Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2165

 

“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/01932 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч УАУТХд холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 678 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

   Нэхэмжлэгч “Ө” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “Ө” ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр УАУТХтэй УАУТХгийн эмнэлгийн хэмжилт болон хүчитгэлийн зураг төслийг 6 000 000 төгрөгөөр боловсруулах гэрээ байгуулан ажлыг хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэж өгсөн. Уг эмнэлгийн барилгын хүчитгэлийн зургийн худалдан авах ажиллагааг Шинжлэх ухааны академи зохион байгуулж, гүйцэтгэгч байгууллагаар “Төмөртхос бэрс” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулахдаа зураг төслийн зардлыг тусгасан. Тус байгууллага нь уг барилгын хүчитгэл, засварын ажлыг гүйцэтгэн санхүүжилтээ 100 хувь авсан мөртлөө өнөөг хүртэл манай байгууллагад зураг төслийн мөнгийг өгөөгүй. Иймд зураг төслийн 6 000 000 төгрөг, 237 хоногийн алданги 711 000 төгрөг, нийт 6 711 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч УАУТХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь "...эмнэлгийн барилгын хүчитгэлийн зургийн худалдан авах ажиллагааг Шинжлэх ухааны академи зохион байгуулж, гүйцэтгэгч байгууллагаар “Төмөртхос бэрс” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулахдаа зураг төсвийн зардлыг тусгасан. Манай байгууллагын гадна багана, хананд яаралтай хүчитгэл хийх шаардлага тулгарч төсвийн төвлөрүүлэн захирагч Шинжлэх ухааны академи, төсвийн ерөнхийлөн захирагч Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамтай зөвлөлдсөний дагуу “Ө” ХХК-тай гэрээ байгуулж зураг төслийн ажлыг гүйцэтгүүлсэн. Улмаар Шинжлэх ухааны академиас УАУТХ-ийн гадна, хана хүчитгэл засварын ажпын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж “Төмөртхос бэрс” ХХК-ийг шалгаруулж, тус компанитай 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 56 914 322 төгрөгийн үнийн дүнтэй “УАУТХ-ийн гадна багана, хана хүчитгэл засварын ажпыг гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, энэхүү үнэд зураг төслийн ажлын хөлсийг 6 295 000 төгрөг гэж суулгаснаар “Төмөртхос бэрс” ХХК нь зураг төслийн хөлсийг “Ө” ХХК-д төлөх үүрэг хүлээсэн. Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Төмөртхос бэрс” ХХК-д 56 914 322 төгрөгийг бүрэн төлсөн боловч “Төмөртхос бэрс” ХХК нь “Ө” ХХК-д зураг төслийн төлбөрийг төлөөгүй тул ШУА, манай байгууллага, “Төмөртхос бэрс” ХХК, “Ө” ХХК-ийн төлөөлөгчид хамтарсан хурал хийж “Төмөртхос бэрс” ХХК нь төлбөрийг 2 хуваан төлж “Ө” ХХК-ийн зураг төслийн төлбөрийг төлж барагдуулахаар тухайн хоёр компани тохиролцсон. Гэтэл “Төмөртхос бэрс” ХХК нь зураг төслийн төлбөрийг өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид төлөөгүй. Нэгэнт УАУТХ-ийн гадна, хана хүчитгэл засварын ажпын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж, ажил гүйцэтгэгдэж, санхүүжилт нь олгогдсон тул манайх дээрх төлбөрийг төлөх боломжгүй. Шинжлэх ухааны академиас тус барилгын хүчитгэлийн ажлыг хийлгэхээр 56 914 322 төгрөгийн тендерийн баримт бичгийг боловсруулж шалгаруулсан. Тухайн ажилд гэрээнд зааснаар 6 295 000 төгрөгийг оруулсан. Энэхүү тендэрт “Төмөртхос бэрс” ХХК шалгарч тухайн ажлыг хийж гүйцэтгэсний улмаас тус компанид гэрээний нийт өртөг 56 914 322 төгрөгийг Сангийн яамнаас олгосон. “Төмөртхос бэрс” ХХК нь “Ө” ХХК руу зураг төслийн мөнгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн. “Төмөртхос бэрс” ХХК үүргээ биелүүлээгүйн улмаас УАУТХ, “Ө” ХХК, “Төмөртхос бэрс” ХХК-ийн төлөөлөгчид уулзаж, “Төмөртхос бэрс” ХХК-аас “Ө” ХХК-д тухайн төлбөрийг өгөхөөр хугацаа тохиролцсон. Зохигчдын байгуулсан гэрээний 6.2-т хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн торгууль хүлээхээр заасан. Нэхэмжлэгч нь алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул алданги 711 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгээс 6 000 000  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 711 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгээс 110 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч УАУТХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...харин гэрээний төлбөрийг хэн хариуцах талаар маргаж   хариуцагч улсын төсөвт үйлдвэрийн газар учраас төсвийн ерөнхий захиран зарцуулагч Шинжлэх ухааны академи “Төмөртхос бэрс” ХХК-тай гэрээ байгуулж, зураг төслийн төлбөр тус компанид  шилжсэн тул 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр зураг төсөл боловсруулах гэрээний үүргийг  хариуцахгүй гэж маргаж холбогдох баримтыг ирүүлсэн. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт хуулийн этгээдийг тодорхойлж, 26 дугаар зүйлийн 26.1-д хуулийн этгээдийн эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмаар татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болохоор зохицуулсан ба хариуцагч Уламжлалт Анагаах ухаан, технологийн хүрээлэн нь хуулийн этгээдийн эрхтэй болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож, хөлсөөр ажиллах гэрээний харилцаа “Ө” ХХК, УАУТХгийн хооронд үүссэн тул хариуцагчийг маргаан бүхий гэрээний төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй тул ажлын хөлс 6 000 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй" гэжээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ "...барилгын хүчитгэлийн зургийн худалдан авах ажиллагааг ШУА зохион байгуулж, гүйцэтгэгч байгууллагаар "Төмөртхос бэрс" ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулахдаа зураг төслийн зардлыг тусгасан байдаг. "Төмөртхос бэрс" ХХК нь уг барилгын хүчитгэл, засварын ажлыг гүйцэтгэн санхүүжилтээ 100 хувь авсан мөртлөө өнөөг хүртэл ... өгөхгүй байна" гээд хавтаст хэрэгт "Төмөртхос бэрс" ХХК-аас мөнгөө шаардсан нэхэмжлэлийг хавсарган өгсөн. Шинжлэх ухааны академиас УАУТХ-ийн гадна, хана хүчитгэл засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шзлгаруулах тендерийг зарлаж уг ажлыг 56 914 322 төгрөгөөр хийлгүүлэхээр "Төмөртхос бэрс" ХХК-тай гэрээ байгуулж уг ажлыг хийлгэсэн. "Төмөртхос бэрс" ХХК нь дээрх ажлын үнэд багтсан зураг төслийн 6 295 000 төгрөгийг "Ө" ХХК-д шилжүүлэхээр тус хоёр байгууллага хоорондоо тохиролцсон. Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас "Төмөртхос бэрс" ХХК-д санхүүжилт 56 914 322 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан юм. Иймд "Ө" ХХК нь зураг төслийн үнэ болох 6 000 000 төгрөгөө "Төмөртхос бэрс" ХХК-аас шаардах үндэслэлтэй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2-т "Төрийн байгууллага, албан газар нь улсын төсвөөс олгосон хөрөнгийг төсвийн тухай хуульд заасны дагуу зарцуулах үүрэгтэй" гэж заасан бөгөөд манай байгууллага нь төрийн байгууллага албан газрын статустай ба нэгэнт төсвөөс төлөгдсөн зардлыг манай байгууллага дахин зарлагадах хууль зүйн үндэслэлгүй атал анхан шатны шүүх хуулийн этгээдийн эрхтэй гэсэн үндэслэлээр зураг төслийн 6 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж "Ө" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул зөвтгөн өөрчлөх шаардлагатай байна.

Нэхэмжлэгч “Ө” ХХК нь Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнд холбогдуулан гэрээний үүрэгт 6 678 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

            Зохигчид 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 10/2017 дугаартай “Зураг төсөл боловсруулах” нэртэй гэрээ байгуулж, “Ө” ХХК нь норм, дүрэм стандартад нийцсэн ажлын зураг төслийг боловсруулан магадлал хийлгэсэн зураг төслийг 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөх, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн нь гүйцэтгэгч тал зураг төслийг хүлээлгэн өгснөөс хойш 5 хоногийн дотор ажлын хөлсийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар нотлогдож байна. /хх-7 дахь тал/

Уг гэрээний агуулгаас үзвэл талууд тодорхой ажлын үр дүнг бий болгох буюу барилгын зураг төсөл хийхээр тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасанд нийцэж байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Анхан шатны шүүх дээрх эрх зүйн харилцааг хөлсөөр ажиллах гэрээ гэж тодорхойлон Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Талууд гэрээ байгуулсан болон ажлын үр дүнг хүлээн авсан, ажлын хөлсийг төлөөгүй гэх үйл баримтад маргаангүй, харин хариуцагч нь ажлын хөлсийг төлөхгүй гэж марган, үндэслэлээ “... төсвийн төвлөрүүлэн захирагч Шинжлэх ухааны академиас манай хүрээлэнгийн гадна, хана хүчитгэл засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж тендерээр шалгарсан “Төмөртхос бэрс” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа ... зураг төслийн ажлын хөлсийг 6 295 000 төгрөг гэж суулгаж өгсөн, ... Сангийн яамнаас 56 914 322 төгрөгийн санхүүжилт бүрэн олгогдсон, ... хамтарсан хурал хийж тус компани зураг төслийн хөлсийг “Ө” ХХК-д төлөх үүрэг хүлээсэн ...” гэж тайлбарладаг. /хх-53 дахь тал/

Хариуцагч УАУТХ Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар нь төрийн өмчит хуулийн этгээд гэдэг нь хэргийн 12 дугаар хуудсанд авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн эрх зүйн чадвар хуульд заасан журмаар байгуулагдсанаар үүсч, татан буугдсанаар дуусгавар болох бөгөөд иргэний эрх зүйн харилцаанд бусад оролцогчтой адил тэгш эрхтэй оролцдог учир хариуцагч Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн нь гэрээгээр үүссэн үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

Хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээнээс үзвэл, талууд гэрээнд ажлын хөлсийг өөр этгээдээр төлүүлэхээр тохиролцоогүй байна. Мөн хариуцагч уг үүргээ өөр этгээдэд шилжүүлсэн гэх тайлбар нь баримтаар нотлогдоогүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй.

Харин талуудын анзын талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.5 дахь заалтад нийцээгүй учир нэхэмжлэгч тал хариуцагчаас алданги шаардах эрхгүй байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.5 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулан, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/01932 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “359 дүгээр зүйлийн 359.1” гэснийг “343 дугаар зүйлийн 343.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, илүү төлсөн 110 950 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлстээс буцаан гаргуулан хариуцагчид олгосугай.

      

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

                                                                                                Ч.ЦЭНД