Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 46

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Ганбаатарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Т.Өсөхболд шүүгдэгч Э.Ганбаатар, нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 131 дугаар шийтгэх тогтоолтой, Э.Ганбаатарт холбогдох эрүүгийн 2036000120074 дугаартай хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 15-ны  өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 49 настай, тусгай дунд боловсролтой, ам бүл- 4 эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 3 дугаар 60 айлын орон сууцны 32 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ШВ71031512 дугаарын регистртэй, Боролдой овогт Эрдэнэцогтын Ганбаатар нь Чингэс хаан дээд сургуулийн аялал жуулчлалын эдийн засаг, удирдлагын мэргэжлийн бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Боролдой овогт Эрдэнэцогтын Ганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан, дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Ганбаатарыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.Ганбаатарт оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгох  ялыг 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн 2036000120074 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Чингэс хаан дээд сургуулийн 031 бүртгэлийн дугаартай, D200611443 дугаартай 2 хуудас бүхий дипломын хуулбарыг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Ганбаатар түүний давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-1.6-д заасан нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн нотлон тогтоогоогүй байна. Эрүүгийн хуулийн тусгай 23.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн субьектив санаа нь залилангийн шинжтэй, хуурамч бичиг баримтыг ашиглаад өөртөө ашиг олох зорилготой байхыг шаарддаг. Миний хувьд Стандарчлал хэмжил зүйн хэлтсийн даргын ажлыг өөрийнхөө үндсэн ажлын хамт хавсарч ажиллаж байсан гэдгийг улсын яллагч ойлгоогүй. Анх хэн гэгч уг хуурамч дипломыг ямар зорилгоор хийсэн болохыг тогтоосноор тухайн гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл тогтоох зайлшгүй шаардлагатай. Гэтэл үүнийг гэрчлэх Б.Жавзандулам түүний дүү Ө.Харнүдэн нарыг гэрчээр асуухгүйгээр хэргийг шалгасан нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж байна.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 131 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны  бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.      

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                   

  Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Ганбаатарын давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Э.Ганбаатарыг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдох үедээ Чингэс Хаан Дээд сургуулийг 2006 онд төгссөн 031 бүртгэлийн дугаартай D200611443 дугаартай бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Э.Ганбаатар нь 2006 оны 04 дүгээр  сарын 27-ны өдөр  Чингэс Хаан Дээд сургуулийн Аялал жуулчлалын эдийн засаг, удирдлагын мэргэжлээр төгссөн D200611443 дугаартай бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Ховд аймаг, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлог гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж хуурамч бичиг баримт ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаартай ”... Шинжилгээнд ирүүлсэн D200611443 сери дугаартай Эрдэнэцогт овогт Ганбаатар эзэмшигчтэй “Чингэс Хаан Дээд сургууль”-ийн бакалаврын диплом гэх зүйлийн цаас нь үнэт цаас биш хэвлэн олшруулах төхөөрөмжөөр хэвлэн буулгасан байна.” гэх дүгнэлт, хохирогч Б.Гомбосүрэн,гэрч Х.Тогтбаяр, Ч.Мягмарсүрэн, Л.Мандах, Ж.Даваадулам, / Чингэс Хаан Дээд сургуулийн багш/ Э.Ганбаатарыг Ховд аймаг, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Стандарт хэмжил зүйн даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/136 дугаар тушаал, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, Чингэс Хаан Дээд сургуулийн сургалтын албаны дарга С.Цэвэлмаагийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №а/001 дугаартай албан бичиг зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий  хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан болон  шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Иймээс анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Ганбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, учруулсан  хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна гэж дүгнэв. Хэрэгт авагдсан баримтуудаар Э.Ганбаатар нь уг ажлын байранд тавигдах шаардлагад нийцүүлэн D200611443 дугаартай бакалаврын дипломыг Стандарт хэмжил зүйн газар луу явуулсан байх бөгөөд түүнийг Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/136 дугаар тушаалаар томилсон байна.

 Шүүгдэгч Э. Ганбаатар нь D200611443 дугаартай бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж санаатай ашигласан, мөн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын ажлыг өөрийн үндэслэн ажилтай хавсарч биш Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан болох нь тогтоогдсон байх тул түүний давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Энэ хэрэгт  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг

зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 Иймд шүүгдэгчЭ.Ганбаатарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07дугаар сарын 21-ны өдрийн 2020/ШЦТ/131  дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч   Э.Ганбаатарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3.Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

   

            .

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ТУЯА                                                                                                                               

     ШҮҮГЧИД                                     С.ӨМИРБЕК

М.НЯМБАЯР