| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0158/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/166 |
| Огноо | 2024-11-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/166
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Мөнхдөл,
Шүүгдэгч М.А,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овгийн М-ийн А-д холбогдох 2428002320210 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.А нь 2024 оны 08 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн үед Өмнөговь аймгийн Номгон сумын 5 дугаар баг, ... тоот хашаанд иргэн Ц.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж эрх чөлөөнд нь халдаж, биед тархи доргилт, зүүн хацар, хүзүү, баруун шуу, тохойнд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн бугалганд зулгаралт, нүүр, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.А-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Номгон сумын ой болсны дараа тус суманд болсон хэрэг. Ангийнхантайгаа хамт нийлж яваад айл андуураад орсон байсан. Согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан учраас өөрөө сайн санахгүй байгаа. О эгчтэй маргалдсан байсан. Цагдаагийн газар очоод сэрсэн. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний нүүрэн хэсэгт жижиг 0,5 грамм цэвэр ус шидэж миний дух нүд хөхөрсөн, мөн толгой өвдөж зовуурьтай байгаа... Би 2024 оны 08 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед манай төрсөн эгч болох Н нь манай нөхрийн гар утас руу залгаад танай хашаанд байгаа “фургон машинд чинь 2 согтуу хүн орчихлоо гэж хэлсэн, тэгээд манай нөхөр гарсан. Тэгэхээр нь би араас нь дагаад гараад очсон чинь манай нөхөр машины хаалга налаад зогсож байсан. Машин дотор нэг хүн сууж байсан, тэр залуу машинаас буугаад ирсэн. Тэгэхээр нь би та нар одоо хүний машинд юу хийж байгаа юм бэ гэсэн чинь танай сумын И гэдэг хүн энэ машинд суулгасан гэж хэлсэн. Тэгэхээр нь би та нарыг яахаараа И харанхуй шөнө хүний машинд суулгадаг юм бэ гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу манай нөхөр бид 3 машины урдуур тойроод гарсан чинь манай жижиг машины хажууд А нь манай Фургон машинд байсан боорцог ус зэргийг аваад идэж уусан, манай жижиг машин дээр идэж байгаа боорцгоо тавьсан зогсож байсан. Би очоод манай машинд байсан боорцог усыг яахаараа авч ууж иддэг юм бэ гэж хэлсэн чинь А нь энэ машин чинь Игийн машин гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр та нар одоо харьж амар гэж хэлсэн. Тэгсэн чинь А манай нөхрийг чи яахаараа хүүхэд мориноос уначихаад байхад очиж авдаггүй юм бэ гээд дайраад байсан. Манай нөхөр та нар харьж амар гээд байсан. Тэгсэн А нь чи муу хээлтэй авгай, гичий минь банзал янхан гэх зэргээр харааж зүхсэн, тухайн үед А-тэй хамт явсан нэг залуу надаас уучлал гуйгаад намайг түлхээд байсан. Тэгэхээр нь би манай хашаанд ирчхээд юу гээд байгаа юм бэ гэсэн чинь энэ бол нийтийн эзэмшлийн талбай за чиний юм гэж юу байдаг юм гээд ууж байсан савтай цэвэр усаа над руу шидсэн, шидсэн савтай ус нь миний зүүн хөмсөгний дээд талд оносон. Тэгээд А нь хашаанаас гарсан. Эргэж орж ирээд гичий янхан, банзал хээлтэй авгай гэж хараагаад миний нүүр рүү хайраг цацаад хүрч ирээд миний ард дагз руу нэг удаа цохисон. Тэгсэн манай нөхөр салгаад хашаанаас түлхээд гаргасан, би дагаад гарсан. Тэгсэн А нь дээгүүр өмссөн байсан цамцаа тайлж шалдалчхаад даварсан гичий янхан, хээлтэй авгай гээд над руу дайрсан. Тэгэхэд манай нөхөр, А-тэй хамт явсан залуу 2 хорьж түлхээд байхад дахиж нэг удаа миний дагз руу цохисон. Тэгэхээр нь би нөгөө залууг А намайг цохисныг харсан биз дээ чи гэсэн тэгсэн харсан уучлаарай гээд 2 гараас барьж атгаад байсан, би гэрийнхээ үүдэнд очоод толгойгоо бариад зогсож байсан чинь манай эгч гарч ирсэн, эгчээс цагдаагийн дугаар авч цагдаа дуудсан. Цагдаа ирээд А-г аваад явсан... Тухайн үед цохиулсны улмаас толгой өвдөх, тархи хөдөлсөн, зүүн дух хавдсан, толгой эргэх, эрүү зуурч өвдөх зэрэг шинж тэмдэг таваас зургаан хоног илэрч байсан, тэгээд бариачид бариулаад 3 хоног болж байхад гайгүй болсон. Нийтдээ 8 удаа бариа хийлгэсэн. Эмчилгээний зардал болох Очирваань эмнэлэг, аймгийн БОЭТ-д үзүүлсэн зардал 467,000 төгрөг, Номгон сумаас аймагт ирж үзүүлсэн, сум руугаа буцсан бензиний зардал болох 206,000 төгрөг, эм тариа авсан 73,000 төгрөг, ажлаасаа нэг өдрийн чөлөө авсан, нэг өдрийн цалин болох 57,000 төгрөг зэрэг өөрөөс гарсан хохирлоо нэхэмжилж байна, өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 12, 19-25 дахь тал)
Гэрч Ц.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 08 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн үед би А-тэй хамт архи уусан үедээ айлын хашаа андуурч орсон. Тэгээд Фургон машинд сууж байсан чинь нэг хүн гарч ирээд та нар юун хүмүүс вэ гэж хэлсэн. Тэгээд А нэг эгчтэй маргалдсан, тэгэхээр нь би эгчээ уучлаарай гээд хоёр гараас нь атгаад уучлалт гуйгаад байж байсан чинь А ууж байсан савтай усаа шидсэн, тэгсэн чинь нөгөө эгчийн нүүрэн дээр цохисон. Тэгээд нөгөө эгч А-тэй маргалдаж байсан чинь цагдаа ирсэн, тэгээд цагдаа А бид хоёрыг аваад явсан.” (хавтаст хэргийн 28-29 дэх тал)
Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 08 дугаар сарын 11-ний орой манай эхнэрийн төрсөн эгч залгаад танай гадаа байгаа Фургон автомашинд 2 согтуу хүн орчихлоо гэсэн. Тэгэхээр нь би эхнэрт хэлчихээд гарсан. Тэгээд гараад очсон чинь машинд нэг танихгүй хүн сууж байсан, машины гадаа манай сумын А гэдэг бөх барилддаг залуу зогсож байсан. Тэгэхээр нь би арслан юу хийж яваа юм бэ гэсэн чинь манай эхнэр араас гараад ирсэн. Тэгээд та нар яагаад хүний машинд ордог юм, машинд байгаа юм дураараа авч иддэг юм гэсэн чинь А манай эхнэр рүү дайрч янхан, банзал, хээлтэй авгай гэх зэргээр хэлж дайрсан, идэж байсан боорцог усаа манай эхнэр рүү шидсэн. Тухайн үед А-тэй хамт явсан залуу манай эхнэрийн 2 гараас барьсан уучлалт гуйгаад байсан. Тэгээд би А-г хорьж байсан, тэгээд хашаанаас гаргасан. Тэгсэн эргэж орж ирээд манай эхнэрийн толгой руу цохисон, би хориглоод дийлдэхгүй байсан. Тэгээд нэг юм арай хийж хашаанаас гаргасан, тэгсэн эхнэр араас гараад ирсэн. Тэгсэн А нь дахиж хээлтэй авгай янхан банзал гэх зэргээр харааж надад дийлдэхгүй очоод манай эхнэрийн толгой руу дахиж цохисон. Манай эхнэр цохиулаад толгойгоо бариад хашаа руу орсон. Тэгээд төд удалгүй цагдаа ирж А нөгөө залуу хоёрыг аваад явсан. Манай эхнэрийн толгой руу усны сав шидсэн, зүүн гараараа хоёр удаа толгой руу нь цохисон.” (хавтаст хэргийн 32-33 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 433 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ц.О-гийн биед тархи доргилт, зүүн хацар, хүзүү, баруун шуу, тохойнд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн бугалганд зулгаралт, нүүр, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Ц.О-гийн биед үүссэн гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” (хавтаст хэргийн 38-39 дэх тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.А-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг, шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж байна, чагтан холбоосны урагдал гэх хагалгааны заалттай бөгөөд уг гэмтлийн улмаас бэлтгэл сургуулилтаа цалгардуулаад сахилга батаа алдаж, хайхрамжгүй байдлаасаа болоод ийм хэрэг үйлдсэн байна гэх тайлбарыг гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч М.А нь 2024 оны 08 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн үед Өмнөговь аймгийн Номгон сумын 5 дугаар баг, ... тоот хашаанд иргэн Ц.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж эрх чөлөөнд нь халдаж, биед тархи доргилт, зүүн хацар, хүзүү, баруун шуу, тохойнд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн бугалганд зулгаралт, нүүр, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-гийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 12, 19-25 дахь тал), гэрч Ц.П-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал), гэрч Б.Э-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 433 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал), шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.А-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О-гийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хацар, хүзүү, баруун шуу, тохойнд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн бугалганд зулгаралт, нүүр, хүзүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 433 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал)-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч М.Агийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.
Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч М.Агийн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч М.А нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О-гийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хацар, хүзүү, баруун шуу, тохойнд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн бугалганд зулгаралт, нүүр, хүзүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Миний бие 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хохирол төлбөр болох 803,000 төгрөгийг М.А-гээс бэлнээр авсан болно. Одоогоор М.А-гээс нэхэмжлэх зүйл байхгүй тул гомдол саналгүй болно” (хавтаст хэргийн 87 дахь тал) гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялын зорчих бүсийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээр тогтоох тухай дүгнэлтийг, шүүгдэгч нь хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 803,000 төгрөгийн хохирол, төлбөрийг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүхээс шүүгдэгч М.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хоёр удаа үйлдэж байсан хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-г 350 (гурван зуун тавь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялын зорчих бүсийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээр тогтоох тухай улсын яллагчийн дүгнэлтийг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.А урьд нь хоёр удаа хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэж торгох ялаар тус тус шийтгүүлж байсан ба энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр дахин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн байх тул шүүх торгох ялыг сонгож хэрэглэх үндэслэлгүй гэж үзлээ.
Мөн шүүгдэгчид 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялын зорчих бүсийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээр тогтоох нь уг ялын үр нөлөө, ач холбогдлыг алдагдуулахаас гадна гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж үзэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О-д 803,000 (найман зуун гурван мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.А нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л овгийн М-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-г 350 (гурван зуун тавь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О-д 803,000 (найман зуун гурван мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ