Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/130

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч: ********************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ****************овогтой ******************* холбогдох эрүүгийн 2427001440158 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ****************** суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *****************, ам бүл 4, аав ээж, дүүгийн хамт ******************** оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ********************овогтой***************************

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч *********************нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ****************************нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайд ****************** дунд сургуульд байхдаа таарамжгүй харилцаатай байсан гэх шалтгаанаар муудалцаж ********************** толгойд чулуугаар цохиж духанд нь шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

Шүүгдэгч ******************************** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

Эхлээд өдөр нь хохирогчтой таараад ангийнхантайгаа явж байхдаа мэндлээд өнгөрсөн. Орой бөөнөөрөө тааръя гээд салсан. Би орой нь наадмын талбай дээр үеэл ахтайгаа байж байгаад салаад цаашаа явж байхдаа *************** дахин таарсан. Тэгэхэд *************** найзуудтайгаа хамт байсан. Намайг явах гэж байхад яв гээд элдвээр харааж, доромжлоод байсан. Тэгснээ миний баруун гараас чирч явахаар нь яах гээд байгаа юм бэ. Зүгээр бай гэхэд миний фудволк, ногоон өнгийн бомберыг урсан. Миний гар луу дахин дахин нудраад байхаар нь жижигхэн чулуу шүүрч аваад цохисон. Тэгээд толгойгоо бариад авангуут нь хэсэг хараад байж байтал **************** ирээд хүүхдийн толгой цохичихлоо, одоо чамайг зодно гэж хэлсэн. Нөгөө 2 нь араас бас ирсэн. Наадмын талбайгаас гараад байж байхад үеэл ах болиоч гэж хэлчхээд цаашаа явсан. Цагдаа дуудах гэж байсан юм шиг байна лээ. Тэд нар намайг 2-3 удаа цохисон. Газар хэвтэж байхад араас нэг нь өшиглөхөд богино сүүлэндээ гэмтэл авсан. Тэгээд газар хэвтэж байхад цагдаа нар ирээд тэд нарыг тараагаад намайг яасан бэ гэхэд байнга намайг дээрэлхдэг байсан гээд бараг ярьж чадахгүй уйлаад байсан. Тэгэхэд үеэл ах цагдаа нартай хамт байсан. Намайг одоо зүгээр үү гэхэд зүгээр гэж хэлээд тоглолт дуустал цагдаа нартай хамт байж байгаад явсан гэв.

 

Хохирогч ********************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

 “...2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн орой ***************** сумын наадмын талбайд наадмын шоу тоглолтыг найз *********************нарын хамт үзээд байж байтал арван жилийн нэг ангийн ********************гэх залуу нэлээд согтуу ирээд мэнд мэдчихээд хэрүүл гуйгаад, хэл амаар доромжлоод байхаар нь би “чи болилдоо цааш яв” гэж хэлэхэд цааш явснаа эргэж ирээд дахин хэрүүл гуйгаад, доромжлоод байхаар нь наадмын талбайгаас гарч уулзан тайвшруулах гээд дагуулаад явж байтал гэнэт миний толгой руу чулуугаар цохиод улмаар миний толгойн зүүн дух хэсэгт шарх үүсгэж ****************сумын эмнэлэг орж оёдол тавиулаад цагдаад мэдэгдсэн. Би арван жилдээ нэлээд дүрсгүй хүүхэд байсан бөгөөд *******************хэд хэдэн удаа маргалдаж байсан. Одоо тэгтэл *************** тэрэнд өс санаад явдаг юм шиг байна лээ. 2023 оны зун арван жилийн ангийнхантайгаа уулзаад ууж идэцгээж байх үед ******************** согтоод над руу дайрч хэл амаар доромжлоод “чи арван жилд намайг их дээрэлхдэг байсан, одоо чамайг ална” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

Гэрч ***************************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр буюу **************** сумын баяр наадмын орой болсон шоу тоглолтыг би найз ***************** болон *******************суманд нийлж нөхөрлөдөг найзуудтайгаа үзээд байж байтал арван жилд манай нөгөө ангид сурч төгссөн ********************* гэдэг залуу нэлээд согтуу ганцаараа ирж мэндэлчхээд бид хэд рүү харснаа “би наад ******************** чинь алчих уу” гэсэн. Тэгтэл *************** “чи юу яриад байгаа юм бэ? яасан юм, хоёулаа гараад уулзъя” гээд ********************* дагуулаад наадмын талбайн баруун урд хаалга руу яваад өгсөн. Тэгэхээр нь ************* бид хоёр “наад хоёр чинь аягүй бол хоорондоо зодоон хийнэ” гээд араас нь яваад очтол ***************толгойгоо бариад тонгойчихсон байсан. Харин ******************************** бид хоёрыг очих үед гартаа атгаж байсан чулуугаа газарт шидсэн. Тэгээд ******************************г аваад цааш явсан. Би ******************толгойноос гарч байсан цусыг арчиж өгөөд хамт сумын эмнэлэг орж үзүүлж оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Гэрч ************************* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“... 2024 оны 07 дугаар сарын 26-ны орой *******************бид гурвыг********************сумын баяр наадмын шоу тоглолт үзэж байх үед сумын зүс таних *******************гэх залуу ирээд **************** хэрүүл гуйгаад “чи намайг дээрэлхдэг байсан, одоо би чамайг ална” гээд тэрүүгээр яваад байсан. Тэгтэл ************** тэр ************* гэх залууг “хоёул хүмүүсээс холдож ярилцъя” гэж хэлээд дагуулаад явсан. Би тэрүүгээр найзуудтайгаа юм ярьж байгаад нэг эргээд хартал *************** толгойгоо дараа доош суух шиг болсон. Наанаас нь яваад очтол********************толгойноос цус гарчихсан хажууд нь ***********************гэх залуу зогсож байсан. Тэгэхлээр нь би тэр ********************** гэх залууг цааш нь дагуулж яваад барьж зогсож байгаад цагдаад хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газар Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн №567 тоот:

“...1. ************************** биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

З. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 24-27 дугаар хуудас/,

 

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг танилцуулсан маягт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч***************** нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр *******************************багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайд *****************дунд сургуульд байхдаа таарамжгүй харилцаатай байсан гэх шалтгаанаар муудалцаж ****************толгойд чулуугаар цохиж духанд нь шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч********************үйлдсэн болох нь

Хохирогч ***************** мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч ************************** нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18, 20 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний Ерөнхий газар Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн №567 тоот:  “...1. ***************** биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. З. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 24-27 дугаар хуудас/, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг танилцуулсан маягт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******************************нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч ******************эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол  зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

            Иймд шүүгдэгч **************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           

            Хохирол, хор уршгийн талаар.    

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

Хэргийн хохирогч ************************биед учирсан эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ дагуу хохирогч ********************** нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, харин сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр нөхөн төлүүлэхээр нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т  “...энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ..” гэж заажээ.

Хууль зүй дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийн Хоёрдугаар зэрэглэл хэмээн журамласан.

Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан ба аргачлалын 3.6-д ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ, ингэхдээ нөхөн төлбөрийн хэмжээг тус гэмт хэргийн хувьд буюу сэтгэцийн эмгэгийн хоёрдугаар  зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл байхаар заасан.

Дээрх журам, аргачлалыг үндэслэн хохирогч ***********************сэтгэцэд учирсан хор уршиг нь Хоёрдугаар зэрэглэл тогтоосныг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Хархорин сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Хужирт сумын цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч З.Өвгөнхүү танилцуулахад хохирогч хүлээн зөвшөөрч маргаагүй тухай тэмдэглэл хэрэгт авагдсан байна.

Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хор арилгах нөхөн төлөх төлбөрийг холбогдох хууль, журам, аргачлалын дагуу тооцон, тухайн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3 300 000 төгрөгөөр тогтоож, **************** гаргуулж хохирогч ******************************олгох нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх, шүүгдэгч ********************** гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *************** зорчих эрхийг хязгаарласан 01 сарын хугацаанд ******************* нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, хяналт тавьж буй шийдвэр гүйцэтгэх байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих, оршин суух газраа өөрчлөх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар **********************нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч ********************************** сургуульд сурдаг, тус дүүрэгтээ ахындаа оршин суудаг тул зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээ хязгаарыг ****************** дүүргийн хэмжээнд гэж тогтоож өгнө үү гэх” дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь тухайн үйл баримтад маргаагүй ****************** дүүрэг амьдарч, суралцаж байгаа гэж тайлбарласан тул шүүхээс түүнийг сурч боловсрох эрхийг нь хангах үүднээс зорчих эрхийг хязгаарлан ялын хүрээг ******************** гэж тогтоосон болно. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч******************* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогтой**********************хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ************************01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******************зорчих эрхийг хязгаарласан 01 сарын хугацаанд Улаанбаатар хотын ******************** дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, хяналт тавьж буй шийдвэр гүйцэтгэх байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих, оршин суух газраа өөрчлөх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ***************** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч ************* сэтгэцэд учирсан хор уршигт 3 300 000  төгрөгийг гаргуулж хохирогч ********************** олгосугай.

 

6. Шүүгдэгч **************** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******************* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.САРАНТУЯА