Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ202200705

 

2022 оны 03 сарын 02 өдөр                            Дугаар 102/ШШ2022/00705                         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байр, ... тоотод оршин суух, регистр ., Д. овогтой Л.ын Б.,

Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байр, ... тоотод оршин суух, өмгөөлөгч, регистр  ..., Б.. овогтой Б.ийн Н.,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн эцэг тогтоолгож, иргэний улсын бүртгэлд бүртгэхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Н.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б.нар оролцов.

Нэхэмжлэгч нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Л.Б. нь Б.Н.т холбогдуулан хүүхдийн эцгээр тогтоолгож, иргэний улсын бүртгэлд бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Б.Н. бид хоёр 2004 онд анх танилцаж, түүнээс хойш залуу хүүхдүүдийн хувьд үерхэж нөхөрлөж явсаар хоёр биедээ хайр сэтгэлтэй болсон. Бид 10 жилийн сургуулиа төгссөний дараанаас хоёр биенийхээ гэрээр орж гардаг болж, улмаар бидний дундаас 2007 оны 10-р сарын 27-ны өдөр охин Б.Б. төрсөн. Тухайн үед бид гэр бүл төлөвлөлт, цаашид хамтран амьдрах эсэх нь тодорхойгүй, мөн залуу хосууд байсан тул гэрлэлтээ баталгаажуулж амжаагүй, охиноо эхээр нь буюу Л.Б. надаар овоглож төрсний гэрчилгээ авсан.Бид дээрх хугацаанаас хойш гэр бүл болон үргэлжлүүлэн амьдарсаар өнөөдрийг хүрсэн болно. Мөн бидний дундаас 2013 онд Н.С., 2016 онд Н.Д. нар төрсөн бөгөөд одоо Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хорооллын 45-р байрны 32 тоот хаягт нөхөр хүүхдүүдийн хамт ам бүл 5-уулаа амьдарч байна. Иймд Б.Н.ыг 2007 оны 10-р сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Б.ийн эцэг мөн болохыг тогтоож, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа иргэний бүртгэлийн газарт шинээр орсон өөрчлөлтийг бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ. 

2.Хариуцагч Б.Н. тайлбартаа: Бид хоёр 10 жилдээ үерхдэг залуу хосууд байж байгаад 2007 онд охин Б.Б. төрсөн. Тухайн үед бид гэр бүлийн төлөвлөлтийн талаар мэдлэггүй байсан. Би Улаанбаатар хотод, Л.Б. Орхон аймгийн Баян-Өндөр суманд МУИС-ийн салбар сургуульд сурдаг, хоёулаа оюутан байсан учраас Улсын бүртгэлийн тухай хуулиар гэрлэлт баталгаажуулаагүй байгаа тохиолдолд эхээр овоглоно гэсэн тул охин Биндэръяаг ээж Билгээгээр нь овоглож төрсний гэрчилгээ авсан. Сүүлд нэмэлт журам гарч хоёул хүсэлт өгвөл гэрлэлт баталгаажуулаагүй байсан ч тухайн хүүхдийг эцгээр нь овоглож бүртгэдэг болсон. Бид сургуулиа төгсөөд хамтран амьдарч эхлээд Н.С., Н.Д. нар төрсөн бөгөөд тэднийг өөрөөрөө овоглосон. Бидний охин н.Б. нь ахлах ангид орж сургуулийн бүртгэл дээр эхээрээ овоглоод байгаа бөгөөд яагаад ааваараа овоглоогүй юм бэ гэж асуудаг. Улсын бүртгэлийн тухай хуулиар хүүхдийн овог солих гэх зүйл дээр эцэг, эх болон өөрийнхөө нэрийг нэг удаа солих хүсэлтийг насанд хүрсэн  иргэн өөрөө гаргадаг. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.  

3.Нэхэмжлэгчээс: 2022 оны 01-р сарын 10-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 4/, 2022 оны 01-р сарын 10-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 5/ зэрэг баримтыг гаргажээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Нэхэмжлэлээс хүүхдийн эцэг тогтоолгох шаардлагыг хангаж, иргэний улсын бүртгэлд бүртгэхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Б.Н., Л.Б. нар нь 2004 онд танилцаж, үерхэж байхдаа 2007 оны 10-р сарын 28-нд охин Б.Б.г төрүүлж өсгөжээ.

Охин Б... төрснөөр түүнийг эхийн нэрээр овоглож Б.ийн Б.г төрсний 1503 дугаарт бүртгэсэн /хх 5/ байх ба захиргааны журмаар түүний эцгийг тогтоогоогүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон. Б.Н. нь хүүхдийн эцгийн хувьд маргаагүй байна. Иймд түүнийг хүүхдийн эцгээр тогтоох нь зүйтэй.

Харин хүүхдийн эцэг, эх нь гэр бүл болох зорилгоор хамт амьдарч байгаад 2017 оны 8-р сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн/хх 4/, улмаар 2 хүүхэд төрүүлж өсгөсөн байна.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар “Хүүхдээ төрсний бүртгэлд бүртгүүлснээс хойш гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх бол дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ” гэсэн хуулийн заалтын дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар охин Б.г эцгийн овог, нэрээр бүртгүүлэх байжээ.

Гагцхүү шүүхийн журмаар хүүхдийн эцэг тогтоолгож байгаа тул энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.Хүүхдийн эцэг болохыг шүүхээс тогтоосон бол эцэг /эх/ нь холбогдох баримт бичгийг бүрдүүлж, бүртгүүлэх үүрэгтэй, улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 10.3-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эцэг /эх/ тогтоосны бүртгэлийг хөтлөхөөр хуулиар зохицуулжээ.

Иймд шүүх хүүхдийн эцгийг иргэний улсын бүртгэлд  бүртгэхийг даалгах үндэслэлгүй.

3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн байх ба эцэг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2007 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б.ийн Б.ийн эцэг Б.ий.н Н. болохыг тогтоосугай.

 

2.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний улсын бүртгэлд бүртгэхийг даалгах тухай Л.Б..ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.    

4.Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Р.АЛТАНТУЯА