Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Алтангэрэлд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

            Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолтой Б.Алтангэрэл нарт холбогдох эрүүгийн 1937000140051 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, прокурор Ш.Сувд-Эрдэнэ нар оролцов. 

            Монгол улсын иргэн, 1963 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Эмчийнхэн овогт Булдаагийн Алтангэрэл нь Засгийн газрын 2006 оны 137 дугаар тушаалын хавсралтаар баталсан “ Аж ахуйн нэгж байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ын 3.5-д заасан “Мэргэжлийн байгууллагын эрх олгох шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн сайд гаргана” гэсэн заалтыг зөрчин эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль тогтоомжоор албан тушаалын байдалтай холбогдуулан олгосон өөрийн эрх мэдэл, чиг үүрэгт үл хамаарах асуудлаар буюу “Танай нөхөрлөл Майхан уулын орчин дахь эвдэрсэн талбайн нөхөн сэргээлтийн ажлаа 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэж сумын Засаг даргад хүлээлгэн өгөхийг мэдэгдье” гэж 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 3/96 дугаартай албан бичигт сумын Тамгын газрын дарга Д.Баатарсүрэнгээр гарын үсэг зуруулж албаны тамгаар баталгаажуулан өөрийн төрсөн дүү нар болох Булдаагийн Амаржаргал, Булдаагийн Амарсайхан нарын байгаль орчны асуудал эрхэлсэн сайдаас газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх эрх олгогдоогүй буюу эрхгүй “Алтай хишиг говь” нөхөрлөлд олгон, тус нөхөрлөлд хууль бусаар газрын хэвлийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх давуу байдлыг бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх:” Шүүгдэгч Эмчийнхэн овогт Булдаагийн Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтангэрэлийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтангэрэлд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтангэрэл нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтангэрэлээс 933,256 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Б.Алтангэрэлийг тэнссэн хугацаанд түүнд хяналт тавихыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Алтангэрэл түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нар давж заалдах гомдолдоо: Улсын яллагчийн яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд шүүгдэгчийг буруутгаж байгаа гол үндэслэл нь Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолын хавсралтаар баталсан аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журмын 3.5-д заасан мэргэжлийн байгууллагын эрх олгох шийдврийг байгаль орчны асуудал эрхэлсэн сайд гаргана гэсэн заалтыг зөрчиж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль тогтоомжоор албан тушаалын байдалтай холбогдуулан олгосон өөрийн эрх мэдэл, чиг үүрэгт үл хамаарах асуудлаар байгаль орчны асуудал эрхэлсэн сайдаас газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх эрх олгогдоогүй Алтайн хишиг говь нөхөрлөлд хууль бусаар газрын хэвлийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх давуу байдал бий болгосон гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт юм. Авилгын эсрэг хуулийн 3.1.3, 3.1.4-д зааснаар ашигт малтмалын олборлолтоос болж эвдэгдсэн газрыг нөхөн сэргээлт хийх шаардлагатай байсан нь нийтийн ашиг сонирхол болох нь хэрэгт авагдсан багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө зэрэг баримтуудаар нотлогдож байна. Мөн шүүгдэгч Б.Алтангэрэлийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулын хэр хэмжээ нь эрүүгийн хуулиар хамгаалагддсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл байна гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Б.Алтангэрэлийн үйлдсэн гэмт хэрэгт хууль зүйн дүгнэлтийг зөв хийсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн 48 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолын эс зөвшөөрч шүүгдэгч Б.Алтангэрэл болон түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг   бүхэлд нь хяналаа.

            Прокуророос  Б.Алтангэрэлийг  Ховд аймгийн Алтай сумын Засаг даргын орологчоор ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн   хамаарал бүхий этгээдүүд болох төрсөн дүү  Б.Амаржаргал, Б.Амарсайхан нарын Алтай хишиг говь “ нөхөрлөлд   газрын хэвлийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх давуу байдлыг бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх Б.Алтангэрэлд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг,бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр / жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 / нэг / жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн  нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. 

Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар магадлаалаар Б.Алтангэрэлд нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа  хийлгэхээр прокурорт буцаасан байх бөгөөд  Б.Амаржаргал, Б.Амарсайхан нар нь Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн “Майхан хар“ гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тухайн газрын шороог шигшүүрээр шигшиж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул,олборлолт явуулсан үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг зайлшгүй  шалгах шаардлагатай  гэсэн   магадлалын агуулгыг биелүүлээгүй байна.  

            Тодруулбал: хэрэгт гэрч Б.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 04 дүгээр сарын 03-аас шар өнгөтэй шигшүүр хийж эхлээд 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хийж дуусгаж, шигшүүр хийж дуусаад ковш ирсэн, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ковшоор шигшүүр лүү шороо хийгээд 5-6 удаа шороо хийгээд шигшүүр ажиллуулж үзсэн шигшүүр нь болж байсан, тэгээд шигшүүрт шороогоо шигшээд шигшсэн шороогоороо газар булж эхэлсэн.

Миний зорилго бол тухайн газарт байгаа шороог шигшээд шигшсэн шороогоор тухайн газрыг булаад гарсан ашигт малтмалаар нь зардлаа нөхий гэж бодсон, нөхөхгүй байсан ч газар орноо янзалъя гэж бодсон...н.Баярбат гээд манай дүү байгаа надад шигшүүр хийхэд тусалсан, бусад 3 хүнийг нь С.Ариунбаатар дагуулж ирсэн нэрийг нь мэдэхгүй нэг хүн нь ковш барьж, нэг нь хоол хийсэн, нэг нь шигшүүр хийхэд тусалсан ...“ гэх мэдүүлэг /1-р хх-н 34-35 /, гэрч Б.Амарсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “… Б.Амаржаргал бид хоёр ихэр, Б.Алтангэрэл бас миний төрсөн ах, бид нар төрсөн ах , дүү нар байгаа юм.

 “Алтайн хишиг говь “нөхөрлөлийг Б.Амаржаргал бид хоёр 7 хүний хамт байгуулсан 9 гишүүнтэй нөхөрлөл байгаа юм…“гэх мэдүүлэг / 1-р хх-н 53х / 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-н 8-10/, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-н11-12 /,эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл / 1-р хх-н15-16х /, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-н 17-24х /, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-н 26-29 /,зэрэг нотлох баримтууд авагдсан байх бөгөөд  уг газарт тусгай   зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул,олборлолт явуулсан гэж үзэхээр байна.Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдлыг эргэлзээгүй талаас нь бүрэн гүйцэд тогтоож чадаагүй байна.

             Мөн хэрэгт Алтай сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Баатарсүрэн нь  “Танай нөхөрлөл Майхан уулын орчин дахь эвдэрсэн тайлбан нөхөн сэргээлтийн ажлаа 2019 оны 04 дүгээр сарын  01-нээс  05 дугаар сарын 01-ний хооронд гүйцэтгэж сумын Засаг даргад хүлээлгэж өгөхийг мэдэгдэе” гэх 2019 оны  04 дүгээр сарын 02-ны өдрийн 3/96 тоот албан бичигт гарын үсэг зурсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд“...Алтангэрэл нь уг албан бичиг дээр гарын үсэг зур гэсэн үүргийг надад өгсөн. Алтангэрэл нь байгаль орчны асуудал хариуцсан Засаг даргын орлогчийн хувьд өгсөн үүргийг биелүүлсэн.

Би уг хоёр хүнийг Алтай сумын иргэд, Алтангэрэлийн дүү нар гэдгийг мэднэ.” гэх мэдүүлэг, зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж авсан бусад нотлох баримтууд байхад  прокурор Д.Баатарсүрэн нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх  үндэслэл тогтоогдохгүй байна гэж түүний  үйлдлийг хэрэгсэхгүй болгосон прокурорын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр тогтоол үндэслэл муутай болсон байна.

             Түүнчлэн мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ биелүүлээгүй байна. Б.Алтангэрэлд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байх тул түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.                

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолын хүчингүй болгож, Б.Алтангэрэлд   холбогдох эрүүгийн 1937000140051 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газарт буцааж, Б.Алтангэрэл түүний өмгөөлөгч Б.Хосбаярын давж заалдах журмаар гаргасан гомдлыг   хэрэгсэхгүй болгосугай.

            2.Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Алтангэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогчид Улсын Дээд Шүүхэд  хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                                  

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.ТУЯА

 

                                             ШҮҮГЧИД                                         М.НЯМБАЯР

 

                                                                                                       Л.АЛТАН