Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 137

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч Г.Энхмаа,

Хохирогч М.Билгүүн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Норжинлхамын Мөнхжинд холбогдох эрүүгийн 201719000217 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Metro light”, америк барааны дэлгүүрт борлуулагч ажилтай, ам бүл 4, ээж, эгч дүү нарын хамт Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 41-102 оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Олхон овгийн Норжинлхламын Мөнхжин РД /УП:96062331/

 

            Холбогдсон хэргийн талаар: /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч Н.Мөнхжин 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар багийн нутаг Цавхангай хороолол гэх газарт согтуурсан үедээ “Энхтүвшинг газар унагаалаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн М.Билгүүний уруул тус газар нь гараараа цохиж түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Мөнхжин шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр намайг хотод байж байтал хуурай дүү Энхтүвшин Төв аймгийн Баянхангай сумруу явчхаад төрсөн өдөр тэмдэглээд ирье гэхээр нь Энхтүвшин, Төгөлдөр, Халиунаа нарын таван хүний хамтаар Баянхангай суманд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны шөнийн 02 цагийн үед ирсэн. Ирээд архи пиво уугаад Золзаяагийн гэрт ортол хуурай дүү Энхтүвшин хотоос ирсэн Билгүүнээ гэх хүн рүү дайраад байхаар нь би тэр хоёрыг салгасан. Энхтүвшин гараад явсан. Би араас нь гартал Энхтүвшин Төгөлдөр хоёр заамдалцаад зогсож байсан. Би тэр хоёрыг салгаад зогсож байтал Билгүүн Энхтүвшингийн араас гүйж ирж унагаагаад сэгсрээд байхаар нь би эвээр салгачхаж болдог юм гээд Билгүүний уруул руу нэг удаа цохисон. Билгүүн ухаан алдаад газар унасан ба түүний уруул сэтэрсэн байсан. Тэгээд Билгүүнийг аваад Улаанбаатар хотруу явж Гэмтлийн эмнэлэг дээр ирээд оёо хийлгэсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. 

 

Хохирогч М.Билгүүн шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтэнд: 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Энхтүвшин, Алдараа нартай таарч Төв аймгийн Баянхангай сумруу Алдараагийн төрсөн өдөр тэмдэглэх гээд явсан. Бид хэд нилээн олуулаа Энхтүвшин, Мөнхжин, Төгөлдөр, Амгаа, Баагий гээд бид хэд Баянхангайд явж очсон. Бид шөнийн 04 цагийн орчимд очоод Золоогийнд орсон. Тэднийд ороод хоол унд идээд архи пиво уусан.  Гэтэл Энхтүвшинг унтаж байхад нь Алдараа алгадаж сэрээгээд босооч гэхээр нь Энхтүвшин босож ирээд тэнд байсан хүмүүсрүү орилж чарлаад надруу бас орилоод байсан. Дараа нь Энхтүвшин Төгөлдөр хоёр гэрээс гарч ирээд зодолдсон. Би тэр хоёрыг салгах гээд Энхтүвшингийн хувцаснаас нь барьж байгаад газар унагасан. Би сэргээчээ гээд сэгсэрч байтал хажуунаас Мөнхжин орж ирээд намайг цохисон. Би ухаан алдаж газар унасан. Тэмүүжин Алдараа хоёр намайг сэрээхэд миний уруул язраад хувцас хунар цус болчихсон байсан. Миний уруул сэтэрсэн байсан тул хот орж Гэмтлийн эмнэлэг ороод Мөнхжинд би косметик оёо тавиулмаар байна гэхэд надад мөнгө байхгүй. Би явдаг газраар нь яв. Надад 30 000 төгрөг л байна. Тэрийг авбал ав гэсэн. Би одоо Мөнхжинтэй сайн дураар эвлэрсэн. Санал гомдол нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэв.

 

Гэрч С.Лувсанжавын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 03-нд Энхтүвшингийн найз охин Золзаяагийнд очсон. Бид нар очоод 0,75 литрийн архи 3 шилийг, 2,5 литрийн Боргио пиво 3 савыг уугаад байж байтал Энхтүвшин Төгөлдөрлүү дайраад тэр хоёр гэрээс гарсан. Билгүүн тэр хоёрыг салгана  гээд Энхтүвшинг татаж унагаасан. Гэтэл Мөнхжин ах Билгүүнийг Энхтүвшинг газар унагаалаа гээд цохисон. Билгүүний уруул язарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/

 

Гэрч Э.Золзаяагийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 03-ны 03 цагийн орчимд Энхтүвшин өөртэйгээ нийлээд 12 хүний хамтаар ирсэн. Ирээд манайд хононо гээд 0,75 литрийн архи 3 шилийг, 2,5 литрийн Боргио пиво 2 савыг уугаад манай найз залуу Энхтүвшин их согтоод унтаад өгсөн. Сэрж босож ирээд нэг найзтайгаа муудалцаж байгаад гараад явсан. Тэгээд байж байтал тэнд байсан хүмүүсийн нэг Билгүүн гэх залууг Мөнхжин цохиод уруулыг нь сэтэлчихсэн. Тэгээд хот явж уруулд нь оёдол тавиулсан. Би Мөнхжинг Билгүүнийг цохиж байхыг нь хараагүй  гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/

 

Гэрч Н.Энхтүвшингийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Бид найз Мөнх-Алдарын төрсөн өдрийг тэмдэглэх гээд Төв аймгийн Баянхангай сумруу 2017 оны 04 дүгээр сарын 03-ны үүрээр явж очсон. Энхтүвшингийн найз охин Золзаяагийнд очиж 0,75 литрийн архи 3 шилийг, 2,5 литрийн Боргио пиво 2 савыг уугаад би согтоод унасан. Тэрнээс хойш би юу болсоныг санахгүй байна. Нэг сэрэхэд хотод гэрийнхээ гадаа ирчихсэн байсан. Маргааш нь юу болсон талаар Лувсанжаваас асуухад чи их агсам тавиад Төгөлдөртэй муудалцаж байхад чинь Билгүүнээ чамайг татаж унагаасан. Билгүүнээ Мөнхжин ахын урдаас орилоод байхаар нь Мөнхжин ах Билгүүнээг цохисон юм гэж хэлж байсан гэх мэдүүлэг  /хх-ийн 13 хуудас/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 04 дүгээр сарын №4705 тоот:

-М.Билгүүний биед тархи доргилт, уруулын няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

-Шүүх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 17 хуудас/

 

Н.Мөнхжингийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 хуудас/

зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.Мөнхжин 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар багийн нутаг Цавхангай хороолол гэх газарт согтуурсан үедээ “Энхтүвшинг газар унагаалаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн М.Билгүүний уруул тус газар нь гараараа цохиж түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдсэн болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Н.Мөнхжин, хохирогч М.Билгүүний хэрэг бүртгэлтэнд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Аймгийн Прокурорын газраас Н.Мөнхжинд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирогч М.Билгүүн нь шүүгдэгч Н.Мөнхжингөөс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна.

 

Шүүгдэгч Н.Мөнхжин нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Мөнхжингийн холбогдсон Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар “хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн”, “учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан”, “хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн” гэх үндэслэлүүдээр шүүгдэгч Н.Мөнхжинд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй байна.

 

            Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Н.Мөнхжин нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

           

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Олхон овгийн Норжинлхамын Мөнхжинг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Н.Мөнхжинд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэхь хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

          3. Энэ хэрэгт бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.Мөнхжин нь урд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Мөнхжинд авсан бусдын батлан даалтанд өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Н.Мөнхжинд авсан бусдын батлан даалтанд өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээ авах болохыг мэдэгдсүгэй

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.МӨНХТУЯА