Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/00645

 

2022 оны 02 сарын 24 өдөр                            Дугаар 102/ШШ2022/00645                          Улаанбаатар хот

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, Н... хотхон, ...-р байрны ... тоотод оршин суух,  “.” ХХК-д ерөнхий нягтлан бодогч ажилтай, регистр ..., Д. овогтой Б.ийн Т.,

            Хариуцагч: Баянгол дүүргийн ..-р хороо, ... дугаар хороолол, ..дүгээр байрны ... тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ., Т.овогтой М.гийн Х.,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т.,  

 Хариуцагч М.Х.,  

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б. нар оролцов.

                                                                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Т. нь М.Х..т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Миний бие М.Х...тай 2004 оноос хамт амьдарч, 2006 онд гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдарсан 16 жилийн хугацаанд 2005 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүү Х.М., 2011 оны 10 дугаар сарын 5-ны өдөр охин Х.Э.., 2015 оны 11 дүгээр сарын 18-нд охин Х.Э. нар төрж 3 хүүхдийн эх болсон. Нөхөр маань Их засаг их сургуульд оюутан байхдаа 2017 оноос гэр бүлээс гардуурх харилцаа үүсгэж ангийнхаа охинтой уулздаг болсон. Энэ байдал нь олон удаа давтагдсан, энэ бүгдийг тухай бүр нь мэдэж байсан ч үр хүүхдээ бодоод засрах байх гэж тэвчиж байсан. Сургуулиа төгсөөд хотын гаалийн газарт ажилд орж тэр хугацаанд 2-3 хүнтэй уулздаг байсан. 2019 оны 9 дүгээр сард амралтанд эмэгтэй хүнтэй хамт байхад нь үйлдэл дээр нь барьж авсан. Ийнхүү намайг бие болон сэтгэл санааны дарамиатанд байлгасан, түүнээс хойш хамт амьдрах боломжгүй болж Х. 2019 онд гэрээсээ явсан. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд би 3 хүүхэдтэйгээ тусдаа амьдарч байгаа. Цаашид хамт амьдрах боломжгүй тул М.Х..аас гэрлэлтээ цуцлууна. 3 хүүхдээ өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэжээ.

2.Хариуцагч хариу тайлбартаа: Би Их засаг их сургуульд байхад ямар нэгэн эмэгтэйтэй харилцаа холбоо байгаагүй ямар үндэслэлээр хардаж байгааг мэдэхгүй. Дэлгүүрээс хувцас үзээд ангийн хүүхдүүдтэй явж байсныг харчихаад хардсан. Би 2017 онд гаалийн байцаагч болсон, Алтанчимэг гэх эмэгтэйгээс миний утсанд мессеж ирсэн, гараажид машинаа тавьж байгаад эхнэртээ баригдаж сандрахдаа утсаа эвдэлсэн, тэр хүнтэй ойр дотно харилцаатай байгаагүй. Амралтын газар хамт олноороо, албан байгууллагаараа амарч байхад ах, дүү нартайгаа, хүүхдүүдээ дагуулан бөөнөөрөө ирж хэрүүл, зодоон болж байсан. Гэрлэлтээ цуцлуулна гэвэл энэ хүнийг хүчлэхгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй, хэрвээ салвал хүүхдүүдийн саналыг харгалзах байх, хүүхдүүдээ өнчрүүлмээргүй байна. Гэхдээ би салахгүй гэсэн байр суурьтай байгаа гэв.

 

3.Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн 25-р хорооны Засаг даргын 2021 оны 10-р сарын 26-ны өдрийн 1573 дугаар тодорхойлолт /хх 3-6/, Нийслэлийн Ерөнхий боловсролын 84-р сургуулийн 2021 оны 11-р сарын 30-ний өдрийн “Тодорхойлолт” /хх 7/, Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн 2021 оны 10-р сарын 27-ны өдрийн 06/288 дугаар “Тодорхойлолт” /хх 8/, Ерөнхий боловсролын Оюунлаг сургуулийн 2021 оны 10-р сарын 26-ны өдрийн 70 дугаар “Сурагчийн тодорхойлолт” /хх 9/, 2006 оны 07-р сарын 03-ны өдрийн №0037275-352 тоот гэрлэлтийн гэрчилгээ /хх 10/, 2005 оны 09-р сарын 30-ний өдрийн №0170563-1466 тоот хүүхдийн гэрчилгээ /хх 11/, 2011 оны 10-р сарын 10-ны өдрийн №0000758935 Г-2485 тоот хүүхдийн гэрчилгээ /хх 12/, 2015 оны 11-р сарын 26-ны өдрийн №1110007975 тоот хүүхдийн гэрчилгээ /хх 13/, Иргэний үнэмлэхний хуулбар /хх 14/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11-р сарын 22-ны өдрийн 631 дугаар “Эвлэрүүлэн зуучлах  ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл” /хх 15/ зэрэг баримтуудыг гаргажээ. 

                              

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Нөхөр М.Х... нь хэд хэдэн удаа өөр хүнтэй гэр бүлээс гадуур харилцаа тогтоож бие болон  сэтгэл санааны дарамтанд байлгасан, 2019 оноос тусдаа амьдарч байгаа, цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулах, хүүхүүдээ асрамжиндаа авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаарджээ.

3.Хариуцагч “...салахгүй гэсэн байр суурьтай, хүүхдүүдээ өнчрүүлмээргүй байна, сална гэвэл хүчлэхгүй” гэжээ. 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.         

Б.Т.., М.Х.. 2006 гэрлэж, хамт амьдрах хугацаандаа 2005 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүү Х.М..., 2011 оны 10 дугаар сарын 5-ны өдөр охин Х.Э.., 2015 оны 11 дүгээр сарын 18-нд охин Х.Г... нарыг төрүүлж /хх 10-13/  өсгөжээ.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.

Гэрлэгч нь хамт амьдрах хугацаанд нөхөр М.Х... нь гэр бүлээс гадуур өөр хүнтэй харилцаа тогтоож бие биедээ үнэнч байх, халамжлах, хүндэтгэх үүргээ биелүүлээгүйгээс хоорондоо таарамжгүй, хэрүүл маргаантай болсон, улмаар 2019 оноос тусдаа амьдарч байгаа, гэрлэгч тусдаа амьдарсан хугацаанд насанд хүрээгүй хүүхдүүд эхийн асрамжинд байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна. 

Хэдийгээр хариуцагч нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлгүй гэх боловч тусдаа амьдарсан хугацаанд эвлэрэх арга хэмжээ аваагүй, эцэг нь хүүхдүүдэйгээ уулзах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй, хүүхдүүдийн хүмүүжил төлөвшил, сурч боловсрох, эрүүл мэндийн байдалд нь анхаарал халамж тавиагүй байх ба Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажиллагааг дуусгавар болгожээ.

Иймд талуудын гэрлэлтийг цуцалж, хүү Х.М., охин Х.Э. нарын “ээжтэйгээ амьдарна” гэсэн саналыг үндэслэн, бага насны охин Х.Г. нарыг эхийн эхийн асрамжинд үлдээх нь тэдний эрх ашигт нийцнэ. Хүүхдүүдэд заасан журмаар тэтгэлэг гаргуулж шийдвэрлэлээ.  

 Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.3-т заасан хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй, хүүхдийн эрхийг зөрчихгүй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй.

    

5. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 206 710 төгрөг төлжээ. Гэрлэлт цуцлах маргаантай хэргийг хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоох тухай нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар 70 200 төгрөгийн хураамж төлөхөөр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Харин Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 136 510 төгрөгийг гаргуулж Б.Т..т олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт   заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан М.гийн Х., Б.ийн Т. нарын гэрлэлтийг цуцалж, 2005 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Х.М., 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Х.Э., 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Х.Г. нарыг эх Б.Т.ын асрамжинд үлдээсүгэй. 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Х.Э., Х.Г. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүү Х.М., охин Х.Э., Х.Г. нарыг 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг М.Х.аар тэжээн тэтгүүлсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч М.Х.аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс 136 510 /нэг зуун гучин зургаан мянга таван зуун арав/ төгрөг гаргуулж Б.Т.т олгосугай.

 

5.Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА