Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 102/2022/00289/И |
Дугаар | 102/ШШ2022/00610 |
Огноо | 2022-02-23 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2022/00610
2022 оны 02 сарын 23 өдөр Дугаар 102/ШШ2022/00610 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, .... тоот өөрийн байранд байрлах, ., “И.” ХХК,
Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, .... дугаар байрны ... тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ..., Д.. овогтой У.ийн Э.,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 19 066 562 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О.,
Хариуцагч У.Э.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч И. ХХК нь У.Э.д холбогдуулан 19 066 562 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.
“И.” ХХК нь У.Энхтайвантай 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 20190608 тоот зээлийн гэрээг байгуулж, 12 000 000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлдэгч сар бүр 670 000 төгрөг, сүүлийн 24 дэх сард 708 256.68 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БГ/20190608 тоот барьцааны гэрээ байгуулж гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г-2201015223 дугаартай 000073754 тоот гэрчилгээтэй 675 м.кв газрыг 10 000 000 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-22010226864 дугаартай, өмчлөх эрхийн 000163074 тоот гэрчилгээтэй 88 м.кв бүхий хувийн сууцыг 10 000 000 төгрөгөөр тус тус барьцаалсан. У.Энхтайван нь 2019 оны 07 сарын 20-ны өдөр 670 000 төгрөг, 2019 оны 09 сарын 07-ны өдөр 670 000 төгрөг, 2020 оны 03 сарын 05-ны өдөр 500 000 төгрөгийг тус тус төлж, үүнээс хойш төлөлт хийгээгүй. Манай компани 2021 оны 3-р сард шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар 2021 оны 04-р сарын 16-ны өдөр 01082 дугаар шүүхийн шийдвэр гаргасан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2021 оны 11-р сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 45/6 дугаар байрны 39 тоот хаягт оршин сууж байгаа болохыг тогтоосон. Иймд зээлдэгч У.Э.аас үндсэн зээл 11.231.738.28 төгрөг, зээлийн хүү 5.701.266.03 төгрөг, алданги 2.133.558.00 нийт 19.066.562 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч У.Э. шүүхэд гаргасан тайлбартаа: Ковидын нөхцөл байдлаас болж зээлээ хугацаандаа төлж чадахгүй хойшилсон. Түүнээс хойш тус хэрэгтэй холбоотойгоор 2020 оны 8 дугаар сард холбогдож төлбөрөө төлөхгүй бол шүүхэд шилжүүлнэ, 14 000 000 болсон байна гэж хэлсэн. Гол хийдэг ажил маань “сургалт явуулдаг” байсан бөгөөд олон нийтийг цуглуулж болохгүй нөхцөл байдлын улмаас зогссон. Энэ хугацаанд олсон орлого байхгүй болохоор зээлээ төлөх боломжгүй байсан. 19 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, 14 000 000 төгрөгийг төлөх боломжтой гэжээ.
3.Нэхэмжлэгчээс И. ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 4/, 2019 оны 06-р сарын 19-ний өдрийн №20190608 дугаар “Зээлийн гэрээ” /хх 6-7/, 2019 оны 06-р сарын 19-ний өдрийн №БГ/20190608 дугаар “Барьцааны гэрээ” /хх 8, 10/, 2019 оны 06-р сарын 19-ний өдрийн “Итгэмжлэл” /хх 9/, 2019 оны 06-р сарын 19-ний өдрийн 20190608 тоот зээлийн гэрээний хавсралт “Зээл төлөлтийн хуваарь” /хх 11/, Зээлийн дансны хуулга /хх 12-13/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 14/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 15/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04-р сарын 16-ны өдрийн 102/ШШ2021/01082 дугаар шийдвэр /хх 16/, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2021 оны 11-р сарын 09-ний өдрийн 26ибз//4447 тоот албан бичиг /хх 17/ зэрэг баримтуудыг гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч нь шаардах эрхээ дараах байдлаар тодорхойлсон.
У.Э.тай 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 20190608 тоот зээлийн гэрээг байгуулж, 12 000 000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлдэгч 2019 оны 07 сарын 20-ны өдөр 670 000 төгрөг, 2019 оны 09 сарын 07-ны өдөр 670 000 төгрөг, 2020 оны 03 сарын 05-ны өдөр 500 000 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11.231.738.28 төгрөг, зээлийн хүү 5.701.266.03 төгрөг, алданги 2.133.558.00 нийт 19.066.562 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас “...2020 оны 8-р сард 14 сая төгрөг болсон байна гэж хэлсэн, цар тахлын улмаас сургалт явуулж чадаагүй” үндэслэлээр 14 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бусад хэсгийг төлөхгүй гэж татгалзжээ.
4.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
“И..” ХХК нь У.Э.тай 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 20190608 тоот зээлийн гэрээ /хх 6-7/ байгуулж, 12 000 000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлэхээр тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 286-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 12 000 000 төгрөг, зээлийн хүү 7 200 000 төгрөг нийт 19 200 000 төгрөгийг төлөх үүрэгтэй, үүнээс 2019 оны 07 сарын 20-ны өдөр 670 000 төгрөг, 2019 оны 09 сарын 07-ны өдөр 670 000 төгрөг, 2020 оны 03 сарын 05-ны өдөр 500 000 төгрөг нийт 1 840 000 төгрөгийг төлсөн нь зээлдэгчийн дансны хуулга /хх 12-13/, зохигчийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.
Иймд зээлдэгчийн төлбөл зохих 17 360 000 төгрөг, гэрээний 2.3-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлөхөөр тохирсон тул 1 706 562 төгрөгийн алданги тооцож нэхэмжлэлийн шаардлага 19 066 562 төгрөгийн хэмжээнд хэргийг шийдвэрлэлээ.
Хариуцагч “14 000 000 төгрөгийг төлөх боломжтой” гэж тайлбарладаг боловч ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулаагүй, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах тухай хүсэлтийг зээлдүүлэгчид гаргаж байгаагүй, энэ нь зээлийг төлөх хэмжээг багасгах үндэслэл болохгүй гэж үзлээ.
Талууд зээлийн гэрээ байгуулахдаа 2019 оны 06-р сарын 19-ний өдөр БГ/20190608 тоот барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлийн Г-2201015223 дугаарт бүртгэгдсэн, М.Ц.ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 10-р гудамжны 5 тоот хаягт байрлалтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 675 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-22010226864 дугаарт бүртгэгдсэн, М.Ц.ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 10-р гудамжны 5 тоот хаягт байрлалтай 88 м.кв бүхий хувийн сууцыг тус тус барьцаалахаар/хх 8-11/ тохирчээ.
Итгэлт лизинг ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг нь улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 4/-гээр тогтоогдсон, Иргэний хуулийн 286-р зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар барьцаалан зээлдүүлэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй.
Харин зээлдэгчээс үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг шаардах эрхгүй бөгөөд зээлдэгчтэй үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээ байгуулсан нь энэ хуулийн шаардлагыг зөрчсөн, өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04-р сарын 16-ны өдрийн 102/ШШ2021/01082 дугаар шийдвэр /хх 16/, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2021 оны 11-р сарын 09-ний өдрийн 26ибз /4447 албан бичиг /хх 17/ зэрэг баримтууд нь хариуцагч У.Э.ыг эрэн сурвалжлах үйл баримттай холбоотой байна.
5.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 253 283 төгрөг төлсөн /хх 3/, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын орлогот үлдээж, хариуцагч У.Э.аас 253 83 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэг, 286-р зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг баримтлан У.ийн Э.аас 19 066 562 /арван есөн сая жаран зургаан мянга таван зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж “И.” ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 283 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч У.Э.аас 253 283 /хоёр зуун тавин гурван мянга хоёр зуун наян гурав/ төгрөг гаргуулж и ХХК-д олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА