| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2021/03721/И |
| Дугаар | 183/ШШ2022/02921 |
| Огноо | 2021-12-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2022/02921
2021 оны 12 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2021/02921 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д аймаг, өөрийн байранд байрлах, Д ХХК /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, өөрийн байранд байрлах, Э Газар /РД:00000/-т холбогдох,
Сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөр 4 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, А.Э, Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2020 оны 12 сараас одоог хүртэлх Эрүүл мэндийн даатгалын санхүүжүүлт өгөөгүйгээс компани ажлын байраа алдаад байна. Корона вируст цар тахал улсын хэмжээнд тархаж онц байдал зарласан үед эмч сувилагч нарын ажлын байрыг хадгалж үлдэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 29 тоот албан даалгавар гарч үүний дагуу хүнд өвчтэй, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, Эрүүл мэндийн даатгалаа төлсөн иргэдэд дуудлагаар, судалгаа, бүртгэлийн үндсэн дээр сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлж ирсэн. Эмч сувилагч нар дараах тушаал заавар, тогтоолыг үндэслэж тусламж үйлчилгээг үзүүлсэн байдаг. Үүнд:
1.2020 оны 12 дугаар сарын 21-ний 29 тоот Эрүүл мэндийн сайдын албан даалгавар, Дарханы Эрүүл мэндийн газраас цуглуулж үүрэг даалгавар өгсөн.
2.2021 оны 03 дугаар сарын 24-ний А/149 тоот магадлан итгэмжлэх сайдын тушаал /ЭМ-ийн хөгжлийн газраас/
3.2005 оны 11 дүгээр сарын 22-нд олгосон УБГэрчилгээ, дотрын өвчнийг эмчлэх зөвшөөрөл,
4.Эрүүл мэндийн яамнаас олгосон сэргээн засах тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлж болох тусгай зөвшөөрлийн гэрчилгээ.
5.Эрүүл мэндийн яамнаас 2 жилд нэг удаа олгодог батламж,
6.Засгийн газрын удаа дараагийн тогтоолууд,
7.Улсын онцгой комиссын олон удаагийн захирамж, шийдвэрүүдийг үндэслэсэн. Эмч сувилагч нарын онцгой байдлын үед ажилласныг нотлох 21 өвчтөний карт бусад бичиг баримтыг Э Газарявуулсан боловч буцааж өгөөгүй байна. Эрүүл мэндийн тухай хуульд заагдсан бүх шаардлагыг ханган ажилласан, хуульд 70-75 наснаас дээш ахмадуудыг 0-18 насны хүүхдэд үзүүлэх сэргээн засах тусламж үйлчилгээний зардлыг төр хариуцна гэсний дагуу гэрээр очиж өдрийн эмчилгээ хийх, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлсэн, нэхэмжлэлийг хавсаргав. 17 өвчтөний сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлсний ажлын хөлс 4 250 000 төгрөгийг хариуцагчаас нөхөж олгуулах нэхэмжлэл гаргаж байна.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Монгол Улсад онцгой нөхцөл байдал үүсч, давагдашгүй хүчин зүйл тохиолдсоны үндсэн дээр Онцгой байдлын тухай, Ковидын тухай хууль баталсан. Хуульд бүгд захирагдах ёстой. Эрүүл мэндийн даатгалын газар нь улсынх нь мэдэгдэхгүй хувь хүн нь мэдэгдэхгүй юм тайлбарлаж байгааг ойлгох боломжгүй байна. Засгийн газрын тогтоолоор гэрээр нь үзэж үйлчилгээ үзүүлж болно гэсэн зөвлөмж гарсан. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу манай байгууллага 70-аас дээш настай 21 хүнийг гэр гэрт нь очиж даралт үзэх, бариа засал хийх байдлаар үйлчилгээ үзүүлсэн. Үйлчилгээ үзүүлсэн гээд мөнгөө нэхэмжлэхээр өгөхгүй гэж тайлбарлаж байна. Яагаад өгдөггүй юм бэ гээд 21 ахмадаас төлбөрөө нэхэмжилж байгаа. Та нарыг өвдсөний төлөө бид нар мөнгөө авч чадахгүй болчихлоо, ийм байдалд орчихлоо гэдгийг тодорхой хэлж байгаа. Энэ ахмадуудын 2 нь нас барсан. Хэрэв шүүхээр ялагдал хүлээвэл 19 ахмадуудыг бослого гарга гэж байгаа. Энэ ахмадуудын мөнгө болохоос биш Эрүүл мэндийн даатгалын мөнгө биш. Хувь хүний мөнгө. Эрүүл мэндийн даатгалын мөнгө бол хүний цалингийн мөнгөнөөс хэдэн арван жил хурааж хуримтлагдсан мөнгө. Ийм хохиролтой үед гаргахгүй бол хэзээ гаргах вэ? Эмч ажилтнууд энэ мөнгийг намайг авсан гэж ярьж байгаа тул нэгт эцсийн байдлыг хүртэл нэр төрөө цэвэрлэх, хоёрт би мөнгийг нь аваагүй гэдгээ батлахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл эхлээд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад Эрүүл мэндийн даатгалын газар хувийн даатгал гэрээтэй тул иргэний шүүхээр шийдвэрлүүл гэсэн. Гэтэл одоо хариуцагчийн төлөөлөгч нь захиргаа гэж байгааг зөвшөөрөхгүй. Монголд байгаа 40-50 гаруй даатгалын байгууллага адилхан гэдгийг Эрүүл мэндийн даатгалын байгууллагын гэрчилгээнээс мэдсэн. н.Бямбасүрэн гэдэг ганцхан гишүүнтэй хувийн эзэмшлийн хувийн компани юм байна. Засгийн газрын тогтоолууд гаргаж байна. Засгийн газар эрүүл мэндийн чиглэлээр агентлаг хэлбэрээр үйл ажиллагаа явуулж болно гэсэн байна. Манай байгууллагын бүх баримтуудыг Улсын бүртгэлийн байгууллагатай хуйвалдаж гаргаж ирсэн байна. Энэ бол манай байгууллагын хувийн нууц болохоор цагдаагийн байгууллагаар шалгуулж гэм буруутай этгээдүүдэд арга хэмжээ авч өгөөч гэж хүсч байна. Даатгалын мөнгө гэдэг энэ хүмүүсийн хувийн мөнгө. Хувийн мөнгөөр үзүүлснийхээ төлөө эмч, сувилагч нарыг цалинжуулж буй үйл ажиллагаа. Акт бичсэн дүр эсгэж байна. Онцгой байдлын тухай хуулиар асуудлыг шийдвэрлүүлж 4 250 000 төгрөгийг гаргуулмаар байна. Хууль зүйн үндэслэл нь өвчтөнүүдээ гардаад үзсэн, үйлчилгээ үзүүлсэн. Тухайн үед гаргасан журмыг хэрэгжүүлэх боломжгүй болсон. Онцгой байдлын тухай хуулиар яаралтай шийдвэрлүүлэх ёстой гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д ХХК-ийн нэхэмжлэлтэй Э Газархолбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талаас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Тус компани нь 2020 оны 12 дугаар сараас хойш Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 145 300 000 төгрөгийн санхүүжилт авсан байна. 17 өвчтөний нөхөн сэргээх үйлчилгээний зардлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст өгсөн тайлбараар бол тус компани эдгээр иргэдийн Улаанбаатар хот дахь гэрт очиж тусламж, үйлчилгээ үзүүлсэн гэдэг. Мөн дээрх иргэдэд сувилалын илгээх карт нээгээгүй, хурууны хээ уншигдаагүй байсан нь ЭМДЕГ-аас тус компанитай 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 5.4, 5.8, 5.8.2 дахь заалтуудыг зөрчсөн үйлдэл болсон тул нэхэмжилсэн санхүүжилтийг олгоогүй болно. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан захиргааны хэм хэмжээний акт, тус компанитай ЭМДЕГ-ын байгуулсан гэрээний зохицуулалтаар зөвхөн тухайн эрүүл мэндийн байгууллагын байранд ирж, сувилалын карт нээлгүүлэн, хурууны хээгээ уншуулсан иргэн-даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлыг л эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх ёстой байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид шаардлага хангасан баримтуудаар нь Д ХХК-нд 2020 оны 12 дугаар сараас хойш 145 300 000 төгрөгийн санхүүжилт олгосон. Гэтэл нэхэмжлэлд дурдагдаад байгаа 17 өвчтөний нөхөн сэргээх эмчилгээний зардлыг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, энэ талаар нэхэмжлэгчид хэлсэн. Д ХХК нь Дархан-Уул аймагт тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авсан байдаг. Гэтэл Улаанбаатар хотод гэрт нь очоод тусламж үйлчилгээ үзүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Улаанбаатар хотын иргэн Дархан-Уул аймагт очоод Да-Оюут сувилалд эмчлүүлэх бол Эрүүл мэндийн газраас санхүүжилт олгох боломжтой, ДУлаанбаатар хотод ирээд хүмүүсийн гэрийн хаяг нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байдлаар үзүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь хоёр байгууллагын байгуулсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний 5.1, 5.3, 5.4, 5.5, 5.8.2-т заасныг зөрчсөн баримт материал нь дутуу тул санхүүжилт олгоогүй. Төрийн байгууллага хуулийн дагуу л ажиллах тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхчимэг, Н.Оюунбилэг нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.Д ХХК нь 2016 оноос хойш өнөөг хүртэл Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээ”-г байгуулж иргэд даатгуулагчид сувилалын сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлж ирсэн бөгөөд, тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас хууль тогтоомжийн дагуу цаг хугацаанд нь олгож байсан. Манай байгууллага гэрээтэй эрүүл мэндийн байгууллагуудаас тусламж үйлчилгээний гүйцэтгэлийн тайланг цахимаар болон цахимаар илгээгдсэн тайланг хэвлүүлж дардас даруулан баталгаажуулж авдаг. Тус сувилал нь 2020 оны 12 дугаар сарын 16-наас 2021 оны 01 дүгээр сарын 04-ний хооронд иргэд даатгуулагчид үзүүлсэн туламж үйлчилгээний зардлын тайланг цахимаар илгээж, нэхэмжлэл, албан хүсэлт, тусламж үйлчилгээ авсан иргэдийн бүртгэл бүхий цахимаас хэвлэсэн тайлан, битүүмжилсэн 2 ширхэг бор ууттай баримтын хамт тус хэлтэст 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус байгууллагын ажилтан авчирч өгсөн. /2 бор цаастай битүүмжилсэн баримтын нэг нь Э.О-т гэсэн хаягтай байсан/ Д ХХК нь цахим тайлангаар 24 иргэний 6 000 000 төгрөгийг нэхэмжилсэн байсан. Манай хэлтэст хаягласан бор уутанд 10 ширхэг сувилуулагчийн карт байсан бөгөөд түүнийг хянаж шалгаад шаардлага хангасан 4 иргэний зардал болох 1 сая төгрөгийг шилжүүлэх “Баталгаажилтын хуудас”-ыг хэвлэж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Санхүү бүртгэлийн хэлтэст 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр илгээсэн. Тухайн сувилалаас тусламж үйлчилгээ авсан болон тусламж үйлчилгээ үзүүлснийг нотлох баримт болох 14 сувилуулагчийн карт байхгүй байсан тул 5 000 000 төгрөгийг тухайн байгууллагад шилжүүлэх үндэслэлгүй гэж үзсэн.
2.Шуудангаар 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр манай хэлтэст хаягтай Д ХХК-иас битүүмжилсэн баримт ирсэн. Баримтыг задалж үзэхэд 5 250 000 төгрөгийн нэхэмжлэл, албан хүсэлт, тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх 21 иргэний нэрсийн жагсаалт бүхий 3 хуудас бүхий баримт ирсэн. Тусламж үйлчилгээ авсан 21 иргэний сувилуулагчийн картыг ирүүлээгүй байсан учир энэ талаар тус байгууллагын захиралтай ярьж тодруулахад “эдгээр хүмүүст Эрүүл мэндийн сайдын гаргасан албан даалгаврын хүрээнд Улаанбаатар хотод тусламж үйлчилгээ үзүүлсэн тул та бүхэнд сувилуулагчийн карт явуулах шаардлагагүй, мөн манай байгууллага ХХК учир улсын хэмжээнд хаана ч тусламж үйлчилгээ үзүүлж болох ба түүнийгээ нэхэмжилж болно” гэсэн тайлбарыг өгсөн. Гэтэл Д ХХК нь зөвхөн тусгай зөвшөөрөлд заагдсан албан ёсны хаяг байршил дээр иргэдэд сувиллын тусламж үйлчилгээг үзүүлэх ётсой. Иймээс тусгай зөвшөөрөлд заагдаагүй байршил дээр тусламж үйлчилгээг үзүүлсэн тусламж, үйлчилгээний тохиолдлыг тус хэлтэс хянах боломжгүй, мөн тухайн тусламж үйлчилгээ авсан сувилуулагчийн карт байхгүй тул эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгох үндэслэлгүй тул дээд шатны байгууллага болох Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тодруулга авах чиглэл өгсөн.
3.Тус сувилалаас 2 сараас хойш тусламж үйлчилгээг үзүүлсэн нэхэмжлэл дахин ирээгүй болно.
4.Эрүүл мэндийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/562 дугаар “Коронавируст халдвар /Ковид19/-тай иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх түр ор дэлгэх” тухай тушаалд Да-Оюут сувилалыг эмнэлгийн бус орчинд тусгаарлан эмчлэх байраар 70 ор ажиллуулахаар заасан. Уг тушаалын дагуу 2021 оны 09 сар тусгаарлан эмчлэх байраар ажиллаж ковидын халдвартай иргэдийг хүлээн авч тусламж үйлчилгээ үзүүлсэн зардлын нэхэмжлэл, албан хүсэлт, өвчний түүхийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай хэлтэст ирүүлснийг хянаж шалгаад 144 300 000 төгрөгийг тус байгууллагын дансанд шилжүүлэх зардлын тайлангийн нэгтгэлийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлийн хэлтэст 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр цахимаар илгээсэн болно. Дархан-Уул аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд хяналт шалгалтыг хийж, иргэн-даатгуулагчийн эрх ашгийн төлөө эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй жигд явуулахад анхаарч, гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлэн ажилласан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д2016 оноос хойш Эрүүл мэндийн даатгалын газартай хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулж иргэдэд сувилалын сэргээн засах үйлчилгээ үзүүлж байсан. Тус үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас хуульд заасан хэмжээгээр цаг хугацаанд нь олгож байсан. Тус сувилалын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэдэд үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын тайланг цахимаар илгээгээд нэхэмжлэх, албан хүсэлт, тусламж үйлчилгээ авсан иргэдийн бүртгэлийг цахимаар хэвлэсэн тайлан битүүмжилсэн баримтыг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус байгууллагын ажилтан авчирч өгөхөд танилцсан. 24 иргэний 6 000 000 төгрөгийг нэхэмжилсэн байсан, нөгөөд нь 14 иргэний карт байсан. Бид шалгаад 4 карт нь шаардлага хангасан тул 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс 6 карт нь ебаримт хэвлүүлээгүй, хурууны хээ уншуулаагүй, цахимд бүртгүүлээгүй тул шилжүүлэх боломжгүй гээд хяналтаар хасагдсан. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд үйлчилгээ үзүүлсэн гэсэн 24 хүний мэдээлэл байсан. 4 тусламж үйлчилгээний зардлыг шилжүүлсэн, 5 000 000 төгрөгийн 14 сувилуулагчийн карт нь байхгүй байсан. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр манай хэлтэст хаягласан баримт ирснийг харахад 5 250 000 төгрөгийг нэхэмжилсэн, тусламж үйлчилгээ үзүүлсэн 21 хүний жагсаалт бүхий 3 хуудас баримт ирсэн. Тусламж үйлчилгээ авсан 21 иргэний карт ирээгүй байсан тул энэ талаар н.Б захирал руу холбогдож тодруулж асуухад “сувиллын карт явуулах шаардлагагүй, манай байгууллага ХХК тул улсын хэмжээнд хаана ч тусламж үйлчилгээ үзүүлж болно” гэсэн тайлбар өгсөн. Гэтэл картнаас тусламж үйлчилгээний онош зэргийг тодруулах боломжгүй, сувилуулагчийн карт байхгүй тул даатгалын сангаас санхүүжилт олгох үндэслэлгүй байсан. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр магадлан итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон байсан. Да Оюут ХХК-ийн магадлан итгэмжлэлийн хугацаа сэргээгдсэнээс хойш 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Эрүүл мэндийн сайдын А/562 дугаар Коронавируст халдварын үед иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх тушаалаар Да-Оюут сувилалыг эмнэлгийн бус орчинд эмчлэн тусгаарлах байраар дагалдан ажиллуулах тушаал гарсан. Тус тушаалын дагуу 2021 оны 09 дүгээр сард тусгаарлан эмчлэх байраар ажиллах, ковидын халдвартай иргэдийг хүлээн авах, эрчимт эмчилгээ үзүүлсэн зардлыг нэхэмжилснийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай хэлтэст ирүүлснийг бид хянаж шалгаад 144 300 000 төгрөгийг шилжүүлсэн. Д аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хууль тогтоомжийн хүрээнд хянаж шалгаж, иргэн даатгуулагчийн эрх ашиг сонирхлыг эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулж гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлэн ажилласан тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Э Газарт холбогдуулан сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөр 4 250 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч Э газар нь хууль зөрчиж сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөр болох 4 250 000 төгрөгийг олгохгүй эрх зөрчиж байгаа тул мөнгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэсэн.
Хариуцагч нь нэхэмжлэгч Д ХХК нь гэрээгээ зөрчиж эмчилгээ хийлгэж, сувилуулсан иргэдийн картыг ирүүлээгүй, цахим бүртгэлд бүртгүүлээгүй тул сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөр 4 250 000 төгрөгийг олгох боломжгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч Д ХХК нь дотрын өвчнийг оношилж, хэвтүүлэн эмчлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд Эрүүл мэндийн яамны №88/2021 тоот Батламжаар “Дархан-Уул аймгийн Д ХХК-ийн О сувилал нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний технологи, чанарын шаардлага хангасныг магадлан итгэмжилсэн байх бөгөөд энэ нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хүчинтэй” 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэжээ. /хэргийн 100-р хуудас/
Мөн Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр №ЭХ-05/23/3207 дугаартай Д ХХК Оюут сувилал сэргээн засах тусламж үйлчилгээний чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаагаар олгож, 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртлэх хугацаагаар сунгасан байна. /хэргийн 101-р хуудас/
2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №03/01 тоот “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-г нэг талаас Э газар, нөгөө талаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэгч байгууллага Дархан-Уул аймгийн Д ХХК-ийн Д нар байгуулж, даатгуулагчийн эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх, даатгуулагчийн өмнөөс чанартай тусламж үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг сайжруулснаар даатгуулагчдын сэтгэл ханамжийг дээшлүүлэхээр харилцан тохиролцжээ. /хэргийн 57-90-р хуудас/
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар зохигч талууд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №03/01 тоот “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-г байгуулсан талаараа маргаагүй болно.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай даатгалын гэрээ /цаашид “гэрээ” гэх/-г байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэнэ” гэж заасан байна.
Зохигч талуудын байгуулсан гэрээний 2.1-д “эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, магадлан итгэмжлэгдэж сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулна” гэж заасан байх бөгөөд 3.2-д “эрүүл мэндийн даатгалын байгууллага нь 2020 онд даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлын төсвийн хуваарийг үндэслэн Дэмнэлгээс дараах тусламж үйлчилгээг худалдан авна. Үүнд:сэргээн засах тусламж үйлчилгээ” гэжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээнд заасан эрүүл мэндийн сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлсэн болох нь хэрэгт авагдсан Д ХХК-ийн нэхэмжлэхд “...2020 оны 12 сарын 16 өдрөөс 2021 оны 01 сарын 04 өдөр хүртэл эмчлүүлэгчдийн хувьсах зардал 21 нэгжийн үнэ 250 000 төгрөг, нийт үнэ 5 250 000 төгрөг”, Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс, эрүүл мэндийн даатгалын тасагт гаргасан 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хүсэлт, 2020.12.1-2021.01.04 хүртлэх 21 иргэний тусламж үйлчилгээ үзүүлсэн жагсаалтаар нотлогдоно гэж тайлбарласан. /хэргийн 8-9-р хуудас/
Хариуцагч нь нэхэмжлэгчийг 21 иргэнд эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүүлсэн гэсэн нэрсийн жагсаалтыг ирүүлсэн боловч сувилуулагчийн карт байхгүй, цахим бүртгэлд бүртгэгдээгүй гэрээ зөрчсөн тул үйлчилгээг худалдан авч, үйлчилгээ үзүүлсний төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д “гэрээнд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төсөв, нэр төрөл, тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлт, төлбөрийн арга, төлбөрийн хэмжээ болон гэрээний хугацаа, талуудын хүлээх үүрэг, хариуцлага, гэрээг цуцлах нөхцөлийг тодорхой тусгасан байна” гэж заасан байх бөгөөд талуудын байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №03/01 тоот “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-нд энэ талаар зохигч харилцан тохиролцсон байна гэж үзэв.
Гэрээний 4.1-д “Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэлийг программ хангамжийн тусламжтайгаар даатгуулагч тус бүрээр мэдээллийн баазад бүртгэж, анхан шатны баримт бичгийг түүврийн аргаар шалгана. Алдаатай, сэжигтэй тохиолдлыг тухайн эрүүл мэндийн байгууллагад очиж нягтлан шалгана”, 4.2-д “эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн нэхэмжлэл, жагсаалтыг холбогдох баримт бичгийн хамт хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан нягтлан хянаж, төлбөрийг шилжүүлнэ” гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн ирүүлсэн баримтуудыг нягтлан шалгаад гэрээний 4.13.1 болон 5.8-д заасныг зөрчсөн гэж мэтгэлцсэн.
Нэхэмжлэгч нь магадлан итгэмжлэлийн хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр сунгасан нь манай буруутай үйл ажиллагаанаас болоогүй, магадлан итгэмжлэл сунгагдаагүй байсан тул цахим бүртгэл хийгдэх боломжгүй байсан, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тул сувилалын картыг өгөх боломжгүй байсан гэж тайлбарласан.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.13.1-д “тухайн эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусгавар болсон, магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрлийн хоорондын хүчинтэй хугацаа нь тасарч сунгагдсан тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардлыг олгохгүй”, 5.8-д “даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжлэхдээ батлагдсан төсвийн сарын хуваарьт багтаан төлбөрийн тооцоог ЭМДМ2 маягтын дагуу гарган өвчний түүх, бусад холбогдох бүртгэл, анхан шатны маягтын хамт сар бүрийн 1-31-ний өдрөөр тасалбар болгож, тасалбар болгосон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор цахим болон хэвлэмэл хэлбэрээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад ирүүлнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч нь “...эмнэлгийн нэр Оюут сувилал, нэхэмжлэлийн хамрагдах огноо 2020.12.16-2021.01.04, Тусламж үйлчилгээний төрөл нөхөн сэргээх үйлчилгээ 1.Д.Г, Б.Б, Ч.Ч, Д.А, Х.Б, Д.Х, Д.Б, О.Б, С.Б, Р.Д, Х.Байгал, Д.Ж, А.П, Б.Ц, Б.Б, Р.А, П.Э, Л.Л, Д.Б, Д.Э, Ц.А нарын 21 хүний нэрсийг ирүүлсэн” бөгөөд эмчлүүлэгчийн карт, холбогдох баримт, эмчийн үзлэгийн бүртгэлийг хавсаргасан гэсэн боловч энэ талаарх баримтыг хариуцагч Э Газарирүүлээгүй болох нь хэрэг авагдсан 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 08/634 тоот албан бичиг, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд тайлбараа нотолсон баримтыг мөн ирүүлээгүй болно.
Нэхэмжлэгч нь цахим бүртгэлд бүртгэгдээгүй нь магадлан итгэмжлэлийн хугацааг сунгуулахаар өгсөн байсантай холбоотой гэсэн боловч хэрэгт авагдсан Батламжийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэж бүртгэсэн, батламжийн хугацааг сунгуулахаар хүсэлт гаргасан байсан талаараа баримтаар нотлоогүй.
Иймд нэхэмжлэгч Д ХХК нь Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд зааснаар Д ХХК-ийн Оюут сувилал сэргээн засах тусламж үйлчилгээний чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрхтэй боловч талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөрийг нэхэмжлэхдээ дээрх 21 иргэдийн өвчний түүх, бусад холбогдох бүртгэл, анхан шатны маягтыг ирүүлээгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэж үзэж, нэхэмжлэгч Д ХХК-ийн хариуцагч Э Газархолбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Д2020.12.20-2021.01.20-ныг хүртлэх хувьсах зардал 10 хоног, нийт 2 500 000 төгрөгний нэхэмжлэхэд дурдсан нөхөн сэргээх эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлсэн “Л.О, Н.С, Б.Д, Ч.З, Я.Ц, Т.Г, У.О, М.К, Ц.О, Б.Р” нарын 10 иргэний баримтыг нягтлан шалгаад хариуцагч нь нэхэмжлэгчид шаардлага хангасан 4 /Л.О, Ч.З, Я.Ц, Т.Г/ иргэний 1 000 000 төгрөгийг олгосон болох нь баталгаажуулах хуудас, талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд бусад 8 иргэний хурууны хээг хаагдаагүй, цахим хяналтаас хасагдсан, цахимд нэр байхгүй гэсэн үндэслэлээр тусламж үйлчилгээ үзүүлсэн төлбөрийг олгоогүй, нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлээгүй болно.
Хариуцагчийн төлөөлөгч нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний №03-2/Да-21 тоот “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-г Захиргааны ерөнхий хуулийг баримтлан байгуулсан, захиргааны байгууллагаас гаргасан акт гэсэн боловч нэхэмжлэгч нь 2020 оны 12 сараас 2021 оны 01 сар хүртлэх хугацааны сэргээн засах тусламж үйлчилгээний зардлыг нэхэмжилсэн тул шүүх энэ гэрээг дүгнээгүй.
2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №03-2/Да-21 тоот гэрээний дагуу 2021 оны 05 дугаар сарын 13-наас 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртлэх хугацааны 145 300 000 төгрөгний санхүүжилт олгосон байгаа талаараа зохигч талууд маргаагүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т зааснаар нэхэмжлэгч Д ХХК-ийн хариуцагч Э Газарт холбогдох сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөр 4 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 82 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ Д.ХУЛАН