Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2022/03037

 

 

 

 

 

 

 

 

 2021 оны 12 сарын 16 өдөр                         Дугаар 183/ШШ2021/03037                       Улаанбаатар хот

 

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ж.Сэмжид, Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х  дүүрэг, 84 тоот оршин суух, Х овогт Ц.С /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 59 тоот оршин суух, ОХУ-ын иргэн Б С Л /РД:0000000/-д холбогдох

Хууль бус эзэмшлээс эд хөрөнгө гаргуулах, эвдэрч гэмтсэн, алга болсон эд хөрөнгийн үнэ 1 090 000 төгрөг, ачаа тээврийн зардал 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.С, хариуцагч Г.С, хариуцагчийн өмгөөлөгч В.Г, иргэдийн төлөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч миний өмчийн 1990 оноос хойш байрлуулсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд голын урд байсан төмөр граж болон граж дотор байсан эд зүйлсийг 2020 оны 07 дугаар сард “Орон нутаг консткракшн” ХХК барилга барихаар газар чөлөөлөхдөө надад мэдэгдээгүй ба тухайн үед Б.С гэгч хүн миний гражийг өөрийнх нь хэмээн хэлж ачаад аваад явсан байгаа юм. Би 2020 оны 09 сард хөдөөнөөс ирээд өөрийн гражийг алга болсныг мэдэж, мэдсэн даруй 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан. Гомдлын дагуу Хан-Уул дүүргийн хяналтын прокурор Г.Э сэн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шалгахад миний граж болон эд зүйлс Б.С гэгчийнд байгаа болох нь тогтоогдож, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Прокурорын 1714 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Б.С нь өнөөдрийг хүртэлх хугацаанд миний граж болон дотор нь байсан эд зүйлсийг буцаан өгөөгүй байх тул түүний хууль бус эзэмшлээс 1.төмөр граж /5 000 000 төгрөг/, 2.3 дугуйтай мотоцикл /3 000 000 төгрөг/, 3.ачаа зөөдөг Солонгос тэргэнцэр /220 000 төгрөг/, 4. том саарал хайрцагтай ком, дорцов /шинэ 130 000 төгрөг/, 5.саарал хайрцагтай түлхүүрний ком /шинэ 110 000 төгрөг/, 6.модон хайрцагтай том түлхүүр, дорцовууд /70 000 төгрөг/, 7.хөх хуванцар пошка /2000 литрийнх 60 000 төгрөг/, 8.төмрийн цахилгаан хайч /190 000 төгрөг/, 9.таслагч /том 210 000 төгрөг/, 10.гүний худгийн насос /550 000 төгрөг/, 11.агааржуулагч /80 000 төгрөг/, 12.талх шарагч /45 000 төгрөг/, 13.цөцгий тосны машин /65 000 төгрөг/, 14.урт төмөр тавиур /150 000 төгрөг/ нийт 9 920 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсүүдийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү. Мөн тухайн үед миний гражийг 7659 улсын дугаартай крантай том оврын ачааны автомашины жолооч н.Батчулуун нь Хан-Уул дүүргийн дунд голоос Баянзүрх дүүргийн Улиастай гол хүртэл зөөвөрлөсөн байна. Тухайн жолоочийг олж уулзахад буцаан тээвэрлэхэд 500 000 төгрөгийн хөлс нэхэмжилсэн тул хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Иргэн Ц.С миний бие анх 2021 оны 05 дугаар сарын 10-нд шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчлөх шаардлагатай боллоо. Учир нь шүүхээс хэрэг шийдвэрлэхдээ ажиллагааны явцад хариуцагч С-ийн хашаанд байгаа эд зүйлст 2021 оны 11 дүгээр сарын 08-ны үзлэг явуулснаар зарим эд зүйлийг буцаан авч яв гэсний дагуу хүлээж авсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Үүнд: ачаа зөөдөг тэргэнцэр 220 000 төгрөг, хөх хуванцар пошка /200л/ 60 000 төгрөг, төмрийн цахилгаан хайч 190 000 төгрөг, таслагч /том/ 210 000 төгрөг. Ийнхүү 4 төрлийн нийт 680 000 төгрөгийн үнийн дүнтэй эд зүйлсийг хүлээж авсан учир өмнө гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгээсээ хасч тооцож байна.

Одоо Б.С-ийн хашаанд байгаа нэхэмжилж авах эд зүйлс төмөр граж 5 000 000 төгрөг, 3 дугуйтай мотоцикл 3 000 000 төгрөг, агааржуулагч 80 000 төгрөг, модон хайрцагтай түлхүүр, дорцовууд 70 000 төгрөг. Ийнхүү 4 төрлийн нийт 8 150 000 төгрөгийн үнийн дүнтэй эд зүйлсийг нэхэмжилж авах,

Б.С-ээс гаргуулж авах эвдэрсэн алга болсон эд зүйлс саарал хайрцагтай ком дорцов 130 000 төгрөг, саарал хайрцагтай ком түлхүүр 110 000 төгрөг, гүний худгийн насос 550 000 төгрөг, талх шарагч 45 000 төгрөг, цөцгий тосны машин 65 000 төгрөг, гутлын оёдлын машин 40 000 төгрөг, урт төмөр тавиур 150 000 төгрөг зэрэг нийт 7 төрлийн эд зүйлийн үнийн дүн 1 090 000 төгрөгийг бэлнээр гаргуулах,

ачаа тээврийн хөлс 500 000 төгрөг бэлнээр нь гаргуулж авах зэрэг өөрчлөлтүүд гарч байна. Нэхэмжлэлийн нийт үнийн дүн 9 740 000 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс 8 150 000 төгрөгийн эд зүйлийг бэлнээр нь гаргуулж, эвдэрч гэмтсэн, алга болсон эд зүйлийн төлбөр болох 1 090 000 төгрөг, мөн ачаа тээврийн зардал 500 000 төгрөгийг нийлүүлээд 1 590 000 төгрөгийг мөнгөн дүнгээр нь бэлнээр нь С-ээс гаргуулж өгнө үү.

Шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргасныг дэмжиж байгаа. Би Дундголын эрэг дээр гражтай байсан юм. Мишээл орох замыг завсар хийж зассан. Тиймээс граж дээрээ очих боломжгүй байсан. Компанийн хүмүүст хэлээд зөөж өгөөч гэсэн юм. Тэгээд зуслан дээрээ байж байсан. Гэтэл Б.С нь манай граж дээр эхнэрийнхээ утсыг бичээд манай гражийн эзэн болгож компанийн хүмүүстэй утсаар яриулаад өөрийнхөө хашаанд аваачиж манай гражийг буулгуулсан. Дотор нь байсан эд зүйлсийг ч бас өөрийнхөө хашаанд аваачиж, гадаа буулгаснаас болж эд хөрөнгө эвдэрч алга болсон байна. Шүүхээс үзлэг хийгээд зарим зүйлээ авсан. Үлдсэн эд хөрөнгө болох граж, мотоцикл, агааржуулагч, модон хайрцагтай багаж, 8 150 000 төгрөгийг эд зүйлийг эд зүйлээр нь авна. Харин мөнгөөр тооцож саарал хайрцагтай түлхүүрийн комыг 110 000 төгрөгөөр, дорцовыг 130 000 төгрөгөөр, гүний худгийн насос 550 000 төгрөгөөр, талх шарагч 45 000 төгрөгөөр, цөцгийн тосны машиныг 65 000 төгрөгөөр, гутлын оёдлын машин 40 000 төгрөгөөр, урт төмөр тавиурыг 150 000 төгрөгөөр нийт 1 090 000 төгрөгийг гаргуулах, мөн гражаа буцаагаад зөөж тавиад тээврийн хөлс 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжилж байгаа. Тухайн үедээ гражаа буулгах гэж байна аваарай гээд надад хэлчихсэн бол ийм асуудал гарахгүй байсан. Өөрийнхөө гражийг эвдээд хаясан, манайхыг тийм болгоно гээд хадгалж хамгаалсан гээд байгаа боловч өөрөө гражаа буулгуулаад мөнгө аваад гражийг манайх биш өөр хүнийх гэдгийг компанийн хүмүүст ч хэлээгүй байгаа. Тиймээс гомдоод байгаа юм гэв.

 

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 7 сард намайг очиход миний гражийг хайр найргүй эвдлэн нураалгаж байсан. Эдгээр хүмүүс хүний өмчинд хайр гамгүй хандаж байхыг хараад н.С-ын гражийг мөн ингэж сүйтгэх байх гэж бодоод миний граж гэж хэлээд хашаандаа буулгуулсан. Нэг хороонд амьдардаг боловч гэрийн хаяг, утсыг нь мэдэхгүй учир хэзээ нэгэн цагт энэ хүнтэй уулзахдаа буцааж өгөх бодолтой эд хөрөнгийг нь хамгаалсан болно. 2020 оны 09 дүгээр сард Сүхбаатар надтай утсаар ярьсан. Утсаар ярихдаа би граж мотоцикл болон дотор нь байсан зүйлстэй хамт хашаандаа буулгасан гэж хэлсэн. Байгаа газраа би тодорхой хэлж өгсөн. Ирэхдээ машинтай хүнтэй ирээд н.С 2020 оны 10 сард ирээд граж, мотоцикл болон бусад зүйлсийн зураг авсан. Эдгээр зүйлс байх ёстой гээд жагсаалт гаргасан байсан. Тэгээд надад эдгээр бүх зүйлсийг миний заасан газар хүргэж өг гэж тулгасан. Би хариулахдаа тэгж чадахгүй гэсэн. 2021 оны 05 дугаар сард дахин жагсаалт гаргаж танай шүүхэд хандсан байна. 10 сард хийсэн жагсаалт нь 16 зүйлсийн жагсаалт 5 сард 14 зүйлийн жагсаалт гаргасан байна. Энэ эд зүйлсийн байгаа газар дээр нь ирээд жагсаалтыг тулгаж үзээд үнэн зөвийг олж өгнө үү. Жич “Орон нутаг констракшн” ХХК барилга барихын өмнө 2019 онд барилга барихын өмнө 2019 онд газар өрөмдөж шинжилгээ авсан. 2020 оны 03 дугаар сард хашаа барьж эхэлсэн. Энэ хугацаанд өөрийн гражаа харж үзээгүй, хажууд нь үйл ажиллагаа явуулдаг засварын газрын эзэнд, мөн хоёрдогч түүхий эд авдаг хүмүүст утасны дугаараа өгч болох байсан. Би бол холбоотой байсан учир надад утсаар хэлсэн. Би бол энэ гражийг хашаандаа буулгаагүй бол эдгээр зүйлс журмын хашаанд мотоцикл хоногийн 5 000 төгрөг /2020 оны 07 дугаар сараас 12 сар дуустал/ /2021 оны 01 сараас 05 сар дуустал / нийт 11 сар буюу 330 хоног. Мотоцикл 5 000х330=1 650 000 төгрөг, граж 5 000х330=1 650 000 төгрөг. Нийт дүн 3 300 000 төгрөгийг эд зүйлсийг харж хамгаалсны төлбөрт болгож хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Б.С миний бие надад холбогдуулан гаргасан Ц.С-ын нэхэмжлэлтэй танилцлаа. Надаас 8 төрлийн эд зүйлээ миний заасан газар авчирч өг гэж шаардаж байна. 1.граж, 2.мотоцикл, 3.модон хайрцагтай ком түлхүүр /дорцов/, 4.усны насос, 5.агааржуулагч, 6.цөцгийн тосны машин, 7.данкрат, 8.гутлын оёдлын машин эд зүйлийг нь хуулийн зүйл анги 11.1 дагуу устаж үгүй болохоос нь хамгаалж хадгалсан. Эд зүйлсийг бүрэн бүтнээр нь үрэгдэхээс хамгаалсан. Эд зүйл нь бүрэн бүтнээрээ байгаа ба уг гражийг би түүнд хүргэж өгөх үүрэггүй гэж үзэж байна. Би иргэнийхээ үүргийг гүйцэтгэсэн тул шүүх надад үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Жич: Ц.С-д зүйлээ манай хашаанаас авахыг хүсч байна. Авахгүй бол би сөрөг нэхэмжлэл гаргана. Жишээ нь: Харж хамгаалсан хөлсөө цалингийн доод хэмжээ 420 000 төгрөгөөр сар бүр тооцно. Барилга барихдаа захиалагч Б ХХК, гүйцэтгэгч О ХХК-нуудын хаяг тодорхой бус нууцлаг, хаягийг тодруулсны дараа сөрөг нэхэмжлэл гаргана.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, 2020 оны 09 сард Ц.С надтай ярьсан. Миний бүх зүйл байгаа юу гэсэн, би байгаа гэсэн. Би ирээд шалгаад бүх зүйлээ ав гэж хэлсэн. Гэтэл хүргээд өг гэсэн, би зөвшөөрөөгүй. Гэтэл өөрөө ирээд авахгүй байж хуучин муу эд хөрөнгөө шинэ зүйлийн үнээр шаардаад байгааг зөвшөөрөхгүй, Ц.С-ын эд хөрөнгүүд нь бүгдээрээ тоо ширхэгээрээ байгаа, түүнийгээ ирээд аваад явна биз. Би хүний хөрөнгийг хадгалж байсан, харин ч хадгалалтын хөлсөө нэхээгүй, би эдгээр зүйлүүдийг хүргэж өгч чадахгүй, бүрэн бүтэн хадгалж байсан гэв.    

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Б.С-д холбогдуулан хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө гаргуулах, эвдэрч алга болсон эд зүйлсийн төлбөр болон тээврийн зардалд нийт 1 590 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.С-г Дундголын эрэг дээр байсан төмөр гражийг нь өөрийн граж гэж хэлж хашаандаа аваачиж буулгасны улмаас граж дотор байсан эд хөрөнгүүдийг авах боломжгүй болж, зарим эд хөрөнгө эвдэрч гэмтсэн тул түүний хашаанаас төмөр граж, 3 дугуйтай мотоцикл, агааржуулагч, модон хайрцагтай түлхүүр, дорцовуудыг гаргуулах, эвдэрч, алга болсон саарал хайрцагтай ком дорцовыг 130 000 төгрөгөөр, саарал хайрцагтай ком түлхүүрийг 110 000 төгрөгөөр, гүний худгийн насосыг 550 000 төгрөгөөр, талх шарагчийг 45 000 төгрөгөөр, цөцгийн тосны машиныг 65 000 төгрөгөөр, гутлын оёдлын машиныг 40 000 төгрөгөөр, урт төмөр тавиурыг 150 000 төгрөгөөр тооцож нийт 1 090 000 төгрөгийг гаргуулах, мөн төмөр гражийг буцаан тээвэрлэх зардалд 500 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгч Ц.С-ын Дундголын эрэг дээр байсан төмөр гражийг эвдэрч алга болохоос хамгаалж өөрийн хашаандаа буулгуулсан, граж дотор байсан эд хөрөнгүүдийг бүгдийг нь харж хадгалсан тул эд зүйлсээ буцаан авахад татгалзахгүй, эвдэрч гэмтсэн эд зүйлсийг мөнгөөр нөхөн төлөхгүй, эд хөрөнгүүд нь байгаа тул буцаан өгнө, мөн гражийг буцаан тээвэрлэхэд гарах зардал 500 000 төгрөгийг зөвшөөрөхгүй, эд хөрөнгийг нь харж хадгалсны хөлсөө ч нэхэмжлээгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Ц.С нь Х дүүргийн Дундголын урд төмөр гражийг өмчилж, эзэмшиж, ашигладаг байсан болох нь түүний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1714 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол, хэрэгт авагдсан гэрэл зургуудаар тус тус тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийг төмөр гражийн өмчлөгч буюу уг гражийг эзэмшиж ашиглаж байсан талаар хариуцагч Б.С нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно. /хэргийн 8-11-р хуудас/

Хариуцагч Б.С нь нэхэмжлэгчийн Дундголын эрэг дээр байсан төмөр гражийг дотор нь байсан эд зүйлийн хамт Б дүүргийн 1006 тоот өөрийн хашаандаа байгаа гэж тайлбарладаг бөгөөд түүний тайлбар нь Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1714 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол, мөн хэрэгт авагдсан гэрэл зургууд, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрч Б.Д, Э.Т нарын мэдүүлгээр тогтоогдож байна. /хэргийн 10, 42-46, 70-93, 115-119-р хуудас/

Иймд нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Дундголын эрэг дээрх төмөр гражийн өмчлөгч болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-д “...өмчлөх  эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж зааснаар шаардах эрхтэй байна гэж үзэв.

Хариуцагч Б.С нь нэхэмжлэгчийн төмөр гражийг болон түүний дотор байсан эд хөрөнгийг хууль бусаар эзэмшээгүй, харин ч эвдэрч алга болохоос нь хамгаалж хадгалж өгсөн, гарцаагүй байдлын улмаас өөрийн хашаандаа буулгуулсан гэж мэтгэлцсэн боловч уг төмөр гражийг өөрийн хашаандаа буулгуулсан гарцаагүй байдлыг болон эд хөрөнгийг эзэмших, өөрийн хашаандаа буюу өөрийнхөө эзэмшилд байлгах эрхтэй эсэхийг баримтаар нотлоогүй болно.

Хариуцагчийн өмгөөлөгч нь Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “тухайн нөхцөл байдалд аюулыг өөр арга замаар зайлуулах боломжгүй бол түүнийг таслан зогсоох, сэргийлэх зорилгоор хийсэн үйлдэл /эс үйлдэхүй/-ийг гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл гэнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн төмөр граж болон эд зүйлс нь устаж алга болох аюулд хүрээд байсан тул өөрийн хашаандаа аваачсан гэж маргасан.

Гэвч хариуцагчийн гэр бүлийн хүн болох гэрч Б.Д “...миний утасны дугаарыг энэ хүний граж дээр бичсэн. Дугаар бичсэний дагуу граж буулгах гэж байна гээд надтай холбоо барьсан. Компани өөрөө тээвэрлэсэн. Нэг дугаар нь болохгүй бол нөгөө дугаар нь холбогдоно гэж бодоод бичсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Т-ийн “...хашаа бариад хаалгаа хийгээд дуусах үед гэнэт шохойгоор хоёр дугаар бичсэн байсан. Намайг ярихад эмэгтэй хүн ярьж байсан. Очиж авч чадахгүй, ирж авчирч өг гэсэн. Утсаар ярьсан эмэгтэй хүн Улиастайд голын хажууд аваачиж өгөөд гарын үсэг зуруулсан. Б.С өөрөө гражийн төмөр цоожийг онгойлгоод зүүн талд байх төмрийн цэг дээр тушаасан. Гарын үсэг зуруулсан гэж хэлээд буулгасан” гэсэн мэдүүлгээр нэхэмжлэгчийн граж дээр хариуцагчийн гэр бүлийн хүн болох Б.Д-ийн утасны дугаарыг бичсэн, уг дугаарын дагуу компаниас холбоо барихад уг гражийг өөрийн хашаандаа буулгуулсан, мөн өөрийн гражийг буулгах, барилгын ажил явагдаж байгааг хариуцагч Б.Снь мэдэж байсан болох нь тогтоогдож байх тул тухайн нөхцөл байдалд аюулыг өөр арга замаар зайлуулах боломжгүй байсан, түүнээс сэргийлэх зорилгоор хийсэн үйлдэл гэж тооцогдохгүй байна гэж үзэв.

Мөн нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар Б ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “...иргэн Б.С миний бие Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх хуучин бетонон гражаа буулгуулж газар чөлөөлсөн төлбөрт 250 000 төгрөг авч тохиролцов. Надад ямар нэг гомдол санал байхгүй болно”, Иргэн Оюунд “...Х дүүрэг 2,8Х6м хэмжээтэй хуучин төмөр гражийн доторхи бүх эд зүйлтэй нь бүрэн бүтэн хүлээлгэж өгөв. Өөрсдийн зардлаар тээвэрлэн хүлээн авсан” Оюун гэсэн баримтыг шүүхэд өгсөн боловч хариуцагч, гэрч нар нь уг баримтад зурагдсан гарын үсэг биднийх биш гэж тайлбарласан болно.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхийг хэрэгжүүлэгч нь тухайн хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий эд юмстай харьцагч этгээд тухайн эд юмсыг эзэмших эрхгүй, мөн өмчлөгчийн өмчлөх эрх нь зөрчигдсөн байхыг тус тус ойлгох бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн төмөр гражийг буцаан хүргэж өгч чадахгүй, харин ч хадгалсны хөлсийг нь төлөх ёстой гэж маргаж, нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан үйлдэл хийсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч Б.С-ээс нэхэмжлэгч Ц.С-ын төмөр граж болон түүнд байсан эд зүйлсийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь төмөр граж нь 5 000 000 төгрөг, төмөр граж дотор 3 дугуйтай мотоцикл 3 000 000 төгрөг, ачаа зөөдөг Солонгос тэргэнцэр 220 000 төгрөг, том саарал хайрцагтай ком, дорцов 130 000 төгрөг, саарал хайрцагтай түлхүүрийн ком 110 000 төгрөг, модон хайрцагтай том түлхүүр, дорцовууд 70 000 төгрөг, хөх хуванцар пошка 60 000 төгрөг, төмрийн цахилгаан хайч 190 000 төгрөг, таслагч 210 000 төгрөг, гүний худгийн насос 550 000 төгрөг, агааржуулагч 80 000 төгрөг, талх шарагч 45 000 төгрөг, цөцгийн тосны машин 65 000 төгрөг, урт төмөр тавиур 150 000 төгрөг зэрэг нийт 9 920 000 төгрөгний эд зүйл байсан гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь дээрх эд зүйлсээс талх шарагч, урт төмөр тавиур байгаагүй гэж маргадаг бөгөөд шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоохоор 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр эд зүйлсийн байгаа газар буюу Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Улиастайн гол дагуу Давсны булаг гэх задгайн 1006 тоот хашаанд талуудыг болон хөндлөнгийн гэрчийг байлцуулан үзлэг хийсэн. /хэргийн 70-93-р хуудас/

Шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгт хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүдээр төмөр граж, уг граж дотор байсан гэх 3 дугуйтай мотоцикл, ачаа зөөдөг Солонгос тэргэнцэр буюу улаан өнгийн түрдэг тэрэг, цэнхэр өнгийн хуванцар поошиг, цагаан өнгийн угаалтуур, машины данхрат, саарал өнгийн хайрцагтай түлхүүрийн цуглуулга, агааржуулагч, тосны машины суурь, сэнсний толгой, гутал уллагч, хүрз, модон хайрцаг бүхий багаж, машины амаржин, машины урд талын гэрэл, машины обуд, цахилгаан төмрийн хайч, төмөр тасдагч, усны помп зэрэг эд зүйлс байсан бөгөөд эдгээр зүйлсийг төмөр граж дотор байсан талаар зохигч талууд хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.

Үзлэгээр цагаан өнгийн угаалтуур, машины данхрат, сэнсний толгой, хүрз, машины амаржин, машины урд талын гэрэл, машины обуд, усны помп зэрэг эд зүйлс нь нэхэмжлэлийн нэхэмжлэлд дурьдагдаагүй боловч хариуцагч нь эдгээр зүйлсийг 3 дугуйтай мотоцикл дотор байсан нэхэмжлэгчийн эд зүйлс гэж тайлбарласан, нэхэмжлэгч нь хүлээн авахад татгалзахгүй гэсэн.

Нэхэмжлэгч өөрийн төмөр граж дотор байсан ачаа зөөдөг Солонгос түрдэг тэрэг, цэнхэр өнгийн хуванцар поошиг, төмөр таслагч, төмрийн цахилгаан хайчийг зэрэг эд зүйлсийг буцаан авсан тул хариуцагчийн хашаанд үлдсэн эд зүйлс болох төмөр граж, 3 дугуйтай мотоцикл, агааржуулагч, модон хайрцагтай түлхүүр, дорцовуудыг эд зүйлсээр нь бусад эвдэрч гэмтсэн зүйлсийн үнийг бэлэн мөнгөөр тооцож 1 090 000 төгрөгийг бэлнээр гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нь төмөр граж болон түүний дотор байсан гэх зүйлс эвдэрч гэмтээгүй, угаасаа ашигладаггүй, хэрэглэдэггүй зүйлс гражид байсан тул шинэ эд хөрөнгийн үнээр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нь эвдэрч, алга болсон саарал хайрцагтай ком дорцовыг 130 000 төгрөгөөр, саарал хайрцагтай ком түлхүүрийг 110 000 төгрөгөөр, гүний худгийн насосыг 550 000 төгрөгөөр, талх шарагчийг 45 000 төгрөгөөр, цөцгийн тосны машиныг 65 000 төгрөгөөр, гутлын оёдлын машиныг 40 000 төгрөгөөр, урт төмөр тавиурыг 150 000 төгрөгөөр тооцож нийт 1 090 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хэрэгт авагдсан гэрэл зургууд, үзлэгийн тэмдэглэлээр тухайн эд зүйлс болох саарал хайрцагтай ком дорцов, саарал хайрцагтай ком түлхүүр, гүний худгийн насос, цөцгийн тосны машин, гутлын оёдлын машиныг тус тус эд зүйлсээр нь хариуцагчаас гаргуулж, талх шарагч, урт төмөр тавиур нь хэрэгт авагдсан гэрэл зурагт байхгүй, үзлэгээр уг эд зүйлс нь биетээр байгаагүй тул хариуцагчаас гаргуулах боломжгүй байна гэж үзэв.

 

Мөн нэхэмжлэгч нь төмөр гражийг буцаан хүргэж өгөх зардалд 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөлгүй гражийг авч өөрийн хашаандаа буулгасан буруутай үйлдлийн улмаас буцаан тээвэрлэх зардал төлөхөөр болж хохирсон гэсэн, хариуцагч нь буцаан тээвэрлэх зардлыг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, буцааж хүргэж өгөх үүрэггүй гэж маргасан.

Иргэний хуулийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

Хариуцагчийн өмгөөлөгч нь Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1-д “бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд түүнийг шударгаар гүйцэтгэх үүрэгтэй”, 491.6-д “бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй” гэж зааснаар хадгалсны хөлсөө ч аваагүй байхад хохирол нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэсэн.

Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгө болох гражийг түүний зөвшөөрөлгүйгээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн хашаандаа буулгасан, гражийг өөрийн зардлаар бус компанийн зардлаар тээвэрлэсэн талаар маргаагүй, уг төмөр гражийг нэхэмжлэгч нь өөрөө авч явах боломжгүй, буцаан хүргүүлэхэд зайлшгүй зардал гарах тул уг зардлыг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж, гражийг болон эд зүйлсийг зөвшөөрөлгүй авч явсны улмаас буцаан хүргүүлгэхэд гарах зардал буюу хохиролд 500 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан гэрч Э.Тэрбишийн мэдүүлгээр гражийг зөөж буулгаж, тээвэрлэхэд 800 000 төгрөгний зардал гарсан гэж мэдүүлсэн боловч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна гэж үзэв. 

Иймд хариуцагч Б.С-ээс төмөр граж болон 3 дугуйтай мотоцикл, агааржуулагч, модон хайрцагтай түлхүүр, дорцовууд, саарал хайрцагтай ком дорцов, саарал хайрцагтай ком түлхүүр, гүний худгийн насос, цөцгийн тосны машин, гутлын оёдлын машин зэрэг эд зүйлсийг болон тээврийн зардалд 500 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.С-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас талх шарагч, урт төмөр тавиур гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, эд зүйлсийг хадгалж хамгаалж байсан, сөрөг нэхэмжлэл гаргах болно, хадгалж хамгаалсны хөлсөө шаардаагүй, хөлсөө ч аваагүй гэсэн тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргадаг боловч нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтийг гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн өмгөөлөгчийн хамт оролцсон болно.

 

Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан дүгнэлтдээ “...хариуцагч Б.С буруугүй гэж үзэж байна” гэсэн боловч шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлж, нэхэмжлэгчийн эд зүйлсийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж, тээврийн зардлыг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510.1-д зааснаар хариуцагч Б С Л-оос төмөр граж, 3 дугуйтай мотоцикл, агааржуулагч, модон хайрцагтай түлхүүр, дорцовууд, саарал хайрцагтай ком дорцов, саарал хайрцагтай ком түлхүүр, гүний худгийн насос, цөцгийн тосны машин, гутлын оёдлын машин зэрэг эд зүйлсийг болон тээврийн зардалд 500 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.С-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас талх шарагч, урт төмөр тавиур гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.С нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.С-ээс улсын тэмдэгтийн хураамжид /70 200+15 650/ 85 850 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ХУЛАН

 

                        ШҮҮГЧ                               Б.МӨНХБАЯР

 

                        ШҮҮГЧ                               Ж.СЭМЖИД