| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2021/00364/И |
| Дугаар | 183/ШШ2022/02785 |
| Огноо | 2021-11-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2022/02785
2021 оны 11 сарын 30 өдөр Дугаар 183/ШШ2021/02785 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, 187 тоотод оршин суух, С овогт Ч.Ч /РД:000000/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, 408 тоот байрлах, Э ХХК /РД:000000/,
Хариуцагч: Б дүүрэг, байранд байрлах, В ХХК /РД:00000/ нарт холбогдох
Орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, өмчлөлийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ч.Ч миний бие 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Э ХХК-тай 17/05 дугаар “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулан Х дүүрэг, 601 тоот хаягт байрлах 154 мкв хэмжээтэй орон сууцыг 579,000,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Түүний дагуу 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 100,000 ам.доллар / 1 ам.долларыг 2358 төгрөгийн ханшаар тооцож/ 235,800,000 төгрөг, үлдэх төлбөр болох 343,200,000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд төлөхөөр тохиролцсоны дагуу миний бие Э ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 415015175 тоот дансанд 2018 оны 05 дугаар сарын 02-нд 134,000,000 төгрөгийг Ч.Ч-ийн Хаан банкны 50600000 тоот данснаас мөн 2018 оны 06 дугаар сарын 29-нд 209,200,000 төгрөгийг Ч.Ч-ийн Худалдаа хөгжлийн банкны 49505000 тоот данснаас тус тус шилжүүлж төлбөрийг бүрэн төлж дуусган, худалдан авагчийн зүгээс үүргээ хугацаандаа бүрэн биелүүлснээс хойш орон сууцны өмчлөлийн гэрчилгээгээ авч чадахгүй 3 жил гаруй хугацаа өнгөрлөө. Миний зүгээс үүргээ биелүүлсэн тул энэ хугацаанд Э ХХК-ийг үүргээ биелүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг шаардаж хэд хэдэн удаа албан бичгээр хандаж, мөн холбогдох хүмүүс болох Х.Б, А.Э, Б.Т, Ж.О, Т нартай уулзаж, удаа дараа утсаар ярилцаж өдийг хүрлээ. Надад хувьцаа эзэмшигч нарын хооронд асуудалтай байх тул удахгүй асуудлыг шийдвэрлэж өгнө гэж мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл асуудлыг шийдвэрлэлгүй удаашруулж иргэн намайг хохироосоор байна. Харин Э ХХК-ийн 2017 онд надад зарсан байрыг 2014 онд буюу гэрээ байгуулагдахаас өмнө /бүтэн нэг жилийн өмнө/ Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б-ын ах Х.С-ын “В” ХХК гэх байгууллагын нэр дээр шилжүүлэн түүнийгээ 2016 онд “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.О-ийн 100 хувь хувьцаа эзэмшдэг П ХХК-ийн охин компани болох Б ХХК-ийн Төрийн банкнаас авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд зориулж барьцаалсныг тус байранд мөн байр худалдан авсан оршин суугч шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2672 дугаар шийдвэр дээрээс олж үзлээ. Мэдсэн даруй 2 компанид хандахад бид та бүхэнд байрны өмчлөлийг удахгүй шилжүүлж өгнө гэж хэлсээр өнөөдрийг хүрлээ. Э ХХК, В ХХК компаниуд таны нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж өгнө гэж хэлж байгаа ч өмчлөлийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй байх тул Х дүүрэг, 601 тоот хаягт байрлах 154 мкв хэмжээтэй орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, өмчлөлийн гэрчилгээг Ч.Ч-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.Ч нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Э ХХК-тай 1705 дугаар орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, Хдүүрэг, 601 тоот хаягт байрлах, 154 м.кв талбай бүхий орон сууцыг 579,000,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Үүний дагуу 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 100 ам.доллар буюу 235,800,000 төгрөгийг, үлдэх төлбөр болох 343,200,000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаанд төлөхөөр тохиролцсон. Э ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 415015000 тоот дансанд 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 134,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 289,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэрээний үүргээ биелүүлснээс хойш орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхгүй 3 гаруй жил болсон. Гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж албан бичиг хүргүүлж байсан. Холбогдох хүмүүс болох н.Б, н.Э, н.Т нартай уулзаж удаа дараа утсаар холбоо барьж байсан. 2017 онд байр зарагдахаас өмнө 2014 онд Э ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Б ах н.С В ХХК-ийн нэр дээр байрыг шилжүүлсэн. Улмаар 2016 онд Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.О-ийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг П ХХК-ийн Төрийн банкнаас авсан зээлийн гэрээнд барьцаалсан болохыг Ч.Ч мэдсэн. Мэдсэн даруйд өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг хоёр компанид мэдэгдсэн. В ХХК, Э ХХК нар нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөхгүй байх тул Х дүүрэг, 601 тоот хаягт байрлах, 154 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, өмчлөлийн гэрчилгээг Ч.Ч-ийннэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
В ХХК нь шүүхээс шийдвэр гарсан тохиолдолд бид хүлээн зөвшөөрөх боломжтой гэдэг тайлбар гаргадаг. Нотлох баримт шинжлэн судлахад 2016 онд маргааны зүйл болох байр нь В ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй болох нь харагддаг. Тухайн үед В ХХК болон Э ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь харилцан хамаарал бүхий этгээд байсан гэдэг нь нотлогдож байна. Тухайн үед Ч.Ч Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээг Э ХХК-тай байгуулсан. Худалдан авагчийн зүгээс мөнгө төлөх үүргээ бүрэн биелүүлсэн. Худалдагчийн талаас биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-т заасны дагуу Ч.Ч-ийнхувьд байр ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа. Мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заажээ. Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр маргаж байгаа үл хөдлөх хөрөнгийг 2017 оноос эзэмшиж хэрэглээний болон ашиглалтын зардлыг төлж байгаа нь нэхэмжлэгчийг өмчлөх эрхтэй гэдэг харагдаж байгаа. Ч.Ч-ийнзүгээс үүргээ биелүүлсэн учраас өмчлөгч мөн гэдэг тайлбар өгч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, өмчлөгчийн эрхийг хамгаалж өгнө үү гэв.
Хариуцагч Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Ч.Ч-ийн нэхэмжлэлтэй Э ХХК-д холбогдох хэрэгтэй танилцлаа. Нэхэмжлэгч нь Х дүүрэг, 601 тоот хаягтай 154 мкв орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх ёстой гэсэн байна. Тус орон сууц худалдах-худалдан авах гэрээг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Э ХХК-ийн өмнөх гүйцэтгэх захирал Х.Б нь байгуулсан боловч өмнө нь 2016 онд тус орон сууцны өмчлөх эрхийг В ХХК-д шилжүүлсэн байдаг. Иймд тус компаниас өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгнө гэвэл бидний зүгээс татгалзах зүйл байхгүй болно гэжээ.
Хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2017 онд орон сууцыг худалдаж байхад Э ХХК-ийн барьцсан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг захирал н.Батжаргал өөрийн ах н.С-ын компаний нэр дээр гаргасан юм билээ. Ямар учиртай болох талаар мэдэхгүй байна. Хувьцаа эзэмшигч нар эвлэрлийн гэрээ байгуулаад Ж.О-ийн нэр дээр компани шилжсэн. Байрныхаа өмчлөх эрхийг шилжүүлж өгөөч ээ гэсэн В ХХК-иас шаардлага ирсний дагуу хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан гарсан. Үүнтэй холбоотойгоор шилжүүлж өгдөггүй байсан. Орон сууц худалдаж авсан хүмүүс уулзаад энэ талаар ярилцаад шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр болсон. Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Төлбөрийн хувьд маргаан байхгүй. Орон сууцыг шилжүүлж өгсөн. Тухайн үед ямар үйл явдал болсон талаар сайн мэдэхгүй байна гэв.
Хариуцагч В ХХК-ийн төлөөлөгч Х.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Ч.Ч-ийн нэхэмжлэлтэй Э ХХК, В ХХК нарт холбогдох иргэний хэрэг дээр маргааны зүйл болж буй үл хөлдөх эд хөрөнгө, орон сууцтай холбоотойгоор дараах тайлбарыг хүргүүлж байна. Хариуцагч Э ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №02 тоот тогтоолоор Э ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан Х дүүрэг, 20 айлын орон сууцыг В ХХК-ийннэр дээр шилжүүлж шийдвэрийг гаргасан байдаг. Ингэх болсон гол зорилго нь тус 20 айлын орон сууцны өмчлөх эрхийг барьцаалж, Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.О-ийн 100 хувь хувьцааг эзэмшдэг П ХХК-ийн охин компани болох Б ХХК-ийн Төрийн банкнаас авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд зориулж барьцаалах явдал байсан бөгөөд үүний дагуу В ХХК-ийн нэр дээр шилжиж ирсэн 20 байрыг Б ХХК болон Төрийн банк нарын хоорондын зээлийн гэрээний барьцаа болгож, барьцаалсан байдаг. Дээрх Төрийн банктай байгуулсан Барьцааны гэрээний барьцааны зүйл болсон орон сууцнуудын нэг нь нэхэмжлэгч Ч.Ч-ийн хариуцагч Э ХХК-иас худалдан авсан Х дүүрэг, 601 тоот хаягт байрлах 154 мкв орон сууц юм. Шүүхийн зүгээс хариуцагч Э ХХК-д нэхэмжлэгч Ч.Ч-тэй байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг даалгасан тохиолдолд тус компанийн зүгээс өөрийн нэр дээр бүртгэлтэй дээрх орон сууцыг нэхэмжлэгч Ч.Ч-ийн нэр дээр шилжүүлж өгөхөд бэлэн байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ч нь Э ХХК, В ХХК нарт холбогдуулан орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, өмчлөлийн гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгийг үндэслэн шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь худалдан авсан орон сууцны үнийг бүрэн төлж, гэрээний үүргийг биелүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авч эзэмшиж ашиглаж байгаа тул өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэсэн.
Хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгчтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн талаар маргаагүй боловч өмчлөх эрхийг В ХХК-нд шилжүүлсэн гэж, хариуцагч В ХХК нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан боловч зээлийн гэрээний барьцаанд барьцаалсны улмаас нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй байсан гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №17/05 дугаар “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр худалдагч Э ХХК нь Ч.Ч-тэй харилцан тохиролцож Улаанбаатар хот Х дүүрэг, 601 тоотод байрлах 154 мкв талбай бүхий орон сууцыг хүлээлгэн өгөх, худалдан авагч Ч.Ч нь 246,400 ам.доллар буюу 579,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хэргийн 6-8-р хуудас/
Нэхэмжлэгч Ч.Ч нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр гэрээний зүйл болох Х дүүрэг, 601 тоот хаягтай 154 мкв орон сууцны төлбөр болох 579,000,000 төгрөгийг хариуцагч Э ХХК-нд бүрэн төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан мөнгө шилжүүлгийн маягт, бэлэн мөнгөний орлогын баримт, Э ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Үлдэгдэл тулган баталгаажуулсан баримт, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 130 дугаар тодорхойлолт, 2019 оны №74 тоот тодорхойлолтоор тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна гэж дүгнэв. /хэргийн 10-14-р хуудас/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний үүргийг биелүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн талаар хариуцагч Э ХХК нь маргаагүй, орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгсөн боловч үнийг бүрэн төлсөн худалдан авагч буюу нэхэмжлэгчийн өмчлөлд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар уг гэрээний зүйл болох орон сууцыг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид биш, хариуцагч В ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №0004 дугаар гэрчилгээнд “...В ХХК нь Нийслэлийн Х дүүргийн 601 тоот хаяг байрлалтай 154 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ү-220604 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгов” гэжээ. /хэргийн 58-р хуудас/
Хэдийгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь хариуцагч В ХХК-ийн өмчлөлд 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бүртгэгдсэн, хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахдаа дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу гэрээ байгуулах эрхтэй этгээд байсан эсэх нь эргэлзээтэй байх боловч хариуцагч нар нь орон сууцыг Э ХХК-иас В ХХК нь шилжүүлэн авсан, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхэд татгалзахгүй гэж тайлбарласан болно.
Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох орон сууцыг шилжүүлэн авсан эзэмшиж ашиглаж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүйн улмаас Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан өмчлөгч өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно” гэж заасан.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Ч.Ч-тэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний зүйл болох орон сууцыг Төрийн банктай байгуулсан зээлийн гэрээнд барьцаалсан, тиймээс гэрчилгээг шилжүүлэх боломжгүй байсан гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, түүнд эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн, хариуцагч Э ХХК нь худалдан авагчийн өмчлөлд ямар нэгэн эрхийн доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бүрэн төлж, уг орон сууцыг хүлээн авч, эзэмшиж ашиглаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ч.Ч-г Х дүүрэг, 601 тоот хаягтай 154 мкв орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч Ч.Ч-д шилжүүлэн өгөхийг хариуцагч В ХХК-нд даалгах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч В ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч С овогт Ч.Ч-ийг Х дүүрэг, 601 тоот хаягт байршилтэй 154 мкв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ч.Ч-д шилжүүлж өгөхийг хариуцагч В ХХК-нд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ч-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 70 200 төгрөг, хариуцагч В ХХК-иас 70 200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Ч-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ХУЛАН