Б, Б.А нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.А анх 2018 онд хүнд мөнгө зээлүүлж хүүнд нь байранд суулгана гэсэн зар өгсөн. Уг зарын дагуу Н.З-т 99110000 дугаараас 2018 оны 09 дүгээр сард залгасан. Бид уулзаж Н.Зтүүний эхнэр болох Ц нарын мэдэлд байсан 55 дугаар байр 22.1 тоот байранд мөнгөө зээлүүлж хүүнд нь суухаар Н.З-той тохиролцож нотариатаар гэрээ хийж баталгаажуулж суух болсон. /Тухайн үед энэ байрны гэрчилгээ гараагүй байсан/ бүх асуудлыг Н.Зөөрөө хариуцана гэж тохиролцож Ц руу залгаж асуутал “Н.З чи өөрөө мэд” гэж хэлсэн. 2020 оны 12 сараас А-н нөхөр Б, А гэдэг хүмүүс гарч ирж байр суллаж өг гэж дарамтлах болсон. Хэд хэдэн удаа олон хүмүүстэй ирж тог тасалж, мөн айл амьтан тайван байдал алдагдуулж хүүхэд хүртэл айлгаж дарамталсан. Би Н.З руу 95380000 дугаар руу залгаж үйл явдлаа хэлтэл “бидний дунд маргаан байгаа би мэдэж байна” гээд Н.Зоригт, Батнасан, Аюур нар уулзахаар болсон. 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр уулзаж А, Н.З, У, А, Б бид 5 уулзаж 1 сарын 23-ны өдрөөс 4 дүгээр сарын 23-ны хүртэл 1 сарын 500 000 төгрөгөөр суулгахаар тохиролцож 3 сарын төлбөр болох 1 500 000 төгрөгийг Н.З-т гаргаж өгсөн. Уг байрны 7 давхар 21, 22, 22.1 гэсэн 3 байрыг Н.З мөн манайд ирж гэрээ хийж оруулсан. Тийм болохоор 4 сарын 23-нд Н.З-с 15 сая төгрөгөө авч байрыг суллаж өгнө.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 55 дугаар байр, 22б тоот орон сууц нь Ш.А-ын нэр дээр гэрчилгээ гараагүй, Н.З-ын эзэмшилд байсан. Н.З-той мөнгө зээлүүлэх гэрээ байгуулаад бид байранд орж байсан. Тухайн үед н.Ц гэх хүнээс лавлаж асуухад асуудалгүй гэж байсан. Н.З нь гэрээ байгуулахдаа энэ байранд нэг жил амьдарна, тэгээд буцаад байрыг зарагдаж магадгүй гэж хэлж байсан. 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш Н.З холбоо барихгүй алга болсон. Гэтэл н.Батнасан, н.Аюур гэх хүн Ш.А-ыннэр дээр гэрчилгээ гарсан гэж ирж танилцуулсан.  Н.З гэдэг хүн рүү залгаад мөнгөө аваад байр суллаж өгье гэж хэлэхэд түр байж бай н.Ц бид хоёрын хооронд мөнгө төгрөгний асуудал байсан, шилжүүлсэн байх гэж хэлсэн. Гэрчилгээ гарснаас хойш 2020 оны 10 дугаар сард тог, цахилгаан салгаж амьдрах нөхцөлгүй болсон. Одоо ирж очиж байгаа. Байр суллаж өгөхгүй гэсэн зүйл байхгүй. Бид нар Улиастайд дүүгийнхээ гэрт нөхөр 2 хүүхдийн хамт байгаа. Уг орон сууц тоггүй, байх бололцоогүй учраас бид байхгүй байгаа, гэхдээ байрны түлхүүр нь надад байгаа. Орон сууцны байрны түлхүүрийг нь өгөхөд суллаж өгөхөд болохгүй зүйл байхгүй. Гэхдээ Н.З мөнгөө өгнө гэж явсаар гурван жил болсон. Одоо Н.З-той эвлэрлийн гэрээ байгуулаад мөнгө авчихвал, шууд байраа чөлөөлж өгөхөд татгалзахгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.А нь хариуцагч Ц.Б, Б.А нарт холбогдуулан Х  дүүрэг, 22б тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь хууль ёсоор орон сууцыг шилжүүлэн авсан, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч тул өмчлөх эрхийг хангаж, уг орон сууцанд зөвшөөрөлгүй амьдарч байгаа Ц.Б, Б.А нарыг албадан гаргуулж, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэсэн.

Хариуцагч нар нь Н.З-д 15 000 000 төгрөгийг зээлж, 15 000 000 төгрөгний хүүнд нь 1 жилийн хугацаанд орон сууцанд амьдрахаар гэрээ байгуулж, хууль ёсоор оршин сууж байгаа тул орон сууцнаас албадан гаргуулахыг зөвшөөрөхгүй, Н.Зоригтоос зээлсэн мөнгийг буцаан авчихвал орон сууцыг чөлөөлөхөд татгалзахгүй гэж маргасан.

 

            Нэхэмжлэгч Ш.А нь Х дүүргийн 22б тоот хаягт байршилтай, 107,8 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул Ү-2206 дугаарт бүртгэгдсэн болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №0008 тоот гэрчилгээгээр нотлогдож байна. /хэргийн 8, 15-р хуудас/

Иймд нэхэмжлэгч нь Х дүүрэг, 22б тоот орон сууцны өмчлөгч болох нь эрх олгосон баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-д “...өмчлөх  эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж зааснаар шаардах эрхтэй байна гэж үзэв.

Хариуцагч Ц.Б, Б.А нар нь Х дүүрэг, 22б тоот орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй, Н.З-д 15 000 000 төгрөгийг зээлсэн тул орон сууцанд 1 жилийн хугацаатай зээлсэн мөнгөний хүүнд нь амьдрахаар харилцан тохиролцсон, Н.З-той гэрээ байгуулах үед орон сууц нэхэмжлэгч Ш.А-ын өмчлөлд байгаагүй, Н.Зоригтын эзэмшилд байсан гэж мэтгэлцсэн боловч Н.З-той байгуулсан зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээний хугацаа нь дуусгавар болсон байх бөгөөд Н.З нь орон сууцны өмчлөгч буюу уг орон сууцыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй эсэх талаарх баримтгүй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаарах бөгөөд хариуцагч нь уг хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа гэдгийг нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нар нь маргаан бүхий байрыг хууль ёсоор эзэмшиж байгаа, эзэмших эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь Х дүүрэг, 22б тоот орон сууцанд зээлийн гэрээний хүүнд нь суухаар Н.З-той тохиролцож, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр түүнтэй Зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг зээлсэн гэж тайлбарласан боловч Б.А Н.З нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар байгуулсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 26-р хуудас/

Мөн уг зээлийн гэрээний арын хуудсанд “барьцаанд нь Х дүүрэг, 21 тоот  3 өрөөг 1 жилийн хугацаанд үнэгүй суулгаж байгаа болно. Н.З“ гэж тэмдэглэгдсэн. /хэргийн 26-р хуудас/

2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээг Н.З Б.А нарын хооронд байгуулагдаж өөрийн өмчлөлийн орон сууцаа 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт 12 сарын хугацаагаар хөлслүүлэхээр, орон сууц нь Х дугаар хороо хаягт байрладаг, 55 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн 23 дугаар бүхий 104 м.кв талбайтай 3 өрөө бөгөөд хөлслүүлэгч Н.З-ын өмч болох нь нотлогдсон болно гэжээ. /хэргийн 27-р хуудас/

Мөн хариуцагч нь орон сууцны хөлсийг 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртлэх хугацаанд Н.З нь төлсөн тул хууль бусаар орон сууцыг эзэмшээгүй гэж тайлбарласан боловч  орон сууцны өмчлөгч нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000859491 дугаартай гэрчилгээнд Ш.А бүртгэгдсэн байх бөгөөд Н.З нь орон сууцыг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрхгүй болох нь түүний шүүхэд гаргасан мэдүүлэг болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 15-р хуудас/

Хэрэгт авагдсан зээлийн гэрээний арын хуудсан дахь тэмдэглэл, орон сууц хөлслөх гэрээнд үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцны тоот нь өөр байгаа боловч хариуцагч, түүний төлөөлөгч нь дээрх орон сууцыг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Х дүүрэг, 22б тоот орон сууц болох талаар маргаагүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 55 байр, 22б тоот орон сууцанд хариуцагч нар оршин сууж байгаа, түлхүүрийг өгөхгүй байгаа гэж тайлбарласан болно. 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхийг хэрэгжүүлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий эд юмстай харьцагч этгээд тухайн эд юмсыг эзэмших эрхгүй, мөн өмчлөгчийн өмчлөх эрх нь зөрчигдсөн байхыг тус тус ойлгох бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэгчийн орон сууцыг чөлөөлөхгүй, түлхүүрийг нь өгөхгүй, нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан үйлдэл хийсэн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Ш.А нь Х дүүргийн 107,8 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэдэг нь баримтаар нотлогдож байх бөгөөд хариуцагч нь уг үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмших эрхтэй гэдгийг баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Ц.Б, Б.А нарыг Х дүүргийн 22б тоот хаягт байршилтай, 107,8 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцнаас албадан гаргаж, уг орон сууцыг албадан чөлөөлүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч нар нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар хариуцагч Ц.Б, Б.А нарыг Х дүүргийн 22б тоот хаягт байршилтай орон сууцнаас албадан гаргаж, орон сууцыг чөлөөлсүгэй.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б, Б.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.А-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                   Д.ХУЛАН